- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 06 сарын 05 -ны өдрийн 140 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн шинжилгээ үнэлгээ хийн дүгнэлт гаргах Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжилтнийг магадлан итгэмжлэлийн шинжээч ( цаашид шинжээч гэх ) гэнэ.
Хоёр. Шинжээч сонгон шалгаруулах
2.1 Магадлан итгэмжлэлийн шинжээчийг 2 жил тутамд нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулна.
2.2 Шинжээчид эмнэлгийн болон мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, клиникийн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, аймгийн эрүүл мэндийн газар, хувь хүн нэр дэвшүүлнэ. Шинжээч нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан;
2.2.2. Мэргэжлийн зэрэг, эрдмийн болон боловсролын зэрэг цолтой;
2.2.3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх
багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
2.2.4. Тасаг нэгжийн эрхлэгчээс дээш албан тушаал хашдаг, эрүүл мэндийн
байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлага бүхий;
2.2.5. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
2.2.6. Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх.
2.3 Шинжээчээр ажиллахыг хүсэгч дараахь материалыг бүрдүүлж, Магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
2.3.1. өргөдөл;
2.3.2. биеийн байцаалт ( төрийн албан хаагчийн 1-р маягтаар );
2.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.4. боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
2.3.5. шинжээчээр ажиллахыг дэмжсэн байгууллага эсвэл тэргүүлэх
мэргэжилтэн 2 хүний тодорхойлолт;
2.3.6. 2 хувь зураг.
2.4 Шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст шинжээчийн эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 4 жилийн хугацаагаар олгоно.
2.5 Шинжээч нь орон тооны бус байна.
Гурав. Шинжээчийг томилон ажиллуулах
3.1 Магадлан итгэмжлэх байгууллага шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага, шинжээчтэй гэрээ байгуулж ажиллуулна.
3.2 Магадлан итгэмжлэх байгууллагаас магадлан шинжлэх арга зүйн сургалтанд шинжээчийг хамруулна.
3.3 Магадлан итгэмжлэх байгууллага эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ хийх хуваарийг урьдчилан гаргаж шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага, шинжээчид мэдэгдэнэ.
3.4 Магадлан итгэмжлэх байгууллага урьдчилан гаргасан хуваарийн дагуу шинжээчийг томилон ажиллуулах ба шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага үндсэн ажлаас нь чөлөөлөх үүргийг хүлээнэ.
3.5 Шинжээч нь магадлан итгэмжлэх эрүүл мэндийн байгууллагатай эдийн засгийн харилцаа холбоогүй, удирдлагын багийн гишүүдтэй төрөл садан, танил биш байх шаардлагатай.
3.6 Шинжээчид эрүүл мэндийн байгууллагын магадлан шинжилгээнд оролцсон хугацаа, ажлын үр дүнг нь харгалзан магадлан итгэмжлэх байгууллага ажлын хөлс олгоно.
Дөрөв. Шинжээчийн эрхийг сунгах, хүчингүй болгох
4.1 Шинжээч нь магадлан шинжилгээг мэргэшлийн өндөр түвшинд хийж, ёс зүйн болон мэргэжлийн зөрчил гаргаагүй бол эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчийн эрхийг дахин 4 жилийн хугацаагаар сунгана.
4.2 Дөрвөн жил тутам шинжээчдийн багийн гуравны нэг шинэчлэгдэж байх ба шинжээчээр 8 жил ажилласан мэргэжилтэн 4 жил завсарласны дараа дахин шинжээчээр ажиллах хүсэлт гаргаж болно.
4.3 Шинжээчийн эрхийг дараахь тохиолдолд хүчингүй болгож, шинжээчтэй хийсэн гэрээг цуцална:
4.3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэрээний заалт зөрчсөн;
4.3.2 Шинжээч нь шинжээчээр ажиллахаас татгалзаж, өөрийн хүсэлтийг гаргасан тохиолдолд гэрээг цуцалж, шинжээчийн эрхийг хүчингүй болгоно.
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 06 сарын 05 -ны өдрийн 140 дугаар тушаалын дөрөвдүгээр
хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1 Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /цаашид" Үндэсний зөвлөл" гэх/ нь Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгон эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, цуцлах, магадлан итгэмжлэлийн шинжээчийг сонгох үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллана.
1.2 Үндэсний зөвлөл нь дараах, төлөөлөлтэй байна.
1.2.1. Эрүүл мэндийн яам;
1.2.2. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв;
1.2 .3. Улсын мэргэжлийн хяналтын газар;
1.2 .4. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар;
1.2 .5. Монголын эмнэлгүүдийн холбоо;
1.2.6. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
1.2 .7. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо;
1.2 .8. Нийслэлийн эрүүл мэндийн газар;
1.2.9. Монголын рашаан сувилал нийгэмлэг;
1.2 .10. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг.
1.3 Үндэсний зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.4 Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална. Үндэсний зөвлөлийн гишүүдийн хурлаар зөвлөлийн дарга, орлогчийг 4 жилийн хугацаатай сонгоно.
1.5 Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах эрх авсан байгууллага нь Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
1.6 Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
Хоёр. Үндэсний зөвлөлийн үүрэг, хариуцлага
2.1 Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдага, зохион байгуулалтаар хангах;
2.2 Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шинжээчдийн гаргасан нэгдсэн дүгнэлтэд санал өгөх;
2.3 Шинжээчээр ажиллах хүсэлт гаргасан, шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулах;
2.4 Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны тайлан, мэдээллийг хэлэлцэн
үнэлгээ өгөх;
2.5 Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл,
гомдлыг хянаж шийдвэрлэх, шинжээчдийн хоёрдох багийг томилох;
2.6 Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон төсөв санхүүгийн зарцуулалтанд хяналт тавих;
2.7 Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төсөв санхүүгийн тайланг хагас бүтэн жилээр хэлэлцэн санал, зөвлөмж гаргах;
2.8 Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хүмүүст
зөвлөмж, үүрэг өгөх, шаардлага тавих, шагнаж урамшуулах;
2.9 Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүнээр элсэх.
Гурав. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.2 Үндэсний зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна. Ээлжит хурал нь хагас жилд нэг удаа хуралдана. Ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
3.3 Хуралдаанд Үндэсний зөвлөлийн гишүүдийн 70-аас дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
3.4 Үндэсний зөвлөл нь хурлын тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлийг Үндэсний зөвлөлийн дарга гишүүд хянаж гарын үсэг зурна.
3.5 Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох хүмүүсийг санал хэлэх эрхтэйгээр урин оролцуулж болно.
3.6 Үндэсний зөвлөлийн шийдвэр, санал, дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийн явцад зөвлөлийн ажлын алба хяналт тавьж зөвлөлд тайлагнаж байна.
Текст томруулах
A
A
A