- Нүүр
- Сайдын тушаал
- Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 01-р сарын 27-ны өдрийн 21-р тушаалын 1 дүгээр хавсралт
Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмыг Монгол улсын нийт нутаг дэвсгэр дэх хатуу болон аюултай хог хаягдлын эх үүсвэрүүдийн байршил, тоо хэмжээ, ахуйн болон үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдлын хэмжээ, бүтэц, төрөл, хог хаягдал устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зориулалт бүхий барилга байгууламжийг бүртгэх, хог хаягдлын эх үүсвэрүүд, хог хаягдлын төвлөрсөн цэгийн ашиглалтын байдалд улсын бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
1.2. Тухайн нутаг дэвсгэр дэх ахуйн болон үйлдвэрлэлийн, аюултай хог хаягдлын бүртгэлийг хөтлөх, хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, хог хаягдлаар бохирдсон газрыг нөхөн сэргээх, хог хаягдлаас орчинд үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд уг журмын зорилго оршино.
1.3. Хог хаягдлын улсын тоо бүртгэл нь улсын ба анхан шатны гэсэн 2 төрөлтэй байна.
1.4. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жил бүр, улсын тоо бүртгэлийг 4 жилд нэг удаа явуулах бөгөөд анхан шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын тоо бүртгэлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж явуулна.
1.5. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн хавсралт маягтын загвар нь энэ журмаар зохицуулагдах бөгөөд нэгдсэн дүн мэдээлэл нь байгаль орчны болон хог хаягдлын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах үндэс болно.
Хоёр. Хог хаягдлын тоо бүртгэл
2.1. Хог хаягдлын улсын тоо бүртгэл нь байгаль орчны мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнийг анхан шатны болон улсын тоо бүртгэлийн мэдээллээр жил бүр баяжуулж байна.
2.2. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийг явуулахдаа тэдгээрийн харъяалагдах нутаг дэвсгэрийг аймаг-сум, нийслэл-дүүрэг, томоохон суурин газраар ангилж, Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсөнөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны ....../...... тоот тушаалын хавсралтаар батлагдсан (Хатуу хог хаягдлын 20...........оны жилийн мэдээ "БОХ-7.1"), (Хог хаягдлын дахин боловсруулалтын 20............ жилийн мэдээ "БОХ-7.2"), (Аюултай хог хаягдлын тоо бүртгэлийг "БОХ-7.3"), (Хог хаягдлын бүтцийн тоо бүртгэлийг "БОХ-7.4"), (Хог хаягдал устгах, боловсруулах байгууламжийн талаарх тоо бүртгэлийг "БОХ-7.5") маягтын дагуу бөглөнө.
2.3. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг энэхүү журмын хавсралтаар батлагдсан БОХ.7.1, 7.2 маягтын дагуу жил бүр, Хог хаягдлын улсын тоо бүртгэлийг тухайн жилийн анхан шатны тоо бүртгэлтэй нэгтгэн БОХ.7.3, 7.4, 7.5 гэсэн үндсэн 5 маягтын дагуу 4 жилд 1 удаа тус тус явуулна.
2.4. Хог хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн батлагдсан маягт, зааврын дагуу хөтлөн тогтоосон хугацаанд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
2.5. Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан нь хог хаягдал гаргагч /үүсгэгч/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хог хаягдлын тоо бүртгэл, тайлан болон хавсралт маягтад заасан шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт Засаг дарга, түүний зөвлөлд танилцуулна.
2.6. Тухайн сум, дүүргийн Засаг дарга нь хог хаягдлын улсын болон анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланд үнэлэлт, дүгнэлт хийсний үндсэн дээр "Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль"-д заасан бүрэн эрхийн дагуу нутаг дэвсгэртээ хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлого арга хэмжээг хэрэгжүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна.
2.7. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг шинээр засаж тохижуулах, шинэ арга технологи нэвтрүүлэх болон хог хаягдлын төвлөрсөн цэгтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайлан мэдээнд тулгуурлаж, холбогдох байгууллага хог хаягдлын мэдээллийн санг баяжуулж байна.
Гурав. Хог хаягдлын тоо бүртгэлийн тайлан
3.1. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн жилийн тайланг дор дурьдсанаар гаргаж тайлагнана. Үүнд:
а/ хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайлан мэдээг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор гаргаж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;
б/ сум, дүүргийн Засаг дарга нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн мэдээ, тайлан болон маягтад заасан бусад шаардлагатай мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэх ажлыг хариуцан зохион байгуулж, тайлан мэдээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлэх;
в/ аймаг, нийслэлийн Байгаль орчны алба /нийслэлд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын асуудал хариуцсан алба/хэлтэс, Байгаль орчны албатай хамтран/ нь сум, дүүргийн хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланг нэгтгэж, Засаг даргад танилцуулан нэгдсэн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
г/ Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх
3.2. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайланг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу гаргаж нэгтгэн ирүүлнэ.
Дөрөв. Санхүүжилт
Хог хаягдлын улсын болон анхан шатны тоо бүртгэлийг явуулах ажлыг дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд:
а) хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн /орон нутгийн/ төсвийн хөрөнгөөр.
б)хог хаягдлын улсын тоо бүртгэлийг улсын төсвийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A