A

A

A

Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 12 сарын 6-ны өдрийн
160/265 дугаар хамтарсан тушаалын  нэгдүгээр хавсралт
 
 
ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.   Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр" /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг хэрэгжүүлэх зорилгоор бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр тооцоо хийх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
 
1.2.     Бага орлоготой ядуу өрхийн гишүүн гэдэгт энэ журмын 2.1-д заасан өрхөд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг иргэнийг  хамруулна.
 
1.3.     Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж (цаашид "Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж" гэх) нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны  ажлыг зохион байгуулах, мэдээллийн санг бүрдүүлж, боловсруулалт хийх, хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрээг тогтоох, хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдах санхүүжилтийг олгох, гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг гүйцэтгэнэ
 
Хоёр. Хөтөлбөрийн  хамрах хүрээ
 
2.1.     Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 58/36 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал"-ын дагуу амьжиргааны түвшинг нь тооцоход үнэлгээгээрээ хөтөлбөрийн санхүүжилтийн дүнд багтан эрэмбэлэгдсэн өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгоно.
 
Гурав. Амьжиргааны түвшний судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх,
хөтөлбөрт хамрагдах өрхийн хамрах хүрээг тогтоох
 
3.1.     "Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал"-ын дагуу өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны ажлыг сонгон шалгаруулалтаар шалгарсан хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж нэгдсэн дүнг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
3.2.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь амьжиргааны түвшний судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрээг тогтоох, хөтөлбөрт хамрагдсан өрхийн жагсаалт хүргүүлэх үйл ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ:
 
3.2.1. өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнг  мэдээллийн санд байршуулна;
 
3.2.2.     өрхийн судалгааны мэдээллийн санд байршуулсан өрхөөс амьжиргааны түвшний үнэлгээг хамгийн багаас их уруу нь эрэмбэлж, хамгийн бага үнэлгээтэй өрхөөс санхүүжилтийн хязгаарт багтах хүртэлх өрхийг дараалан сонгох замаар хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрээг тогтооно;
 
3.2.3.     хөтөлбөрт хамрагдах өрхийн хүрээнд багтсан өрхийн гишүүдийн нэрсийн дэлгэрэнгүй жагсаалтыг аймаг, дүүрэг, сум, хороо тус бүрээр гаргаж, цаасан талоноор үйлчилгээ авах өрхүүдийн жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөлд, цахим талоноор үйлчилгээ авах өрхүүдийн жагсаалтыг энэ журмын 8.1-д заасан сонгон шалгаруулалтаар шалгарсан арилжааны банк /цаашид "банк" гэх/-нд цахим болон албан бичгээр хүргүүлнэ;
 
3.2.4.     аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 3.2.3-т заасны дагуу гаргасан өрхийн жагсаалтыг сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ;
 
3.2.5.     хөтөлбөрт хамрагдах өрхийн хувийн хэргийг нэгдсэн журмаар хэвлүүлж аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
 
Дөрөв. Өрхөд хүнсний талон олгох
 
2.      
3.      
4.      
4.1.     Энэ журмын 2.1-д заасан нөхцөлийг хангаж хөтөлбөрт хамрагдсан  өрхийн тэргүүлэгчид өрхийн гишүүн тус бүрээр тооцож цаасан болон цахим хэлбэрээр хүнсний талон олгоно. 
 
4.2.     Хүнсний талоныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоосон сард олгох хэмжээгээр тооцож 2 сард нэг удаа олгохоор зохион байгуулна.
 
4.3.     Сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмыг баталсан тушаалын хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу өрх тус бүрээр хувийн хэрэг нээж  өрхийн гишүүдэд хүнсний талон олгосон талаарх бичилт хийнэ.
 
4.4.     Энэ журмын 4.1-д заасан өрхийн тэргүүлэгч нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хүнсний талоныг өөрөө ирж авах боломжгүй бол түүний итгэмжлэгдсэн  өрхийн гишүүнд олгож болно. Итгэмжлэлийн хуулбарыг өрхийн хувийн хэрэгт хавсаргана.
 
4.5.     Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.5-д заасан хугацаанд хүчинтэй байна.
 
Тав. Өрхийн хөдөлгөөний бүртгэл
 
3.      
4.      
5.      
5.1.     Хүнсний талон авч байгаа өрх байнга оршин суугаа аймаг, сум, дүүргээс өөр аймаг, сум, дүүрэгт шилжин суурьшсан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан өрхийн хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн өрхийн тэргүүнд өгнө. Өрхийн тэргүүн шилжин очсон засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтанд хувийн хэргээ бүртгүүлж, хүнсний талоныг бүртгүүлсэн сараас үргэлжлүүлэн  авна.
 
 
5.3.     Өрхийн гишүүн нас барсан бол сум, хорооны нийгмийн ажилтан нас барсан өрхийн гишүүний талаарх мэдээллийг өрхийн хувийн хэрэгт бүртгэн, хүнсний талоныг нас барсан сарын дараагийн сараас эхлэн олгохгүй. Нас барсан иргэний нас барсны гэрчилгээний хуулбарыг тухайн өрхийн хувийн хэрэгт хавсаргана.
 
5.4.     Сум, хорооны нийгмийн ажилтнаас ирүүлсэн өрхийн хөдөлгөөний мэдээнд үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэхүү журмыг баталсан тушаалын наймдугаар хавсралтад заасан "Өрхийн хөдөлгөөний мэдээ"-ний маягтыг нэгтгэн гаргаж, Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид сар бүрийн 3-ны дотор цахим болон албан бичгээр хүргүүлнэ. Өрхийн гишүүний нас барсан болон шинээр төрсөн хүүхдийн талаарх иргэний бүртгэлийн лавлагааг хавсарган ирүүлнэ.
 
5.5.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 5.4-т заасан мэдээг үндэслэн мэдээллийн санд өөрчлөлт оруулна. Мэдээг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд өрхөд хүнсний талон нөхөн олгохгүй.
 
Зургаа. Хүнсний талоныг цаасан хэлбэрээр
            хүргүүлэх, төлбөр тооцоо хийх, тайлагнах
 
4.      
5.      
6.1.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь өрхөд олгох хүнсний цаасан талоныг хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдийн нэрсийн дэлгэрэнгүй жагсаалтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
 
6.2.     Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хороонд хүнсний талоныг хүргэх, төлбөр тооцоог хийх, тайлагнах ажлыг зохион байгуулна.
 
6.3.     Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс хүргүүлсэн хүнсний талоныг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргэнэ.
 
6.4.     Сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний талоныг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан өрхийн тэргүүлэгч, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүнд олгож, өрхийн хувийн хэрэгт тэмдэглэл хийх бөгөөд энэхүү журмыг баталсан тушаалын дөрөв болон тавдугаар хавсралтад тус тус заасан маягтын дагуу өрхөд хүнсний талон олгосон тайлан, хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланг гаргана.
 
6.5.     Энэ журмын 6.4-т заасны дагуу сум, хорооны нийгмийн ажилтны гаргасан хүнсний талон олгосон тайланг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хянан үзэж, нэгтгэн хүнсний талон олгох эхний сарын 30-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид цахим хэлбэрээр хүргүүлнэ.
 
6.6.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайланд үндэслэн хүнсний бүтээгдэхүүний үнийг төлөхөд шаардагдах санхүүжилтийг хүнсний талон олгох эхний сарын 10-ны дотор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дансанд шилжүүлнэ.
 
6.7.     Сумын нийгмийн ажилтан болон дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын санхүүгийн ажилтан хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланд үндэслэн энэхүү журмыг баталсан зургаадугаар хавсралтад заасан маягтын дагуу хүнсний талоны төлбөрийн тайланг гаргах бөгөөд сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргын зөвшөөрснөөр төлбөрийг тухайн дэлгүүрийн дансанд шилжүүлнэ.
 
6.8.     Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайланг энэхүү журмыг баталсан тушаалын долоодугаар хавсралтад заасан маягтын дагуу хүнсний талон олгох эхний сар бүрийн 3-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
 
6.9.     Хүнсний цаасан талоныг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй.
 
Долоо. Хүнсний талоныг цахим хэлбэрээр
хүргүүлэх, төлбөр тооцоо хийх, тайлагнах
 
5.      
6.      
7.      
7.1.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь банкны байгууллагаар дамжуулан цахим талон олгох, төлбөр тооцоо хийх ажлыг зохион байгуулна.
 
7.2.     Банк нь хүнсний бүтээгдэхүүн худалдахаар сонгогдсон хүнсний дэлгүүрт цахим талон унших машиныг суурилуулна.
 
7.3.     Банк нь энэ журмын 3.2.3-т заасны дагуу ирүүлсэн жагсаалтын дагуу тухайн өрхийн тэргүүлэгч, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүний бичиг баримтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан цахим талоныг олгоно.
 
7.4.     Банк  өрхийн гишүүдэд олгох хүнсний талоны үнийн дүнг  нэг цахим талонд багтаан өрхийн тэргүүлэгч, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүний нэрээр олгохоор зохион байгуулна.
 
7.5.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс цахим талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад шаардагдах санхүүжилтийг хүнсний талон олгох эхний сарын 5-ны дотор үйлчлүүлэгч банкинд шилжүүлнэ.
 
7.6.     Энэхүү журмыг баталсан тушаалын аравдугаар хавсралтад заасан Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс банкинд өгөх мэдээлэл маягтын дагуу өрхийн жагсаалтыг хүргүүлнэ.
 
7.7.     Банк нь мөнгө шилжүүлсэн сарын 10-ны дотор нэрсийн жагсаалтад бүртгэлтэй өрхийн цахим талонд төлбөрийг байршуулсан байна.
 
7.8.     Банк нь цахим талоноор гарсан зарлагын гүйлгээнд үндэслэн энэхүү журмыг баталсан тушаалын арваннэгдүгээр хавсралтад заасан маягтын дагуу худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланг гаргаж, сар бүрийн 31-ний дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
 
7.9.     Цахим талонд мөнгө байршуулахад иргэнээс үйлчилгээний хөлс авахгүй.
7.10.    Өрх нь цахим талоныг хаяж үрэгдүүлсэн, соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд 24 цагийн дотор харилцагч банкны салбарт мэдэгдэх бөгөөд банк ажлын 3 өдрийн дотор дахин олгоно. Цахим талоныг дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрх өөрөө хариуцна.
 
Найм. Хүнсний талон олгох үйл ажиллагаанд оролцогч
         байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах
 
6.      
7.      
8.      
8.1.     Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний талон хэвлэх үнэт цаасны үйлдвэр, цахим талон олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах, энэ журмын 3.1-д заасан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.
 
8.2.     Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь үнэт цаасны хэвлэх үйлдвэр, арилжааны банк, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий менежер батална.
 
8.3.     Сонгон шалгарсан үнэт цаасны хэвлэх үйлдвэр нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу нууцлал, серийн дугаар бүхий хүнсний цаасан талоныг хэвлэнэ.
 
8.4.     Сонгон шалгарсан банк нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу цахим талоныг хэвлүүлэх бөгөөд цахим талон нь банкны бусад картаас ялгагдах өнгө, дүрслэл, нууцлалтай байна.
 
8.5.     Сум, дүүргийн Засаг дарга хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах хүнсний дэлгүүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.
 
8.6.     Өрхөд хүнсний цахим талон олгоход сум, хорооны нийгмийн ажилтан, тухайн банкны орон нутаг дахь салбарын эрхлэгч, хүнсний дэлгүүрийн эзэн энэхүү журмыг баталсан  тушаалын есдүгээр хавсралтын дагуу гурвалсан гэрээ байгуулна.
 
8.7.     Хүнсний цаасан талон олгоход энэ журмын 8.5-д зааснаар сонгон шалгарсан хүнсний дэлгүүрийн эзэн, сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний талоноор худалдах барааны чанар, хангалт, үнэ, 2 талын үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээ байгуулна.
 
8.8.     Энэ журмын 8.6, 8.7-д заасан гэрээг сумын Засаг дарга болон дүүргийн нийгмийн халамжийн  үйлчилгээний байгууллагын дарга батална.
 
Ес. Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн
худалдан авах
 
7.      
8.      
9.      
9.1.     Хүнсний дэлгүүр нь жагсаалтад бүртгэлтэй өрхийн тэргүүлэгч болон итгэмжлэгдсэн  өрхийн гишүүний бичиг баримтыг үндэслэн хүнсний цаасан болон цахим талоноор энэхүү журмыг баталсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг олгоно.
 
9.2.     Хүнсний дэлгүүр нь эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулснаас хойш зах зээлийн дундаж үнээр худалдана.
 
9.3.     Хуурамч хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдсан, хүнсний талоныг өөрийн буруутай үйл ажиллагаанаас үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг дэлгүүрт олгохгүй.
 
9.4.     Хүнсний талоноор архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хориглоно.
 
Арав. Хүнсний талон олголтыг зогсоох
 
8.     
9.     
10.     
10.1.     Дараахь тохиолдолд өрхөд болон тухайн өрхийн гишүүнд хүнсний талон олголтыг зогсооно:
 
10.1.1.    өрхийн гишүүн нас барсан:
10.1.2.    хөтөлбөрт хамрагдахгүй өрхийг хамруулсан тухай гомдлыг хянан үзсэний үндсэн дээр шийдвэрлэж хасагдсан өрх;
 
10.1.3.    хуурамч бичиг баримт бүрдүүлсэн  нь тогтоогдсон өрх.
 
10.2.    Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 10.1.1-д заасан асуудлаар нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн мэдээ, бичиг баримт, 10.1.2-т заасан асуудлаар энэ журмын 12.1, 12.2-т заасныг үндэслэн, түүнчлэн 10.1.3-т заасан асуудлыг холбогдох байгууллага тогтоосон тохиолдолд хөтөлбөрт хамрагдсан өрхийн мэдээллийн санд өөрчлөлт хийнэ.
 
10.3.    Өрх хүнсний талон болон хүнсний бүтээгдэхүүнээ 4 сарын турш авахгүй байгаа тохиолдолд хүнсний талон олголтыг түдгэлзүүлэх бөгөөд өрх хүсэлт гаргасан тохиолдолд судлан үзэж, эрхийг сэргээнэ.
 
 
 
Арваннэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
 
11.1.    Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлтийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
11.2.    Бүх шатны Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа, өрхийн хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
 
11.3.    Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хүнсний талон олголт, банк болон хүнсний дэлгүүрийн үйлчилгээ, хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдан авалтын байдалд хяналт тавина.
 
11.4.    Мэргэжлийн хяналтын байгууллага нь дэлгүүрт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг удирдамжийн дагуу хийнэ.
 
11.5.    Хөтөлбөрийн хэрэгжилт, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийнэ.
 
Арванхоёр. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
 
10.     
11.     
12.     
12.1.    Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 3.2.4-т заасан мэдээллийн санд байршуулсан боловч судалгааны үндсэн мэдээлэл нь ташаарч орсон, хөтөлбөрт хамрагдах шаардлага хангахгүй өрх хамрагдсан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг энэхүү журмыг баталсан тушаалын арванхоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу хүлээн авч, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
 
12.2.    Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 12.1-д заасан асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан үзэх бөгөөд тухайн өрхийн хүнсний талон олголтыг зогсоох асуудлыг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэнэ.
 
12.3.    Энэ журмын 12.1-д зааснаас бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч, шаардлагатай гэж үзвэл Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
 
Арвангурав. Бусад
 
11.     
12.     
13.     
13.1.    Сум, хорооны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөл хөтөлбөрт хамрагдсан өрхийн жагсаалтыг нийт иргэдэд нээлттэй, ил тод байлгах үүргийг хүлээнэ.
 
13.2.    Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр хөтөлбөрт хамрагдсан гэм буруутай этгээдэд эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
13.3.    Хүнсний талоныг олгох ёстой өрхөд олгоогүй, түүнийг ашигласан, өрхийн хөдөлгөөний талаар журамд заасан хугацаанд мэдээлээгүй, тухайн өрх, гишүүний ашиглаагүй хүнсний талоныг завшсан, энэ журамд заасан тайлан, мэдээг хугацаанд нь ирүүлээгүйгээс тухайн өрх хүнсний талоноо авч чадаагүй тохиолдолд нийгмийн ажилтан, шууд хариуцах албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэж, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
 
13.4.    Банк болон дэлгүүр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлчилгээний доголдол гаргаж өрхийг хохироосон, хөтөлбөрийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд эрх бүхий этгээд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
 
 
 
 
---о0о---