- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2012 оны 63 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид ”хөтөлбөр” гэх)-т Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, аудит хийх, үнэлгээ өгөх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах ажлын уялдааг хангах замаар ногоон хөгжлийг дэмжих асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн ”Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, ”Яамдын зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Эрх зүйн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль;
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого;
-Бусад хууль тогтоомж, хөтөлбөр, бодлогын баримт бичиг.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги боловсруулж ажилласан туршлага зэргийг ашиглав.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь байгаль орчин, ногоон хөгжлийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, экологийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын Танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Сайд нь стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, ногоон хөгжлийн талаар салбар дундын зохицуулалтаар хангаж, салбарын төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана. Яам нь Засгийн газрын байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгах замаар хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сайдад эрхэлсэн асуудлынх нь хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, стратегийг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан төлөвлөж хэрэгжүүлэх, энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;
2.2.2. байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих талаархи хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;
2.2.3. яам, салбарын албан хаагч, ажиллагсад байгаль хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих шинжлэх ухааны ололт, олон улсын тэргүүний арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэргэшлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.2.4. байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, ногоон технологийн ажиллагааг нэвтрүүлж, экологи, эдийн засагт урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны эрхэм зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж батлуулах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах;
2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.4.3. хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
2.4.4. ой, усны талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
2.4.5. тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
2.4.6. бодлогын хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, бодлогын хэрэгжилт болон байгалийн нөөц ашиглагчдын үйл ажиллагааны талаархи мэдээллийн нээлттэй байдлыг хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. ногоон хөгжлийн үндэсний номлол, бодлого, стратегийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. ногоон хөгжлийн зорилгод нийцсэн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, экологи, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, санаачлах;
2.5.1.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.4. цэвэр технологи, шинжлэх ухаан, технологийн ололт, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, олон нийттэй харилцах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.2.3. гадаад, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.3.2. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах ажлыг зохицуулах;
2.5.3.3. орчны бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
2.5.3.4. бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.3.5. монгол орны ой, усны, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, кадастр зохиох, судалгаа хийх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.ойн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ойг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;
2.5.4.2. усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4.3. усны горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтийг хянах, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.5.4.4. сав газрын захиргаадыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.5.2. тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах талаар арга хэмжээний санал боловсруулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
2.5.6.2. салбарын статистик мэдээлэл, мэдээллийн санг бүрдүүлэх талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
2.5.6.3. байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
2.5.6.4. дотоодын хяналт, шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
3.3.1. ногоон хөгжлийн стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж батлуулах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, ногоон хөгжлийн үндэсний номлол, бодлого, стратегийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, ногоон хөгжлийн зорилгод нийцсэн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, экологи, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, санаачлах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар хангах, цэвэр технологи, шинжлэх ухаан, технологийн ололт, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, цэвэр технологи, шинжлэх ухааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Засгийн газрын байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын талаар шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, байгаль экологийн тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, байгаль орчны чиглэлээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна
3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, олон нийттэй харилцах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангаж бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
3.3.3. хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах ажлыг зохицуулах, орчны бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, монгол орны ой, усны, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, кадастр зохиох, судалгаа хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, байгалийн нөөцийн менежментэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжих бодлого, арга зүй, зохицуулалтаар хангахад чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, байгаль орчны чиглэлээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд гол түнш нь Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нутгийн захиргааны байгууллага байна.
3.3.4. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд ой, усны талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, ойн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ойг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, усны горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтийг хянах, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сав газрын захиргаадыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах нэгж, усны нөөцийн нэгж, усны мониторинг, зохицуулалтын нэгж, сав газрын удирдлагын нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь ой, усны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ, салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, ой, усыг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах зэрэгт чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үйлчилгээ үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, ой, усны чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ газрын үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
3.3.5. тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах талаар арга хэмжээний санал боловсруулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцолбороор хамгаалах бодлого, экологийн тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг нэвтрүүлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоох замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, нутгийн иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь мэргэжлийн хяналт, газар зохион байгуулалт хариуцсан байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд байна.
3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, бодлогын хэрэгжилт болон байгалийн нөөц ашиглагчдын үйл ажиллагааны талаархи мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээлэл, мэдээллийн санг бүрдүүлэх талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, дотоодын хяналт шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гарган удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнуудад өгч, бодлого, шийдвэрийн үндэслэл, хэрэгжүүлэх арга замыг оновчтой болгох, төсвийн зарцуулалтыг үр ашигтай байлгах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүйн яам, мэргэжлийн хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
-оОо-
Текст томруулах
A
A
A