- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ ТООЦОХ, ЗАРИМ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт
ТУСГАЙ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ ТООЦОХ, ЗАРИМ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
/Энэ хавсралтын нэрийг Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор өөрчилсөн/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүнд олгох, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалтын төлбөрийн хэмжээ болон тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллагын хувьсах зардлын нормативыг тооцоход энэхүү журмыг баримтална. /Энэ хэсэгт Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор нэмэлт орсон/
1.2.Сургалтын байгууллагад Боловсролын тухай хуулийн 3.1.5-д заасан хуулийн этгээд хамаарна.
Хоёр. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох
2.1.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын албан хаагчдад ажлын байрны чиг үүргээс хамааран албан тушаал (үндсэн)-ын цалингаас дор дурдсан хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно:
2.1.1.арга зүйч, багш сурган хүмүүжүүлэгч, согог зүйч, дотуур байрны хүмүүжүүлэгч, туслах багш, сэргээн засалч, протез, ортопедийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, сувилагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, асрагчид албан тушаал (үндсэн)-ын цалингийн 30 хүртэл хувиар;
2.1.2.сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, номын санч, сургалтын үйл ажиллагаанд оролцдог инженер-техникийн ажилтан болон үйлчилгээний алба хаагчдад албан тушаал (үндсэн)-ын цалингийн 20 хүртэл хувиар;
2.1.3.захиргааны гүйцэтгэх албан тушаалын болон үйлчилгээний бусад албан хаагч (үндсэн)-дад цалингийн 10 хүртэл хувиар.
2.2.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын захирал, эрхлэгчээс бусад албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгохдоо түүний хувь хэмжээг ажлын ачаалал, үр дүн, тухайн сургалтын байгууллагад ажилласан хугацааг харгалзан тухайн байгууллагын захирал, эрхлэгчийн тушаалаар олгоно. Захирал, эрхлэгчид тэдгээрийг томилсон албан тушаалтны тушаалаар олгоно.
2.3.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын ажилтны ажлын ачаалал, үр дүнг тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.4.Нэмэгдэл хөлсийг зөвхөн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад тухайн албан тушаалыг эрхэлж байх хугацаанд нь албан тушаал (үндсэн)-ын цалингаас тооцож сар бүр олгоно.
2.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын орон тооны бус гишүүдэд олгох нэмэгдэл хөлсний хэмжээ нь комиссын хуралдааны 1 цагт хөдөлмөрийн хөлсний 1 цагт ногдох доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй байна. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор нэмсэн/
2.6.Энэхүү журмын 2.5-д заасан нэмэгдэл хөлсний зардлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгаж, нэмэгдэл хөлсийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүдэд олгоно. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор нэмсэн/
2.7.Комиссын гишүүдийн ажлын ачаалал, үр дүнг тооцох, нэмэгдэл хөлс олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 382 дугаар тогтоолоор нэмсэн/
2.8. Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжлийн ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний албан тушаал (үндсэн)-ын цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгоно. (Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
2.9. Энэ журмын 2.8-д заасан нэмэгдэл хөлс олгох зааврыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. (Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Гурав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалтын төлбөрийн хэмжээ, хувьсах зардлын норматив тооцох
3.1.Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад зохих журмын дагуу элсэн суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сургалтын төрийн сангаас олгох сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын хэмжээг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно. Ийнхүү тогтоохдоо мөрдөж байгаа сургалтын төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс багагүй байх зарчим баримтална.
3.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад санхүүжилт олгохдоо нэг суралцагчийн хувьсах зардлын нормативыг 3 дахин нэмэгдүүлж тооцно.
3.3.Энэхүү журмын З.2 дахь заалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургаж байгаа ердийн цэцэрлэг, сургуульд нэгэн адил хамаарна.
3.4.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад гэр болон дотуур байрнаас суралцдаг хүүхдийг тээвэрлэх, дотуур байрны хоол, хүнсний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дотуур байрны хүүхдийн эм тариа, ариутгал, халдваргүйжүүлэх зардлыг тухайн сургалтын байгууллагын тогтмол зардалд оруулж тооцон, жил бүрийн төсөвт нь тусган олгоно.
3.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, арга зүйч, согог зүйч, нийгмийн ажилтан, сэргээн засалч зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрээр тусгайлан сургаж, бэлтгэхтэй холбоотой зардлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн сургалтын байгууллагын жил бүрийн төсөвт тусган олгоно.
Текст томруулах
A
A
A