- Нүүр
- Сайдын тушаал
- Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Зам,тээврийн сайдын 2012 оны 120 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмыг Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн үйл ажиллагаанд баримтална. /ЗТЯ-ны 2015 оны 61-р тушаалаар зарим заалтыг хассан./
1.2. Зам, тээврийн сайдын тушаалаар томилогдсон гэрчилгээжүүлэх ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ объект, үйл ажиллагааны гэрчилгээг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай дүгнэлт гаргана.
1.3. Зам, тээврийн сайд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн, гэрчилгээ олгох, түүний хугацааг сунгах, түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох тухай шийдвэр гаргана.
Хоёр. Ажлын хэсгийн зохион байгуулалт, эрх, үүрэг
2.1. Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа Төмөр замын тээврийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомж, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам, энэхүү журмыг удирдлага болгоно.
2.2. Ажлын хэсэг нь ажлын хэсгийн дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга болон холбогдох улсын байцаагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн орон тооны бус 7 гишүүнтэй байна.
2.3.Ажлын хэсгийн үйл ажиллагааны хэлбэр нь өргөдөл, хавсаргасан материалуудыг үндэслэн газар дээр нь хянаж, шалгах болон ажлын хэсгийн хурал байна.
2.4. Ажлын хэсгийн хурлыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга удирдах бөгөөд ажлын хэсгийн хуралд материалуудын бүрдүүлэлтийг хянаж, хэлэлцүүлэхээр оруулж байгаа мэргэжилтэн нарийн бичгээр даргаар ажиллана. /ЗТЯ-ны 2015 оны 61-р тушаалаар зарим заалтыг хассан./
2.5. Ажлын хэсгийн хурлын нарийн бичгийн дарга нь саналын эрхтэй байна.
2.6. Ажлын хэсэг нь гэрчилгээ хүссэн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэх объект нь төмөр замын тээврийн тухай хууль, тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, норм нормативын шаардлагыг хангаж байгаа эсэхийг судлан тогтоож, дараах чиглэлээр дүгнэлт гаргана. Үүнд:
2.6.1 Гэрчилгээ хүссэн өргөдөл, материалыг шалган үзэж гэрчилгээг олгох, гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах эсэх;
2.6.2 Улсын байцаагчийн саналыг хүлээн авч гэрчилгээ, шийдвэрийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, өөрчлөх, сэргээх эсэх;
2.6.3 Гэрчилгээ олгох журмыг зөрчсөн, хуурамч материал бүрдүүлсэн тухай ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг хэлэлцэж гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх;
2.6.4 Гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тухай ажлын хэсгийн гишүүд, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг нийт гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэж, шаардлагатай үзлэг шалгалтыг хийх, үзлэг, шалгалтын дүнг үндэслэн гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
2.7 Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийн даргын даалгаснаар холбогдох улсын байцаагч, мэргэжилтэн нар нь гэрчилгээжүүлэх объект, үйл ажиллагааг газар дээр нь үзэж шалгах үйл ажиллагааг явуулна.
2.8 Газар дээр нь хянаж, шалгах удирдамжийг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн дарга боловсруулж, Зам тээврийн яамны сайдаар батлуулна.
2.9 Газар дээр нь хянаж, шалгахдаа дараах ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.9.1 Удирдамжид заасан хүрээнд үзлэг, шалгалтыг хийнэ. Шаардлагатай бол холбогдох улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд гэрчилгээжүүлэх объект, үйл ажиллагаатай холбоотой бусад үзлэг, шалгалтыг хийнэ.
2.9.2 Өргөдөл гаргагч буюу холбогдох иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан тайлбар авч болно.
2.9.3 Тэмдэглэл хөтөлж шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч хавсаргана.
2.10. Газар дээр нь хянаж, шалгасан тухай тэмдэглэл, санал, холбогдох материалыг ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
2.11 Ажлын хэсгийн хурлыг дараах дэгийн дагуу явуулна:
- Ажлын хэсгийн хурал нь нийт саналын эрхтэй гишүүдийн 2/3-с доошгүй нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болно.
- Ажлын хэсгийн хурлыг ажлын хэсгийн дарга удирдана. Ажлын хэсгийн дарга нь энэ журамд заасан эрхээ ажлын хэсгийн аль нэгэн гишүүнд шилжүүлж болно.
- Ажлын хэсэг хурлын дэгийг өөрөө тогтооно. Ажлын хэсгийн дарга дэгийг сахиулж, дэгийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, дэг зөрчсөн хуралд оролцогчийг хуралдаанаас гаргах болон хурлыг хаалттай хийх, завсарлах, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.
- Ажлын хэсгийн даргын шийдвэрээр хэлэлцэж буй асуудалтай холбоотой улсын байцаагч, мэргэжилтэн, аж ахуйн нэгж, иргэнийг ажлын хэсгийн хуралд оролцуулж шаардлагатай мэдээлэл, тайлбар, лавлагааг гаргуулна.
- Ажлын хэсгийн хуралд төрийн бус байгууллагын төлөөлөл саналын эрхгүйгээр оролцож болно.
- Ажлын хэсгийн хурлын тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг 3 хоногийн өмнө гаргаж, гишүүдэд хүргүүлнэ.
- Ажлын хэсэг нь гэрчилгээ олгох, хугацааг сунгах, дүгнэлт гаргах болон бусад асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийднэ.
- Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд ажлын хэсгийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
- Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтлөх ба түүнд ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
- Ажлын хэсгийн гаргасан дүгнэлттэй зарчмын зөрүүтэй саналтай гишүүд саналаа хурлын тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлж болно.
Гурав. Ажлын хэсгийн ажлын алба
3.1 Ажлын хэсгийн ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-ны эрх, үүргийг Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд хэрэгжүүлнэ. /ЗТЯ-ны 2015 оны 61-р тушаалаар зарим заалтыг хассан./
3.2 Ажлын алба нь доор дурьдсан ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Ажлын алба нь Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн хурлыг сард 1-с доошгүй удаа зарлан хуралдуулна;
- Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч нь энэхүү журмын 2.6.2, 2.6.3, 2.7 дахь заалтуудыг үндэслэн хийгдсэн хяналт шалгалтын дүгнэлтийг Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл саналаа хурлын тов зарлагдсан өдрөөс ажлын 5-с доошгүй хоногийн өмнө холбогдох мэдээлэл бүхий бичиг баримт материалуудын хамт бичгээр ажлын албанд ирүүлнэ;
- Объект үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх өргөдлийг хүлээн авах, бүртгэх, тавигдсан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, шалгах;
- Материалын бүрдүүлэлтэнд тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд албан бичгээр мэдэгдэж, ирүүлсэн материалыг буцаана;
- Ажлын хэсгийн хурлын үйл ажиллагааны бэлтгэлийг хангах /хуралд хэлэлцүүлэхээр оруулах асуудлыг цаасан болон электрон хэлбэрээр бэлдсэн танилцуулга, ажлын хэсгийн хурлын шийдвэрийн төслийг боловсруулж бэлдэх/;
- Ажлын хэсгийн хурлын шийдвэрийн төслийг баталгаажуулах;
- Ажлын хэсгийн албан хэргийг хөтлөх;
- Батлагдсан эхийн дагуу гэрчилгээг хэвлэх, баталгаажуулах, олгох;
- Гэрчилгээжүүлэлттэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, гэрчилгээжүүлэлтийн тухай зөвшөөрөгдсөн мэдээллийг цахим хуудсанд байршуулах.
Дөрөв. Гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах
4.1 Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах тухай өргөдөл, материалаа бүрдүүлэн гаргах үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн нөхцөлд шинээр олгох нөхцөл шаардлагыг биелүүлж дахин өргөдөл гаргана.
4.2 Ажлын хэсэг гэрчилгээний хугацаа сунгах тухай өргөдлийг ажлын 21 хоног дотор ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
Тав. Гэрчилгээний шаардлагад хяналт тавих
5.1 Гэрчилгээ бүхий үйл ажиллагаа, гэрчилгээжүүлсэн объект нь төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, норм нормативийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг холбогдох улсын байцаагч хянана.
5.2 Холбогдох улсын байцаагч, холбогдох мэргэжилтэн нар гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл бий болсон тохиолдолд гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал оруулах, гэрчилгээ бүхий объектын ашиглалт, үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авна.
5.3 Ажлын хэсэг гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг энэ журмын 5.2-т заасан саналыг үндэслэн, эсхүл өөрийн санаачилгаар авч хэлэлцэн дүгнэлт гаргана.
Зургаа. Бусад зүйл
6.1 Ажлын хэсэг үйл ажиллагаандаа Зам, тээврийн яамны албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг ашиглана.
---000---
Текст томруулах
A
A
A