- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН БҮТЭЭЦ БА БУУРИЙН НАЙДВАРШИЛ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
БНбД 20-01-11
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БАРИЛГЫН БҮТЭЭЦ БА БУУРИЙН НАЙДВАРШИЛ.
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
RELIABILITY FOR STRUCTURES AND BASES
GENERAL PRINCIPLES
2012 оны ...-р сарын ...-ний өдрөөс эхлэн мөрдөнө
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү норматив баримт бичгээр барилга байгууламжийн бүтээц, буурийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ерөнхий зарчмыг тогтоож түүнийг барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглахад мөрдөх норм нормативын баримт бичиг, стандартыг боловсруулахад хэрэглэнэ.
Энэхүү барилгын норм ба дүрэм нь “Барилгын зураг төслийн үндсэн зарчим” гэсэн Евростандарт EN1990 (Еврокод 0), ”Бат бэх найдварыг хангах үндсэн зарчим” гэсэн Олон улсын стандарт ISO2394-ийн үндсэн дүрэм болон ОХУ-ын “Барилгын бүтээц, буурийн найдвартай ажиллагаа. Үндсэн дүрэм. /СТО36554501-014-2008”/ гэсэн байгууллагын стандартыг иш үндэс болгосон болно.
Бүтээц төлөвлөлтийн норм ба дүрэм, стандарт боловсруулах ажиллагаанд үндэслэсэн бүтээц төсөллөлтийн зарчмыг баримтлавал зохино. /Хавсралт 1/
НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Ерөнхий нэр томъёо
Хөнөөлт орчин гэж хугацаанаас хамаарч барилгын материалын техникийн шинж чанарыг доройтгох барилга, объектын ашиглалтын орчныг хэлнэ.
Материалын шинж чанарын хугацаанаас хамаарсан доройтол гэж барилгын объектын ашиглалт эдэлгээний явцад барилгын материалын шинж чанар нь хугацааны явцад зураг төсөлд тусгаснаас аажмаар буурахыг хэлнэ. Энэ өөрчлөлт нь ашиглалтын нөхцлийг бууруулахад хүргэнэ.
Удаан эдлэгдэлт гэж ашиглалтын тооцоот хугацааны туршид техникийн үйлчилгээний доор зураг төслөөр тогтоосон физикийн ба бусад шинж чанарыг хадгалж хэвийн ашиглалтыг хангаж буй барилгын объектын чадварыг хэлнэ.
Барилгын объектын найдваршил гэж ашиглалтын тооцоот хугацааны туршид шаардагдах зориулалтын үйл ажиллагааг хангах чадварыг хэлнэ.
Нормативын баримт бичиг гэж Барилгын тухай Монгол Улсын хуулийн 3.1.5-д заасныг хэлнэ.
Хэвийн ашиглалт гэж барилгын норм ба дүрэм, зураг төслийн даалгавраар урьдчилан тогтоосон нөхцлийг хангасан, харгалзах техникийн үйлчилгээ, их засвар, шинэчлэн өөрчлөлт хийсэн байдлаар үнэлэгдэх барилгын объектын ашиглалтын нөхцлийг хэлнэ.
Буурь гэж барилгын ачааллыг сууриар дамжуулан хүлээн авах ул хөрсний цуллагийн хэсгийг хэлнэ.
Байр гэж барилгын бүтээцээр хязгаарлагдсан үйл ажиллагааны зориулалт бүхий барилга доторх орон зайг хэлнэ.
Ашиглалтын тооцоот хугацаа гэж барилгын норм ба дүрэм эсвэл зургийн даалгавраар тогтоосон бөгөөд зохих техникийн үйлчилгээ үзүүлэх замаар барилгын объектыг их засвар хийх буюу шинэчлэн өөрчлөх хүртэл ашиглах хугацааг хэлнэ. Ашиглалтын тооцоот хугацааг барилгыг ашиглалтанд өгснөөс эхлэх буюу их засвар, шинэчлэл хийсний дараа дахин ашиглалтанд орсноос эхлэн тооцно.
Ашиглалтын хугацаа гэж цаашид ашиглалтын шаардлага хангахгүй байх буюу үргэлжлүүлэн ашиглах оновчгүй болох хүртэлх барилгын объектын хэвийн ашиглалтын хугацааг хэлнэ.
Барилгын бүтээц гэж барилга байгууламжийн даацат ба тусгаарлах хашлага болон гоо зүйн үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий эд ангийг хэлнэ.
Барилгын эдэлхүүн гэж барилга байгууламж ба түүний бүтээцийн элементийн үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий эдлэлийг хэлнэ
Барилга байгууламж гэж Барилгын тухай Монгол Улсын хуулийн 3.1.4-д заасныг хэлнэ.
Барилгын материал гэж барилга байгууламжийн бүтээц эдлэхүүнийг барих, үйлдвэрлэхэд зориулсан материалыг хэлнэ.
Барилгын объект гэж барилга байгууламж, байр, өрөө тасалгаа, бүтээц, эдэлхүүн болон буурийг цогцоор нь хэлнэ.
Техникийн үйлчилгээ, урсгал засвар гэж барилгын объектын тооцоот ашиглалтын хугацаанд барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг хангах цогц арга хэмжээг хэлнэ.
Эдэлгээний мөчлөг гэж барилга байгууламжийг барьж байгуулахаас эхлээд түүнийг буулгаж зайлуулах хүртэлх нийт хугацааг хэлнэ.
Объектын даацат бүтээцийн ашиглалт гэж объектын ашиглалтын тооцоот хугацаанд норм, дүрэм, зураг төслийн баримт бичгийн шаардлагын дагуу бүтээцийн найдвартай ажиллагааны түвшинг хангах цогц арга хэмжээг хэлнэ.
Техникийн хяналт мониторинг гэж зураг төслийн шийдэл, норматив баримт бичгийн дагуу бүтээцийн төлөв байдалд чанарын үнэлэлт өгөх зорилгоор системтэй хяналт явуулах, барилга байгууламжийн даацын бодит чадвар, түүний үлдэгдэл нөөцийн төлөвт үнэлэлт хийх, объектын аюулгүй ашиглагдах хугацааг тодорхойлох үндэслэлийн талаар шийдвэр гаргах үйл ажиллагааг хэлнэ.
Тооцооны хэрэглэгдэхүүний нэр томъёо.
Үйлчлэл гэж барилгын объектод нөлөөлөх температурын өөрчлөлт, хүрээлэн байгаа орчны нөлөөлөл, салхины үйлчлэл, буурийн суулт, тулгуурын шилжилт, материалын шинж чанарын цаг хугацаанаас хамаарах доройтол болон барилгын бүтээцийн хүчдэл-хэв гажилтын төлвийн өөрчлөлтөөс үүсэх бусад нөлөөллийг хэлнэ. Ачааны үйлчлэлийн тооцоо хийхдээ тэдгээр нөлөөллийг эквивалент ачааллаар төлөөлөн авахыг зөвшөөрнө.
Бүтээцийн систем гэж барилгын бүтээцүүдийн хоорондох ба буурь хөрстэй харилцан уялдаатай ажиллах нэгдлийг хэлнэ.
Ачаалал гэж барилгын объектод (бүтээц ба буурьт) үйлчлэх гадаад механик хүч (бүтээц, төхөөрөмжийн жин, цасны хуримтлал болон хүмүүсийн жин зэрэг)-ийг хэлнэ.
Даах чадвар гэж барилгын объектод түүний хязгаарын төлвөөс хэтрэхгүйгээр үүссэн хариу үйлчлэлийн хамгийн их утгыг хэлнэ
Материалын физик шинж чанарын норматив үзүүлэлт гэж нормативын баримт бичиг болон техникийн нөхцөлд заасан буюу бүтээгдэхүүнийг бэлтгэх, барилга барих, ашиглах явцад гүйцэтгэсэн хяналтын үр дүнгээр тогтоосон физик механик шинж чанарын үзүүлэлтийг хэлнэ.
Хангамжтай байдал гэж тохиолдлын хувьсах хэмжигдэхүүний утгуудыг тааламжтай хэрэгжүүлэх магадлалыг хэлнэ. Жишээлбэл хангамжтай байдал нь ачааллын хувьд өгөгдсөн утгаас үл хэтрэх магадлал, материалын үзүүлэлтийн хувьд өгөгдсөн утгаас багасахгүй байх магадлал болно.
Хувьсах параметрүүд гэж барилгын объектын тооцоонд ашиглаж байгаа параметрүүд болон барилгын ашиглалтын тооцоот хугацааны явцад буюу байгалийн онцгой тохиолдолд өөрчлөгдөх үйлчлэлийн физик утгыг (материал, хөрсний шинж чанарын үйлчлэл) хэлнэ.
Барилгын объектын хязгаарын төлөв гэж цаашид үүнээс хэтэрвэл барилгын объектын ашиглалт нь үл зөвшөөрөгдөх, хүндрэлтэй эсвэл үр ашиггүй болох тэр төлвийг хэлнэ.
Өргөжин нэмэгдэх эвдрэл гэж барилгын даацат бүтээц, буурийн анхны орчны гэмтэл цаашид шатлан өргөжиж барилгыг бүхэлд нь эсвэл түүний эд ангийг нурахад хүргэх эвдрэлийг хэлнэ.
Тооцооны бүдүүвч (загвар) гэж тооцоо хийхэд ашиглах бүтээцийн системийн хийсвэрлэсэн загварыг хэлнэ.
Хязгаарын төлвийн тооцооны шалгуурууд гэж хязгаарын төлвийг хэрэгжүүлэх нөхцлөөр тодорхойлох харьцааг хэлнэ.
Тооцооны нөхцөл гэж бүтээцэд тавих тооцооны шаардлагыг тодорхойлогч, тооцоонд хэрэглэж буй бүлэг нөхцлийг хэлнэ.
Найдваршлын тухайлсан илтгэлцүүр гэж ачааллын найдваршлын илтгэлцүүр , материалын найдваршлын илтгэлцүүр m , ажлын нөхцлийн илтгэлцүүр , хариуцлагын найдваршлын илтгэлцүүр гэсэн барилгын объектын тооцооны загвар нь түүний ашиглалтын бодит нөхцлөөс тааламжтай бус тал руу хэлбийх, түүнчлэн тодорхой төрлийн барилгын объектын найдваршлыг өндөрсгөх шаардлагыг тооцож тусгах зорилгоор хэрэглэдэг илтгэлцүүрийг хэлнэ.
Үйлчлэлийн нөлөөлөл гэж гадаад хүч, үйлчлэлд үзүүлэх барилгын бүтээцийн хариу үйлчлэлийг (тухайлбал: дотоод хүчлэл, хүчдэл, шилжилт, хэв гажилт) хэлнэ
3. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Ерөнхий зүйл
Барилгын найдвартай ажиллагааны үндсэн шалгуур нь эдэлгээний тогтоосон хугацааны туршид тооцоот ачааллын хамгийн зохимжгүй хослолын үйлчлэлд хязгаарын төлвөөс хэтрэхгүй байх нөхцөл юм.
Барилгын бүтээц, буурь, суурийн найдвартай ажиллагаа нь зураг төсөл зохиох, бүтээцийн элементүүдийг үйлдвэрлэх, барилга барих, ашиглах бүх үе шатыг бүрэн хамарна.
3.1.3. Ослын үйлчлэл дэх барилгын бүтээцийн найдвартай ажиллагаанд нэг буюу хэд хэдэн тусгай арга хэмжээг хамруулна. Үүнд: - Барилгын ослын үед буюу даацат элементийн хэсэгт гарсан эвдрэлээс шалтгаалж байгууламж бүхэлдээ нурахгүй байх бүтээцийн шийдэл, материалыг сонгох.
- Байгууламжийн үндсэн даацат бүтээцийг хянах, хэмжих нуралтыг зогсоох боломжийг хангасан зохион байгуулалтын иж бүрэн тусгай арга хэмжээ авахаар төсөллөсөн байх.
3.1.4. Зураг төслийн ба бүтээцийн шийдэл нь байгууламж, түүний элемент, уулзвар холбоосны хязгаарын төлвийн тооцооны үр дүнд үндэслэгдсэн байх ёстой. Шаардлагатай тохиолдолд барилгын объектын үндсэн параметрүүд, үйлчлэлийг хүлээн авах даах чадвар нь туршилт судалгааны өгөгдлөөр нотлогдсон байвал зохино. Ийм тохиолдолд зураг төсөлд иш татсан холбогдох норматив баримт бичгийг дурьдах хэрэгтэй.
3.1.5. Барилгын объектын зураг төсөл боловсруулах, барихдаа зэргэлдээ байгаа барилга, байгууламжийн ашиглалтын нөхцөл өөрчлөгдөх байдлыг тооцож үзэх хэрэгтэй.
3.1.6. Бүтээцийг тооцохдоо дараах тооцооны нөхцөлийг харгалзан үзнэ. Үүнд:
- Тогтоосон нөхцөл - барилгын объектын ашиглалтын хугацаатай ойролцоо хугацаанд байх нөхцөлийг хэлнэ /жишээ нь: хоёр их засварын хоорондох эсвэл технологийн процесс өөрчлөгдөх хүртэлх ашиглалт /
- Завсрын нөхцөл - барилгын объектын ашиглалтын хугацаатай харьцангуй бага хугацаанд байх нөхцөлийг хэлнэ. /жишээ нь: бүтээцийг үйлдвэрлэх, тээвэрлэх, угсрах, их засвар, өргөтгөл – шинэчлэлт хийх/.
- Ослын нөхцөл - Нийгэм, эдийн засаг, экологийн ихээхэн хохиролд хүргэхүйц үйл ажиллагааны онцгой нөхцөлийг /үүний дотор ослын үйлчлэлийн үед / хэлнэ.
3.1.7. Авч үзэж буй тооцооны нөхцөлд барилгын бүтээцийн найдваршлыг тооцоогоор болон дараах арга замаар хангана. Үүнд:
- Зураг төсөл, бүтээцлэл, материал, үйлдвэрлэлийн технологийн процесс, барилгын угсралтын хамгийн оновчтой шийдлийг сонгох.
- Барилгын объектын хэвийн ашиглалтыг баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх.
- Байгууламжийн болон түүний бүтээц, элементийн ажиллагааг хянах
- Байгууламжийн өргөжих эвдрэл болон осол гарах эрсдлийг багасгахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах.
Энэ арга хэмжээг захиалагч байгууллагатай зөвшилцөн зураг төслийн байгууллага боловсруулж техникийн нөхцөл буюу зургийн даалгаварт тусгавал зохино.
Бүтээц, буурь хөрсний эдэлгээний хугацаа.
3.2.1. Барилгын объектын зураг төсөл боловсруулахдаа түүний шаардлагатай эдэлгээний хугацааг хангахын тулд дараах нөхцөлийг тооцсон байна. Үүнд:
- Зориулалтын дагуу ашиглах нөхцөл.
- Хүрээлэн буй орчны тооцоот нөлөөлөл
- Хэрэглэх материалын шинж чанар, түүнийг орчны сөрөг үйлчлэлээс хамгаалах боломжит арга, мөн түүний шинж чанарын доройтол.
3.2.2. Динамик ачаалал ба үйлчлэлд ажиллах бүтээцийн зураг төсөл боловсруулахдаа бүтээцэд хүчдэлийн төвлөрөл үүсэхээс аль болох зайлсхийж, шаардлагатай тохиолдолд хамгаалах тусгай арга хэмжээ /хашлага бүтээцэд жигд нүх гаргах, хэлбэлзэл сааруулагч, доргио тусгаарлагч хэрэглэх гэх мэт/ авна. Динамик ачааллын үйлчлэлийг хүлээж авах бүтээцийн элементийг төсөллөхөд түүний бат бэхийн цуцалт, тэсвэршилтийн тооцооны үр дүнг бодолцох хэрэгтэй.
3.2.3. Хөнөөлтэй орчны нөхцөлд /хөлдөх ба гэсэх ээлжлэх, мөсжилтийн эсрэг урвалжийг агуулах, далай тэнгисийн усны үйлчлэл, үйлдвэрийн хаягдал гэх мэт/ тодорхой хугацааны туршид үйлчлэх ачаалалд тооцохдоо тэдгээрийн харилцан үйлчлэлийн сөрөг нөлөөллийг бодолцоно.
3.2.4. Барилга байгууламжийн буурь ба бүтээцийн эдэлгээний хугацааг хангах арга хэмжээг төлөвлөж ашиглалтын нөхцлөөс хамааруулан эдэлгээний тооцоот хугацааг зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч, захиалагч байгууллага зөвшилцөж тодорхойлно.
Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг 1-р хүснэгтээр үзүүлэв.
1-р хүснэгт. Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа
д/д |
Барилга байгууламжийн нэр |
Эдэлгээний жишиг хугацаа |
1 |
Түр барилга байгууламж /барилгачид, хамгаалалтын албаны байр, түр агуулах, зуны павильон г.м/ |
10 жил хүртэл
|
2 |
Хүчтэй хөнөөлтэй орчинд ашиглагдах байгууламж /нөөцлүүр сав, нефть боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолой, хийн ба химийн үйлдвэр, далай тэнгис, нуурын орчны нөлөө бүхий байгууламж г.м/ |
25 жилээс доошгүй |
3 |
Ашиглалтын ердийн нөхцөлтэй барилга байгууламж /орон сууц, иргэн, үйлдвэрийн барилга/ |
50 жилээс доошгүй |
4 |
Хосгүй үнэт барилга байгууламж /голлох музейн барилга, үндэсний, соёлын үнэт зүйлсийн сан, сүрлэг том урлагийн бүтээл, стадион, театр, 51 м-ээс дээш өндөртэй барилга, их алслалтай байгууламж г.м/ |
100 жил ба түүнээс дээш |
Тайлбар: Зохих үндэслэлтэй бол хашлага бүтээцийн эдэлгээний хугацаа байгууламжийн эдэлгээний хугацаанаас ялгаатай байж болно. |
4. ХЯЗГААРЫН ТӨЛВҮҮД
- Нийтлэг үндэслэл
4.1.1. Барилгын бүтээцийн хязгаарын төлвийг дараах байдлаар ангилна. Үүнд:
- I бүлгийн хязгаарын төлөв – барилгын бүтээц даацын чадвараа алдахад хүргэх төлөв;
- II бүлгийн хязгаарын төлөв - барилгын бүтээцийн хэвийн ашиглалт алдагдахад хүрэх, эсвэл түүнийг цаашид эдлэх тооцоот хугацаа эрс багасахад хүргэх төлөв;
- Ослын хязгаарын төлөв - ослын үйлчлэлд барилга байгууламж эвдэрч нурахад хүргэх төлөв;
- Бусад хязгаарын төлөв - норм, дүрэм буюу төслийн даалгавраар тогтоосон барилгын объектын хэвийн ашиглалтыг алдагдахад хүргэх төлөв.
4.1.2. Хязгаарын төлвийн I бүлэгт дараах төлвүүд хамаарна. Үүнд:
- Аливаа эвдрэл (тухайлбал: налархай, хэврэгшил, цуцалтын г.м);
- Тогтворшилоо алдах;
- Ашиглалтыг зайлшгүй зогсооход хүргэх үзэгдэл (тухайлбал: материалын шинж чанарын эрс доройтол, налархайшил, холбоос дахь шилжилт зэргээс хэт их хэв гажилт үүсэх, түүнчлэн ан цав их хэмжээгээр нээгдэх г.м).
4.1.3 Хязгаарын төлвийн II бүлэгт дараах зүйл хамаарна. Үүнд:
- Бүтээц, буурийн хэв гажилт нь (хэв гажилт ба өнцгийн эргэлт г.м) технологийн ба бүтээцлэлийн, сэтгэл зүйн, гоо сайхны шаардлагаар тогтоосон хязгаарт хүрэх;
- Бүтээц, буурийн хэлбэлзэл нь хүний эрүүл мэнд физилогийн үйл ажиллагаанд хор хүргэхүйц хязгаарын түвшинд хүрэх;
- Барилгын объектын хэвийн ашиглалтыг алдагдуулахгүй ан цав үүсэх;
- Ан цавын нээгдэлтийн хэмжээ хязгаарын дээд утгандаа хүрэх;
- Бусад үзэгдлүүд. Барилга, байгууламжийн ашиглалтын чанар, эсвэл ашиглалтын тооцоот хугацааг хүлцэмгүй хэмжээгээр бууруулснаас (тухайлбал: зэврэлт, өгөршил зэргээс үүдэлтэй эвдрэл) түүний ашиглалтыг түр хугацаагаар хязгаарлах байдалд хүргэх.
4.1.4 Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад заавал тооцох хязгаарын төлвийн жагсаалтыг зураг төслийн норм ба төслийн даалгаварт заасан байна.
Хязгаарын төлвийг бүтээцэд бүхэлд нь болон тусдаа элементүүд, тэдгээрийн холбоосонд тухайлан тодорхойлно.
4.1.5 Бүтээцийн төсөллөлтөд ашиглах хязгаарын төлөв бүрд ачаа ба үйлчлэл, материал ба хөрсний үзүүлэлт, түүнчлэн барилга, байгууламжийн бүтээцийн геометр хэмжигдэхүүн (тэдгээрийн хамгийн тааламжгүй зөрүүг бодолцсон), найдваршлын тухайлсан илтгэлцүүр, мөн хүчлэл, хүчдэл, хэв гажилт, шилжилт болон суурийн суултын хязгаарын зөвшөөрөгдөх хэмжээ зэрэг харгалзах тооцооны утгуудыг тооцож заасан байх хэрэгтэй.
4.1.6 Тооцож буй хязгаарын төлөв бүрд барилга байгууламжийг барих, ашиглах явцад болзошгүй хамгийн тааламжгүй нөхцөл, байдалд хэрхэн ажиллахыг харуулхуйц тооцооны загвар, түүний даацат элементүүд болон буурийг тодорхойлсон байх ёстой.
Тооцооны загварыг байгуулахад ашигласан хялбарчилгааг ажлын баримт бичгийг боловсруулахад тооцсон байх хэрэгтэй.
4.2.Хязгаарын төлвийн тооцоо
4.2.1 Барилгын объектыг хязгаарын төлвөөр тооцохдоо дараах хүчин зүйлийг бодолцсон байна. Үүнд:
- Барилгын объектын эдэлгээний тооцоот хугацаа;
- норм, стандартад буюу төслийн даалгаварт заасан материалын бат бэхийн болон хэв гажилтын үзүүлэлт, инженер - геологийн судалгаагаар тогтоосон буурь хөрсний үзүүлэлтүүд;
- барилга, байгууламжийг барих, ашиглах явцад ачаалал, үйлчлэл, тэдгээрийн хослолын хамгийн зохимжгүй хувилбар;
- барилгын объектын ажиллагаа хязгаарын төлөвт хүрэхэд бий болох хамгийн тааламжгүй үр дагавар;
- материалын шинж чанарын доройтол;
- бүтээц эдлэлийг үйлдвэрлэх, барилга, байгууламжийг барих үеийн нөхцөл ашиглалтын онцлог.
4.2.2 Бүтээц, буурийн найдваршлыг хангах нөхцөл нь хүчлэл, хүчдэл, хэв гажилт, шилжилт болон ан цавын нээгдэлтийн тооцоот утга нь тэдгээрийн төсөллөлтийн нормд заасан харгалзах хязгаарын хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
4.2.3 Барилга, байгууламжийн даацат ба хашлага бүтээцийн хотойлт, шилжилтийн хязгаарын зөвшөөрөгдөх утгыг хэрэглэж буй материалаас хамааруулахгүйгээр тогтоосон байх ёстой.
4.2.4 Зураг төслийн нормоор хүчлэл, хүчдэлийг тодорхойлоход харимхай бус хэв гажилтыг бодолцоогүй бол бүтээцийг харимхай ажиллана гэж хялбарчлан тооцоо хийхийг зөвшөөрнө. Ингэж тооцохдоо харимхай бус хэв гажилтын нөлөөг бодолцон бүтээцийн хөндлөн огтлолыг тодорхойлж болно.
4.2.5 Хариуцлагын 1 ба 2 дугаар зэрэглэлийн барилгын бүтээц, буурийн тооцоог бодит бүтээц болон загвар дээр явуулсан онол, туршилтын судалгааны үр дүнд үндэслэн гүйцэтгэнэ.
4.2.6 Буурийг тооцоход туршилтаар тогтоосон хөрсний бат, бэх хэв гажилтын үзүүлэлтүүд, түүнчлэн бүтээц ба буурийн харилцан үйлчлэлийн нөлөөг тусгасан бусад үзүүлэлтийг заавал ашиглана.
4.2.7 Онцгой ачааллын үйлчлэл дахь өргөжин нурах эвдрэлийн тооцоог төрийн захиргааны байгууллага, захиалагчаас тогтоосон барилга байгууламжид хийнэ.
5. АЧААЛАЛ БА ҮЙЛЧЛЭЛ
5.1. Ерөнхий тодорхойлолт
5.1.1. Барилгын объектын хариу үйлчлэлээс хамааруулан ачаалал ба үйлчлэлийг дараах байдлаар ангилна. Үүнд:
- Статик. Энэ ачаалал, үйлчлэлийн үед барилгын объектын инерцийн хүчний хурдатгалыг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
- Динамик. Энэ ачаалал, үйлчлэлийн үед барилгын объектод мэдэгдэхүйц хурдатгал үүснэ.
Ачаалал, үйлчлэл (статик болон динамик)-ийн төрлийг харгалзах норматив баримт бичигт тогтоосон байна.
5.1.2 Динамик үйлчлэлд үүсэх барилгын объектын хариу үйлчлэлийг үнэлэхдээ харгалзах динамик загварыг ашиглана. Энэ тохиолдолд хүчдэл - хэв гажилтын төлвийн хэмжигдэхүүн (хүчлэл, хүчдэл, шилжилт г.м)–ийг динамик тооцооны үр дүнд тодорхойлно. Динамик үйлчлэлийг эквивалент статик ачаанд хөрвүүлж болно. Энэ эквивалент статик ачаа нь байгууламжид үүсэх инерцийн хүчийг тооцсон, харгалзах динамикийн илтгэлцүүрийг бодолцсон ачаалал байна.
5.1.3 Ачааллыг үйлчлэх хугацаанаас нь хамааруулан: тогтмол, удаан хугацааны, богино хугацааны, онцгой гэж ангилна.
- Тогтмол ачаалал. Ачааллын тооцооны утгын өөрчлөлт нь барилга байгууламжийн ашиглалтын тооцооны хугацааны туршид түүний дундаж утгатай харьцуулахад харьцангуй бага байна.
- Удаан хугацааны ачаалал. Ачааллын тооцооны утга нь барилга байгууламжийн ашиглалтын үед урт хугацаанд хадгалагдана.
- Богино хугацааны ачаалал. Ачааллын үйлчлэлийн үргэлжлэх хугацаа нь барилга байгууламжийн ашиглалтын хугацаатай харьцуулахад эрс бага байна.
- Онцгой ачаалал. Гамшиг сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй ачаалал ба үйлчлэл (тэсрэлт, тээврийн хэрэгсэл мөргөлдөх, тоног төхөөрөмжийн осол, гал түймэр, газар хөдлөлт, бүтээцийн даацат элементийн эвдрэл нуралт).
5.2. Тооцооны ачаалал
5.2.1 Ачааллын үндсэн үзүүлэлт нь зураг төслийн норм болон техникийн нөхцөл эсвэл зургийн даалгавраар тогтоосон тооцооны ба нормын утгууд болно.
5.2.2 Ачааллын тооцооны утга нь тухайн ачааллын нормын утгыг тогтоосон бол түүнийг ачааллын найдваршлын харгалзах илтгэлцүүрээр үржүүлсэнтэй тэнцүү байна.
5.2.3 Ачааллын найдваршлын илтгэлцүүр gf нь байгууламжийн ердийн ашиглалтын нөхцөлд ачаалал нормын утгаас тааламжгүй (их буюу бага) тал руу зөрж болохыг тооцох үүрэгтэй. Ачааллын найдваршлын илтгэлцүүрийн gf утга нь хязгаарын төлөв болон тооцооны нөхцлүүдэд өөр өөр байж болно.
5.2.4 Газар нутаг, цаг уурын нөхцлөөс хамаарах (цасны ачаалал, салхины болон температурын үйлчлэл г.м) ачаалал ба үйлчлэлийн тооцооны утгыг авч үзэж байгаа хязгаарын төлвөөс хамааруулан тооцоот үеийн давтамжийг ашиглан шууд тодорхойлохыг зөвшөөрнө.
5.2.5 Бүтээцийг хязгаарын төлвийн II бүлгээр тооцохдоо богино хугацааны ачааллын тооцооны утгыг барилгын объектын ашиглалтын хэвийн нөхцөл нь зөрчигдөж болох зөвшөөрөгдсөн хугацааг бодолцож тогтоож болно.
5.2.6 Онцгой ачааллын тооцооны утгыг байгууламжийн эвдэрч нурах үед гарч болзошгүй нийгмийн болон материалын хохирол ба тэрхүү эвдрэлийг арилгахад авах шаардлагатай арга хэмжээг бодолцсон зохих норматив баримт бичиг, төсөллөлтийн техникийн нөхцлөөр тогтооно.
5.3. Ачааллын тооцооны хослол
5.3.1 Бүтээцийн тооцоонд байж болох зохимжгүй бүх ачааллын хослолыг авч үзэх ёстой. Янз бүрийн ачааллын нэгэн зэрэг үйлчлэх боломжит бодит бүх хувилбарууд болон богино хугацаагаар үйлчлэх ачааллын (зарим богино хугацаагаар үйлчлэх ачаалал байхгүй байж болно) үйлчлэлийн янз бүрийн бүдүүвчийн хэрэгжих боломжийг бодолцсон шинжилгээний үр дүнгийн үндсэн дээр ачааллын тооцооны хослолыг тогтооно.
5.3.2 Хэд хэдэн ачааллаар хүрэх тооцооны утгын магадлалыг нэг ачааллаар хүрэх тооцооны утгын магадлалтай харьцуулсан бууралтыг ачааллын хослолын илтгэлцүүрээр авч тодорхойлно. Ачааллын хослолын илтгэлцүүрийн утга нь 1-ээс хэтгэхгүй байна.
5.3.3 Тооцож буй ачааллын бүрдлээс хамааруулж хослолыг дараах байдлаар хуваана:
- Ачааллын үндсэн хослол. Энэ нь тогтмол, удаан ба богино хугацаагаар үйлчлэх ачааллаас бүрдэнэ.
- Ачааллын онцгой хослол. Дээрх ачааллаас гадна онцгой ачаалал оролцсон байна.
5.3.4 Ачааллын онцгой хослолд богино хугацаагаар үйлчлэх ачааллыг оруулахгүй байж болно.
5.3.5 Ачааллын тооцооны хослол болон хослолын илтгэлцүүрийн тоон утгыг норматив баримт бичигт тогтоосон байх ёстой.
6. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БА ХӨРСНИЙ ШИНЖ ЧАНАР
6.1. Зураг төсөлд тусгаж байгаа материалын бат бөхийн үндсэн тодорхойлогч нь тэдгээрийн бат бэхийн норматив утгууд байна.
6.2. Чанарын шаардлага хангасан материалын хувьд бат бэхийн нормын утгын хүлцэл /магадлалын түвшин/ 0.95 – аас доош байж болохгүй.
6.3. Материал болон хөрсний нормын үзүүлэлт, тэдгээрийн утгын өөрчлөлтийг тухайн дээжийн туршилтын, эсвэл үл эвдэх аргын хяналтын үр дүнгээр тодорхойлно. Туршилтыг тухайн материалын багцыг төлөөлж чадах хэсгүүд дээр материалыг бэлтгэх, хүлээн авах, нийлүүлэх үеийн нөхцлийг харгалзан гүйцэтгэх хэрэгтэй.
6.4. Материалын үзүүлэлтийн тооцооны утгыг тогтоохдоо дээж болон бүтээцүүдийн өөр хоорондынх нь шинж чанарт гарч болзошгүй зөрүү (хэмжээсийн ялгаа, цаг хугацааны нөлөөлөл, орчны температурын ялгаа гэх мэт)-ийг бодолцох хэрэгтэй.
6.5. Өндөр эсвэл нам температуртай, их чийглэгтэй, хөнөөлтэй орчинтой, ачааллын давтагдах үйлчлэлтэй г.м хэвийн бус нөхцөлд ажиллах бүтээцийн тооцоонд, тэдгээрийн хугацаанаас хамаарсан болзошгүй өөрчлөлт, эн түрүүнд материалын физикийн шинж чанарын доройтолтыг (бат бэх, харимхай чанар, зууралдалт, гулсалт, агшилт) харгалзан үзвэл зохино.
6.6. Бусад хүчин зүйлүүдээс хамаарах материал, хөрсний нормын утгыг зураг төслийн холбогдох нормуудын заалтыг үндэслэн тооцоогоор тогтоож болно.
6.7. Объект барих талбайд явуулсан инженер-геологийн судалгааг үндэслэн хөрсний бат бэхийн, хэв гажилтын болон бусад физик-механикийн үзүүлэлтүүдийн нормын ба тооцоот утгыг тогтооно. Гэхдээ барилга барих, зураг төсөл зохиох туршлагыг харгалзан үзэх хэрэгтэй.
Хөрсний болон суурь ба хөрсний харилцан үйлчлэлийг тодорхойлох үзүүлэлтийн нормын утгыг, тэдгээрийг тогтоох өөр нөхцөл заагаагүй бол, туршилтын үр дүнгийн математик боловсруулалтын хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэрэглэнэ.
6.8. Материалын ба хөрсний бат бэхийн болон бусад үзүүлэлтүүдийн норматив утгаасаа тааламжтай биш талруу гарах хазайлтыг материалын найдваршлын илтгэлцүүрээр (gm) илэрхийлнэ. Энэ илтгэлцүүрийн утга нь хязгаарын төлөв байдал тус бүрт өөр байна.
6.9. Хөрс ба материалын үзүүлэлтүүдийн тооцооны утгыг тэдгээрийн норматив утгыг материалын найдваршлын илтгэлцүүрт (gm) хувааж тогтооно. Хөрс ба материалын үзүүлэлтүүдийн тооцооны утгыг туршилтаар шууд тогтоохыг зөвшөөрнө.
7. ГЕОМЕТР ХЭМЖЭЭС
7.1. Барилга байгууламжийн бүтээцийн тооцоонд геометр хэмжээг тодорхойлох үед гарч болзошгүй зөрүүг харгалзан үзэх хэрэгтэй. Бүтээцийг үйлдвэрлэх, угсрах үеийн нөхцлийг бодолцож зөрүүгийн хэмжээг тогтооно.
7.2. Бүтээцийн хэмжээсийн өөрчлөлт нь /геометр хэмжээсийн өөрчлөлт, огтлол, цувимлын хэмжээ гэх мэт/ өчүүхэн бага хэмжээтэй байвал түүнийг зураг төсөлд зааснаар авахыг зөвшөөрнө.
7.3. Геометр хэмжээс төсөлд заасан утгаасаа зөрсөн нь бүтээцийн даах чадварт бодитой нөлөө үзүүлэхээр байвал (жишээ нь: эксцентриситет ихэссэн, босоо чиглэлээс хазайсан, өгөгдсөн хэлбэрээс зөрүүтэй, материалын чанар доройтсон, хөндлөн огтлолын хэмжээ өөрчлөгдсөн гэх мэт) бүтээцийн тооцооны загварыг сонгохдоо тэдгээрийг харгалзан үзэх хэрэгтэй.
7.4. Бүтээцийн угсралтын явцад, геометр хэмжээ нь зураг төсөлд зааснаас зөрөх хэмжээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа норматив баримт бичигт заасан хүлцэх алдаанаас ихгүй байх шаардлагатай.
7.5. Бүтээцийн угсралтын геометр хэмжээний хүлцлийг шалгахдаа зураг төсөлд заасан хүлцэлтэй харьцуулан хүчин төгөлдөр үйлчилж байгаа норматив баримт бичигт заасныг мөрдөнө.
8. МАТЕРИАЛ, БҮТЭЭЦ БА БУУРИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ
8.1. Барилгын объектын сонгож авсан тооцооны схем бодит ажлын нөхцлөөсөө гажиж болзошгүй зөрүүг ажиллах нөхцлийн илтгэлцүүр gd –ээр орлуулан тооцно.
8.2. Ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг туршилтын болон онолын өгөгдөл, объектын ашиглалтын болон үйлдвэрлэлийн нөхцөл дэх материал, бүтээц, буурийн бодит ажлын өгөгдлийг үндэслэн нормоор тогтооно.
9. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХАРИУЦЛАГЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТООЦОХ
9.1. Барилга, байгууламжийн хариуцлагын зэрэглэлийг түүний хариуцлагын найдваршлын илтгэлцүүрээр тодорхойлно.
Эвдрэл, гэмтлээс шалтгаалан нийгэм-эдийн засаг, байгаль орчинд учруулах хор хохирлоос нь хамааруулан барилга байгууламжийг хариуцлагын (1-4) 4 зэрэглэлд хуваана. Барилга байгууламжийн найдваршлын илтгэлцүүр -ийн хамгийн бага утгыг тэдгээрийн хариуцлагын зэрэглэлээс хамааруулан 2-р хүснэгтэд үзүүлэв.
Тайлбар: Хариуцлагын 1 ба 2 зэрэглэл нь Төр, захиргааны төв байгууллагаас тогтоосон өндөржүүлсэн зэрэглэлийн жишиг ангилалд хамаарна.
2-р хүснэгт
Хариуцлагын зэрэг |
-илтгэлцүүрийн хамгийн бага утга |
1 |
1.2 |
2 |
1.1 |
3 |
1.0 |
4 |
0.8 |
Барилга байгууламжийн хариуцлагын зэрэглэлийн ангилал:
Хариуцлагын 1-р зэрэглэлийн буюу онц чухал барилга байгууламж:- нефьт болон хий үйлдвэрлэлийн олзворлох, дахин боловсруулах, хадгалах, бусад салбарын галын болон тэсрэх аюултай шингэн түлш, хий (хийн бүтээгдэхүүн) агуулах, хадгалах объект;
- химийн идэмхий хортой, тэсрэх болон галын аюултай, биологийн хор хөнөөлтэй материал, үүнтэй ижил шинж чанартай зүйлсийг ашиглах, дахин боловсруулах, үйлдвэрлэх, хадгалахтай холбоотой химийн, нефьт химийн, биотехнологийн болон бусад салбарын объект;
- 100 м-ээс их алслалтай барилга байгууламж;
- хот, суурин газрын амжиргааны нөхцлийг хангах объект;
- 1000 мегаватт-с дээш хүчин чадалтай усан ба дулааны эрчим хүчний объект;
- галын болон дэлбэрэх хийн аюултай, нүүрсний ба уулын хүдрийн үйлдвэрлэлийн обьект;
- цөмийн түлш болон цацраг идэвхит бодисын хаягдлыг дахин боловсруулах, үйлдвэрлэх, агуулах зэрэгт хамрагдах цөмийн эрчим хүчний объект, түүнчлэн цацрагийн аюултай бусад объект;
- Нефьт болон хий дамжуулах хоолой.
Хариуцлагын 2-р зэрэглэлийн буюу өндөржүүлсэн чухал барилга байгууламж:
- төв музей, улсын архив, засаг захиргааны байгууллага, үндэсний болон соёлын үнэт зүйлсийг хадгалах барилга;
- хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээний объект (стадион, театр, кино танхим, цирк гэх мэт);
- томоохон (нэг дор 200-с дээш хүн цугларах) эмнэлэг, эрүүлийг хамгаалах салбарын барилга, их дэлгүүр болон худалдааны бусад газар, төмөр зам, нисэх ба авто тээврийн буудал;
- 60 м-ээс их алслалтай барилга байгууламж;
- дээд болон дунд боловсролын сургалтын байр, сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх байр;
- 100м-ээс дээш өндөртэй орон сууцны, засаг захиргааны барилга;
- холбоо, телевиз, радиогийн шурагт ба цамхагт байгууламж 100м-ээс дээш өндөртэй яндан;
- 500м-ээс урт үргэлжилсэн эсвэл дээд зэрэглэлийн зам дээрх дамжуулах хоолой, нүхэн хонгил, гүүр;
- 150 мегаватт-с дээш хүчин чадалтай усан ба дулааны эрчим хүчний объект.
Хариуцлагын 3-р зэрэглэлийн буюу энгийн барилга байгууламж:
- 100 м-ээс доош өндөртэй орон сууцны барилга ба (1, 2 ба 4 зэрэглэлд ороогүй) олноор баригдах бусад объект;
- машин үйлдвэрлэл, дахин боловсруулах болон бусад салбарын үйлдвэрийн үндсэн объект;
- 500 м-ээс бага урттай гүүр ба хонгил.
Хариуцлагын 4-р зэрэглэлийн буюу чухал бус барилга байгууламж:
- цэцгийн хүлэмж, ногооны дулаан байр, зөөврийн байшин (задалж угсардаг болон контейнерийн төрлийн), түр агуулах гэх мэт;
- харуул манааны ажилчдын байр болон түр хугацаанд хүмүүс ажилладаг барилга байгууламж.
Тайлбар: Барилга угсралтын болон ашиглалтын практикт өмнө нь шалгагдаж байгаагүй зарчмын хувьд шинэ хийцлэл шийдэл ашигласан барилга байгууламжийн хариуцлагын зэрэглэлийг 2-оос 1-р зэрэглэлд оруулж тооцно.
9.2. Барилга байгууламжийн хариуцлагын зэрэглэл, мөн түүнчлэн илтгэлцүүрийн тоон утгыг зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч захиалагчтай зөвшөөрөлцсөний үндсэнд зураг төслийн даалгавраар, эсвэл тусгай техникийн нөхцлөөр тогтоох ба энэхүү нормын 2-р хүснэгтэд заасан хэмжээнээс доошгүй байна. Барилга байгууламжийн бүтээцийн янз бүрийн элементүүдэд -ийн утга өөр байж болно.
9.3. Хязгаарын төлвийн I бүлгийн тооцоо хийхдээ ачаалал үйлчлэлийн утгыг хариуцлагын зэрэглэлийн илтгэлцүүрээр үржүүлж тодорхойлно. Харин хязгаарын төлвийн II бүлгийн тооцоо хийхдээ хариуцлагын зэрэглэлийн илтгэлцүүр - г 1-тэй тэнцүүгээр авахыг зөвшөөрнө.
9.4. Барилга байгууламжийн хариуцлагын зэрэглэлийг тогтоохын хамт доорхи ажлыг гүйцэтгэнэ:
- барилга байгууламжийн эдэлгээний хугацаанд үнэлэлт хийх;
- гүйцэтгэх зураг төслийн нэр төрлийг тогтоох, зураг төслийн ба инженер хайгуул болон туршилт судалгаа явуулах ажлын хэмжээг гаргах;
- барилга байгууламжийн газар доорх, дээрх хэсгийн бүтээцийн шийдлийг боловсруулах гэх мэт.
9.5. Хариуцлагын 1 ба 2 дугаар зэрэглэлийн барилга байгууламжийн зураг төсөл зохиох, бүтээцийг бэлтгэх, угсрахад судалгаа шинжилгээний ажлыг хамтад нь хийхээр урьдчилан төлөвлөсөн байх ёстой. Мөн түүнчлэн уг барилга байгууламжийг барих, ашиглах үед хийх хяналт, шинжилгээ хийх нөхцөлийг урьдчилан төлөвлөсөн байх ёстой.
10. ТООЦООНЫ ЗАГВАРТ ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
10.1. Бүтээцийн тооцооны загвар (тооцооны бүдүүвч) нь түүний ажиллагааны бодит байдлыг харуулж чадахуйц, тооцоонд авч үзэж буй үндэслэл, нөхцөл байдалд тохирохоор байвал зохино. Үүний тулд бүтээцийн хийцлэлийн онцлог, хязгаарын төлөвт хүртэл ажиллах чадварын байдал болон үйлчилж буй ачаалал ба үйлчлэл (гадаад орчны нөлөөг бодолцох) зэргийг тооцож тусгах хэрэгтэй. Тооцооны загварыг сонгоход дэвшүүлсэн хялбарчилгааг ажлын зураг боловсруулахад тусгах хэрэгтэй.
10.2. Тооцооны загвар нь дараах агуулгатай байна. Үүнд:
- Ачаалал ба үйлчлэлийн тооцооны загвар;
- Бүтээцийн элемент, буурийн хүчдэл-хэв гажилтын төлвийг илэрхийлэх тооцооны загвар;
- Бүтээцийн эсэргүүцлийн тооцооны загвар.
10.3. Ачааллын тооцооны загвар нь тэдгээрийн тоон утга, үйлчлэх байрлал, чиглэл болон үргэлжлэх хугацааг илэрхийлсэн байна. Зайлшгүй тохиолдолд бүтээцийн хариу үйлчлэлээс хамаарах ачааллын хамаарлыг /жишээлбэл: салхины урсгал уян байгууламжтай харилцан үйлчлэх үеийн агаарын харимхай нөлөөлөл/ тусгах шаардлагатай. Ачааллын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой заах боломжгүй тохиолдолд янз бүрийн хялбарчлалтайгаар хэд хэдэн хувилбараар тооцож үзэх нь зохимжтой.
10.4. Хүчдэл-хэв гажилтын тооцооны загвар нь дараах харьцааг илэрхийлсэн байвал зохино. Үүнд:
- Статик, динамик ачааны үйлчлэлд байгууламж, түүний бүтээцийн хариу үйлчлэх хүч;
- Барилгын бүтээц, элементийн хоорондох болон буурьтай харилцан үйлчлэл;
Эдгээрийг илэрхийлэхийн тулд:
- Бүтээцийн элемент, буурийн харимхай, харимхай бус шинж чанар;
- Бүтээцийн геометрийн шугаман, шугаман бус ажлыг илэрхийлэх үзүүлэлтүүд;
- Физикийн болон явцын шинж чанар, түүний доройтох нөлөөлөл
зэргийг тогтоосон байна.
10.5. Бүтээцийн ачаалал, үйлчлэлийн эсэргүүцлийн тооцооны загварыг:
- Орчны бат бэх, тогтворын тооцооны загвар, бүтээцийн элементийн бат бэх, тогтворын тооцооны загвар, бүтээцийн системийн ерөнхий бат бэх, тогтворын тооцооны загвар;
- Эгшин зуурын бат бэхийн тооцооны загвар, хугацааны турш дахь эвдрэлийн хуримтлагдалтыг тусгасан тооцооны загвар;
- Буурийн бат бэх, хэв гажилтын тооцооны загвар гэж ангилна.
10.6. Төслийн даалгавар болон техникийн нөхцөлд заасан онцгой тохиолдолд тооцоог барилгын бодит бүтээц буюу түүний загвар дээр хийсэн туршилт, судалгааны үзүүлэлтэд заавал үндэслэж хийнэ. Ийм туршилтыг бэлтгэх, явуулах, гарсан үр дүнг үнэлж дүгнэхдээ туршилтын нөхцөл нь төсөллөж буй бүтээцийн түүнийг барих болон ашиглах үеийн ажиллах нөхцөлтэй аль болох төсөөтэй байхаар бодож гүйцэтгэвэл зохино. Туршилтын үед хангаж чадаагүй нөхцлүүдийг төсөллөлтийн явцад уг туршилтын үр дүнгийн шинжилгээг үндэслэн заавал тусгах ба шаардлагатай бол найдваршлын итгэлцүүр ашиглана.
11. ТЕХНИКИЙН ХЯНАЛТ
Зураг төсөл, үйлдвэрлэж буй материал, бүтээц, эдлэхүүн болон барилга байгууламжийн угсралтын ажлын техникийн хяналт нь барилгын норм ба дүрэм, стандартын шаардлагад нийцсэн, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн байвал зохино.
Барилгын материал, бүтээц, эдлэхүүний техникийн хяналт нь үйлдвэрлэх, ашиглах бүхий л үе шатыг хамарсан байна. Үүнд:
- Зураг төсөл боловсруулахад;
- Хайгуулын ажил гүйцэтгэх;
- Материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэхэд;
- Барилгыг барих үе шатанд;
- Барилгыг ашиглах, засварлах үе шатанд.
Гүйцэтгэх хяналтын ажилбарын нэрсийн жагсаалтыг барилгын зураг төсөл зохиох болон барилгын ажил гүйцэтгэх норм ба дүрэм, стандарт, бүтээгдэхүүн нийлүүлэх техникийн нөхцөлөөр тогтоосон байвал зохино. Хяналтын ажилбарын хэмжээ, нэрсийн жагсаалтыг гаргахдаа барилгын объектын архитектур – бүтээцийн онцлог, угсрах, ашиглах нөхцөл болон зураг төслийн баримт бичигтэй уялдуулсан байх хэрэгтэй.
Зураг төслийн үе шатанд хийх хяналтыг зохих дүрмийн дагуу дараах байдлаар гүйцэтгэвэл зохино.
- Зураг төсөлд заасан шаардлага, техникийн нөхцөл нь хүчин төгөлдөр мөрдөж буй норм ба дүрэмд нийцэж буй эсэх;
- Тооцоог бодитой загвар ашиглан, шаардлагатай нарийвчлалтай гүйцэтгэсэн эсэх /үүний тулд зураг төсөл зохиоход хэрэглэснээс өөр, баталгаа, зөвшөөрөлтэй програм ашиглан тооцоог зэрэгцээ хийж, тооцооны загвар болон тооцооны үр дүнд харьцуулан шинжилгээ хийх нь зүйтэй/;
- Ажлын зураг болон төслийн бусад баримт бичиг нь тооцооны үр дүн, норм ба дүрмийн шаардлагад нийцэж буй эсэх;
- Норматив баримт бичгийн шаардлагад заагдаагүй техникийн шийдэл нь зохих үндэслэлтэй эсэх.
Бүтээц, эдлэхүүний ашиглалтын чанарын үнэлгээнд холбогдох хууль тогтоомжид зааснаар баталгаажуулалт хийлгэсэн байвал зохино.
Шинээр барих ба шинэчлэх барилга, байгууламжийн угсралт, засвар, ашиглалтын хэвийн нөхцлийг хангаж буйд тавих хяналтыг “Барилгын тухай” хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д заасан шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
12.1. Барилгын объектын техникийн төлөв байдлыг дараах тохиолдлуудад шалгаж үнэлэх шаардлагатай. Үүнд:
- Барилгын ашиглалтын тооцооны хугацаа дуусах үед;
- Барилгын шинэчлэл, өргөтгөлийн үед одоо байгаа гол даацат бүтээцийн системд нэмэлт элемент, бүтээц хийх үед;
- Ашиглаж буй барилгын зориулалтыг өөрчлөхтэй холбогдуулан ачаалал хүлээн авах үндсэн бүтээцийн даах чадварыг тогтоох үед;
- Удаан хугацаагаар ашиглах явцад элэгдэл үүссэн бүтээцийг засварлах тохиолдолд;
- Аваар ослын (газар хөдлөлт, гал түймэр, дэлбэрэлт гэх мэт) дараа бүтээц нь ашиглалтанд тохирох эсэхийг шалгах үед.
12.2. Техникийн төлөв байдлын шалгалт, үнэлгээг техникийн үйлчилгээний төлөвлөгөөний дагуу, эсвэл төрийн байгууллага буюу эзэмшигчийн хүсэлтээр явуулна.
12.3. Техникийн төлөв байдлыг үнэлэх үед үндсэн бүтээцийн тооцоо, үзлэг судалгааг 4-13 дугаар зүйлд заасан ерөнхий дүрэм болон оношлогооны үр дүнг үндэслэж хийх хэрэгтэй. Бүтээц төсөллөлтийн анхны үе шатанд үйлчилж байсан норматив болон техникийн баримт бичгүүд, түүнчлэн нормын бус дүрэм, аргачлалыг зөвхөн туслах нэмэгдэл материал болгон ашиглаж болно.
12.4. Шалгалт-судалгааны үед анхаарал татах ноцтой зөрүү илрээгүй тохиолдолд бүтээцийн судалгаа тооцоог техникийн төлөв байдлын үнэлгээний шатанд хийхдээ бүтээцийн элемент, холбоосын зай хэмжээг анхны зураг төслийн баримтад зааснаар авахыг зөвшөөрнө. Эсрэг тохиолдолд шууд хэмжилт, бодит оношлогооны үр дүнг ашиглах хэрэгтэй.
12.5. Барилгын техникийн төлөв байдлын үнэлгээний тооцоонд авсан ачаа, цаг уурын үйлчлэл нь бодит байдалтай тохирч байх ёстой.
12.6. Материалын шинж чанар нь бүтээцийн бодит байдалтай тохирч байх ёстой. Хэрвээ техникийн оношлогооны үр дүнгээр материалын шинж чанар нь анхны төслийнхөөс өөрчлөгдөөгүй бол бүтээцийн тооцоонд анхны төслийн өгөгдлийн утгыг авч болно. Эргэлзээтэй тохиолдолд эвдлэх болон үл эвдэх аргаар шалгалтыг хийх хэрэгтэй. Шалгалт судалгаагаар гаргасан өгөгдлүүдийг үндэслэн бүтээцийн даах чадварыг үнэлэх хэрэгтэй.
12.7. Оношлогоо болон тооцооны үр дүнгээр барилгын тухайн үеийн техникийн төлөв, түүний цаашдын ашиглалтын боломжит нөхцлийн талаар үнэлэлт дүгнэлт гаргах ёстой.
13. СТАТИСТИК МАГАДЛАЛЫН АРГЫГ ХЭРЭГЛЭХ
Барилгын материал, буурь, ачаалал болон тэдгээрийн хослолын итгэлцүүрүүдийн нормын ба тооцооны үзүүлэлтүүдийг тогтоох, бүтээцийн тооцоо хийхэд статистик – магадлалт аргуудыг хэрэглэж болно. Гэхдээ өгөгдлийн тоо (тоон дарааллын урт) тэдгээрт статик шинжилгээ хийхэд хүрэлцэхүйц, эдгээр өгөгдлүүд нь нэгэн төрлийн бөгөөд хоорондоо статистик хамааралгүй байх ёстой.
Хавсралт 1
1. АЖИЛЛАГААНД ҮНДЭСЛЭСЭН ТӨСӨЛЛӨЛТИЙН АРГЫГ
БАРИМТЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗАРЧИМ
1.1. Ерөнхий зүйл
1.1.1. Ажиллагаанд үндэслэсэн бүтээц төсөллөлтийн зарчмыг бүтээц төсөллөлтийн норм ба дүрэм, стандарт боловсруулахад хэрхэн баримтлах талаарх тайлбарыг энд өгөв.
1.1.2. Бүтээцийн инженер нь бүтээцийн ажиллагааг үнэлж шалгасан байх ёстой. Энэ шалгалт нь бүтээцийн зориулалт болон ажиллагаанд тавигдах шаардлагаас урган гарсан ажиллагааны шалгуур нөхцөлийг хангаж байгааг нотлох үйл ажиллагаа болно. Ажиллагааг үнэлэхэд бүтээц төсөллөлтийн одоо ашиглаж буй арга барилыг аль болох хадгалах, уламжлахыг зорих хэрэгтэй.
1.1.3. Шалгах ажиллагаа нь дараах хоёр төрлийн байна. Үүнд:
- Шалгах аргыг тусгайлан заасан шалгалт. Бүтээцийн инженер ажиллагаанд тавигдах шаардлага хангагдаж буйг аль зохимжтой аргаар нотолж харуулна. Бүтээцийн ажиллагаанд тавигдах шаардлага урьдчилан өгөгдсөн тохиолдолд инженер энэхүү шаардлагад үндэслэн шалгуур нөхцлийг өөрөө тодорхойлж улмаар хангагдаж буйг шалгаж тогтоох эрхтэй.
- Шалгах аргыг тусгайлан заасан шалгалт. Бүтээцийн инженер ажиллагааг тусгайлан заасан норм ба дүрмийг баримтлан шалгах ёстой. Шалгах аргыг тухайн бүтээцэд зориулсан норм ба дүрмийг баримтлан гүйцэтгэнэ.
1.2. Бүтээцийн зориулалт
1.2.1. Бүтээцийн ажиллагааны зорилго нь уг бүтээцийг хэрэглэх зайлшгүй шаардлагаар илэрхийлэгдэнэ. Бүтээцийг зориулалтаар нь хувийн хэрэглээний, худалдаа үйлчилгээний, үйлдвэрлэл болон олон нийтэд зориулсан дэд бүтцийн, байгаль хамгаалах гэсэн гол ангиллуудад хуваана.
1.2.2. Барилгын зориулалтаас хамааран түүний өртөг, үр ашиг болон ажиллагаанд тавигдах шаардлага өөрчлөгдөхийн хэрээр төлөвлөлтийн зорилго эрс өөрчлөгддөг тул бүтээцийн зориулалтыг сайтар тодорхойлох шаардлагатай.
1.2.3. Бүтээцийн зориулалт нь түүнд шаардлагатай ажиллагааг тогтоох үндэс болно. Ажиллагааны зорилгыг тодорхойлохдоо, ажиллагааг нь зарчмын хувьд төсөөлж байвал зохино.
1.2.4. Барилгыг барих зорилго нь бүтээцийн ажиллагааны зорилгыг тодорхойлоход тусална. Иймд бүтээцийн ажиллагааны зорилгыг захиалагч буюу эзэнтэй нь зөвшилцөж тогтоох хэрэгтэй.
1.3. Ажиллагаанд тавигдах шаардлага
1.3.1. Бүтээцийн зорилгод нийцсэн ажиллагааг нарийвчилж тодорхойлсон ойлголтыг бүтээцийн ажиллагаанд тавигдах шаардлага гэнэ. Бүтээцийн ажиллагаанд тавигдах шаардлагыг дотор нь үндсэн (эсвэл зориулалт гэх) болон нэмэлт гэж ангилж болох юм. Үндсэн гэдэгт бүтээцийн ажиллагааны зорилгыг хангахад амин чухал болох шаардлагууд орох ба нэмэлт гэдэгт хоёрдогч чухал шаардлагууд орно.
1.3.2. Шаардлагууд нь аюулгүйн, ашиглалтын, хүрээлэх орчны, барилгажилтын болон эдийн засгийн гэх мэт байж болно.
1.3.3. Бүтээцийн ажиллагааны шаардлагыг барилгын зөвхөн ашиглалтын үеийн нөхцлүүдийг тооцохоор хязгаарлалгүйгээр түүнийг барьж эхлэхээс эхлээд нураах, дахин шинэчлэх хүртэлх хугацаанд гарч болох бүхий л болзошгүй нөхцөл байдлыг тооцож тогтоохыг хичээвэл зохино.
1.4. Ажиллагааны шалгуур нөхцөл
1.4.1. Ажиллагааны шалгуур нөхцөл нь ажиллагаанд тавигдаж буй шаардлагаас гаргаж авах бүлэг нөхцөл байдлаар илэрхийлэгдэх бөгөөд дараа нь зохих аргаар шалгаж болохуйц байдлаар томъёологдсон байх хэрэгтэй.
1.4.2. Шалгуур нөхцөл бүр нь дараах гурван хүчин зүйлсийг хослуулах замаар илэрхийлэгдсэн байвал зохино. Эдгээр хүчин зүйлс нь бүтээцийн хязгаарын төлвүүд, ачаа үйлчлэл болон орчны нөлөө, тэдгээрийн хослол болон цаг хугацаа болно. Ажиллагааны шалгуур нь ямар ч хязгаарын төлвөөр илэрхийлэгдэх боломжгүй, тухайлбал зарим үзүүлэлтийг хамгийн их (эсвэл бага) утгатай байлгахаар илэрхийлэгдэх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хязгаарын төлвийг энэ нөхцлөөр солих хэрэгтэй.
1.4.3. Ажиллагааны шалгуур нөхцлийг илэрхийлэхдээ ажиллагаанд тавигдах шаардлага болон ажиллагааны шалгуур нөхцөлд илэрхийлэгдэж буй зүйлсийн хоорондох уялдаа холбоо нь тодорхой бөгөөд зураг төсөлчдөд ойлгомжтой, ажиллагааны шаардлагыг зураг төсөлд шууд тусгаж болохуйц байвал сайн юм. Мөн бүтээцийн хариуцлагатай, чухал байдлыг сайтар тооцсон байх хэрэгтэй.
1.4.4. Бүтээцийн аюулгүй байдалтай холбогдох ажиллагаанд тавигдах шаардлага нь хүмүүсийн бэртэж гэмтэх, амь насаа алдахад нөлөөлж болохуйц бүтээцийн хувьд илэрхийлэгдсэн байна.
1.4.5. Ажиллагааны шалгуур нөхцлийг тодорхойлж илэрхийлэх боломжгүй тийм шаардлагуудыг ач холбогдол багатай гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг бүтээцийг төсөллөх үед сайтар тооцож байвал зохино.
Хавсралт 2
ТАЙЛБАР ТОЛЬ
|
|
|
Агрессивная среда |
Hazardous condition |
Хөнөөлтэй орчин |
Деградация свойства материалов во времени |
Degradation of material property |
Материалын шинж чанарын хугацаанаас хамаарсан доройтол |
Долговечность |
durability |
Удаан эдлэгдэлт |
Надежность стройтельного объекта |
Reliabilityof the building, structure |
Барилгын объектын найдваршил |
Нормальная эксплуатация |
Normal condition of the maintenance |
Хэвийн ашиглалт |
Помешение |
Room, compartment |
Байр |
Расчётный срок службы |
Design working life |
Ашиглалтын тооцоот хугацаа |
Срок службы |
Service life, durability |
Ашиглалтын хугацаа |
Стройтельное изделия |
Structural element |
Барилгын эдэлхүүн |
Стройтельное сооружение |
Structure, civil structure |
Барилга байгууламж |
Стройтельный материал |
Structural material |
Барилгын материал |
Стройтельный объект |
Structural |
Барилгын объект |
Технический мониторинг |
Technical monitoring |
Техникийн хяналт |
Техническая оценка |
Technical evaluation |
Техникийн үнэлгээ хийх |
Жизненный цикл |
Life circle |
Эдэлгээний мөчлөг |
Воздействия |
Actions, influences |
Үйлчлэл |
Конструктивная система |
Structural system |
Бүтээцлэлийн систем |
Нагрузки |
Loads |
Ачаалал |
Несущая способность |
Bearing capacity |
Даах чадвар |
Нормативная характеристики свойств материалов |
Nominal value of material property |
Материалын физик шинж чанарын норматив үзүүлэлт |
Обеспеченность |
Compliance, probability of complaince |
Хангамжтай байдал |
Переменные параметры |
Variable values |
Хувьсах хэмжигдэхүүн |
Предельное состояние |
Limit state |
Хязгаарын төлөв |
Прогрессирующее/лавинообразное/ обрушение |
Progressive collapse |
Өргөжин нурах эвдрэл |
Расчетная схема |
Structural model, calculation model |
Тооцооны бүдүүвч |
Расчётная критерия предельных состояний |
Criteria for limit state |
Хязгаарын төлвийн тооцооны шалгуурууд |
Расчетные ситуации |
Calculation situation |
Тооцооны нөхцөл |
Частные коэффициенты надежности |
Partial factors of the reliability |
Найдваршлын тухайлсан илтгэлцүүр |
Эффект воздействия |
Effect of the reaction |
Үйлчлэлийн нөлөөлөл |
Реакция |
Reaction |
Хариу үйлчлэл |
Нагрузки и воздействия |
Loads and effects |
Ачаалал ба үйлчлэл |
Комбинация нагрузок |
Load combination |
Ачааллын хослол |
Основные сочетания нагрузок |
load combination, including permanents actions |
Ачааллын үндсэн хослол |
Особые сочетания нагрузок |
Load combination, including an accidental action |
Ачааллын онцгой хослол |
Первая группа предельных состояний |
Ultimate limit state |
Хязгаарын төлвийн I бүлэг |
Вторая группа предельных состояний |
Serviceability limit state |
Хязгаарын төлвийн II бүлэг |
Аварийное предельное состояние |
Accidental limit state |
Ослын хязгаарын төлөв |
Ответственности зданий и сооружений |
Importance of building or consequence |
Барилга, байгууламжийн хариуцлагын зэрэглэл |
Особо высокий уровень ответсвенности |
Very high degree of the importance |
Хариуцлагын 1-р зэрэг-лэлийн буюу онц чухал барилга байгууламж |
Высокий уровень ответсвенности |
High degree of the importnace |
Хариуцлагын 2-р зэрэглэ-лийн буюу өндөржүүлсэн чухал барилга байгууламж |
Нормальный уровень ответсвенности |
Normal degree of the importance |
Хариуцлагын 3-р зэрэглэ-лийн буюу энгийн барилга байгууламж |
Пониженный уровень ответсвенности |
Lower degree of the importance |
Хариуцлагын 4-р зэрэглэ-лийн буюу чухал бус барилга байгууламж |
Расчетные модели напряженно-деформированного состояния |
Stress-strain relationship model |
Хүчдэл - хэв гажилтын төлвийн тооцооны загвар |
Упругости |
Elastisity |
Харимхай чанар |
Вязкости |
Viscosity, plasticity |
Зууралдалт |
Ползучесть |
Creep |
Гулсалт |
Текучесть |
Yield |
Урсалт |
Усадка |
Shrinkage |
Агшилт |
АГУУЛГА
1.Хэрэглэх хүрээ
2.Нэр томъёо ба тодорхойлолт
2.1.Ерөнхий нэр томъёо
2.2.Тооцооны хэрэглэгдэхүүний нэр томъёо
3.Ерөнхий шаардлага
3.1.Ерөнхий зүйл
3.2.Бүтээц, суурийн эдэлгээний хугацаа
4.Хязгаарын төлвүүд
4.1.Нийтлэг үндэслэл
4.2.Хязгаарын төлвөөр тооцох
5.Ачаалал ба үйлчлэл
5.1.Ерөнхий тодорхойлолт
5.2.Тооцооны ачаалал
5.3.Ачааллын тооцооны хослол
6.Барилгын материалын ба хөрсний шинж чанар
7.Геометр хэмжээс
8.Материал, бүтээц ба буурийн ажиллах нөхцөл
9.Барилга ба байгууламжийн чухлын зэргийг тооцох
10.Тооцооны загварт тавих ерөнхий шаардлага
11.Техник хяналт
12.Техникийн төлөв байдлын үнэлэх
13.Статистик магадлалын аргыг хэрэглэх
Хавсралт-1
1.Ажиллагаанд үндэслэсэн төсөллөлтийн аргыг баримтлах үндэслэл, зарчим
1.1.Ерөнхий зүйл
1.2.Бүтээцийн ажиллагааны зорилго
1.3.Ажиллагаанд тавигдах шаардлага
1.4.Ажиллагааны шалгуур нөхцөл
Хавсралт-2
Тайлбар толь
Текст томруулах
A
A
A