- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 330 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь хүн амын дунд хүнсээр дамжих халдвар, хордлого гарах эрсдэлт байдал үүссэн тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийх баг (цаашид “баг” гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Эрсдэлийн үнэлгээний баг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Эрсдэлийн үнэлгээний баг байгуулах
2.1. Эрсдэлийн үнэлгээний баг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 16.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Хүн амын дунд хүнсээр дамжих халдвар, хордлого гарах эрсдэлт байдал үүссэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хүсэлт, захиалгын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (цаашид “Үндэсний лавлагаа лаборатори” гэх)-ийн ерөнхий захирал нь эрсдэлийн үнэлгээ хийх шийдвэр гаргана.
2.3. Үндэсний лавлагаа лаборатори нь хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон бусад салбарын шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээч, улсын байцаагч, мэргэжилтнээс эрсдэлийн үнэлгээний багийг тухай бүр бүрдүүлж ажиллана.
2.4. Эрсдэлийн үнэлгээний баг нь 5 болон түүнээс дээш сондгой тооны гишүүдээс бүрдэх бөгөөд багийн урамшуулал, хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулна.
2.5. Баг нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зарчим алдагдсанаас үүссэн аюулыг үнэлэх, хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлж, эрсдэлийн түвшинг тогтоох зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Гурав. Эрсдэлийн үнэлгээ хийх багийн ажлын удирдамж
3.1. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал эрсдэлийн үнэлгээ хийх багийн ажлын удирдамжийг батална.
3.2. Багийн ажиллах удирдамжид дараах зүйлийг тусгана:
3.2.1. эрсдэлийн үнэлгээ хийх зорилго, үндэслэл;
3.2.2. хамрах хүрээ;
3.2.3. арга, хэлбэр;
3.2.4. эрсдэлийн үнэлгээ хийж эхлэх болон дуусах хугацаа;
3.2.5. өмнө хийсэн эрсдэлийн үнэлгээний талаархи мэдээлэл;
3.2.6. эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлын төсөв.
3.3. Эрсдэлийн үнэлгээ хийх үе шат:
3.3.1. аюулыг тодорхойлох: Энэ шатанд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд дэх биологи, хими, физикийн бохирдлыг илрүүлэх, аюулын эх үүсвэрүүдийг тогтоох ажил хийнэ;
3.3.2. нөлөөллийг тодорхойлох: Энэ шатанд хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт аюулын учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээг тооцно;
3.3.2. эрсдэлийг үнэлэх: Энэ шатанд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд дэх биологи, хими, физикийн бохирдлын эрсдэлийг үнэлэх тандалт судалгааг тодорхой үечлэлээр хийж, сөрөг үр дагавар үүсэх магадлалыг тооцож эрсдэлийн түвшинг тодорхойлно;
3.3.3. эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмж гаргах: Энэ шатанд үүссэн эрсдэлийг арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулна.
3.4. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээж авч шинжлэн, эрсдэлийн үнэлгээ хийхэд дүнг ашиглана.
Дөрөв. Эрсдэлийн үнэлгээний тайлан
4.1. Баг нь эрсдэлийн үнэлгээний тайланг удирдамжид заасан хугацаанд нэгтгэн гаргаж, багийн гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулж, Үндэсний лавлагаа лабораторид хүлээлгэж өгнө.
4.2. Эрсдэлийн үнэлгээний тайлан нь судалгаа, шинжилгээний үр дүнгээр олж авсан нотолгоонд суурилсан, хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлон, эрсдэлийн түвшинг тогтоосон байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах талаар авах арга хэмжээг зөвлөмжид аль болох иж бүрэн тусгасан байна.
4.3. Тайлан дараах бүтэцтэй байна.Үүнд:
4.3.1. тайлангийн хураангуй;
4.3.2. нэр томьёо, товчилсон үгийн тайлбар;
4.3.3. урьдчилсан таамаглал болон түлхүүр асуулт;
4.3.4. үндсэн хэсэг:
-аюулын дүн шинжилгээ;
-нөлөөллийн үнэлгээ;
-эрсдэлийн үнэлгээ;
4.3.5. дүгнэлт;
4.3.6. эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмж;
4.3.7. ном зүй;
4.3.8. хавсралт.
4.4. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал нь удирдамж болон гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд эрсдэлийн тайланг хүлээн авч, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.
4.5. Үндэсний лавлагаа лаборатори нь эрсдэлийн үнэлгээний багийн тайланг ажлын 5 хоногийн дотор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлнэ.
4.6. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл нь эрсдэлийн үнэлгээний зөвлөмж, тайланг үндэслэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн аюулыг арилгах, сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл өгнө.
Тав. Хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A