- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хавсралт
Монгол Улсын Их Хурлын 2013 оны
62 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2014 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ.
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфляцийг хязгаарлах, мөнгө, төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. Эдгээрийн үр дүнд дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална.
1.3.Гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.
2.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
2.1.Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, системийн шинжтэй эрсдэлээс хамгаалах чадавхыг нэмэгдүүлнэ.
2.2.Олон улсад мөрддөг зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагаатай уялдуулан, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулна.
2.3.Банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн болон зээл, хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгаа бусад хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчилнэ.
3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлнэ.
3.2.Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран эхлүүлнэ.
3.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна.
---o0o---
Текст томруулах
A
A
A