A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСВИЙН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ /Сангийн сайдын 2018 оны 134-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2018 оны 134-р тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт



ТӨСВИЙН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ



НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх, хязгаар, нөхцөлийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

ХОЁР. Нэр томъёо
2.1.Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1.“Төсвийн төлөвлөлт хариуцсан нэгж” гэж Төсвийн захирагчийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтийн төлөвлөлт хариуцсан нэгжүүдийг;
2.1.2.“Нэгдсэн төсвийн асуудал эрхэлсэн нэгж” гэж Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгжийг;
2.1.3.“Төсвийн төлөвлөлтийн систем” гэж төсвийн төлөвлөлт, зохицуулалтыг хийхэд ашиглаж буй програм хангамжийг.

ГУРАВ. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх нөхцөл
3.1.Төсвийн захирагч дор дурдсан нөхцөлд батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж болно:
3.1.1.Төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс төсөвт зохицуулалт хийх шаардлага гарсан;
3.1.2.Төсвийн захирагч болон түүний харьяа төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад хууль, тогтоомжийн дагуу өөрчлөлт орсон, шинээр үүссэн, өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан;
3.1.3.Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоол, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага гарсан;
3.1.4.Тухайн төсвийн захирагч, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хүндрэлийг даван туулахад төсөвт зохицуулалт хийх шаардлага гарсан.

ДӨРӨВ. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх саналд тавигдах шаардлага
4.1.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг баримтлах;
4.1.2.Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн төсвийн тухай хууль, бусад хуульд бүрэн нийцсэн байх;
4.1.3.Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэр, төсөвт өртөг Төсвийн тухай хуулийн 42.7-т нийцсэн байх;
4.1.4.Төсвийн жилийн тодорхой сар, улирлуудад хэт ачаалал үүсгэхгүй, сар, улирлын онцлогт тохируулан хуваарилсан байх;
4.1.5.Тухайн төсвийн захирагчийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан байх;
4.1.6.Тухайн төсвийн захирагчийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан байх;
4.1.7.Төсвийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авсан байх.
4.2.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал нь дараах агуулгатай байна:
4.2.1.Төсөвт зохицуулалт хийхийг хүссэн албан бичиг;
4.2.2.Холбогдох төсвийн захирагчийн шийдвэр, зөвшөөрөл;
4.2.3.Төсөвт зохицуулалт хийх шаардлага, нарийвчилсан тооцоо тайлбар;
4.2.4.Хэрэв төсвийн захирагчийн зардалд зохицуулалт хийх бол хойшлуулах боломжтой зардлын жагсаалт, тооцоо дүнгийн хамт.

ТАВ. Зардлын бүлэг хооронд зохицуулалт хийх хязгаар
5.1.Төсвийн байгууллага энэ журмын 3.1.4-т заасан үндэслэлээр цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, нийгмийн даатгалын шитгэлийн зардлын бүлэг болон дангаар хянагдах зардлын бүлэглэлээс бусад зардлын бүлэг хооронд жилийн батлагдсан төсвийн тухайн зардлын бүлгийн дүнг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалтын хүсэлт гаргаж болно.
5.2.Төсвийн байгууллага зардлын бүлэг хоорондын зохицуулалтын хүсэлтийг ТЗБ№1 магтаар бэлтгэн, энэ журмын 4-т заасан шаардлагыг хангасан материалын хамт харьяа төрийн санд хүргүүлнэ.
5.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь төсвийн байгууллагаас ирүүлсэн 10 сая төгрөг хүртэлх зохицуулалт хийх хүсэлтийг судлан, зөвшөөрөгдсөн зардлын бүлэг хооронд зохицуулалтыг хийж, бүртгэн баталгаажуулна.
5.4.Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн сан болон төсвийн байгууллагаас ирүүлсэн 20.0 сая төгрөг хүртэлх зохицуулалт хийх хүсэлтийг судлан, зөвшөөрөгдсөн зардлын бүлэг хооронд зохицуулалтыг хийж, бүртгэн баталгаажуулна.
5.5.Төсвийн байгууллага журмын 5.1-т заасан бусад төсвийн зохицуулалт хийх саналыг Төсвийн ерөнхийлөн захирагчид хандан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлүүлнэ.

ЗУРГАА. Төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан зохицуулалт хийх
6.1.Энэ журмын 3.1-т заасан үндэслэлээр төсөвт зохицуулалт хийх саналаа Төсвийн ерөнхийлөн захирагч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсөвт хамаарахаар бол тухайн шатны Засаг даргад тус тус бичгээр хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
6.2.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан шаардлагуудыг хангаагүй тохиолдолд тухайн жилийн төсвийн тухай хуулийг баримтална. Саналыг тусгахдаа төсөвт зохицуулалт хийх саналд тусгагдсан төсвийн хуваарилалтын харьцааг үндэслэнэ.
6.3.Төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн төсөвт зохицуулалт хийх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төсвийн төлөвлөлт хариуцсан нэгжүүд хянаж холбогдох тооцооллыг төсвийн төлөвлөлтийн системд бүртгэж нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгжид мэдэгдэнэ.
6.4.Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж хянаж, тооцооллыг хийнэ.
6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв   байгууллагын Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж төсөвт зохицуулалт  хийх саналыг нэгтгэн Сангийн сайдад танилцуулж төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
6.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж төсөвт зохицуулалт хийсэн тухай бүртгэл хөтөлж, Төв төрийн санд тухай бүр бичгээр хүргүүлнэ.

ДОЛОО. Олон нийтэд мэдээлэх
7.1.Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцлийг тодорхой түвшинд барих, төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийг харгалзан төсөвт зохицуулалт хийх үйл ажиллагааг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхой хугацаагаар хязгаарлаж болох ба энэ тухай журмын 7.3-т заасны дагуу олон нийтэд мэдээллэх үүрэгтэй.
7.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, түүнд хийсэн зохицуулалт, хязгаарлалтын талаар төрийн сангийн сүлжээнд байршуулж түгээнэ.
7.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, түүнд хийсэн зохицуулалт, хязгаарлалтын тухай цахим хэлбэрээр болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд тухай бүр мэдээлнэ.