- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
|
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 89 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ |
|
|
Нэг. Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын товч тайлбар
1.1.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
1.2.Медалийн зүүлт болох дээд хэсэг нь геометрийн таван өнцөгт зохиомжтой. Энэхүү таван өнцөгт нь Монгол Улсын төрийн далбааны өнгө болох улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй гурван хэсгээс бүрдэнэ. Таван өнцөгтийн гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл гэсэн санаа агуулсан улаан өнгөтэй байна. Гурван хэсгийг хуваасан босоо шугам нь цагаан морин жилийг бэлгэдсэн цагаан өнгөтэй байна.
1.3.Медалийн зүүлт болох дээд хэсгийн хэлбэр нь цацраг мэт доороосоо дээш бүдүүрсэн хэлбэртэй байх ба энэ нь Монгол оронд ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө дээшээ мандан бадарч түгэн дэлгэрэх гэсэн санааг агуулна.
1.4.Медалийн тэмдэг болох доод хэсэг нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө түгэн дэлгэрэхийг бэлгэдэж цацарсан титэм хэлбэртэй бөгөөд алтан нарыг бэлгэдсэн шар өнгийн хүрээтэй байна. Түүний дотор талд мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгийн дэвсгэр, дотор талын дээд хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай байна. Түүний доод талд “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ” гэж хөх өнгийн туузан дээр цагаан өнгийн бичээс байна. Цагаан өнгө нь Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн цагаан морин жилийг бэлгэднэ. Доод хэсэгт нь “20 ЖИЛ” гэсэн бичээс байна.
Хоёр. Медалийн хийц, хэмжээ
2.1.Медалийн зүүлт болох дээд хэсгийн тэгш өнцөгтийн өндөр нь 6 мм, өргөн нь 34 мм, гурвалжингийн өндөр нь 10 мм, 3 хэсгийн тус бүрийн өргөн 8 мм байх бөгөөд тэдгээрийн гаднах хөвөө нь өөрөөсөө товойж гарсан байна. Хөвөөний өргөн 2 мм байна. Гурван хэсгийг хуваасан босоо шугамны өргөн 3 мм байна. Зүүлтний зузаан 2 мм байна.
2.2.Медалийн тэмдэг болох доод хэсэг нь 17,5 мм-ийн радиус бүхий тойрогт багтана. “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ” гэсэн үгийн үсгийн өндөр 3 мм байна. “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”, “20 ЖИЛ” гэсэн үг, тэдгээрийн гадуурх дугуй хүрээг цагаан өнгийн үндсэн металлаар товойлгож хийнэ. Энэ хэсгийн дөрвөн захад эрдэнийн чулуун шигтгээг суулгана.
2.3.Зүүлт, тэмдэг хоёрыг цагаригаар холбох бөгөөд зүүлтний ар талд медалийн дугаар, түүнийг тогтоох зүүтэй байна. Медалийн дугаарыг үнэмлэхэд бичнэ.
2.4.Зүүлт, тэмдгийг гуулиар хийж алтаар өнгөлнө.
--------ooOoo--------- |
Текст томруулах
A
A
A