- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2014 оны 168 дугаар
тогтоолын хавсралт
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО,
ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
(Гарчигт Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл нь (цаашид “үндэсний зөвлөл” гэх) химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн конвенци (1996), Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци (2000), Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци (2003), бусад хууль тогтоомж болон мөн энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.3. Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Хоёр. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Эрүүл мэндийн дэд сайд байна. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн)
2.2. Үндэсний зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна.
2.3. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагын зохих албан тушаалтан орох бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.4. Үндэсний зөвлөл нь холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага болон химийн мэргэжилтний төлөөлөл бүхий шинжээчдийн багтай байна.
2.5. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг холбогдох яам, агентлагаас санал авсны үндсэн дээр үндэсний зөвлөлийн дарга батална. Гишүүд нь химийн болон бусад шинжлэх ухааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байна. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн)
2.6. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус салбар зөвлөлтэй байна.
2.7. Салбар зөвлөлийн дарга нь тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга батална. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.8. Үндэсний зөвлөл 15-аас, салбар зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байна. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг нь 9-өөс доошгүй гишүүнтэй байна.
2.9. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, салбар зөвлөлийн зардлыг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцах бөгөөд тухайн жилийн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.10. Үндэсний зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна. Салбар зөвлөл нь төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.11. Шаардлагатай гэж үзвэл үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн гишүүд, салбар зөвлөлийн дарга нарт үндэсний зөвлөлийн даргын гарын үсэгтэй үнэмлэх олгож болно.
Гурав. Үндэсний зөвлөлийн ажиллах журам
3.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.
3.2. Үндэсний зөвлөлийн хурлыг хагас жилд 1-ээс доошгүй удаа хийнэ. Ээлжит бус хурлыг үндэсний зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.
3.3. Үндэсний зөвлөлийн хурлыг үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд үндэсний зөвлөлийн орлогч дарга даргална.
3.4. Шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн хурлыг шинжээчдийн багийн ахлагч, салбар зөвлөлийн дарга удирдана.
3.5. Үндэсний болон салбар зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх байгууллага холбогдох материалаа зөвлөлийн нарийн бичгийн даргад хурал болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Хурлын материалыг хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө гишүүдэд тараана. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.6. Үндэсний болон салбар зөвлөлийн хурлыг гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хуралдуулна. Үндэсний болон салбар зөвлөлийн хуралд гишүүдийг орлож байгаа албан тушаалтан нь гишүүний саналын эрхтэйгээр оролцоно. Шаардлагатай тохиолдолд 3 хүртэлх гишүүдийг цахимаар оролцуулж болно. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор 2, 3 дахь өгүүлбэр нэмсэн)
3.7. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол, дүгнэлт, зөвлөмж гаргана. Тогтоолд үндэсний зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
3.8. Шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
3.9. Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, дарга гарын үсэг зурна.
3.10. Шаардлагатай тохиолдолд үндэсний болон салбар зөвлөл, шинжээчдийн багийн хуралдаанд мэргэжлийн холбогдох нарийн мэргэжлийн төлөөллийг оролцуулна. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.11. Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг ажлын алба гүйцэтгэнэ.
Дөрөв. Үндэсний зөвлөл, шинжээчдийн багийн бүрэн эрх, үүрэг
(Гарчигт Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
4.1. Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй байна:
4.1.1. химийн хорт болон аюултай бодисын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бодлого тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал гаргах;
4.1.2. Монгол Улсын нэгдэн орсон химийн бодисын талаарх олон улсын гэрээ болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад санал, зөвлөмж өгөх;
4.1.3. химийн хорт болон аюултай бодистой холбогдож үүссэн аюул, осол, онцгой тохиолдлын үед мэргэжил арга зүйгээр хангаж, дүгнэлт, зөвлөмж гаргах; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.1.4. химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах, түүнийг ашиглах үйл ажиллагааг зохицуулах асуудлаар салбар зөвлөлийн ажилд арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
4.1.5. шинжээчдийн багийн болон салбар зөвлөлийн тайланг хэлэлцэх.
4.2. Үндэсний зөвлөл дараах эрхтэй байна:
4.2.1. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргах, хяналт тавих ажлын хэсэгт холбогдох байгууллага, мэргэжилтэн, шинжээч, улсын байцаагч нарыг татан оролцуулах; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
4.2.2. химийн хорт болон аюултай бодисын чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй байдлыг хангах бодлогод нийцэхгүй байна гэж үзвэл хүчингүй болгох, зогсоох шийдвэр гаргах; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.2.3. химийн хорт болон аюултай бодистой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шаардлагатай мэдээлэл, тайлан, судалгаа, баримт материалыг гаргуулан авах.
4.3. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг дараах үүрэгтэй байна:
4.3.1. химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах, түүнийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж гаргах;
4.3.2. Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дүгнэлт гаргах; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.3.3. химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон дүрэм, журам, зааврын төслийг хэлэлцэж санал, зөвлөмж гаргах;
4.3.4. Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.3.5. химийн хорт болон аюултай бодистой харьцдаг ажиллагсдын мэдлэг, дадлага болон иргэдийн химийн хорт болон аюултай бодисын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
4.3.6.хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй их хэмжээний химийн хорт болон аюултай бодис ашигладаг, нөлөөллийн цар хүрээ ихтэй төслийн үйл ажиллагаанд дүгнэлт гарган үндэсний зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нэмсэн)
4.4. Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг дараах эрхтэй байна:
4.4.1. химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад шалгалт, тооллого хийх, ажлын зураг авах, шинжилгээнд сорьц, дээж авах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад чөлөөтэй нэвтрэх;
4.4.2. санал, дүгнэлт гаргахад шаардлагатай лабораторийн шинжилгээг дотоод, гадаадын лабораторид хийлгэх.
Тав. Аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн эрх, үүрэг
(Гарчгийг Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчилсөн)
5.1. Төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн салбар зөвлөл дараах үүргийг хэрэгжүүлнэ: (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.1.1. Нийслэл, орон нутгийн хэмжээнд энэ журмын 4.1.1.-д заасан үүргийг хэрэгжүүлэх; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.1.2. Монгол Улсын нэгдэн орсон химийн бодисын талаарх олон улсын гэрээ болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нийслэл, нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, биелэлтэд хяналт тавих; (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.1.3. химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэх, зөрчил, маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд үндэсний зөвлөлд мэдэгдэх. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
5.2. Төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон аймаг, нийслэлийн салбар зөвлөл энэ дүрмийн 4.2, 4.4.2, 4.4.3 дахь заалтад заасан эрхийг хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
----оОо----
Текст томруулах
A
A
A