- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “БООМТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” АЖ АХУЙН ТООЦООТОЙ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2014 оны 181 дүгээр
тогтоолын хавсралт
“БООМТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” АЖ АХУЙН ТООЦООТОЙ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Боомтын хөгжлийн төв” (цаашид “хөгжлийн төв” гэнэ) нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн Боомтын үндэсний зөвлөл, Боомтын нэгдсэн захиргаа, боомтын захиргаадаас хилийн боомтыг хөгжүүлэх, хилийн боомтоор зорчигчдод төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хилийн боомтын дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ, боомтын бүсийн газар эзэмшил, ашиглалтын асуудлыг зохион байгуулахад туслах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааны дэргэд ажиллах аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн.
1.2. Хөгжлийн төв нь Хилийн боомтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.
1.3. Энэхүү дүрэм нь “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх зүйн байдал, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэц, эд хөрөнгийн эрх, үүргийг тодорхойлсон баримт бичиг мөн.
1.4. Хөгжлийн төв нь боомтын захиргаадын өмчлөлд байгаа эд хөрөнгийн болон боомтын бүсийн газрын эзэмшил, ашиглалтын менежментийг сайжруулах үндсэн чиг үүрэгтэй байна.
Хоёр. Хэлбэр, оноосон нэр, байршил
2.1. Хөгжлийн төв нь боомтуудын өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалтын болон боомтын бүсийн газар нутгийн менежментийг сайжруулах замаар орлого олж, боомтыг хөгжүүлэх үүрэг бүхий аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн.
2.2. Хөгжлийн төвийн оноосон бүтэн нэр нь “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “БХТ ТӨҮГ” байна.
2.3. Хөгжлийн төвийн байршил нь түүний удирдлагын байрлаж байгаа хаягаар тодорхойлогдох бөгөөд хаягийн өөрчлөлтийг үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлага тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав. Хөгжлийн төвийн бэлгэдэл, тэмдэг
3.1. Хөгжлийн төв нь өөрийн бэлгэдэл (эмблем), албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ.
3.2. Бэлгэдлийн загварыг Боомтын нэгдсэн захиргааны даргын тушаалаар баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлэх бөгөөд түүнийг хэрэглэх эрхийг зөвхөн үйлдвэрийн газар эдэлнэ.
3.3. Тэмдэг нь үйлдвэрийн газрын албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг баталгаажуулахад хэрэглэгдэнэ.
3.4. Тэмдгийг гүйцэтгэх захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг холбогдох дүрэм, журмын дагуу хариуцна.
Дөрөв. Зорилго, үндсэн чиг үүрэг
4.1. Хөгжлийн төвийн зорилго нь Хилийн боомтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Боомтын нэгдсэн захиргааны дүрэм, боомтод мөрдөх нийтлэг журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, хилийн боомтын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангаж, ашгийн төлөө ажиллахад оршино.
4.2. Хөгжлийн төв нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хууль тогтоомж, Засгийн газар, Боомтын үндэсний зөвлөл болон Боомтын нэгдсэн захиргааны холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
4.2.2. боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, холбогдох төслийн дагуу баригдах боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын өргөтгөлийн үйл ажиллагаанд Боомтын нэгдсэн захиргааны өмнөөс захиалагчийн үүрэг гүйцэтгэх;
4.2.3. боомтын хяналт, шалгалтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
4.2.4. боомтын үйл ажиллагаанд худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар боомтын бүсийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох.
Тав. Хөгжлийн төвийн эрх, үүрэг
5.1. Хөгжлийн төв нь тус дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
5.2. Хөгжлийн төв нь дараах эрх, үүрэгтэй байна:
5.2.1. боомтуудын өмч хөрөнгийн эзэмшлийн болон боомтын бүсийн газар нутгийн менежментийг сайжруулах замаар орлого олж Боомтын нэгдсэн захиргаанд төвлөрүүлэх;
5.2.2 боомтын бүсэд баригдах барилга, дэд бүтцийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж байгуулах ажлыг зохион байгуулах;
5.2.3. Боомтын нэгдсэн захиргааны өмнөөс захиалагчийн үүрэг гүйцэтгэх;
5.2.4. боомтын бүсэд эдийн засгийн болон бусад чөлөөт бүс байгуулах, тээвэр ложистикийн үйлчилгээ бий болгох ажлыг Боомтын нэгдсэн захиргааны удирдлагын дор зохион байгуулах.
Зургаа. Хөгжлийн төвийн удирдлага, бүтэц
6.1. Хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдан зохион байгуулна. Захирлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн хороо Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
6.2 Захирал нь Төрийн өмчийн хороо, Боомтын нэгдсэн захиргаатай гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээний биелэлтийг тэдгээрийн өмнө хариуцна.
6.3. Хөгжлийн төвийн албан тушаалын жагсаалт, орон тооны нормативийг Төрийн өмчийн хороо тогтооно.
6.4. Захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
6.4.1. Боомтын хөгжлийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;
6.4.2. боомтуудын өмч хөрөнгийн эзэмшлийн болон боомтын бүсийн газар нутгийн менежментийг сайжруулах арга хэмжээг тодорхойлж, Боомтын нэгдсэн захиргаанд танилцуулах;
6.4.3. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж байгаа хөгжлийн төвийн хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа эрхлэх;
6.4.4. хөгжлийн төвийн эрх ашгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахгүй байх;
6.4.5. ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахгүй байх;
6.4.6. ажилтнуудыг ажилд томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг батлах;
6.4.7. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөгжлийн төвийн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
6.4.8. захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам баталж, биелэлтийг нь зохион байгуулж үр дүнг тооцох;
6.4.9. тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
6.4.10. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
Долоо. Дотоод хяналт
7.1. Захирал нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд тавих өдөр тутмын дотоодын хяналтыг зохион байгуулж, үр дүнг Боомтын нэгдсэн захиргааны даргын өмнө хариуцна.
7.2. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг нягтлан бодогч хариуцна.
7.3. Эд хөрөнгийн тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмаар зохион байгуулна.
7.4. Хөгжлийн төв нь санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод хяналттай байна. Дотоод хяналтын бүтэц, ажиллах журмыг захирал батална.
7.5. Хөгжлийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Боомтын нэгдсэн захиргаанаас байнгын хяналт тавьж ажиллах бөгөөд хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт гаргуулж болно.
7.6. Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн хорооны холбогдох газраас хяналт тавьж ажиллана.
Найм. Санхүүжилт, бүртгэл тайлан
8.1. Хөгжлийн төвийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1. боомтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламжийн ашиглалтаас орох орлого;
8.1.2. зорчигч болон тээврийн хэрэгслийн үйлчилгээний хураамж;
8.1.3. боомтын бүсэд үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас орох орлого;
8.1.4. боомтын бүсэд явуулсан үйлчилгээний болон бусад орлого;
8.1.5. олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олох үйлчилгээний орлого;
8.1.6. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж;
8.1.7. хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.
8.2. Хөгжлийн төв нь санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
8.3. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч нар хариуцна.
8.4. Нягтлан бодогчийг Боомтын нэгдсэн захиргаатай зөвшилцөн захирал томилж, чөлөөлнө.
8.5. Хөгжлийн төвийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
8.6. Хөгжлийн төвийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулна.
Ес. Хөгжлийн төвийн санхүүгийн болон
үйл ажиллагааны тайлан
9.1. Хөгжлийн төвийн санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:
9.1.1. баланс;
9.1.2. үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан;
9.1.3. мөнгөн гүйлгээний тайлан;
9.1.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;
9.1.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал урамшуулал.
9.2. Захирал нь Боомтын нэгдсэн захиргаанд тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар дор дурдсан тайлан, илтгэх бичгийг хүргүүлнэ.
9.2.1. тайлангийн хугацаанд эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн байдал, түүний өөрчлөлт;
9.2.2. тайлангийн хугацаанд албан тушаалтан, ажилтнуудад олгосон шагнал урамшил, удирдлагын зардлын хэмжээ;
9.2.3. шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.
Арав. Хөгжлийн төвийн бичиг баримтыг хадгалах
10.1. Хөгжлийн төв нь дараах бичиг баримтыг хадгална:
10.1.1. хөгжлийн төвийн дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ сертификатууд;
10.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжүүд;
10.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримтууд;
10.1.4. баталж мөрдүүлсэн дүрэм, журам, хурлын тэмдэглэл, захирлын гаргасан тушаал;
10.1.5. бусад ач холбогдол бүхий баримт бичгүүд.
10.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг захирлын туслах, бичиг хэргийн ажилтан гүйцэтгэнэ.
Арван нэг. Хөгжлийн төвийг татан буулгах
11.1. Хөгжлийн төвийг татан буулгахад Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг баримтална.
Арван хоёр. Бусад
12.1. Энэхүү дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A