A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн

А-86 дугаар тушаалын хавсралт

 

УЛСЫН УСНЫ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ҮЗҮҮЛЭЛТ, ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1 Энэхүү журмын зорилго нь улсын усны мэдээллийн сан /цаашид “усны мэдээллийн сан” гэх/-ийн эх мэдээ, үзүүлэлтийг тогтоож, санг бүрдүүлэх, хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Усны мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөхтэй холбогдсон үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам  болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3 Усны мэдээллийн сан нь байгаль орчны мэдээллийн сангийн бүрдэл хэсэг байна.

1.4 Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны мэдээллийн санг арга зүйн удирдлагаар хангаж, бүрдүүлэлтэд хяналт тавих ба Байгаль орчны мэдээллийн төв түүнийг бүрдүүлэх, нэгтгэн боловсруулах, хөтлөх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. 

1.5 Усны мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлэх ба мэдээлэл нь тоон өгөгдөл, зураг, график, бичгийн хэлбэртэй, веб орчны газарзүйн мэдээллийн системд тулгуурласан байна. Орон зайн мэдээллийг газарзүйн солбицлын градус, минут, секунд нэгжээр илэрхийлнэ.

1.6 Усны мэдээллийн сан нь 1/ улсын, 2/ усны сав газрын, 3/ аймаг, нийслэлийн, 4/ сум, дүүргийн усны мэдээллийн сан гэсэн ангилалтай байна.

1.7 Энэ журмын 1.6-д заасан ангиллын дагуу сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь сум, дүүргийн усны мэдээллийн санг,  аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг, усны сав газрын захиргаа нь сав газрын усны мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.

Хоёр. Усны мэдээллийн сангийн бүрдэл

2.1 Усны мэдээллийн сан нь дараах дэд мэдээллийн сангаас бүрдэнэ:

2.1.1 Гадаргын ус

2.1.2 Газрын доорх ус

2.1.3 Рашаан

2.1.4 Ус ашиглалт

2.1.5 Усны бохирдлын эх үүсвэр

2.1.6 Усны сав газар

2.1.7 Усны барилга байгууламж

2.1.8 Усны тухай бодлого, хууль тогтоомж, салбарын бүтэц зохион байгуулалт

2.1.9 Усны судалгаа шинжилгээ, техник технологи, төсөл хөтөлбөр

Гурав. Усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт

3.1 Гадаргын усны мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.1.1 Гадаргын ус (гол мөрөн, горхи, булаг шанд, нуур, тойром, цөөрөм, усан сан, намаг, мөстөл, мөсөн гол)-ны сүлжээ, дүрс зүйн мэдээлэл, морфометрийн үзүүлэлтүүд (байршил, талбай, ус хурах талбай, урт, өргөн, гүн, хэвгий, өндөршил зэрэг),

3.1.2 Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, холбогдох мэдээлэл,

3.1.3 Гадаргын усны хяналт шинжилгээний сүлжээ (харуул, өртөө, тэдгээрийн байршил, тодорхойлолт), хяналт шинжилгээний хөтөлбөр,

3.1.4 Усны объектын ус судлалын болон гидрохимийн үзүүлэлтүүд (нөөц, ашиглаж болох боломжит нөөц, горим, найрлага, чанар, тоо, байршил),

3.1.5 Ус судлал, мөстөл судлалын өртөө, харуулын хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд гарган авсан статистик мэдээ (дундаж, хамгийн их, хамгийн бага утга), зураг,

3.1.6 Гадаргын усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд гарган авсан статистик мэдээ (биологийн үзүүлэлтүүд, бохирдуулах бодисын дундаж, хамгийн их, бага агууламж, усны чанарын стандартаас давсан хувь, бохирдлын индекс),

3.1.7 Гадаргын усны тоо бүртгэлийн дүн мэдээ,

3.1.8 Усан тээврийн зөвшөөрөл бүхий газрын байршил, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр, орлогын хэмжээ,

3.1.9 Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээсэн тухай мэдээлэл,

3.1.10 Усны гамшигт үзэгдэл, учирсан хохирол, авсан арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн мэдээлэл.

3.2 Газрын доорх усны мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.2.1 Газрын доорх усны эрэл хайгуул, зураглал, судалгааны мэдээлэл, (талбайн гидрогеологийн судалгаа, зураглал, ус хангамжийн эх үүсвэрийн судалгааны тайлан),

3.2.2 Газрын доорх усны ордын мэдээлэл (байршил, талбайн хэмжээ, судлагдсан байдал, батлагдсан нөөц, ашиглах боломжит нөөц, найрлага чанар, ашиглалт),

3.2.3 Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн хилийн зааг, холбогдох мэдээлэл,

3.2.4 Уст цэгийн мэдээлэл (өрөмдмөл худаг, цооног, богино яндант худаг, энгийн уурхайн худаг, гар худаг – байршил, ундарга нөөц, уст давхарга болон суулгасан яндан, шүүрийн мэдээлэл, өрөмдөгч, нээсэн/хаасан огноо, зориулалт, усны химийн найрлага, чанар, ашиглагч/эзэмшигч),

3.2.5 Газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээ (хяналтын цэг,  тэдгээрийн төрөл, байршил, тодорхойлолт, сүлжээний төрөл), хяналт шинжилгээний хөтөлбөр,

3.2.6 Газрын доорх усны горимын хяналт шинжилгээний дүн мэдээ,

3.2.7 Газрын доорх усны чанарын хяналт шинжилгээний дүн мэдээ,

3.2.8 Цэвдгийн үндсэн мэдээлэл, хяналт шинжилгээний дүн мэдээ,

3.2.9 Усны нөөцийг хамгаалах, ордыг нөхөн сэргээсэн тухай мэдээлэл.

3.3 Рашааны мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.3.1 Рашааны эрэл хайгуул (бальнелогийн судалгаа, нөөцийн судалгаа),

3.3.2 Рашааны орд, эмчилгээний шаврын ордын мэдээлэл (төрөл, байршил, талбайн хэмжээ, судлагдсан байдал, батлагдсан нөөц, ашиглах боломжит нөөц, химийн найрлага чанар, ашиглалтын талаарх мэдээлэл),

3.3.3 Рашааны эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн хилийн зааг (газарзүйн солбицол), холбогдох мэдээлэл,

3.3.4 Рашааны орд, ашиглалтын хэмжээ, ашиглалтад тавьсан хяналт шалгалтын дүн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, бусад мэдээллүүд,

3.3.5 Рашааныг хамгаалах, хомсдохоос сэргийлэх тухай мэдээлэл.

3.4 Ус ашиглалтын мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.4.1 Ус ашиглалтын баланс, төрлөөр (унд ахуй; хөдөө аж ахуй - мал аж ахуй, газар тариалан; усны эрчим хүч; үйлдвэрлэл - уул уурхай, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл; амралт сувилал, аялал жуулчлал; ногоон байгууламж),

3.4.2 Усны үнэ тариф,

3.4.3 Ус ашиглагчийн талаарх мэдээлэл (ашиглагч, байршил, усны объект, зориулалт, хэмжээ, горим, чанар, найрлага, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл) – ус ашиглалтын хэмжээ (>100; 50-100; <50 м3/хон), төрлөөр,

3.4.4 Ус ашиглалтын мэдээлэл (ашиглалт, төлбөр хураамж төлөлт, хөнгөлөлт – улирал, жил), сав газар, аймаг, нийслэл, сум, дүүргээр,

3.4.5 Усны хэмнэлт, эргүүлэн ашиглалт.

3.5 Усны бохирдлын эх үүсвэрийн мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.5.1 Усны бохирдлын томоохон эх үүсвэрийн мэдээлэл (бохирдуулагч, байршил, усны объект, хаягдал усны хэмжээ, горим, цэвэрлэх байгууламжийн төрөл, ажиллагаа, найрлага чанар, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл), 

3.5.2 Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэл (бохирдуулагч, хаяг, байршил, усны объект, үйлдвэр, үйлчилгээний төрөл, хаягдал усны хэмжээ, горим,  найрлага чанар, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл)

3.5.3 Ус бохирдуулсны үнэ тариф (төлбөр, нөхөн төлбөр),

3.5.4 Усны бохирдлын эх үүсвэрийн хяналт шинжилгээний сүлжээ (цэг, тэдгээрийн байршил, тодорхойлолт), хяналт шинжилгээний хөтөлбөр,

3.5.5 Усны бохирдлын эх үүсвэрийн хяналт шинжилгээний дүн мэдээ (дундаж, хамгийн их, бага, хаягдал усны стандартаас давсан байдал),

3.5.6 Хаягдал ус зайлуулалтын мэдээлэл (хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын хэмжээ, цэвэрлэгээний төрөл, төлбөр хураамж төлөлт, хөнгөлөлт – улирал, жил), сав газар, аймаг, нийслэл, сум, дүүргээр.

3.5.7 Хаягдал усны дахин ашиглалтын талаарх мэдээлэл, аймаг, нийслэл, сум, дүүргээр (дахин ашиглагчийн нэр, хаяг, байршил, дахин ашиглахад хэрэглэсэн технологи, дахин ашиглалтын хэмжээг тогтоосон байгууллага, усны хэмжээ, чанар, хэмнэсэн ус, төлбөр).

3.6 Усны сав газрын мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.6.1 Усны сав газрын байршлын болон байгалийн нөөц, нийгэм, эдийн засгийн сэдэвчилсэн зураг,

3.6.2 Усны тоо бүртгэлийн дүн мэдээ, тайлан,

3.6.3 Сав газрын усны нөөц, ашиглах боломжит хэмжээ,

3.6.4 Сав газрын менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт,

3.6.5 Сав газрын захиргаа, сав газрын зөвлөл,

3.6.6 Сав газрын ус хэрэглээ, ус ашиглалт- төрлөөр,

3.6.7 Хууль тогтоомжийн хэрэгжилт, зөрчил.

3.7 Усны барилга байгууламжийн мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.7.1 Хот суурины ус хангамжийн барилга байгууламжийн мэдээлэл (байршил, усны объект, эзэмшил, ашиглалтад орсон огноо, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч),

3.7.2 Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж (байршил, байршлын зураг, усны , эзэмшил, ашиглалтад орсон огноо, цэвэрлэгээний технологийн төрөл, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч),

3.7.3 Услалтын систем (байршил, байршлын зураг, усны объект, эзэмшил, ашиглалтад орсон огноо, зориулалт, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч),

3.7.4 Үерийн хамгаалалтын барилга, байгууламж (байршил, усны объект, эзэмшил, ашиглалтад орсон огноо, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч),

3.7.5 Усан сан, хөв цөөрмийн мэдээлэл (байршил, усны объект, эзэмшил, ашиглалтад орсон огноо, зориулалт, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч),

3.7.6 Усан цахилгаан станцын мэдээлэл (байршил, усны объект, эзэмшил, ашиглалтад орсон огноо, хүчин чадал, техникийн үзүүлэлт, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч, төсөвт өртөг, санхүүжүүлэгч).

3.8 Усны тухай бодлого, хууль тогтоом, салбарын бүтэц зохион байгуулалтын мэдээллийн сан нь дараах үзүүлэлт, мэдээллээс бүрдэнэ:

3.8.1 Бодлогын баримт бичиг,

3.8.2 Холбогдох олон улсын конвенц, баримт бичиг,

3.8.3 Хууль, тогтоомж,

3.8.4 Стандарт, норм, норматив, маягтууд,

3.8.5 Улсын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө,

3.8.6 Усны экологи-эдийн засгийн үнэлгээ.

3.8.7 Бүтэц зохион байгуулалт, төв, орон нутгийн байгууллага,

3.8.8 Усны мэргэжлийн байгууллага,

3.8.9 Төрийн бус байгууллага,

3.8.10 Усны салбарын хүний нөөцийн мэдээлэл.

3.9 Усны судалгаа шинжилгээ, техник технологи, төсөл хөтөлбөрийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

3.9.1 Эрдэм шинжилгээ, судалгааны тайлан, бүтээлүүд,

3.9.2 Дэвшилтэт техник технологи,

3.9.3 Усны чиглэлийн төслүүд, төслийн тайлан.

Дөрөв. Усны мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх

4.1 Усны тухай хуулийн 5.4, 6.5, 7.3-д заасан холбогдох мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тухайн шатны Засаг дарга холбогдох байгууллага болон усны мэдээллийн санд  хүлээлгэн өгөх үүрэгтэй.

4.2 Энэ журмын 3.1.1, 3.1.4- 3.1.6, 3.2.7, 3.2.8, 3.5.5-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.3 Энэ журмын 3.1.2, 3.2.1- 3.2.3, 3.2.5, 3.3.1- 3.3.3, 3.4.1, 3.4.2, 3.5.3, 3.5.4, 3.8, 3.9-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.4 Энэ журмын 3.1.7-3.1.9, 3.2.4, 3.2.9, 3.3.5, 3.4.4, 3.4.5, 3.5.1, 3.5.2, 3.5.6, 3.5.7, 3.6, 3.7.4, 3.7.5-д заасан мэдээллийг усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.5 Энэ журмын 3.1.10-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн нөхцөл байдал үүссэн тухай бүр усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.6 Энэ журмын 3.1.3, 3.2.5-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.7 Энэ журмын 3.2.6-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, усны сав газрын захиргаа усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.8 Энэ журмын 3.3.4-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.9 Энэ журмын 3.4.3-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.10 Энэ журмын 3.7.1, 3.7.2-д заасан мэдээллийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сав газрын захиргаа усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.11 Энэ журмын 3.7.3-д заасан мэдээллийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны сав газрын захиргаа усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.12 Энэ журмын 3.7.6-д заасан мэдээллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба усны мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.13 Усны мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгуулага нь өгөгдөл, мэдээллийн үнэн зөв байдал, чанар, анхдагч боловсруулалтыг хариуцна.

Тав. Усны мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх хугацаа

5.1 Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны албанд мэдээллийг батлагдсан маягт, загвараар ирүүлнэ.

5.2 Аймаг, нийслэлийн байгаль орчны алба жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны сав газрын захиргаанд мэдээллийг цахим хэлбэрээр ирүүлнэ.

5.3 Усны сав газрын захиргаа жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны мэдээллийн төвд мэдээллийг цахим хэлбэрээр ирүүлнэ.

5.4 Мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бусад байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны мэдээллийн төвд мэдээллийг цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

 

-оОо-