- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ
/ТЕГ-ын 2019 оны А/146 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын
01 –ний өдрийн А/65 дугаар тушаалын 1-р хавсралт
ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн татварын албанаас татвар төлөгчийн өөрийн болон байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хуулийн хүрээнд татвар төлөгчийн талаарх лавлагаа, тодорхойлолт олгох харилцааг зохицуулна.
1.2.Татварын лавлагаа, тодорхойлолтыг Татварын ерөнхий газар, түүний харъяа ажил хариуцсан нэгжээс болон цахим хэлбэрээр олгоно.
Хоёр. Нэр томъёо
2.1.Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр товъёог дор дурдсан утгаар ойлгоно :
2.1.1 “Лавлагаа” гэж байгууллага, хуулийн этгээд, иргэдээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу бичгээр гаргаж өгөх бизнесийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл агуулсан баримт бичгийг;
2.1.2 “Тодорхойлолт” гэж татварын газар, хэлтсийн нэр, тамга, тэмдэг эсвэл бар код бүхий үйл явдал, бодит байдлын үнэн зөвийг нотлох зорилгоор холбогдох шийдвэр, мэдээ баримтад үндэслэн гаргасан баримт бичгийг;
2.1.3 “Огноо” гэж лавлагаа, тодорхойлолт үйлдсэн хугацааг он, сар, өдөр, цаг, минутаар илэрхийлж оныг 4 оронтой, сар, өдөр, цаг, минутыг тус бүр 2 оронтой араб тоогоор, он, сар, өдөр, цаг, минут гэсэн дарааллаар бичсэн бичвэрийг ;
2.1.4 “Татварын үлдэгдэлгүй татвар төлөгч” гэж татварын тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаж, тухайн тайлант хугацаанд татварын дутуу төлөлт болон өргүй татвар төлөгчийг;
2.1.5 “Цахим баримт бичиг” гэж мэдээллийн технологийн техник хэрэгсэл, програм хангамж ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;
Гурав. Лавлагаа, тодорхойлолт авах хэлбэр, хүсэлт
3.1.Хуулиар зөвшөөрөгдсөн байгууллага, албан тушаалтан лавлагаа, тодорхойлолт авах хүсэлтээ цахимаар болон албан бичгээр ирүүлж болно. Үүнд :
3.1.1 Биечлэн
3.1.2 Факсаар
3.1.3 Баталгаат шуудангаар
3.1.4 Цахимаар
3.2.Татвар төлөгчид татварын лавлагаа, тодорхойлолтыг дараах хэлбэрээр олгоно. Үүнд :
3.2.1 Цаасаар
3.2.2 Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-аас
3.2.3 Цахимаар авах боломжтой байна.
3.3 Хүсэлт нь дараах мэдээллийг агуулсан байна.
3.3.1 Татварын газар, хэлтсийн нэр
3.3.2 Огноо болон тоотын дугаар
3.3.3 Зориулалт
3.3.4 Хандах байгууллагын нэр
3.3.5 Хүсэлт гаргасан эрх бүхий албан тушаалтны албан тушаал, гарын үсэг, нэр
3.3.6 Тоон гарын үсэг, тэмдэг /хуулийн этгээдийн албан ёсны тэмдэг/-тэй байна.
3.4.Лавлагаа, тодорхойлолт нь зориулалтаас нь хамааруулан татвар төлөгч иргэдэд /хавсралт -3/, аж ахуйн нэгж, байгууллагуудад /хавсралт-4/, тендерт /хавсралт-5/ гэсэн төрөлтэй байна.
Дөрөв. Лавлагаа, тодорхойлолт үйлдэх
4.1.Үндэсний татварын алба нь тодорхойлолтын нэгдсэн загвар, томъёолол ашиглах бөгөөд энэхүү лавлагаа, тодорхойлолт нь татварын албаны батлагдсан баримт бичиг болохын хувьд улсын хэмжээнд мөрдөгдөж аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүний өмнө хүчин төгөлдөр байна. Лавлагаа, тодорхойлолтыг тусгай бар код, тэмдэгтээр баталгаажуулах бөгөөд хуулийн хүрээнд тусгай эрх авч лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв байдлыг цахим хэлбэрээр шалгаж болно. Тусгай эрхийг Татварын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулсан эрх бүхий байгууллагад олгоно.
4.2.Татварын алба нь гэрээ, санамж бичиг байгуулсан байгууллагуудад татвар төлөгчийн мэдээллийг цахимаар өгч болно.
4.3.Татварын албанаас шүүх, хууль хяналтын байгууллагаас бусад байгууллага, хуулийн этгээд, хувь хүнд татварын албанаас гаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв байдлыг тодорхойлсон дахин лавлагаа, тодорхойлолт олгож болно.
4.4.Татвар төлөгчийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий хуулийн 14.3.2-т зааснаар “Татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар мэдээ, баримтыг татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно” гэсэн заалтын дагуу лавлагаа, тодорхойлолт батлагдсан маягтаас өөрөөр гаргаж өгч болно.
4.5.Татвар төлөгч энэхүү журмын 3.2.1-д заасан хэлбэрээр лавлагаа, тодорхойлолт авах тохиолдолд хавсралт-2 маягтын дагуу хүсэлт гаргана.
4.6.Тодорхойлолт олгох ажил хариуцсан нэгжийн байцаагч нь энэхүү журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авч татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн баазтай тулгаж шалгана. Хуулийн этгээдийн удирдлагын овог, нэр болон байгууллагын хаягийн бүртгэл өөрчлөлттэй тохиолдолд нотлох баримтыг үндэслэн бүртгэл хариуцсан байцаагчид мэдэгдэн бүртгэл мэдээллийн нэгдсэн баазад нэмэлт, өөрчлөлт оруулна.
4.7.Татвар төлөгчийн биеийн байцаалт, бичиг баримтыг нь үндэслэн зөвхөн өөрийнх нь үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаргаж өгнө. Тодорхойлолт олгоход шаардлагатай мэдээллийг програмд оруулахдаа, өгөгдлүүдийг бүрэн гүйцэд, алдаагүй нөхнө.
4.8.Татвар төлөгч өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүний итгэмжлэлийг үндэслэн лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгч болно. Тодорхойлолт хүлээн авагч нь хариуцлага хүлээх чадвар бүхий этгээд /удирдлага, санхүүгийн ажилтан, тухайн байгууллагын ажилтан, итгэмжлэл олгогдсон байгууллага, иргэн/ байна. Энэ тохиолдолд лавлагаа, тодорхойлолт авч буй этгээдийн бичиг баримтыг шалгаж лавлагаа, тодорхойлолтын мэдээллийн санд бүртгэнэ.
4.9.Татвар төлөгч цахим татварын мэдээллийн системийг ашиглан өөрийн байгууллагын талаарх мэдээллийг харах, хэвлэж авах боломжтой байна.
4.10.Татвар төлөгч журмын 3.2.2-т заасны дагуу авах тохиолдолд иргэний үнэмлэх, хурууны хээгээ машинд уншуулан, байгууллагын регистрийн дугаарыг оруулж батлагдсан үнэт цаасан дээр бар кодтойгоор авна. Лавлагаа, тодорхойлолт авах эрх нь тоон гарын үсгийн гэрээ хийсэн этгээдэд байна.
4.11.Татвар төлөгч энэхүү журмын 3.1.3-т заасан хэлбэрээр авч байгаа тохиолдолд лавлагаа, тодорхойлолт олгох ажил хариуцсан нэгж нь хүсэлтийг бүртгэнэ. Лавлагаа, тодорхойлолтыг журмын дагуу үйлдэн тухайн татвар төлөгчийн шуудангийн хаягаар илгээнэ.
Тав. Лавлагаа, тодорхойлолтын баталгаажуулалт
5.1.Цаасаар олгож байгаа тохиолдолд харъяалах татварын албаны дарга гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарна.
5.2.Цахим хэлбэрээр олгож байгаа тохиолдолд бар, зураасан кодоор баталгаажигдана.
Зургаа. Ажил хариуцсан нэгжүүдийн хүлээх үүрэг
6.1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс лавлагаа, тодорхойлолтын мэдээлэл зөрүүтэй гарснаас үүсэх хариуцлагыг татвар төлөгч өөрөө хүлээнэ.
6.2.Татвар төлөгчийн лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв байдлыг “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн дүрэм” болон холбогдох журамд заасны дагуу бизнес үйл ажиллагаа хариуцсан нэгжүүд хариуцна.
6.3.Мэдээллийн сангийн програм хангамж, технологи талаас үнэн зөв байдлыг Мэдээлэл технологийн ажил хариуцсан нэгж хариуцаж, хяналт тавьж ажиллана.
6.4.Лавлагаа, тодорхойлолтыг хуурамчаар үйлдэхийг хориглоно.
-------------оОо-----------
Текст томруулах
A
A
A