A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ /Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

           /Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/                                                        

        Хууль зүйн сайдын 2014 оны

А/158 дугаар тушаалын хавсралт

 

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИЙН МЭРГЭЖЛИЙН

ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалт, жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт, давтан сургах сургалт /цаашид “жолооны сургалт” гэх/-д хамрагдсан элсэгчээс мэргэжлийн шалгалт авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх /цаашид “жолоочийн үнэмлэх” гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Жолооны сургалтын үйл ажиллагаа эрхлэх, түүнд элсэн суралцах асуудлыг Боловсролын болон Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүдийн хамтран баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-д заасны дагуу зохицуулна.

1.3.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт, нутаг дэвсгэрийн болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан /цаашид нутаг дэвсгэрийн гэх/ цагдаагийн байгууллагын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгж нь тухайн нутаг дэвсгэртээ дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1.3.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан элсэгчээс мэргэжлийн шалгалт авах;

1.3.2.“В”-ээс “А”, “М”, эсхүл “ВС” ангилалд, “ВС”-ээс “ВСD” эсхүл “ВСЕ” ангилалд, “ВСD”-ээс “ВСDЕ” ангилалд, “ВСЕ”-ээс “ВСDЕ” ангилалд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан элсэгчээс тус тус шалгалт авах;

1.3.3.тэнцсэн элсэгчид тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаас нь хамаарч А, В, ВС, ВСD, ВСЕ, ВСDЕ, М ангиллын жолоочийн үнэмлэх олгох;

1.3.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолоочоос дахин шалгалт авах, жолоочийн үнэмлэхийг нөхөн олгох.

1.4.Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчид дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

1.4.1.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 5-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан этгээдийн жолоочийн үнэмлэхийг энэ журмын 10.3-т заасны дагуу хүчингүй болгох;

1.4.2.жолоочийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг хассан, сэргээсэн бүртгэл хөтөлж мэдээллийн нэгдсэн санд оруулах;

1.4.3.тээврийн хэрэгслийн жолоочийн тухай лавлагаа гаргах.

Хоёр.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах

2.1.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалтад орох элсэгч дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

2.1.1.иргэний цахим үнэмлэх;

2.1.2.жолооны сургалтад хамрагдаж, сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан тухай тодорхойлолт;

2.1.3.эрүүл мэндийн тодорхойлолт.

2.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс жолоочийн мэргэжлийн шалгалт авах тохиолдолд баруун талдаа жолооны хүрдтэй, автомат ажиллагаа бүхий хурдны хайрцагтай тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр энэ журамд заасны дагуу шалгалтыг авна.

2.3.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалтыг “Онол”, “Талбайн жолоодлого”, “Жолооны дадлага” гэсэн 3 төрлөөр авах бөгөөд онолын болон талбайн жолоодлогын шалгалтад тэнцсэн элсэгчийг жолооны дадлагын шалгалтад оруулна.

Гурав.Мэргэжлийн шалгалт авах эрх бүхий албан тушаалтан

3.1.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалтыг нутаг дэвсгэрийн байдлаас хамаарч дараах байдлаар авна:

3.1.1.нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн алба хаагчид;

3.1.2.бусад нутаг дэвсгэрт Нийтийн хэв журам хамгаалах газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга эсхүл Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу эрх шилжүүлснээр Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргын тушаалаар томилсон тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгжийн алба хаагчид.

3.2.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах эрх бүхий алба хаагч нь тээврийн хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн мэдлэгтэй, жолоодох дадлага туршлагатай, автотехникийн эсхүл хууль, эрх зүйн дээд боловсролтой, “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах” мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

Дөрөв.Онолын болон талбайн жолоодлогын шалгалт

4.1.Онолын болон талбайн жолоодлогын шалгалтаар элсэгчийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын ур чадварыг дүгнэнэ.

4.2.Онолын шалгалтыг бичгээр болон цахим хэлбэрээр тест бөглүүлж авах бөгөөд 10 асуулт бүхий тестийг 15 минут, 20 асуулт бүхий тестийг 25 минутад тус тус багтааж авна.

4.3.Элсэгчээс онолын шалгалтыг дараах үзүүлэлтээр авч дүгнэнэ:

4.3.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, дүрэм, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын талаарх мэдлэг;

4.3.2.тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн болон захиргааны хариуцлагын талаарх мэдлэг;

4.3.3.тухайн ангиллын тээврийн хэрэгслийн бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн ажиллагаа, ашиглалтын тухай мэдлэг;

4.3.4.эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргууд.

4.4.Онолын шалгалтанд 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан элсэгчийг тэнцсэнд тооцно.

4.5.Талбайн жолоодлогын шалгалтыг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр авах бөгөөд тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байна.

4.6.Талбайн жолоодлогын ур чадварыг дүгнэхдээ элсэгчээр “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Автодромын заавар”-т нийцсэн талбайд дараах үйлдлийг гүйцэтгүүлнэ:

4.6.1.ухрах үйлдэл хийж зогсоолд байрлуулах;

4.6.2.гүвээний налуу хэсэгт зогсож байгаа тээврийн хэрэгслийг өгсөөх;

4.6.3.туг сүлжих;

4.6.4.хажуугийн зогсоолд тээврийн хэрэгслийг зөв байрлуулах;

4.6.5.оврын хязгаарлалт бүхий хонгилоор ухрах;

4.6.6.хурд авах, зогсоох.

4.7.Талбайн жолоодлогын шалгалтын үед дараах зөрчлийн аль нэгийг гаргавал хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:

4.7.1.хязгаарлагч шонгуудыг мөргөх, шүргэх байдлаар унагаах;

4.7.2.нэг үйлдлийг нэг оролдлогоор гүйцэтгээгүй;

4.7.3.тээврийн хэрэгслийг хажуугийн зогсоолд тогтоосон хязгаарт багтаагаагүй;

4.7.4.туг сүлжих үед шон алгасах, эсвэл тээврийн хэрэгслийг багтаагаагүй;

4.7.5.ухрах байранд дутуу зогсох;

4.7.6.гүвээнд налуу тал руу тээврийн хэрэгслийг алдах, эсвэл унтраах.

4.8.Дараах тохиолдолд шалгалтын дүнг хүчингүйд тооцно:

4.8.1.шалгалтын явцад мэдээлэл дамжуулах хэрэгсэл, ном, сурах бичиг, лекц, тэмдэглэл зэрэг зөвшөөрснөөс бусад материал ашиглах;

4.8.2.шалгалтын явцад бусад шалгуулагчтай ярих, харилцах;

4.8.3.онолын шалгалтад тэнцсэн элсэгч зургаан сарын дотор хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар талбайн жолоодлогын шалгалтыг өгөөгүй;

4.8.4.шалгагч ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон.

Тав.Жолооны дадлагын шалгалт

5.1.Жолооны дадлагын шалгалтаар элсэгчийг тээврийн хэрэгсэл жолоодуулан хот, суурин газрын замын хөдөлгөөнд оролцуулж, түүний жолоодох ур чадвар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн биелүүлж буйг үнэлж дүгнэнэ.

5.2.Жолооны дадлагын шалгалт авахдаа элсэгчээр орон нутгийн болон суурин доторх замд дараах үйлдлүүдийг гүйцэтгүүлнэ:

5.2.1.хөдөлгөөн эхлэх;

5.2.2.зорчих хэсгээр зөв байрлаж явах;

5.2.3.уулзвар гарц дээр баруун, зүүн гар тийш болон буцаж эргэх;

5.2.4.хөдөлгөөний чигийг өөрчлөх, зорчих хэсэгт буцаж эргэх;

5.2.5.хөдөлгөөний үед орчны байдлыг зөв үнэлж, хурдаа тохируулах;

5.2.6.толь ашиглах;

5.2.7.гэрэлтүүлэх хэрэгсэл болон анхааруулах дохио, хянах, хэмжих
хэрэгслүүд, бусад нэмэгдэл төхөөрөмжүүдийг ажиллуулах, ашиглах;

5.2.8.хөдөлгөөний чигээ өөрчлөх гэж байгааг урьдчилан анхааруулах;

5.2.9.явган хүний гарц нэвтрэх;

5.2.10.гэрлэн дохио болон хөдөлгөөн зохицуулах эрх бүхий этгээдийн заалтыг мөрдөж байгаа эсэх;

5.2.11.замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлэх;

5.2.12.хоорондын болон хажуугийн зайг зөв барьж явах;

5.2.13.гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэх;

5.2.14.зогсоол болон зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ зөв байрлуулах.

5.3.Дараах тохиолдолд жолооны дадлагын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:

5.3.1.гэрлэн болон зохицуулагчийн дохио, замын тэмдэг, тэмдэглэл зөрчсөн;

5.3.2.уулзварт эгнээ, байрлал буруу эзэлсэн;

5.3.3.замын хөдөлгөөний урсгал сөрсөн;

5.3.4.уулзвар, гарц нэвтрэх дараалал зөрчсөн;

5.3.5.төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн;

5.3.6.явган хүний гарц нэвтрэх журам зөрчсөн;

5.3.7.зогсоолын талбайд тээврийн хэрэгслийг буруу байрлуулсан;

5.3.8.замын нөхцөлд хурд тохируулж чадаагүй;

5.3.9.шалгагчийн оролцоотойгоор тээврийн хэрэгслийг зогсоосон.

Зургаа.Жолоочийн үнэмлэх олгох

6.1.Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн элсэгч дор дурдсан материалыг бүрдүүлсэний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу жолоочийн үнэмлэх олгоно:

6.1.1.иргэний цахим үнэмлэх;

6.1.2.сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан тухай тодорхойлолт;

6.1.3.жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн тухай эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт;

6.1.4.эрүүл мэндийн тодорхойлолт;

6.1.5.цээж зураг /3х4 хэмжээтэй, 1 хувь/;

6.1.6.тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

6.2.Жолоочийн үнэмлэх авч буй хүн бүрт Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгж жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудас хөтөлнө.

6.3.Бүртгэлийн хуудасны загварыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална.

6.4.Бүртгэлийн хуудасны загварт жолоочийн ургийн овог, овог нэр, регистрийн дугаар, хүйс, цусны бүлэг, үндсэн болон мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан жолооны сургууль, курсын нэр, жолоочийн үнэмлэх олгосон байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, сэргээсэн тухай тэмдэглэл зэргийг заавал тусгана.

Долоо.Жолоочийн үнэмлэх нөхөн олгох

7.1.Дараах тохиолдолд жолоочийн үнэмлэхийг нөхөн олгох бөгөөд хүсэлт гаргасан иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлнэ.

7.1.1.жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд:

-энэ журмын 6.1.1, 6.1.4, 6.1.6 дахь хэсэгт дурдсан материалууд;

7.1.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд:

-тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай лавлагаа;

-замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн шалгалт өгсөн тухай тодорхойлолт;

-энэ журмын 6.1.1, 6.1.4, 6.1.6 дахь хэсэгт дурдсан материалууд;

7.1.3.тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээс дээш хугацаагаар хасуулсан тохиолдолд:

-тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан тухай лавлагаа;

-замын хөдөлгөөний дүрмийн давтан сургалтад хамрагдаж шалгалт өгсөн тухай тодорхойлолт;

-энэ журмын 6.1.1, 6.1.2, 6.1.4, 6.1.6 дахь хэсэгт дурдсан материалууд.

7.2.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 5-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад 3 удаа тэнцээгүй бол замын хөдөлгөөний дүрмийн давтан сургалтад хамрагдана.

7.3.Жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн жолоочид үнэмлэх шинээр олгох хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгож болно.

7.4.Тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, түр зөвшөөрлийн хуудсыг өөрт нь буюу итгэмжлэл бүхий хүнд олгоно.

7.5.Жолоочийн үнэмлэх нөхөн олгох, солих, эрх сэргээхэд бүрдүүлсэн материалыг Үндэсний архивын газрын даргын баталсан “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-ын дагуу хадгална.

7.6.Энэ журмын 7.4 дэх хэсэгт заасан түр зөвшөөрлийг нийслэлд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгжийн дарга олгоно.

Найм.Гадаад орны жолоочийн үнэмлэхтэй хүмүүст Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэх олгох

8.1.Монгол Улсын иргэн гадаад орны жолоочийн үнэмлэхтэй бол түүнд тохирох ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг шууд олгоно.

8.2.Монгол Улсад 3 сар хүртэл хугацаагаар ирсэн гадаадын иргэн Венийн конвенцид нэгдэн орсон улс орнуудаас олгосон “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй бол түүнийг солиулахыг шаардахгүй.

8.3.Монгол Улсад 3 сараас дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн хүсэлт гаргавал түүний жолоочийн үнэмлэх, паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэх, визний хугацаа, эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд тохирох ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг Монгол Улсад оршин суух хугацаагаар олгож болно.

Гадаадын иргэний жолоочийн үнэмлэх дээр тээврийн хэрэгслийн ангиллыг дэд ангилалд хуваасан бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зөрүүтэй ангилалд замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авна.

8.4.Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлт, эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын жолоочийн үнэмлэхийг шууд олгож болно.

8.5.Монгол Улсад 3 сараас дээш хугацаагаар оршин суугаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гадаадын иргэн жолоочийн үнэмлэх авах хүсэлт гаргавал энэ журмын 2, 4, 5, 6 дахь зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

8.6.Гадаадын иргэн замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг орчуулагчтай өгч болно. Энэ тохиолдолд орчуулагчид тестийн бичиглэлийг, шалгуулагчид зураг бүхий тестийг тус тус өгнө. Орчуулагч нь шалгалтад биечлэн оролцохгүй бөгөөд зөвхөн орчуулга хийнэ.

8.7.Гадаадын иргэнд жолоочийн үнэмлэх олгосон тухай бүртгэл хөтөлж, холбогдох материалыг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд энэ журмын 7.6 дахь хэсэгт заасны дагуу хадгална.

Ес.Жолоочийн үнэмлэх олгосон тухай бүртгэл хөтлөх

9.1.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс олгосон жолоочийн үнэмлэхийн дугаарыг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, тухай бүр мэдээллийн нэгдсэн санд оруулна.

9.2.Жолоочийн үнэмлэхийн бүртгэлийг шинээр олгосон, нөхөн олгосон, ангилал дээшлүүлсэн, эрх сэргээж олгосон гэсэн байдлаар төрөлжүүлж хөтөлнө.

Арав.Замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл хөтлөх

10.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тохиолдолд бүртгэл хөтлөн, уг мэдээллийг жагсаалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд сар бүрийн 25-нд ирүүлнэ.

10.2.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв энэ журмын 10.1 дэх хэсэгт заасан мэдээллийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, захиргааны зөрчил гаргасан болон бусад ангиллаар нэгдсэн санд бүртгэнэ.

10.3.Жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тохиолдолд түүний жолоочийн үнэмлэхийн баруун дээд, зүүн доод буланг хайчилж /цоолж/ хүчингүй болгох бөгөөд зөрчлийн материалд хавсаргана.

Арван нэг. Лавлагаа гаргаж өгөх

11.1.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бичгээр ирүүлсэн хүсэлт, өргөдлийг үндэслэн жолоочийн зам тээврийн осол гаргасан эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй холбоотой болон тээврийн хэрэгслийн ангиллын талаар лавлагаа гаргаж өгнө.

Арван хоёр. Бусад зүйл

12.1.Жолоочийн үнэмлэхийн загварыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.2.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь жолоочийн үнэмлэхийг хэвлүүлж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгж, эсхүл автосургуульд тусгай бүртгэлээр хүлээлгэн өгнө.