A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолын хавсралт

 

 

ТӨРӨӨС ЭМИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Төрөөс эмийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд эрх зүйн үндэс нь эмийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэнэ.

 

1.2.Энэ бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох ба 2014-2018 онд хэрэгжинэ.

           

Хоёр.Төрөөс эмийн талаар баримтлах

бодлогын зорилго

 

2.1.Хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилго мөн.

 

Гурав.Төрөөс эмийн талаар баримтлах

бодлогын зорилт

 

3.1.Эмийн талаар баримтлах бодлогын хүрээнд дараах зорилтыг  шийдвэрлэнэ:

 

                        3.1.1.эмийн бүртгэл, чанарын хяналт, эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бэхжүүлж, хэрэглэгчийг эмчилгээний идэвхтэй, чанартай, аюулгүй эмээр хангах;

 

                        3.1.2.хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

 

            3.1.3.хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг сонголт хийх боломж бүхий зайлшгүй шаардлагатай эмээр жигд, хүртээмжтэй хангах;

 

                        3.1.4.уламжлалт анагаах ухаанд тулгуурлаж, байгалийн гаралтай түүхий эд ашиглаж үйлдвэрлэсэн, аюулгүй, идэвхтэй, чанартай эм хэрэглэхийг дэмжих;

            3.1.5.эм зүйн салбарын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын цогц тогтолцоог бэхжүүлэх;

 

            3.1.6.эм зүйн салбарыг мэргэшсэн, ур чадвар бүхий хүний нөөцөөр тогтвортой хангах;

 

            3.1.7.эм зүйн салбарын үйл ажиллагааг судалгаа, нотолгоонд  тулгуурлан явуулж, хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох;

 

                        3.1.8.эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн үр дүнг сайжруулах.

 

Дөрөв.Төрөөс эмийн талаар баримтлах

бодлогын зарчим

           

            4.1.Эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд эм зүйн тусламж, үйлчилгээнд дараах үндсэн зарчмыг баримтална:

 

                        4.1.1.эмийн хангамж, хүртээмжид эмчилгээний идэвх, чанартай,  аюулгүй, тэгш байдал, үр ашгийг чухалчлах;

 

                        4.1.2.эмийг зохих тун хэмжээгээр зааврын дагуу бичих, олгох, хэрэглэх дадлыг иргэн болон хүн, мал эмнэлгийн мэргэжилтэнд төлөвшүүлэх;

 

            4.1.3.эм зүйн тусламж, үйлчилгээнд шударга, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх;

 

      4.1.4.судалгаа, нотолгоо, шинжилгээнд суурилах;

                        4.1.5.бодлогыг хэрэгжүүлэхэд сонирхогч бүх талууд, олон улсын байгууллага, төрийн байгууллагын оролцоог ханган хамтран ажиллах.

 

Тав.Эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа

 

5.1.Эмийн чанар, аюулгүй байдлын баталгааг дараах чиглэлээр хангана:

 

                        5.1.1.эрүүл мэндийн болон мал эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлэн эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх;

 

                        5.1.2.эмийн чанарыг хянахад эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага өөрийн харьяаны, эсхүл хараат бус, олон улсын ISO 17025 шаардлага хангасан, итгэмжлэгдсэн лабораториор эмийн чанарыг баталгаажуулах;

 

                        5.1.3.эмийн чанарыг хангахад эм үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмийн сан, эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, чанарын хяналтын лаборатори, эм зүйн болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоог оролцуулах; 

 

                        5.1.4.эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага нь өөрийн бүтээгдэхүүний чанарын баталгааг хариуцах, бүртгэлийн дараах аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх үүргийг хүлээх, үр дүнг эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагад мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх; 

 

                        5.1.5.зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон импортыг орлох бүтээгдэхүүн болон зүү, тариур, дуслын шингэнийг дотооддоо үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх; 

 

                        5.1.6.үндэсний эмийн үйлдвэрийн чанарын баталгааг хангуулж, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ын гэрчилгээ олгох.

 

Зургаа.Эмийн зохистой хэрэглээ

 

            6.1.Эмнэлзүйн удирдамж, эмийн жор бичилт, эм олголт, хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

                        6.1.1.эмнэлзүйн удирдамжийг судалгаа, нотолгоо, орчин үеийн эмчилгээний технологи, эмнэлгийн тусламжийн тухайн шатлалд нийцүүлэн мэргэжлийн холбооны саналыг харгалзан шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;

 

                        6.1.2.эмнэлзүйн удирдамжид эмчилгээний өндөр идэвхтэй, үр дүн, өртгийг тооцсон эмийг оруулах;

 

                        6.1.3.эмнэлзүйн удирдамжийг баримтлан эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалд нийцүүлэн жор бичих зохистой дадлыг төлөвшүүлэх;

 

                        6.1.4.жороор олгох эмийг, ялангуяа антибиотикийг зөвхөн жороор олгох дадал, хэвшлийг төлөвшүүлэх;

 

                        6.1.5.эмийн жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглах.

 

6.2.Эм зүйн ба эмнэлзүйн эм зүйн тусламж, үйлчилгээг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

6.2.1.эмнэлзүйн эм зүйн /клиник эм зүйн/ тусламжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалд тохируулан үе шаттай хөгжүүлэх; 

 

6.2.2.эмнэлэг бүрт эм зүйч, эм зүйн албыг байгуулан ажиллуулж, хэвтэн эмчлүүлэгч болон амбулаториор үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх.

 

6.3.Сургалтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

6.3.1.эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт эмийн талаар баримтлах бодлого, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлзүйн удирдамж, эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөө, хордлогоос сэргийлэх, хэрэглэгчдэд өгөх зөвлөмжийн асуудлыг тусгах;

 

6.3.2.эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жор бичилтийн үзэл баримтлалд тулгуурлаж, мэргэжлийн холбоо, эмийн зөвлөлийн саналыг харгалзан боловсруулж, хэрэгжүүлэх;

 

6.3.3.эмийн зохистой хэрэглээний талаар хэрэглэгчийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх. 

 

6.4.Эмийн мэдээлэл ба эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулна:

 

6.4.1.эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагын үнэлж, зөвшөөрсөн мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид түгээх тогтолцоог бүрдүүлэх;

 

6.4.2.эмийн лавлахыг эмнэлзүйн удирдамжид үндэслэн боловсруулж, эмнэлгийн мэргэжилтэнд түгээх;

 

6.4.3.эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаанд тавих ёс зүйн шалгуурт нийцүүлэн хэрэгжүүлэх;

 

6.4.4.эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаа явуулсан байгууллага нь тухайн жилд эмнэлгийн мэргэжилтэн, байгууллагад зохион байгуулсан сургалт, хурал, семинар, уулзалт, судалгааны санхүүжилт, хандив, түүнтэй адилтгах дэмжлэгийн талаар олон нийтэд мэдээлэх;  

 

6.4.5.эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, сургалтын байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн нь худалдааны болон бусад  байгууллагаас авсан хандив, санхүүжилт, судалгааны гэрээ, түүнтэй адилтгах дэмжлэгийг ил тод мэдээлэх механизмыг бүрдүүлэх.

 

6.5.Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх ажлыг дараах чиглэлээр зохион байгуулна:

 

6.5.1.антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх;

 

6.5.2.эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөө аж ахуйн салбар дахь антибиотик болон бусад эмийн хэрэглээний асуудлаар хамтран, зохицуулалтын арга хэмжээ авах.

 

                                    Долоо.Эмийн хүртээмж, хангамж

 

            7.1.Зайлшгүй шаардлагатай эмийн сонголтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

7.1.1.эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн тусламжийн бүх шатлалд үзүүлэх оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд нэн тэргүүнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн талаарх үзэл баримтлалд тулгуурлан өөрийн орны хүн амын өвчлөлийн байдал, хэрэгцээнд тохируулан сонгох;

               

7.1.2.эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг эмнэлзүйн удирдамжтай нийцүүлэн боловсруулж, гурван жил тутам шинэчлэх;

 

7.1.3.зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад дан найрлагатай, ерөнхий нэршлийн эмийг оруулах бөгөөд хэрэв эмийн идэвхт бодисыг дан найрлагаар хэрэглэснээс нийлмэл найрлагаар хэрэглэх нь давуу болохыг нотолсон тохиолдолд нийлмэл найрлагатай эмийг жагсаалтад хамруулах; 

 

 

7.1.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмийн хангамж, түгээлт, хэрэглээ, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, мэдээлэл, хүн амын эрүүл мэндийн боловсрол, үндэсний эмийн үйлдвэрлэл, хандив, тусламж, эмийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалаас эмийн хөнгөлөлт олгох асуудалд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг нэн тэргүүнд авч үзэх;

 

7.1.5.эрүүл мэндийн болон мал эмнэлгийн чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөр, хандив, тусламж, бусад эх үүсвэрээс нийлүүлэх эмийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн эмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сонгох.

 

7.2.Эмийн хангамжийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

7.2.1.Эм худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын талаар:

 

                                    7.2.1.1.зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин болон өнчин эм худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, эмийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэх;

 

                                    7.2.1.2.улсын төсвийн хөрөнгөөр зөвхөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, эмнэлзүйн удирдамжид орсон, эмчилгээний үр дүн сайтай, эдийн засгийн үр ашигтай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцөлийг бий болгох;

                                   

        7.2.1.3.тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд эмээр тасралтгүй хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээх.

 

7.2.2.Эмийн түгээлт, хадгалалт, эм хангамжийн байгууллагын байршил:

 

        7.2.2.1.эмийн түгээлт, хадгалалтын зохистой дадлын шаардлага хангасан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн зохистой дадлын шаардлага хангасан эмийн сан эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалах, олгох үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;

 

        7.2.2.2.зайлшгүй шаардлагатай эмээр хангах хангамжийн сувгийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран ажиллах;

       

        7.2.2.3.эм худалдан авах ажиллагаа, хадгалалт, түгээлт, олголтын үйл ажиллагаанд хангамжийн удирдлагын мэдээллийн тогтолцоог  бэхжүүлэх;

 

        7.2.2.4.гадаадын улс орноос хандив, тусламжаар ирж байгаа эмэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хандив, тусламжийн эм, биобэлдмэлд тавигдах шаардлагыг мөрдлөг болгох зарчмыг хэрэгжүүлэх;

 

        7.2.2.5.эмийн сангийн байршлыг хүн амын нягтрал, суурьшил болон газар зүйн байршилтай уялдуулах;

 

                                    7.2.2.6.хөдөө орон нутгийн хүн амыг шаардлагатай эмээр хангах, үйлчлэх зорилгоор сумын эмийн эргэлтийн санд төрөөс дэмжлэг үзүүлэх.

 

            7.3.Эмийн үндэсний үйлдвэрлэлийг дараах чиглэлээр дэмжинэ:

 

                        7.3.1.эмийн үндэсний үйлдвэрлэлд шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

                        7.3.2.ургамал, амьтан болон эрдсийн гаралтай уламжлалт эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх;

 

                        7.3.3.импортыг орлох, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;  

 

                        7.3.4.эмийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авалт болон экспортыг дэмжих.

 

            7.4.Эмийн санхүүжилтийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

7.4.1.зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоонд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;

 

7.4.2.санхүүгийн дарамт үүсгэх өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоонд шаардагдах өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;

 

7.4.3.ядуу, эмзэг бүлгийн хүн амд шаардлагатай эмийн зардлыг санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;

 

7.4.4.мал, амьтны гоц халдварт ба шимэгчит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд шаардагдах эмийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

 

                        7.4.5.эмийн санхүүжилтийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

 

Найм.Эм худалдан авах боломж

 

8.1.Ерөнхий нэршлийн эм:

 

8.1.1.төрийн өмчийн эмнэлгийн эмийн худалдан авалт, хандив, тусламжид ерөнхий нэршлийн эмийг чухалчлах;

 

8.1.2.ерөнхий нэршлийн эмийг олон эх үүсвэрээс авч нийлүүлэхийг дэмжих;

 

8.1.3.эмийн жор болон шошгонд эмийн ерөнхий нэршлийг хэрэглэх, эмийн санд нэн тэргүүнд ерөнхий нэршлийн эмийг олгох, худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий нэршлийн эмээр орлуулан хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэх;

 

8.1.4.эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнд ерөнхий нэршил бүхий зайлшгүй шаардлагатай зарим эмийг тогтоосон үнээс зохих хувиар хөнгөлөх.

 

8.2.Эмийн үнэ:

 

8.2.1.ерөнхий нэршлийн эмийн хэрэглээг дэмжих, худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий нэршлийн эмээр орлуулан хэрэглэх стратегийг хэрэгжүүлэх;

 

8.2.2.эмийн үнийн мэдээллийн сан бий болгож, эмийн үнийн хараат бус, бодит мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид түгээх;

 

8.2.3.Засгийн газраас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох;

 

8.2.4.эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох замаар өрсөлдөөнийг дэмжиж, эмийн үнийг бууруулах.

 

Ес.Эм зүйн салбарын зохицуулалт, засаглал

 

9.1.Эмийн зохицуулалт:

 

9.1.1.эмийн зохицуулалт, хяналтын үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангаж, бэхжүүлэх;

 

9.1.2.эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага нь эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эм зүйн мэргэжилтний зөвшөөрөл,  зохистой дадлын зөвшөөрөл, түүний хяналт шалгалт, эмийн улсын бүртгэл, бүртгэлийн дараах тандалт судалгаа, эмийн аюулгүй байдлын хяналт, үнэлгээ /фармаковижиланс/, эмнэлзүйн судалгааны үнэлгээ, эмийн чанарын хяналт, эмийн импорт, экспортын хяналт болон эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааг зохицуулж, олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах;

 

9.1.3.төрөөс эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн болон мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааны уялдааг сайжруулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх;

 

9.1.4.эмийн зохицуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, ажлын уялдааг сайжруулах.

 

           9.2.Сайн засаглал:

 

9.2.1.эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага холбогдох ISO стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнах;

 

9.2.2.эм зүйн салбарт ёс зүйн дүрмийг боловсруулан мөрдөж, сайн засаглалыг бэхжүүлэх;

 

9.2.3.эм зүйн салбарын үйл ажиллагааг нэг урсгалаар тайлагнах механизмыг бүрдүүлэх;

 

9.2.4.мэдээллийг нээлттэй болгох орчин бүрдүүлж, хүртээмжийг сайжруулах;

 

9.2.5.авлигын эсрэг, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, хууль бус үйлдэл, ёс зүйгүй үйл ажиллагааг мэдээлэх арга замыг эм зүйн тусламж үйлчилгээнд бий болгох.

 

 Арав.Хүний нөөц

 

10.1.Эм зүйн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх стратегийг сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

 

10.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эм зүйн мэргэшсэн хүний нөөцийн байршил, хуваарилалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

10.3.Эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмийн мэргэжилтэнг тасралтгүй сургалтад хамрагдах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

Арван нэг.Судалгаа, шинжилгээ

 

11.1.Үйл ажиллагааны судалгаа:

 

11.1.1.эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэж, гүйцэтгэлийг үнэлэх, судалгаа хийх;

 

11.1.2.эмийн талаар баримтлах бодлогын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж байгаа нөлөө, эмийн зохистой хэрэглээ, эмийн эмчилгээний эдийн засгийн үр ашгийг тооцох үйл ажиллагааны судалгааг өргөжүүлэх;

 

11.1.3.судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлж, шийдвэр гаргахад өргөн ашиглах;

 

11.1.4.үйл ажиллагааны судалгаа хийхэд шийдвэр гаргагч, эм хангамж, сургалт, судалгааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, хэрэглэгчийн хамтын оролцоог хангах.

 

11.2.Суурь ба эмнэлзүйн судалгаа:

 

11.2.1.зонхилон тохиолдох өвчин эмгэгт хэрэглэх эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй шинэ эм бүтээх, үндэсний үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлэх судалгааг дэмжих;

 

11.2.2.эм зүйн салбарын судалгаа шинжилгээнд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг дэмжиж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хэрэглээг тогтмолжуулна.

 

 Арван хоёр.Хяналт, үнэлгээ 

 

            12.1.Эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн болон салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

 

            12.2.Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явцын  үнэлгээг нэгээс доошгүй удаа хийж, үнэлгээний дүнг үндэслэн хэрэгжилтийг сайжруулах цогц арга хэмжээ авна.

 

            12.3.Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон бодлогын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг оролцогч талаар хэлэлцүүлэн баталж, мөрдөнө.

 

            12.4.Эмийн зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд төгсгөлийн үнэлгээг салбар дундын хороо хийж, үр дүнг нь эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх үндэслэл болгоно.

 

           

 

 

---оОо---