- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2014 оны 354 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийгмийн даатгалын ерөнхий, ахлах, улсын байцаагч (цаашид "нийгмийн даатгалын байцаагч" гэх)-тай байна. Ерөнхий газрын дарга нь нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч байна. Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчийн эрхийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн олгоно.
1.3. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий газрын газар, хэлтсийн дарга болон аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нь нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч байна. Нийгмийн даатгалын улсын байцаагчаар 5-аас доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай улсын байцаагчид нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчийн эрх олгож болно. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн олгоно.
1.4. Нийгмийн даатгалын салбарын мэргэжлийн хяналтыг нийгмийн даатгалын байцаагч хэрэгжүүлнэ. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад 2-оос дээш жил ажилласан, үнэнч шударга, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйч, хуульч, мэдээллийн технологи, хүний их эмч мэргэжилтэй, ажлын зохих мэдлэг, дадлага, туршлагатай ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно.
1.5. Нийгмийн даатгалын байцаагч нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.6. Нийгмийн даатгалын байцаагч үнэмлэхтэй байх бөгөөд хувийн тэмдэг хэрэглэнэ. Нийгмийн даатгалын байцаагчийн үнэмлэх, хувийн тэмдгийн загварыг ерөнхий байцаагч баталж олгоно.
1.7. Нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалтын журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
1.8. Ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
Хоёр. Нийгмийн даатгалын байцаагчийн үүрэг, эрх,
нийгмийн баталгаа, хориглох зүйл
2.1. Нийгмийн даатгалын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
2.1.1. ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэмж олгохтой холбогдсон бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж холбогдох арга хэмжээ авах;
2.1.2. шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажил олгогч үнэн зөв тодорхойлж, ногдсон шимтгэлээ төлсөн эсэхийг шалгаж шимтгэлийг хугацаанд нь даатгалын сан тус бүрт оруулах, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.1.3. иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээг тогтоосон байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
2.1.4. ажил олгогч (даатгуулагч)-д нийгмийн даатгалын дэвтэр олгох, шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын дэвтэрт бичих, баталгаажуулах, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгох, төлбөр өгөх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх;
2.1.5. нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоолт, олголтод баримтын шалгалт хийх;
2.1.6. даатгалын сангуудын орлого, зарлагын төсвийг жил бүр хугацаанд нь боловсруулж аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн төсөлд тусгуулах, улирал, жилийн тайлан тэнцэл, сарын мэдээг зохих журмын дагуу гаргах;
2.1.7. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах таниулах, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох;
2.1.8. албан үүрэг гүйцэтгэх явцдаа төрийн байгууллагын болон хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны шийдвэр гараагүй байхад аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх;
2.1.9. нийгмийн даатгалын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ хуулийн этгээд, хувь хүнтэй адил тэгш, соёлч боловсон харьцах;
2.1.10. байгууллагын программ хангамж, цахим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, зөвшөөрөх үйл ажиллагаа явуулах;
2.1.11. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
2.2. Нийгмийн даатгалын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
2.2.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх эдэлнэ.
2.2.2. нийгмийн даатгалын байцаагчийн акт тогтоож барагдуулсан төлбөр, алданги, хүү, торгуулиас урамшуулал авах ба урамшуулал олгох журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
2.2.3. нийгмийн даатгалын байцаагч нь өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхээр томилогдсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэж, уг хяналт шалгалтыг хийхээс татгалзах;
2.2.4. хууль тогтоомжид заасан бусад эрх.
2.3. Нийгмийн даатгалын байцаагч дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
2.3.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 261 дүгээр зүйлд заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
2.3.2. хууль тогтоомжид заасан бусад нийгмийн баталгаа.
2.4. Нийгмийн даатгалын байцаагчид хориглох зүйл:
2.4.1. хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;
2.4.2. нийгмийн даатгалын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
2.4.3. гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичгийг шимтгэл төлөгчдөд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;
2.4.4. гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичгийг засварлах, өөрчлөх;
2.4.5. хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах;
2.4.6. шимтгэл төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх;
2.4.7. нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм зөрчих;
2.4.8. хяналт шалгалтын ажлын явцад олж мэдсэн шимтгэл төлөгчийн нууцад хамаарах мэдээллийг өөр этгээдэд өгөх, хувийн зорилгоор ашиглах;
2.4.9. акт, дүгнэлт, бусад баримт бичгийн биелэлтийг хангуулах ажлыг орхигдуулах, түүнд тавих хяналтыг сулруулах;
2.4.10. шимтгэл төлөгчид шимтгэл төлөхөөс зайлсхийх нөхцөл боломж олгох, хууль тогтоомж зөрчихийг зөвлөх, ятгах, тулгах, шаардах;
2.4.11. шимтгэл төлөгчийн зүгээс бичгээр болон амаар гаргасан санал хүсэлт, гомдол, мэдээллийг шимтгэл төлөгчийн албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн болон нууцын бүртгэлд бүртгэлгүй орхих эсхүл уг бүртгэлд бүртгэгдээгүй санал, хүсэлт, гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх;
2.4.12. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн эсхүл шимтгэл тооцох орлого нуун дарагдуулсан буюу төлөхөөс зайлсхийсэн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бол өөрөө шалгах эсхүл шалгах ажлыг удирдан зохион байгуулах;
2.4.13. хууль тогтоомжид заасан бусад хориглох зүйл.
Гурав. Нийгмийн даатгалын байцаагчийн
үйлдэх баримт бичиг
3.1. Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх бичиг баримт (шийтгэврийн хуудаснаас бусад)-ын загварыг Ерөнхий газрын дарга батална.
3.2. Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга (цаашид "акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга" гэх) үйлдэнэ.
3.3. Дүрмийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 3.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг зохих үндэслэл, журмын дагуу үйлдэнэ.
3.4. Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэлийг тусгана.
3.5. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл, алданги болон торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ.
3.6. Акт нь ерөнхий, тэмдэглэл, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ:
3.6.1. ерөнхий хэсэгт шалгагдаж байгаа ажил олгогчийн нэр, акт үйлдсэн газрын нэр, акт тогтоосон он, сар, өдөр, дугаар, шалгалтын утга, хамрагдсан хугацаа, үндэслэлийг тодорхой заана.
3.6.2. тэмдэглэл хэсэгт шалгагдаж байгаа байгууллагын Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг нягтлан бодох бүртгэл, тайлан, мэдээлэл, санхүүгийн үндсэн баримтад тулгуурлан шалгаж, илэрсэн төлбөр, зөрчлийг нэр зааж түүний гарсан шалтгаан, нөлөөлөл, хүчин зүйл, шалгалтаар илэрсэн төлбөр зөрчил нь ямар хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн, гарах болсон шалтгаан, хугацаа, нөхцөл ба хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гаргасан, гүйцэтгэсэн зохих байгууллагын удирдлага, албан тушаалтныг тодорхой баримтаар нотолж нэр зааж бичнэ.
3.6.3. тогтоох хэсэгт хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн нэр, бүлэг, зүйл, хэсэг, заалтын дугаар, тэдгээрийн товч утга, шалгалтаар төлүүлэхээр эсхүл нөхөн олгохоор тогтоогдсон төлбөр, зөрчлийг хариуцах этгээдийн албан тушаал, овог, нэр, ямар хариуцлага хүлээлгэх талаарх үндэслэл, төлбөрийн дүн, торгуулийг барагдуулах хугацаа, төлбөр төлөх дансны дугаар, төлбөрийг хугацаанд нь барагдуулж, илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай дурдах ба акт тогтоосон нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал овог, нэр гарын үсэг, тэмдэг, актыг зөвшөөрч хүлээн авсан байгууллагын эрх бүхий хүмүүсийн албан тушаал, овог, нэр, гарын үсэг байх ба тамга, тэмдгээр баталгаажуулна.
3.7. Нийгмийн даатгалын байцаагч нь хяналт шалгалтын үр дүн, илэрсэн төлбөр, зөрчил дутагдал түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын нэгдсэн акт үйлдэнэ.
3.8. Шалгалтын нэгдсэн акт нь тодорхойлох, дүгнэх гэсэн 2 хэсгээс бүрдэнэ:
3.8.1. тодорхойлох хэсэгт үндэслэл, шалгасан бүрэлдэхүүн, хамрагдах хугацаа, хамрах хүрээ, шалгуулсан байгууллагын чиг үүрэг, өмнөх шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн барагдуулалт, уг шалгалтаар илэрсэн төлбөр зөрчил, дутагдал, ажлын үр дүн, ахиц өөрчлөлт, шалгалтын явцад зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг тодорхой тусгана.
3.8.2. дүгнэх хэсэгт шалгуулсан байгууллагын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, дутагдал, зөрчлийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай ажилтанд хүлээлгэх хариуцлагын талаар авах арга хэмжээний санал, тухайн шалгалтын үр дүнтэй холбогдож салбарын болон орон нутгийн хэмжээнд нийтлэг анхаарах ба эрх зүйн зохицуулалт хийх асуудал, тухайн байгууллагын түвшинд анхаарч цаашид зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг нэр зааж тусгана.
3.9. Нийгмийн даатгалын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулах, ажил сайжруулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах зорилгоор үйлдэнэ. Албан шаардлагад шалгагдаж байгаа ажил олгогчийн нэр, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тодорхой зааж, түүнийг таслан зогсоох, засаж арилгах талаар тусгах, үүрэг даалгаврыг биелүүлэх хугацаа, албан шаардлага бичсэн нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал, овог, нэр, албан шаардлагыг хүлээн авсан хүний овог, нэр, албан тушаал зэргийг тусгана.
3.10. Нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг зөрчсөн холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн (даатгуулагч)-д Захиргааны хариуцлагын тухай хууль болон Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2013 оны 179/А/171/А/64/А225 дугаар тушаалаар баталсан “Торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх журам”-ыг үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнд зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудас бичиж, торгох шийтгэл ногдуулна.
3.10.1. нийгмийн даатгалын байцаагч нь “Зөрчлийн тухай тэмдэглэл”-ийг зохих журмын дагуу дэлгэрэнгүй хөтөлж, зөрчил гаргасан тухайн байгууллагын холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
3.10.2. шийтгэврийн хуудсаар ногдуулсан торгуулийн мөнгийг холбогдох дансанд шилжүүлэх үүргийг шийтгэврийн хуудас бичсэн нийгмийн даатгалын байцаагч өөрөө хариуцаж барагдуулна. Шийтгэврийн хуудсаар төлөх торгуулийг уг хуудас бичигдсэнээс хойш 15 хоногийн дотор төлүүлэх бөгөөд уг хугацаанд төлөөгүй бол тухайн байгууллага, албан тушаалтнаас шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар гаргуулна.
3.11. Нийгмийн даатгалын байцаагч нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл (алданги)-ийг байгууллагын данснаас үл маргах журмаар гаргуулах тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн мэдэгдэл бичиж, тухайн байгууллагын харилцах данс байршиж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагад хүргүүлж, уг дансны зарлагын гүйлгээг зогсооно. Нийгмийн даатгалын байцаагч нь мэдэгдлийг 2 хувь бичиж гарын үсэг зурж, тэмдэг дараад нэгдсэн дугаар авч баталгаажуулах бөгөөд 1 хувийг мэдэгдэл бичсэн нийгмийн даатгалын газар, хэлтэст, 1 хувийг тухайн байгууллагын харилцах данс байршиж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагад хүргүүлнэ.
3.12. Нийгмийн даатгалын байцаагчийн бичсэн мэдэгдлийн дагуу тухайн байгууллага нь шимтгэл (алданги)-ийг тухайн газар, хэлтсийн нийгмийн даатгалын санд төлж, тооцоо хийж дууссан тохиолдолд зөвшөөрлийг маягтын дагуу бичиж уг харилцах дансаар зарлагын гүйлгээ хийхийг зөвшөөрсөн тухай хариуг банк болон банк бус санхүүгийн байгууллагад өгнө. Нийгмийн даатгалын байцаагч нь зөвшөөрлийг 2 хувь үйлдэж, гарын үсэг зурж, тэмдэг дараад нэгдсэн дугаар авч баталгаажуулах бөгөөд 1 хувийг зөвшөөрөл өгсөн нийгмийн даатгалын газар, хэлтэст, 1 хувийг тухайн байгууллагын харилцагч банк болон банк бус санхүүгийн байгууллагад хүргүүлнэ.
3.13. Нийгмийн даатгалын байцаагч нь хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга үйлдэх бөгөөд танилцуулгад шалгалтын зорилго, хугацаа, шалгалт хийсэн ажилтны албан тушаал, овог, нэр, шалгагдсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтны нэр, шалгалтын явц, хамрагдсан асуудал, үр дүн, шалгалтын мөрөөр цаашид тухайн ажил олгогчтой ямар чиглэлээр хамтарч ажиллах талаарх саналыг тодорхой тусгана.
Дөрөв. Хяналт шалгалтын баримт бичигт тавигдах
шаардлага, баталгаажуулалт
4.1. Нийгмийн даатгалын байцаагчийн акт, албан шаардлага, шийтгэврийн хуудас нь хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн байна.
4.2. Баримт бичиг нь албан хэрэг хөтлөлтийн журам, зааварт нийцсэн, бичиг хэргийн стандартын шаардлага хангасан байна.
4.3. Нийгмийн даатгалын байцаагчийн акт, албан шаардлага нь нэгдсэн дугаартай байна.
4.4. Нийгмийн даатгалын байцаагчийн тэмдгийг албан тушаалын эхний үсгүүдийг оруулан зөв байрлуулж, тэгш тод гаргацтай дарна. 1-ээс илүү хуудастай бичиг баримтын баталгааны хэсгийг сүүлчийн хуудсанд бичнэ.
Тав. Акт, албан шаардлагын биелэлтийг хангах
5.1. Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч нь нийгмийн даатгалын улсын ахлах, улсын байцаагчийн акт, албан шаардлагын биелэлтэд хяналт тавин хэрэгжилтийг хангуулж ажиллана.
5.2. Шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч нь нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны талаар шимтгэл төлөгч гомдлоо зохих дээд шатны нийгмийн даатгалын байгууллага болон шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь шимтгэл төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
Зургаа. Акт, албан шаардлагыг өөрчлөх, хүчингүй болгох
6.1. Нийгмийн даатгалын байцаагчийн акт, албан шаардлагыг тухайн нийгмийн даатгалын байгууллагын даргын тушаалаар дараах үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:
6.1.1. шимтгэл төлөгч, төлбөр хариуцагчийн гомдлоор;
6.1.2. нийгмийн даатгалын байцаагчийг шууд удирдаж байгаа нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, албан шаардлагыг өөрчлөх буюу хүчингүй болгох саналаар;
6.1.3. акт, албан шаардлагыг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгоно.
6.2. Дүрмийн 6.1.1, 6.1.2 дахь заалтын дагуу шийдвэр гаргахдаа ажлын хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулна.
Долоо. Нийгмийн даатгалын байцаагчид дор
дурдсан хариуцлага хүлээлгэнэ.
7.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.2. Хууль тогтоомжид заасан бусад хариуцлага.
---oOo---
Текст томруулах
A
A
A