A

A

A

Бүлэг: 1979

                              

               

Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн                                                                                               
 2014 оны 11 дүгээр сарын 08–ны                                                                                                               
 өдрийн 26 дугаар тогтоолын хавсралт

 

 

Таримал ургамал, модыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах тухай журам

 

Нэг. Журмын зорилго

1.1. Энэ журмын зорилго нь таримал ургамал, модыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалахын тулд малчид, тариаланчдын үүрэг хариуцлагыг тодорхой болгож сайжруулах энэ талаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Ерөнхий зүйл

2.1. Үр тариа, тэжээлийн ургамал, таримал хадлан, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо, олон наст ургамал, ойг нөхөн сэргээх зориулалтаар тарьсан бут сөөг, мод зэрэг зориуд тарьсан ургамлуудыг таримал ургамалд хамруулна.

2.2. Энэ журам нь таримал ургамалын тарьж эхэлсэнээс ургац хураан авч дуусах хүртэл хугацаа, жимс жимсгэний бут сөөг, модны хувьд хэд хүртэл жил ургах туршид нь хамаарна.

2.3. Таримал ургамал, мод тарьж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллага тухайн газраа хашаажуулах, хамгаалалттай байлгах арга хэмжээ авч энэ талаар үүрэг хүлээнэ.

2.4. Мал тэжээвэр амьтад бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрсдийн мал, тэжээвэр амьтдыг байнгын хариулга, маллагаа, хараа хяналттай байлгах арга хэмжээ авч энэ талаар үүрэг хүлээнэ.

2.5. Зөрчил гаргасан тохиолдолд Иргэний хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ журамд заасны дагуу хохирлыг төлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.6. Таримал ургамал, модыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журмыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын холбогдох хуулийн заалтыг баримтлан гүйцэтгэнэ.

2.7. Сумын төвийн эдэлбэр газарт

а. Сумын төвийн хойд Дэд станцын баруун талд Онгийн голын зүүн эрэг /45 28 05.2, 103 54 45.8/

б. Наадмын талбайн зүүн хойд талд /45 27 58.4, 103 54 12.9/

в. Морин хөтлийн зоо /45 27 44.9, 103 54 45.7/

г. 1 дүгээр багийн өвсний фондын баруун доод тал /45 27 02.4, 103 54 57,6/-ын цэгүүдээс дотогш мал бэлчээхгүй байх.

2.8. Сумын төвийн эдэлбэр газраас малыг гаргаж,  мал болон тэжээвэр амьтдаас таримал зүлэг, цэцэрлэг, олон наст, хүнсний ногоо, бут сөөг, модыг идэж сүйтгэх, устгах эрсдлээс хамгаалах.

 

Гурав. Хариуцагчдын үүрэг

3.1. Орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг

3.1.1. “Таримал ургамал, модыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах тухай журам”-ыг нийт иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад сурталчлан сургалт зохион байгуулна.

3.1.2. Сумын Засаг дарга нь холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцсон хохирол тооцох, акт тогтоох комисс байгуулна.

3.1.3. Сумын комисс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, жишиг үнэлгээ тогтоохдоо орон нутгийн зах зээлийн ханшийг үндэслэнэ.

3.1.4. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь тариалсан талбайнхаа ойролцоо нутагладаг мал бүхий айл өрх, иргэн, аж ахуй нэгжтэй тариаланд малаа оруулахгүй байх, оруулсан нөхцөлд хохирлыг хэрхэн тооцох талаар тохиролцсон гэрээ байгуулж болно.

3.1.5. Таримал ургамал, модны талбайд мал, тэжээвэр амьтад орж хохирол учруулсан тохиолдолд хохирлыг тогтоохдоо тухайн таримал ургамал эрхлэгчийн саналыг авна.

3.1.6. Хохирол учирсан тухай мэдээллийн дагуу сумын комисс ажлын 2 хоногт багтаан газар дээр нь үзлэг шалгалт хийж, хоёр талын төлөөлөгч, хөндлөнгийн гэрчийг байлцуулан хохирлыг тогтоож акт үйлдэнэ. Комиссын зардлыг тариалан эрхлэгч хариуцана. Тариалан эрхлэгч нь комисст гаргасан зардлаа буруутай этгээдээс авах хохиролдоо оруулж тооцон авна.

3.1.7. Сумын комиссын актыг үндэслэн эрх бүхий улсын байцаагч буюу уг асуудал хариуцсан ажилтан хариуцлага тооцно.

3.1.8. Сумын комиссын шийдвэрийг биелүүлээгүй нөхцөлд эрх бүхий улсын байцаагч, уг асуудал хариуцсан ажилтан, хохирол тогтоох комисс хохирол учруулагчийг хуулийн байгууллагад шилжүүлэн асуудлыг шийдвэрлүүлнэ.

 

3.2. Таримал ургамал эрхлэгчийн үүрэг

3.2.1. Таримал ургамал, мод тарих ажил эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага таримлаа мал, тэжээвэр амьтдаас хамгаалах ажлыг зохион байгуулж тариалсан талбайг хашаажуулан хамгаалалттай байлгана.

3.2.2. Нэр бүхий байршилд байгаа талбайн хэмжээг зааж ямар ургамлыг хэдийд эхлэн тариалж дуусах талаарх үнэн зөв мэдээг нутгийн захиргааны холбогдох байгууллагад жил бүрийн 6 сарын 1-ний дотор албан ёсоор өгсөн байна. Мэдээ ирүүлээгүй тохиолдолд энэ журам үйлчлэхгүй.  

3.2.3. Таримал ургамал, модонд хохирол учруулсан нөхцөлд хохирол учруулсан мал, тэжээвэр амьтдыг хашиж эзэн болон сумын комиссод 1 хоногийн дотор мэдэгдэнэ.  

3.2.4.Таримал ургамал, мод бүхий талбайд орж хохирол учруулсан мал тэжээвэр амьтны эзэн нь тогтоогдоогүй нөхцөлд сумын комиссод энэ тухай мэдэгдэж комисс ирэх хугацаанд хашиж байна.

3.2.5. Таримал ургамал, модонд мал, тэжээвэр амьтад хохирол учруулсан нөхцөлд учирсан хохирлоо үнэн зөвөөр мэдээлэх.

 

3.3. Мал, тэжээвэр амьтан бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үүрэг

3.3.1. Таримал ургамал, мод бүхий талбайн дэргэд буюу ойролцоо байгаа мал бүхий иргэд таримал ургамал тариалсан газарт малаа байнгын хариулгатай бэлчээх.

3.3.2. Энэ журам зөрчигдөж байгааг мэдсэн хэн боловч тухайн үед холбогдох газар мэдээлж байх.

3.3.3. Мал, тэжээвэр амьтдаар таримал ургамал, модонд учруулсан хохирлоо 14 хоногийн дотор барагдуулах.

3.3.4. Хохиролын хэмжээ хохирол төлөхтэй холбогдсон гомдлоо шүүхэд гаргаж болно.

3.3.5. Энэ журмын 2.7-д заасан сумын төвийн эдэлбэр газарт гахай, тахиаг байнгын хашаанд байлгаж гадуур явуулахгүй байх.

 

Дөрөв. Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага

4.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна.

4.1.1. Таримал ургамал, мод тариалсан талбайд мал, тэжээвэр амьтан оруулж устгаж гэмтсэн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан арга хэмжээ авна.

4.1.2. Хохирлыг тооцохдоо орон нутагт тухайн ургамлыг ямар хэмжээний талбайгаас хичнээн кг/тн/ ургац хураан авдаг дунджийг үндэслэн тэр үеийн зах зээлийн дээд ханшаар тооцон төлүүлнэ.

4.1.3. Жимс жимсгэний бут сөөг, модыг гэмтээсэн, устгасан тохиолдолд нэг мод бутнаас жилд дунджаар авдаг ургацын хэмжээг уг таримал сэргэх цаг хугацаа болон жимсээ өгч дуусах хугацаа хүртэл хэдэн жил байгааг тооцон тэр хугацаагаар үржүүлж үнийг тухайн цаг үед мөрдөж байгаа зах зээлийн дээд үнээр нөхөн төлүүлнэ.

4.1.4. Таримал ургамлыг хашиж хамгаалсан талбайн хашаа, байгууламжийг эвдэж устгасан этгээдээр түүнийг сэргээн босгоход гарах зардлыг төлүүлнэ.

4.1.5. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.3.5–д заасан үүргийг биелүүлээгүй этгээдийг 5000-25000 төгрөгөөр торгоно.

4.2. Хохирол учруулсан этгээд хохирлыг санаатайгаар барагдуулаагүй бол хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг сум, багийн Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, хохирогч шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

 

 

 

---оОо--