A

A

A

Бүлэг: 1979

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/75 дугаар тушаалын  хоёрдугаар хавсралт

 

ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ

ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

          1.1.Цагдаагийн байгууллагаас галт зэвсгийн гэрчилгээ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдсөн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоход хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа шуурхай байх зарчмыг баримтална.

1.3.Цагдаагийн байгууллагаас “Галт зэвсгийн гэрчилгээ” авснаар иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүснэ.

 

Хоёр.Галт зэвсгийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлага

 

2.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч галт зэвсэг өмчлөх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоход Галт зэвсгийн тухай хуулийн 9, 10, 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.

 

Гурав.Галт зэвсгийн гэрчилгээ олгох

3.1.Аймаг, хотын цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч ажлын 10 хоногийн дотор судалж, шалгаад, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

3.2.Галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээ олгоход Галт зэвсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдлийг болон галт зэвсэг ашиглаж санаатай гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгасан байдал, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаарх тэмдэглэгээг тус тус тусгана.

3.3.Иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээг аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн дарга олгоно.

3.4.Галт зэвсгийн гэрчилгээний бүртгэлийн сери нь 2 үсгээр тэмдэглэгдэнэ. Серийн эхний тэмдэглэгээ нь тухайн галт зэвсгийг бүртгэсэн аймаг, дүүргийг, дараагийн тэмдэглэгээ нь тухайн иргэн, хуулийн этгээдийн оршин байгаа сум, хороог илэрхийлнэ.

3.5.Галт зэвсгийн гэрчилгээний дугаар нь 6 оронтой тооноос бүрдэнэ. Энэ сери, дугаар нь хамтдаа галт зэвсгийн улсын бүртгэлийн дугаар болох бөгөөд дугаар авагдсан галт зэвсгийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

3.6.Улсын бүртгэлийн дугаар олгосон галт зэвсэгт галт зэвсгийн бүртгэлийн карт 2 хувь үйлдэж, нэг хувийг сумны хонгио, хошуу, дагалдах хуудасны хамт аймаг, нийслэлийн хэв журмын албанд хүргүүлнэ.

3.7.Лицензийн төв нь аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсээс ирүүлсэн материалыг хүлээн авч бүртгэлийн картыг галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, орон нутгийн шүүхийн шинжилгээний албанаас хонгио, хошуу, дагалдах хуудсыг авч, шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлнэ.

Галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн, хуулийн этгээд нь галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхэд цагдаагийн байгуулага хяналт тавина.

3.8.Эрүүгийн цагдаагийн газар, хэлтэс, тасаг нь эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн тухай мэдээллийг аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсийн галт зэвсэг хариуцсан хэв журмын алба хаагчид тухай бүр хүргүүлж байна.

3.9.Цагдаагийн төв байгууллагын Санхүү, хангамжийн газар нь галт зэвсгийн гэрчилгээг нэгдсэн журмаар хийлгэж, аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсийн захиалгаар хуваарилан олгоно.

 

Дөрөв.Галт зэвсгийн гэрчилгээнд хамтран эзэмшигч, эзэмшигчийг бүртгэх

4.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь галт зэвсгийн хамтран эзэмшигч, эзэмшигчийг бүртгэхдээ Галт зэвсгийн тухай хуулийн 9.1, 10.1, 10.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд хамтран эзэмшигч, эзэмшигчээр тус тус бүртгэнэ.

4.2.Галт зэвсэг тавьж олгосон хуулийн этгээд нь тухайн галт зэвсгийн ашиглалтад хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах зааварчилгааг тухай бүр өгч ажиллах үүрэгтэй болохыг цагдаагийн байгууллагаас бүртгэлийн гэрчилгээ олгохдоо тайлбарлаж өгнө.

 

Тав.Галт зэвсгийг бүртгэлээс хасах, шилжүүлэг хийх

5.1.Галт зэвсгийг өмчлөх иргэн, хуулийн этгээд нь оршин байгаа газраасаа өөр аймаг, дүүрэгт шилжих зорилгоор галт зэвсгээ нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулсан тохиолдолд шилжин очиж буй нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нь хасалт хийсэн алба хаагч мэдэгдэнэ.

Галт зэвсгийг бүртгэлээс хассан, шинээр бүртгэсэн тухай тэмдэглэлийг галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл үйлдэнэ.

5.2.Иргэн, хуулийн этгээд өмчлөлдөө байгаа галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх бол нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээд хоёулаа бичгээр өргөдөл, хүсэлтийг үндэслэн галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэж, бүртгэлээс хасуулна.

Галт зэвсгийн бүртгэлийн картын тусгай тэмдэглэлд бүртгэлээс хассан тухай тэмдэглэл хийж, хөдөлгөөний мэдээг тухай бүр галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгэнэ.

 

----оОо----