- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАХ ТӨВД ЭРХ ОЛГОХ, САЛБАР НЭЭХ БОЛОН ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн А/245 тоот тушаалын 2 дугаар хавсралт
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ
ХУДАЛДАХ ТӨВД ЭРХ ОЛГОХ, САЛБАР НЭЭХ БОЛОН
ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА,
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв /цаашид “Төв” гэх/ ажиллуулах эрх олгох, орон нутагт салбар нээх, Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төв ажиллуулах эрхийг улсын хэмжээнд гурваас илүүгүй хуулийн этгээдэд нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
1.3.Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан комисс сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэнэ.
1.4.Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааг Комиссын ажиллах журмаар зохицуулна.
1.5.Төвийн сонгон шалгаруулалт зарлах, сонгон шалгаруулалтын санал ирүүлэх, хүлээн авах, Комиссын санал, дүгнэлтэд гомдол гаргахтай холбоотой харилцааг “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 3, 6, 9-д заасны дагуу зохицуулна.
Хоёр.Төв ажиллуулах хуулийн этгээдэд тавих шаардлага
2.1. Төв ажиллуулах хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.өөрийн ажлын байр болон агуулахтай байх;
2.1.2.Галт зэвсгийн тухай хуулийн 11.9 дэх хэсэгт заасны дагуу спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн баталсан шаардлагад нийцсэн буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байх;
2.1.3. галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх;
2.1.4.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;
2.1.5.гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
2.1.6.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй байх.
2.2.Энэ журмын 2.1.1-д заасан ажлын байр, агуулах нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон байх;
2.2.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хамгаалуулах;
2.2.3.телехяналтын систем нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага”-ыг хангасан байх;
2.2.4.байр, агуулахын хаалга нь төмөр, дотор тал нь галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байх;
2.2.5.агуулах нь нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй эсхүл салхивчтай байх. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байна.
2.2.6.агуулахын галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 20 см-ээс багагүй өндөрт байх.
Гурав.Төв ажиллуулах сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг
3.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:
3.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.1.2.үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга;
3.1.3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт;
3.1.4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;
3.1.5.энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан барилга, байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.1.6.ажлын байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/-ийн байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга, бусад бичиг баримт;
3.1.7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгийн хуулбар;
3.1.8.харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;
3.1.9.энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичиг.
Дөрөв. Сонгон шалгаруулалт явуулах, Төв ажиллуулах эрх олгох
4.1.Комиссын гишүүд нь Төвийн сонгон шалгаруулалтад оролцогч тус бүр энэ журмын 2, 3-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, баримт бичгийг бүрэн гүйцэд зохих журмын дагуу бүрдүүлсэн эсэхийг хянан үзнэ.
4.2.Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хянах, шалгаруулахдаа “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 7.2-7.6-д заасныг баримтлана.
4.3.Галт зэвсгийн тухай хуулийн 16.6 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн төв ажиллуулах эрхийг олгоно.
4.4.Төв ажиллуулах эрхийг Галт зэвсгийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаагаар олгоно.
Тав.Төвийн салбар нээх
5.1.Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд нь Галт зэвсгийн тухай хуулийн 16.7 дахь хэсэгт заасны дагуу орон нутагт салбартай байж болно.
5.2.Төвийн салбар нь үйл ажиллагаа явуулах газар /орон нутагт/-таа энэ журмын 2.1.1-д заасан байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.
5.3.Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд нь салбар нээх хүсэлтийг Комисст гаргах бөгөөд дор дурдсан баримтыг бүрдүүлж хандана:
5.3.1.үйл ажиллагаа явуулах байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/-ийн байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга;
5.3.2.салбарын үйл ажиллагаа явуулах байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/ нь Галт зэвсгийн тухай хуулийн 14.5, энэ журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт.
5.4.Комисс нь Төвийн салбар ажиллуулах байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/ аюулгүй байдлын болон бусад стандарт, дүрэм, журамд нийцэж байгаа эсэх талаар лавлагаа, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авч болно.
5.5.Комисс нь салбар нээх тухай хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах ба Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Төвийн салбар нээх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
5.6.Комисс нь Төвийн салбар нээх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичгээр хариу өгнө.
5.7.Төвийн салбар нээх зөвшөөрлийг Төв ажиллуулах эрхийн хугацаатай ижил хугацаагаар олгоно.
Зургаа.Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах
6.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд /цаашид “борлуулагч” гэх/ нь Галт зэвсгийн тухай хуулийн 16.7 дахь хэсэгт заасны дагуу Төвд байрлан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулна.
6.2.Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд болон борлуулагч нь Төвийн зохион байгуулалт, аюулгүй байдлын талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.2.1.Төв, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/-д ажиллах аюулгүй ажиллагааны дотоод журамтай байна.
6.2.2.Үйл ажиллагааны эрсдэл болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байна.
6.2.3.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байна.
6.2.4.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг харуул хамгаалалтын алба хаагчаар хамгаалуулж, зориулалтын, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
6.2.5.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахын гадна буюу эргэн тойронд тэсэрч дэлбэрэх, галд шатамхай аюултай бодисыг байрлуулахгүй.
6.2.6.Болзошгүй аюул, гамшиг, халдлага бий болсон нөхцөлд ажиллах төлөвлөгөөтэй байна.
6.2.7.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүрт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагын эргүүлийн чиглэл, хяналт-шалгалт хийх боломжоор хангана.
6.3.Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд энэ журмын 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана:
6.3.1.нэг борлуулагчид ногдох худалдааны талбайг 12 м2, агуулахын талбайг 9 м2-аас тус тус багагүй хэмжээтэй байлгана.
6.3.2.Төв нь өөрийн агуулахыг Төвд байрлаж буй борлуулагч бүрийн тоогоор тусгаарлаж, борлуулагчийн агуулахын өрөө /тасалгаа/-нд бусад этгээд нэвтрэх боломжгүй байхаар зохион байгуулна.
6.3.3.Төвийн ажлын байр, агуулах, буудлага үйлдэх байгууламжийн аюулгүй байдлыг энэ журмын 2.2-т заасан шаардлага, аюулгүй ажиллагааны дотоод журамд нийцүүлэн ажиллана.
6.3.4.Төвийн хамгаалалт, дохиолол, телехяналтын системийг гэрээт харуул хамгаалалтын албаны байнгын хяналтад байлгана.
6.4.Борлуулагч нь дараах байдлаар аюулгүй байдлыг хангаж ажиллана:
6.4.1.Төвийн ажлын байранд борлуулж буй бүх галт зэвсгийн гохыг цоожилж аюулгүй байдлыг хангасан байна.
6.4.2.Галт зэвсгийн сумыг галт зэвсэгтэй хамт үйлчлүүлэгчид үзүүлэх, гохны цоожгүй галт зэвсэг үзүүлэхийг хориглоно.
6.4.3.Камерын бичлэг ажиллахгүй үед галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн худалдаа хийхгүй байна.
6.4.4.Худалдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн дэлгэрэнгүй бүртгэлийг Галт зэвсгийн тухай хуулийн 17.6 дахь хэсэгт заасан загварын дагуу хөтөлнө.
6.4.5.Агуулахад галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг сумнаас тусад нь дараах байдлаар хадгална:
а/галт зэвсэг /урт буу/, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тусгай бэлтгэсэн давхар тавиур дээр нэг эгнээнд тоолж болохуйц 10-20 ширхэгээр эгнүүлэн байрлуулна.
б/гар бууг аюулгүй байдлыг хангасан саванд гохыг түгжиж хадгална.
в/сумыг тусгайлан савалсан хайрцагт, шаардлага хангасан өрөөнд төмөр шүүгээнд хадгална.
6.4.6.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн агуулах, өрөөний түлхүүрийг хариуцсан ажилтан төмөр хайрцагт хийж, лацдан харуул хамгаалалтын ажилтанд хадгалуулна. Харуул хамгаалалтын ажилтан нь агуулахын лац хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийг өдөр тутам хөтөлнө.
6.4.7.Алдагдсан, дутсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн талаар тагнуул, цагдаагийн байгууллагад мэдсэн даруйдаа мэдэгдэнэ.
6.4.8.Борлуулагч нь Галт зэвсгийн тухай хуулийн 16.8 дахь хэсэгт заасан баримт бичгийг авч энэ хуулийн 17.4 дэх хэсэгт заасан хугацаанд цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
6.5.Төвд байрлан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдах ажилтныг борлуулагч нь өөрөө томилно.
6.6.Төвд байрлан галт зэвсэг, сум худалдахтай холбоотойгоор борлуулагч болон Төв ажиллуулах эрхтэй этгээдийн хооронд үүсэх энэ журмаар зохицуулаагүй харилцааг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A