A

A

A

Бүлэг: 1979

            Хууль зүйн сайдын 2016 оны 
1 дүгээр сарын 11-ны өдрийн

                                                                              А/08 тоот тушаалын хавсралт

 

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

                    1.1. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж,  амжилт гаргасан   иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.

                                        Хоёр.  Нэр дэвшүүлэх, шийдвэрлэх

                    2.1. Урамшуулалд дараах иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага, албан тушаалтан нэр дэвшүүлнэ:

                  2.1.1. хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд тайлбарлан таниулах ажил хийсэн үр дүнг харгалзан нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллага;

                   2.1.2.албан тушаалтныг ажлын чанар, бүтээлч байдал, үр дүнг харгалзан  тухайн байгууллагын дарга;

                   2.1.3.иргэнийг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвх зүтгэл, саначлага гаргасныг харгалзан тухайн хорооны засаг дарга.

                    2.2. Шагнуулахаар нэр дэвшсэн иргэн,  аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргасан санал санаачлага, олон нийтийг хамруулан зохион байгуулсан үйл ажиллагаа нь  ямар үр дүнд хүрч, ашиг тус өгснийг баримтаар дурдан тодорхойлолтын хамт ирүүлнэ.    

                    2.3. Урамшуулалд нэр дэвшүүлж, тодорхойлоход дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

                             2.3.1.нэр дэвшигчийн анкет;

                              2.3.2.хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлын талаарх дэлгэрэнгүй танилцуулга;

                              2.3.3.ажил байдлыг тодорхойлсон эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг.

               2.4.Энэ журмын 2.1-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нэр дэвшүүлэн урамшуулах тухай саналаа бүрдүүлэх баримт бичгийн хамт Хууль зүйн яаманджил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ.

              2.5. Нэр дэвшигчийн материалыг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

                    2.6. Дэд зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэн Хууль зүйн сайд урамшуулал олгох тухай шийдвэр гаргана.

      Гурав. Урамшууллын хэлбэр, хэмжээ

                    3.1. Урамшууллын хэмжээ нь аж ахуйн нэгж, байгууллагад 500,000 /таван зуун мянган/ төгрөг, иргэн, албан тушаалтанд 300,000 /гурван зуун мянган/ төгрөг хүртэл байх бөгөөд өргөмжлөл олгоно.

                    3.2. Урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.3-д заасны дагуу холбогдох зардлаас гаргана. 

                                        Дөрөв. Бусад зүйл

                    4.1. Энэхүү журмын хэрэгжилтийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцан Төрийн захиргаа удирдлагын газартай хамтран зохион байгуулна.

                    4.2.  Урамшуулал  авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, алба тушаалтны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

                    4.3. Хууль зүйн яам энэ журамд заасны дагуу урамшуулал авсан иргэн,  аж ауйн нэгж, байгууллага, албан тушаалтны талаар мэдээллийн сантай байна. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт, хөдөлгөөнийг Хууль зүйн яамны шагнал, урамшуулал хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.

 

---оОо---