- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2016 оны 132 дугаар
тогтоолын хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ны эрх зүйн байдал, үйл ажиллагааны зохион байгуулалтыг энэ дүрмээр зохицуулна.
1.2. Хороо чиг үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх зохицуулалтын байгууллага бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг баримтална.
1.3. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэхэд Хорооны үндсэн зорилго оршино.
1.4. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл (цаашид “Хэмнэлтийн зөвлөл” гэх)-ийн бүрэн эрхийг Хороо хэрэгжүүлнэ.
1.5. Хорооны ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, стратегийг Хороо батална.
1.6. Хороо хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллана.
1.7. Хороо өөрийн бэлгэдэлтэй байхаас гадна хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.
Хоёр. Хорооны бүрэн эрх
2.1. Хороо Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.6 дахь хэсэг, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.1.1. эрчим хүчний салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
2.1.2. хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүрэм, журам, заавар, аргачлал баталж мөрдүүлэх;
2.1.3. эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөлтэй болон магадлан итгэмжлэлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон үүрэг хүлээсэн хэрэглэгч, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;
2.1.4. аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны зардлын төсөв, төсвийн гүйцэтгэлийг хянах;
2.1.5. Хорооны орон тооны бус гишүүд болон аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдэд олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа, магадлан итгэмжлэл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх;
2.1.7. эрчим хүчний хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн болон хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
2.1.8. Хорооны үйл ажиллагааны стратеги, зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2.1.9. хууль тотгоомж болон энэ дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
Гурав. Хорооны дарга, гишүүдийн бүрэн эрх
3.1. Хорооны дарга нь дараах бүрэн эрхтэй:
3.1.1. Хороог гадаад, дотоодод төлөөлөх;
3.1.2. Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах;
3.1.3. Хороо, түүний ажлын албаны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.4. Хорооны ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг зохих журмын дагуу Хорооны хуралд оруулж шийдвэрлүүлэх;
3.1.5. эрчим хүчний зохицуулалт, үнэ тариф, хэмнэлтийн талаар Засгийн газар болон эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;
3.1.6. Хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хурлыг товлож даргалах;
3.1.7. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
3.1.8. батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
3.1.9. Хорооны ажилтнуудын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.10. хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
3.2. Хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:
3.2.1. Хорооны ажлын алба, түүний нэгжийн удирдлагад үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих;
3.2.2. Хорооны хурлаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;
3.2.3. хурлаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг шаардах буюу гаргуулан авах;
3.2.4. Хорооны хуралд биечлэн оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр Хорооны хурлын нарийн бичгийн даргад урьдчилан өгөх.
3.3. Хорооны дарга, орон тооны хоёр гишүүн нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна. Орон тооны бус хоёр гишүүн нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарын зохих мэдлэг, дадлага туршлагатай, Монгол Улсын иргэн байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 15-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
3.4. Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг хорооны орон тооны гишүүнээр хамгийн олон жил тасралтгүй ажилласан, хэрэв Хорооны гишүүдийн ажилласан жил адил бол насаар ахмад гишүүн гүйцэтгэнэ.
3.5. Хорооны дарга, гишүүнийг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
3.5.1. томилсон хугацаа дууссан;
3.5.2. өөрөө хүсэлт гаргасан;
3.5.3. эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсныг эрх бүхий эрүүл мэндийн байгууллага тогтоосон;
3.5.4. хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; /ЗГ-ын 2017 оны 15-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3.5.5. хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан болон гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон.
3.6. Хорооны дарга, гишүүнийг энэ дүрмийн 3.5.2-3.5.5-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
Дөрөв. Хорооны хурлын зохион байгуулалт
4.1. Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Хорооны хурал байна.
4.2. Хорооны хурлыг сард 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд Хорооны даргын саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
4.3. Хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хурлын явцад тэмдэглэл хөтөлнө.
4.4. Хорооны шийдвэрт Хорооны дарга, гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулна.
4.5. Хорооны хурлын тэмдэглэлд Хорооны дарга, хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
Тав. Хорооны ажлын алба
5.1. Хороо нь түүний өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гарсан шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Ажлын албатай байна. Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хороо батална.
5.2. Ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. Хорооны дарга, гишүүдийг холбогдох мэдээ, баримт, судалгаагаар хангах;
5.2.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үнэ тариф, хэмнэлтийн бодлогын талаар санал боловсруулах;
5.2.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, хороонд танилцуулах;
5.2.4. хорооны эрх хэмжээнд хамаарах асуудлаар хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;
5.2.5. хорооны ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;
5.2.6. эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежерт эрх олгох, эрчим хүчний аудитын байгууллага болон мэргэжлийн байгууллагыг магадлан итгэмжлэх, сургалт зохион байгуулах талаар санал боловсруулах;
5.2.7. эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээний биелэлтэд дүн шинжилгээ хийж, хороонд танилцуулах;
5.2.8. эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг, урамшуулал үзүүлэх талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх.
---o0o---
Текст томруулах
A
A
A