A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 229 дүгээр
        тогтоолын 1 дүгээр хавсралт

“САЙН ОЮУТАН” ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

    Нэг. Хөтөлбөрийн зорилго

1.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь дээд боловсролын байгууллагад суралцаж байгаа оюутны хариуцлагыг дээшлүүлж, түүний өрсөлдөх чадвар, сурах бололцоог нэмэгдүүлж, оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг сайжруулахад оршино.

Хоёр. Сургалтын төлбөрийн зээлийн
нөхцөлийг сайжруулах

2.1. Оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг дараах байдлаар сайжруулна:

        2.1.1. сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх;

        2.1.2. оюутанд сургалтын төлбөрийн богино хугацаатай зээл олгох;

        2.1.3. оюутанд сургалтын төлбөрийн урт хугацаатай зээл олгох.

2.2. Энэхүү хөтөлбөрийн 2.1-д заасан зээлийн дахин санхүүжилт, шинэ зээлийн төрөл, тавигдах шаардлага, санхүүжилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах ерөнхий журмыг Засгийн газар батална.

2.3. Оюутны сургалтын төлбөрийн зээл олгох журам тогтооход дараах зарчмыг баримтална:

         2.3.1. зээлийн нөхцөлийг оюутны сурлагын дүнтэй уялдуулах;

         2.3.2. оюутны сурлагын чанар сайжирснаар илүү сайн нөхцөлтэй зээл авах, сургалтын төлбөрийн асуудлаа оюутан бие даан шийдвэрлэх боломж бүрдүүлэх;

         2.3.3. оюутан сургалтын төлбөрийн урт хугацаатай зээлд бие даан хамрагдах боломжийг хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан шийдвэрлэх.

2.4. Оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл боломжийг дэмжих хүрээнд дараах арга хэмжээг авна:

       2.4.1. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн зээлийн талаарх мэдээ, мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулж, хөтөлбөрийн ил тод, нээлттэй байдлыг хангана;

       2.4.2. хөтөлбөрийн зээлийн хэрэгжилтийн тайланг улирал тутам гаргаж, олон нийтэд мэдээлнэ;

       2.4.3. төгсөгчдийн ажил эрхлэлт, орлогын түвшин, төгссөн мэргэжлээрээ ажиллаж байгаа  байдал зэрэг асуудлыг хамарсан судалгаа хийх;
     
       2.4.4. хөтөлбөрийн нийгэм, эдийн засгийн үр ашгийн шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж, үр дүнг олон нийтэд тайлагнана.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл

3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

       3.1.1. олон талын оролцоог хангаж, эх үүсвэр болон эрсдэлийг хуваалцах;

       3.1.2. оюутан, сургуулийн оролцоо, хариуцлагыг илүү тодорхой болгох;

       3.1.3. зээлийг банкаар дамжуулан олгох;

       3.1.4. зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс бүрдүүлэх;

        3.1.5. хөтөлбөрийн үр дүнг тогтмол үнэлж, боловсронгуй болгох арга хэмжээг авч байх;

3.2. Хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхдээ дараах журмыг баримтална:
 
        3.2.1. банктай гэрээ байгуулсны үндсэн дээр эх үүсвэр олгох;

        3.2.2. эх үүсвэрийн эргэн төлөгдөх баталгааг банкнаас гаргах энгийн векселиэр баталгаажуулсан байх;

        3.2.3. зээлийн эрэлтэд тулгуурлан банкинд эх үүсвэр олгох.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн

4.1. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуураар дүгнэнэ:

       4.1.1. оюутны сурлагын голч дүн ахисан байдал;

       4.1.2. төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь;

       4.1.3. эцэг эхийн авсан сургалтын төлбөрийн зээлийн хүүгийн дундаж төлбөр;

       4.1.4. зээлийн эргэн төлөлтийн хувь, зээлийн чанар.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, дээд боловсролын салбарын зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн жилийн элсэгчдийн тоо болон бусад хүчин зүйлийн нөлөөллийг харгалзана.

4.3. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрсэн байна:

        4.3.1. дээд боловсролын сургалтын чанар сайжирч, төгсөгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ;

        4.3.2. оюутан санхүүгийн хувьд бие даан суралцах нөхцөл бүрдэж, хариуцлагаа ухамсарласан, өрсөлдөх чадвартай иргэн болж төлөвшинө;

        4.3.3. оюутны суралцах арга барил, чадвар сайжирсан байна;

        4.3.4. төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь нэмэгдсэн байна.

 

 

---о0о---