A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 196 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 240 дүгээр
тогтоолын хавсралт


ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ
БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 196 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Бүс, дэд бүс байгуулах, өөрчлөх,
татан буулгах

2.1. Бүс, дэд бүс байгуулах, тэдгээрийн хилийн цэсийг тогтоох үйл ажиллагаа нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (цаашид “ДМАЭМБ” гэх)-аас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 4.3 дугаар бүлэгт заасан шалгуурт нийцсэн байна. Бүс байгуулахдаа аймаг, нийслэлийн, дэд бүс байгуулахдаа сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хуваахгүй байх зарчим баримтална.

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүс тогтоох, мал эмнэлгийн хяналтын цэг байгуулж ажиллуулах, бүсийг татан буулгах, түүний хилийг өөрчлөх асуудлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

2.3. Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор дараах бүсийг байгуулан хилийн цэсийг нь бүсүүдийг зааглаж байгаа аймгийн хилээр тогтоож, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, өвчингүй тайван статусыг тогтвортой хадгалахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ: 

2.3.1. баруун бүс-Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр;

2.3.2. төвийн бүс-Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр;

2.3.3. зүүн бүс-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэр.

2.4. Дараах сумдын нутгийг хамруулан хяналтын зурвас байгуулж, бүс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх чадавх бүрдүүлэх, иж бүрэн тандалт шинжилгээ хийх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ:

2.4.1. баруун болон төвийн бүсийн хяналтын зурвас-Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Жаргалант сумд; Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумд; Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст сумдын нутаг дэвсгэр;

2.4.2. төвийн болон зүүн бүсийн хяналтын зурвас-Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан сумд; нийслэлийн Багануур дүүрэг; Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил сумд; Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын нутаг дэвсгэр.

2.5. Энэ журмын 2.3-т заасны дагуу байгуулсан бүсийн нутаг дэвсгэр дэх мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал өөрчлөгдөх тохиолдолд тухайн бүсийг энэ журмын 2.1-д заасан аргачлал, зарчмыг баримтлан өвчин гарсан сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн заагийг баримтлан түр хугацаанд дэд бүс байгуулж болно.

2.6. Дэд бүс байгуулах, үүнтэй холбоотойгоор хяналтын зурвас тогтоох, мал эмнэлгийн хяналтын цэг байгуулах, дэд бүсийг өөрчлөх, татан буулгах асуудлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. 

Гурав. Бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчний статусыг
 тогтоох, зарлан мэдээлэх

3.1. Бүс, дэд бүсийн нутаг дэвсгэрийн гоц халдварт өвчингүй, тайван статусыг олон улсын худалдаанд хориг саад үүсгэх эрсдэл бүхий халдварт өвчин тус бүрээр тогтоох бөгөөд энэ үйл ажиллагаанд ДМАЭМБ-аас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын тухайн өвчинд холбогдох заалтыг удирдлага болгоно.

3.2. Бүс, дэд бүсүүдэд хэрэгжүүлсэн тархвар зүйн судалгаа, тандалт шинжилгээний үр дүн, бусад нотлох баримт дээр тулгуурлан олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статусыг тухайн дараах байдлаар тогтооно:

3.2.1. өвчингүй, вакцин хэрэглэдэг бүс;

3.2.2. өвчингүй, вакцин хэрэглэдэггүй бүс;

3.2.3. тайван бүс;

3.3. Энэ журмын 3.2-т заасны дагуу статус тогтоох, цуцлах, сэргээх асуудлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэж, тухай бүрт өөрийн байгууллагын цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлан мэдээлнэ.

3.4. Бүс, дэд бүсийн нутаг дэвсгэр дэх мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван статусыг тогтвортой хадгалах, түүнийг ДМАЭМБ болон мал, малын гаралтай бүтээгдэхүүн импортлогч улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Дөрөв. Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ

4.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. гоц халдварт өвчнийг оношлох, голомтыг устгах, тэмцэх, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, эм, бэлдмэлийн болон хүний нөөц, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4.1.2. энэ журмын 3.2-т заасан бүс нутгийн гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны тоог гаргаж, жил бүр тандалт шинжилгээ хийх хөрөнгө, зардлыг төлөвлөж шийдвэрлүүлэх;

4.1.3. гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны шилжилт хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ хэрэгжүүлэх.

4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. энэ журмын 3.2-т заасан бүс нутаг дахь мал, амьтны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хөрөнгө, хүн хүч гаргах, мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

4.2.2. энэ журмын 3.2-т заасан бүс нутгийн мал, амьтанд гоц халдварт өвчний тандалт, зорилтот шинжилгээг захиалгаар мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлэн, жил бүрийн тайланг мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

4.2.3. мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хяналтын цэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, автотээврийн хяналтын болон хууль сахиулах байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах;

4.2.4. хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх арга хэмжээ авах;

4.2.5. эрсдэл бүхий гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд мал эмнэлгийн хяналтын цэгт ариутгал, халдваргүйтгэлийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.2.6. олон нийтэд мэдээлэл хүргэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх.

4.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. харьяа нутаг дэвсгэртээ мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу гоц халдварт өвчний тандалт, зорилтот шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

4.3.2. тандалт, шинжилгээгээр халдвартай, сэжигтэй нь тогтоогдсон мал, амьтан, нянгаар бохирдсон бүтээгдэхүүн, түүхий эдийг устгах саналыг тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх;

4.3.3. ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг зааврын дагуу хийж гүйцэтгэж, энэ талаарх баримт бичгийг үйлдэх.

4.4. Мэргэжлийн хяналтын байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.4.2. энэ журмын 3.2-т заасан статустай бүс нутагт байгаа голомтыг устгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг мөрдүүлэх, зөвлөмжөөр хангах;

4.4.3. үзлэг, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг саатуулж, тухайн шатны Засаг дарга болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авах;

4.4.4. бүс, нутагт нийтэд худалдаалах зорилгоор мал, амьтан төхөөрөх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

4.4.5. хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тухай иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх.

4.5. Олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван бүс, дэд бүсэд байнга болон түр оршин сууж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

4.5.1. мал, амьтныг бүс хооронд тууварлах, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ малын эрүүл мэндийн болон ариун цэврийн гэрчилгээ авсан байх;

4.5.2. хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;

4.5.3. мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах;

4.5.4. малын эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандалт, шинжилгээ, дархлаажуулалтад малаа бүрэн хамруулах, хашаа, байр, хүн хүчээр хангах.

Тав. Хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.

 

---о0о---