- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ (цаашид “үнэлгээ” гэх) хийхэд энэхүү аргачлалыг баримтална.
1.2.Үнэлгээ хийх ажлын зорилт нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход оршино.
1.3.Энэхүү аргачлал нь дараах хууль тогтоомжид хамаарахгүй:
-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай;
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай;
-Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;
-Хууль тогтоомжийн тухай хуулийн 6.2, 6.3-т заасан;
-хуульд заасан бусад.
Хоёр. Үнэлгээ хийх үе шат
2.1.Үнэлгээ хийх ажил дараах үе шаттай[1] байна:
2.2.1.төлөвлөх;
2.2.2.хэрэгжүүлэх;
2.2.3.үнэлэх.
Гурав. Төлөвлөх үе шат
3.1.Төлөвлөх үе шатанд[2] дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
3.1.1.үнэлгээ хийх шалтгааныг тодорхойлох;
3.1.2.үнэлгээ хийх хүрээг тогтоох;
3.1.3.шалгуур үзүүлэлтийг сонгож тогтоох;
3.1.4.харьцуулах хэлбэрийг сонгох;
3.1.5.шалгуур үзүүлэлтийг томьёолох;
3.1.6.мэдээлэл цуглуулах аргыг сонгох.
3.2.Үнэлгээ хийх шалтгааныг тодорхойлох: Хууль тогтоомж нь тухайн харилцааг зохицуулж чадаж байгаа эсэх болон тухайн хууль тогтоомжийн нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэхийн тулд үнэлгээний ажлыг эхлэхээс өмнө үнэлгээ хийх шалтгааныг тодорхойлно. Тухайлбал, дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж болно:
3.2.1.тухайн хууль тогтоомжийг шүүхийн практикт хэрэглэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хүндрэл, бэрхшээл гарах, ойлгомжгүй, зөрчилтэй зохицуулалттай байх, тэдгээр нь цаашид тухайн харилцаанд сөрөг үр дагавар үүсгэх шинжтэй байвал;
3.2.2.хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад түүний зохицуулалт бодит байдалтай нийцээгүй, тухайн харилцааг зохицуулах боломжгүй, эсхүл нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй, эсхүл тэдгээрээс улбаалсан сөрөг үр дагавар бий болсон бол;
3.2.3.захиргааны байгууллага[3] эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл үүссэн бол;
3.2.4.нийгмийн бүлэг, төрийн бус байгууллага хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар түүнийг өөрчлөх, шинэчлэх, эсхүл хүчингүй болгох талаар үндэслэл бүхий санал гаргасан;
3.2.5.төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах талаарх үүргээ биелүүлэхгүй байгаа буюу Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа бол;
3.2.1.6.тухайн хууль тогтоомжид тодорхой хугацааны дараа түүний хэрэгжилтийн үр дагаврыг тооцохыг тусгасан бол.
3.3.Үнэлгээ хийх хүрээг тогтоох:
3.3.1.үнэлгээний хүрээг тогтоох ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг судлах явцад агуулгын хувьд чухал ач холбогдолтой, нөлөөлөл үзүүлэх хамгийн гол зохицуулалтыг тодорхойлоход чиглэнэ.[4]
3.3.2.анх тогтоосон үнэлгээний хүрээг өргөжүүлэх, эсхүл хасах нөхцөл байдал үүссэнийг шалгаж, өөрчлөгдсөн тохиолдолд сонгож тогтоосон шалгуур үзүүлэлтийг өөрчилж болно.
3.3.3.үнэлгээний хүрээг тогтоохдоо үнэлгээ хийх ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хүний нөөц, цаг хугацаа, гарах зардлыг заавал харгалзан үзнэ.
3.4.Шалгуур үзүүлэлтийг сонгож тогтоох: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг тодорхойлоход дараах шалгуур үзүүлэлтийг сонгож тогтооно:
3.4.1.зорилгод хүрсэн түвшин-тухайн хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойшх хугацаанд хуулийн зорилго, зорилтдоо хүрсэн эсэхийг тогтооно.
3.4.2.зардлын өсөлт, бууралт-хууль тогтоомж хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага болон улсын төсөвт үүсч байгаа зардлын өсөлт, бууралтыг тодорхойлно. Энэ шалгуур үзүүлэлтийг хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор зардал өссөн, эсхүл буурсан өөрчлөлтийг гаргах үүднээс томьёолно.
3.4.3.зардал-үр өгөөжийн харьцаа-тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө, гарсан үр өгөөжийн харьцааг тооцон гаргана. Тодруулбал, хууль тогтоомж нийгэмд үр нөлөөтэй үйлчилж, тодорхойлсон зорилтдоо бүрэн, эсхүл зарим хэсэгт нь хүрсэн эсэхийг тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарсан зардлын хэмжээг харьцуулан гаргаж ирнэ.[5]
3.4.4.хүлээн зөвшөөрөгдсөн байдал-иргэд, хуулийн этгээдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр гарсан үр дагаврыг хэрхэн хүлээн авч байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг нийгэм хүлээн зөвшөөрч, сайн дураар сахин биелүүлж байгаа эсэхийг энэ шалгуур үзүүлэлтээр шалгана.
3.4.5.практикт нийцэж байгаа байдал-тухайн хууль тогтоомжийн зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа, түүний эерэг болон сөрөг үр дагавар хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа эсэхийг тодорхойлно.
3.4.6.бусад үр дагавар-урьдчилан тооцоогүй болон шинээр гарч болзошгүй ямар үр дагавар байж болохыг тооцоолно.
Шалгуур үзүүлэлт нь үнэлгээ хийх болсон шалтгаантай уялдсан байх бөгөөд оновчтой, бодит, хэмжиж болохуйц байна. Шалгуур үзүүлэлтийг тогтооход дараах асуудлыг анхаарах шаардлагатай:
-тухайн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх болсон шалтгааныг сайтар ойлгосон байх;
-шалгуур үзүүлэлтээр шалгаж, тогтоох гээд байгаа хамгийн гол асуудлын талаар чиглэлээ эхлээд зөв тогтоох;
-үнэлгээ хийх асуудал тодорхой болсон үед тодорхой 1 шалгуур үзүүлэлтийг сонгон авах;
-зөвхөн 1 шалгуур үзүүлэлтээр тухайн асуудалд бүрэн үнэлэлт өгөх боломжгүй тохиолдолд 2 болон түүнээс дээш шалгуур үзүүлэлтийг сонгох.
3.5.Харьцуулах хэлбэрийг сонгох:
3.5.1.хууль тогтоомж хэрэгжсэнээр нийгмийн харилцаанд гарсан эерэг, сөрөг өөрчлөлтүүдийг олж тодорхойлоход харьцуулах хэлбэрүүдийг ашиглана.
3.5.2.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхдээ түүний хэрэгжилттэй холбоотой үүссэн асуудал буюу үнэлэх болсон шалтгаан, тогтоосон хүрээ, шалгуур үзүүлэлтээс хамааран аль болох тохиромжтой харьцуулах хэлбэрийг сонгоно.
3.5.3.харьцуулах дор дурдсан хэлбэрүүд байна:
3.5.3.1.байх ёстой болон одоо байгаа-хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш гарсан үр дагавар (одоо байгаа нөхцөл байдал)-ыг бодитой хэмжиж тогтоосон үзүүлэлтүүдийг тухайн хууль тогтоомжоор тогтоосон шаардлага, норм, хугацаа, давтамж, хэмжиж болохуйц тодорхой тоогоор илэрхийлэгдсэн тоон үзүүлэлттэй харьцуулах хэлбэрээр хууль тогтоомжийн зорилгын хэрэгжилт ямар түвшинд байгааг тогтооно. Үнэлгээ хийхээр сонгож авсан хууль тогтоомжид байвал зохих тодорхой үзүүлэлтийг зааж өгсөн бол тэрхүү үзүүлэлтийг одоо байгаа үзүүлэлттэй шууд харьцуулж болно.
3.5.3.2.хууль тогтоомж батлагдахаас өмнөх болон хууль тогтоомж батлагдсанаас хойш-хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх нөхцөл байдлыг хууль тогтоомж хүчин төгөлдөр хэрэгжсэний дараах нөхцөл байдал буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад гарч байгаа үр дагавартай харьцуулан дүн шинжилгээ хийхийг хэлнэ.
Байвал зохих үзүүлэлтийг хууль тогтоомжид тодорхой заагаагүй бол хууль тогтоомж батлагдахаас өмнөх үеийн нөхцөл байдал, тоо баримтыг хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш бий болсон үеийн нөхцөл байдал, тоо баримттай харьцуулж болно.[6]
3.5.3.3.хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш-хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг он дарааллаар судалж тогтооход чиглэгдэнэ. Тодорхой цаг хугацааны дарааллаар нөхцөл байдлын өрнөлийг жагсааж гаргасан судалгааг үнэлгээнд хэрэглэнэ.
3.5.3.4.тохиолдол судлах-хууль тогтоомж (түүний зүйл, хэсэг, заалт), эсхүл үнэлгээний хүрээгээр тогтоосон ижил төстэй эрх зүйн хэм хэмжээ өөр, өөр орчин нөхцөлд (бусад улсад, өөр орон нутагт гэх мэт) хэрэгжиж байгаа байдлыг харьцуулан дүн шинжилгээ хийхийг хэлнэ.
3.5.4.Тогтоосон шалгуур үзүүлэлт бүрт харьцуулах хэлбэрийг тохируулж сонгоно.
3.6.Шалгуур үзүүлэлтийг томьёолох:
3.6.1.шалгуур үзүүлэлтийг томьёолох гэдэг нь тогтоосон шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой таамаглалыг дэвшүүлэх, эсхүл асуулт тавихыг хэлнэ.
3.6.2.хэрэгжилтийг нь шалгаж үнэлгээ хийх гэж байгаа хууль тогтоомжийн бүтэц, агуулга, зохицуулалтын шинж чанар, онцлогоос хамааран аль тохиромжтой буюу түүгээр хэрэгжилтийн үр нөлөө, үр дагавар нь гарч ирэх шалгуур үзүүлэлтийг сонгоно.
3.6.3.таамаглал дэвшүүлэх, асуулт тавихдаа аль болох товч, тодорхой томьёолно.[7]
3.7.Мэдээлэл цуглуулах аргыг сонгох:
3.7.1.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд тоон болон чанарын мэдээлэл ашиглана.
3.7.2.үнэлгээ хийж байгаа хуулийн хэрэгжилттэй холбоотой ямар мэдээлэл олж авахаа тодорхойлж, уг мэдээллийг ямар аргаар цуглуулахаа сонгоно.
3.7.3.дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг дараах аргаар цуглуулж болно:
3.7.3.1.бэлэн байгаа мэдээллийг цуглуулахдаа тухайн хууль тогтоомжийг хэрэглэж гаргасан шүүхийн шийдвэр буюу шүүхийн практик, тухайн сэдвээр гарсан мэргэжлийн ном, товхимол, гарын авлага, эмхэтгэл, өгүүлэл, илтгэл, эрдэм шинжилгээ, судалгааны тайлан, статистикийн тоо баримт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалжийг ашиглана;
3.7.3.2.холбогдох субьектээс судалгаа авах: тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж байгаа болон чиг үүргээрээ түүнтэй холбоотой төрийн байгууллага, албан хаагч, хуулийн хэрэгжилтэд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл цуглуулахын тулд анкетын болон ярилцлагын аргыг ашиглах, хэлэлцүүлэг хийж болно. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагаас албан ёсоор тайлан, судалгаа, бусад мэдээлэл (тухайн байдлын чанарын үзүүлэлт)-ийг гаргуулж болно.
3.7.3.3.шинжээчдийн зөвлөгөөн зохион байгуулах аргаар цуглуулсан мэдээлэл, судалгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, дүгнэхэд хангалттай бус, эсхүл эргэлзээтэй бол илүү тодорхой мэдээлэл авах зорилгоор тодорхой салбар, чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, эсхүл хууль тогтоомж хэрэгжүүлж байгаа буюу түүний хэрэгжилтэд хамаарах бусад субьектийг оролцуулсан уулзалт, ярилцлага зөвлөгөөнийг зохион байгуулан хэрэгцээтэй мэдээллээ олж авна.
3.7.3.4.биечлэн судалгаа хийхдээ хууль тогтоомж хэрэгжиж байгаа орчин нөхцөлд биечлэн очиж, ажиглалт хийх, эсхүл дээр дурдсаны дагуу анкетын болон ярилцлагын аргыг ашиглан мэдээлэл цуглуулж болно.
3.7.4.энэ аргачлалын 3.7.3-т заасан аргыг бүгдийг нь хэрэглэх шаардлагагүй бөгөөд харин үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд хэрэгцээтэй мэдээлэл хангалттай байгаа эсэхээс хамааран аль нэгийг нь сонгож болно. Өөрөөр хэлбэл, судлах зүйлээс хамаарч судалгааны ямар арга хэрэглэхээ оновчтой тогтоох шаардлагатай юм.
Дөрөв. Хэрэгжүүлэх үе шат
4.1.Төлөвлөлтийн үе шатанд сонгосон мэдээлэл цуглуулах аргын дагуу холбогдох мэдээлэл цуглуулах, судалгаа хийх ажлыг хэрэгжүүлэх үе шатанд гүйцэтгэнэ.
4.2.Хэрэгжүүлэх үе шатны гол зорилго нь хэрэгцээтэй, шаардлагатай байгаа ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах ажиллагааг үнэлгээ хийж байгаа субьект буюу багийн тусламжтайгаар бодит ажил болгон гардаж хийнэ.
4.3.Мэдээлэл цуглуулах буюу судалгаа хийхдээ ямар мэдээлэл, судалгааг хэнээс, хэрхэн, ямар аргаар, хэзээ авахаа оновчтой тодорхойлно.
4.4.Мэдээлэл цуглуулах, судалгаа хийхдээ шаардагдах хөрөнгө санхүү, хүний нөөц, цаг хугацаа, мэдээллийг зөв тооцоолж зохион байгуулна.
Тав. Үнэлэх үе шат
5.1.Энэ үе шатанд үнэлгээний ажлыг эцэслэн, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөмж боловсруулах бөгөөд дараах дарааллыг баримталж ажиллана:
5.1.1.цуглуулсан мэдээллийг үнэлэх;
5.1.2.тогтоосон шалгуур үзүүлэлт болон харьцуулах хэлбэрийг ашиглан үнэлэх.
5.2.Цуглуулсан мэдээллийг дараах байдлаар үнэлнэ:
5.2.1.хангалттай эсэх;
5.2.2. зайлшгүй шаардлагатай буюу хамааралтай мэдээлэл эсэх;
5.2.3.бодитой эсэх.
5.3.Тогтоосон шалгуур үзүүлэлт болон харьцуулах хэлбэрийг ашиглан дараах байдлаар үнэлнэ:
5.3.1.хууль тогтоомж хэрэгцээ, шаардлага, зорилготойгоо нийцэж байгаа эсэхийг судлах;
5.3.2.мэдээллийг задлан шинжилсний үндсэн дээр тоон болон чанарын үнэлэлт өгөх;
5.3.3.бусад хууль, дэд акттай харьцуулах;
5.3.4.үнэлгээний үр дүнгийн түвшинд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн шинжилгээ хийх.
5.4.Томьёолсон шалгуур үзүүлэлтэд тулгуурлан дор дурдсаны дагуу дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулна:
5.4.1.үнэлгээг илэрхийлсэн дүгнэлт гаргах;
5.4.2.үнэлгээний үр дүнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг илүү хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох зөвлөмж гаргаж болох бөгөөд мөн дараах саналыг гаргаж болно:
5.4.2.1.тухайн хууль тогтоомжийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бол хэвээр нь үлдээх;
5.4.2.2.тухайн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
5.4.2.3.тухайн хууль тогтоомжийг шинэчлэн найруулах;
5.4.2.4. тухайн хууль тогтоомж, түүний зарим зүйл, заалтыг хүчингүй болгох.
5.5.Үнэлгээний үр дүнг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлж, онол-практикийн хурал зохион байгуулж болох бөгөөд хууль тогтоох болон хууль хэрэглэх, практикт ашиглах зорилгоор үнэлгээний тайлан, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж болно.
---о0о---
[1]Зарим тохиолдолд тухайн асуудлын онцлогоос хамаарч уг дарааллыг баримтлахгүй байж болно.
[2]Энэ үе шат хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөө, үр дагаврыг үнэлэх ажлын суурь бөгөөд түүнд хамаарах алхмуудыг амжилттай гүйцэтгэж чадвал дараагийн хэрэгжүүлэх болон үнэлэх үе шатанд хийх ажил тодорхой, ойлгомжтой болно.
[3]Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д зааснаар ойлгоно.
[4]Энэ нь үнэлгээ хийх болсон шалтгаанууд (өмнө тодорхойлсон)-тай харилцан уялдаа, хамааралтайгаар хийх ажиллагаа бөгөөд эерэг, сөрөг нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудал, үр дагавар бүхий харилцаатай холбогдсон хуулийн зохицуулалтыг илрүүлнэ.
[5] Энэхүү шалгуур үзүүлэлтээр шалгаснаар зардал их гарсан ч хуулийн хэрэгжилтийн үр нөлөө сайн, эсхүл муу, зардал бага гарсан ч хуулийн хэрэгжилтийн үр нөлөө муу, эсхүл сайн гэсэн бодит болон хийсвэр дүгнэлт гарах боломжтой.
[6]Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнөх болон хууль хэрэгжсэний дараах (аль болох олон жилийн) тоо баримтыг харьцуулах нь зүйтэй бөгөөд тодорхой цаг хугацааны дарааллаар тасралтгүй жагсааж гаргасан судалгаа чухал ач холбогдолтой.
[7]Хэрэв шалгуур үзүүлэлтийг томьёолох явцад асуудал тодорхой болсон тохиолдолд цаашид түүгээр мэдээлэл цуглуулах шаардлагагүй. Харин үнэлгээндээ асуудал тодорхой болсныг үндэслэлтэй тайлбарлана.
Текст томруулах
A
A
A