A

A

A

Бүлэг: 1979

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын

2016 оны А/284 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ

УРИЛГА ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсад гадаадын иргэнийг хувийн хэргээр урих Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-ий хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга (цаашид "урилга" гэх) олгох үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Урилга нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэнд Монгол Улсын виз олгох үндэслэл болно.

1.3.Энэхүү журам нь Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хөндөхгүй.

1.4.Урилгыг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид "Ерөнхий газар" гэх) олгоно.

 

Хоёр. Уригч, уригдагч, тэдний эрх, үүрэг

 

2.1.Уригч гэж Ерөнхий газраас энэ журмын дагуу урилга авахаар хүсэлт гаргаж байгаа 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг, уригдагч гэж уригдахаар хүсэлт гаргагч болон уригчаас өөрт нь илгээсэн урилгыг хилийн чанадад байхдаа хүлээн авсан гадаадын иргэнийг ойлгоно.

2.2.Уригч дараах үүрэг хүлээнэ:

2.2.1.урилга мэдүүлэх хуудсыг үнэн зөв бөглөх;

2.2.2.Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргах;

2.2.3.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах;

2.2.4.уригдагчийг Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцаах;

2.2.5.хуульд заасан бусад.

2.3. Уригдагч Монгол Улсад байх хугацаандаа дараах үүрэг хүлээнэ:

2.3.1.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

2.3.2.Монгол Улсад байх визийн хугацаанд буцах;

2.3.3.хуульд заасан бусад.

2.4.Дор дурдсан гадаадын иргэн уригдагч байх эрх эдлэхгүй:

2.4.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр;

2.4.2.Уригдагч гадаадын иргэн нь уригч хувийн урилга олгох хүсэлт гаргахаас өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн.

 

Гурав.Урилга авах хүсэлт гаргах, шийдвэрлэх

3.1.Уригч нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж хүсэлтээ гаргана:

3.1.1.өргөдөл;

3.1.2.иргэний үнэмлэх, Монгол Улсад оршин суух үнэмлэх;

3.1.3.уригдагч гадаадын иргэний гадаад паспорт, паспортыг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

3.1.4.уригдагч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх баталгаа;

3.2.Уригч нь урилга хүссэн өргөдөлдөө уригдах гадаадын иргэний Монгол Улсад зорчих шалтгаан, зорилгыг тодорхой зааж, гадаадын иргэнийг тус улсад байх хугацаанд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, нутаг буцаах талаар дурдана.

3.3.Уригчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан мэргэжилтэн дараах мэдээллийг шалган урилга олгох үндэслэлтэй эсэхийг тогтооно:

3.3.1.уригч нь энэ журамд заасан уригч байх эрхтэй эсэх;

3.3.2.уригдагч нь энэ журамд заасан уригдагч байх эрхтэй эсэх;

3.3.3.уригч нь өмнө урьсан гадаадын иргэнээ Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцааж байсан эсэх;

3.3.4.уригдагчийн талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэх.

3.4.Шаардлагатай тохиолдолд зарим гадаад орны иргэнд хувийн урилга олгохдоо хууль хяналтын байгууллагаас санал авч шийдвэрлэнэ.

3.5.Урилгыг 30 хүртэл хоногоор олгоно.

3.6.Урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

3.7.Урилга олгохоор зөвшөөрсөн тохиолдолд мэдүүлгийн хуудас бөглүүлж, урилгын хураамжийг төлүүлнэ. Урилгыг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан олгоно.

3.8.Урилгад Ерөнхий газрын даргаас эрх олгогдсон албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

3.9.Уригдагч нь уригчаас илгээсэн урилгыг хүлээн авч Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана.

3.10.Ерөнхий газар нь урилгыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт цахим хэлбэрээр илгээж болно.

3.11.Урилга олгогчоос урилга олгохоос татгалзсан тохиолдолд шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

---оОо--