- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Засгийн газрын 2016 оны 320 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөдөлмөр эрхлэлт нь иргэн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг хангахад чиглэх бөгөөд иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орлогын түвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа, улс орны хөгжлийн үндэс болно.
1.2. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т тунхагласан 17 зорилго, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болно.
1.3. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого (цаашид “хөдөлмөр эрхлэлтийн бодлого” гэх)-ыг боловсруулах үндэслэл, шаардлага:
1.3.1. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2016 оны 5 дугаар сарын статистик мэдээллээс авч үзэхэд 47.3 мянган ажил хайгч иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй байгаагаас 33.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар өссөн байна;
1.3.2. улс орны эдийн засгийн өсөлтийн үр дүнд ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдэх ёстой боловч манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа уул уурхай, барилга, газар тариалангийн салбар улирлын шинжтэйгээс ажлын байрыг дорвитой нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад нөлөө үзүүлэхгүй байна;
1.3.3. хөдөлмөрийн харилцааны зохицуулалт оновчтой бус байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй болсон бөгөөд ажиллах хүчний нөөцийг зохистой ашиглаж, ажил олгогчийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна;
1.3.4. хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй, худалдаа, үйлчилгээний уламжлалт салбараас өндөр бүтээмжтэй уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарт шилжиж байгаа нь мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчний хэрэгцээ, зохистой хөдөлмөр эрхлэлтийн эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна;
1.3.5. хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд дээд боловсролтой ажиллах хүчний тоо нэмэгдсэн боловч ажиллах хүчний ур чадвар доогуур байгаа нь ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, мэргэшсэн ажиллах хүчний дутагдлыг бий болгож байна;
1.3.6. ажилгүйдлийн түвшин хөдөлмөрийн насны залуучуудын дунд ихэсч байгаа тул залуучуудад буюу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдөд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна;
1.3.7. ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын тогтолцоо бүрдээгүй нь ажилчдын идэвх, санаачилгад сөргөөр нөлөөлж, хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж байна.
1.4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.4.1. ”зохистой хөдөлмөр эрхлэлт” гэж хөдөлмөрийн таатай нөхцөл, нийгмийн хамгааллын баталгаагаар хангагдсан бөгөөд төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлд тулгуурласан бүтээмжтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг;
1.4.2. ”хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшин” гэж ажилтны тухайн ажлын байранд үргэлжлэн ажиллах хугацааг.
1.5. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
1.5.1. иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах;
1.5.2. хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрхийг хангах, хүүхдийн тэвчишгүй болон албадан хөдөлмөрийг устгах, алагчлалыг үл тэвчих;
1.5.3. эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, хөрөнгө оруулалт, татвар, зээлийн болон бүс, орон нутаг, салбарын хөгжлийн бодлого нь тогтвортой, ногоон хөгжлийг хангасан, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэх;
1.5.4. хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах;
1.5.5. хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, эрэлт хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн чанартай, адил тэгш, нээлттэй, ил тод байх;
1.5.6. ажил олгогчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг, урамшуулал нь ажиллах хүчний зохистой ашиглалт болон ажилчдын мэргэжлийн ур чадварын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинтэй уялдсан байх;
1.5.7. нийгмийн түншлэлийг дэмжих.
Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилго, зорилт
2.1. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилго нь хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлын түвшинг бууруулахад чиглэнэ.
2.2. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1. хөдөлмөр эрхлэлтийг хөгжлийн бодлогын үндэс болгох замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлын түвшинг бууруулах;
2.2.2. хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
2.2.3. иргэний мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх замаар боловсролын түвшингээс хамааралтай ажилгүйдлийг бууруулах;
2.2.4. ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлэх;
2.2.5. хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлэх.
Гурав. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үе шат
3.1. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг 2016-2026 онуудад дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
3.1.1. нэгдүгээр үе шат: 2016 -2020 он;
3.1.2. хоёрдугаар үе шат: 2021-2025 он.
Дөрөв. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Хөдөлмөр эрхлэлтийг хөгжлийн бодлогын үндэс болгох замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг бууруулах зорилтын хүрээнд:
4.1.1. сургалт, сурталчилгааны олон талт хэлбэрийг ашиглаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх;
4.1.2. хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгаанд үндэслэн зохистой хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн уялдааг хангасан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх;
4.1.3. хөрөнгө оруулалт болон зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээс, дэмжлэгтэй холбогдсон арга хэмжээг бүсчилэн ялгавартай хэрэгжүүлэх замаар алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс, орон нутагт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
4.1.4. бүс, орон нутаг, эдийн засгийн салбарт ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах;
4.1.5. хөдөлмөрийн хүмүүжлийг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан олгож, ажил, мэргэжлийн зөв хандлагыг төлөвшүүлэх;4.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.1.7. гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хүн амын аюулгүй байдлыг хангах болон мэргэжлийн өндөр ур чадвар, технологийг хөдөлмөрийн зах зээлд нутагшуулах бодлоготой уялдуулах.
4.2. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
4.2.1. хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх;
4.2.2. ажиллах хүчний шингээлт ихтэй салбарыг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
4.2.3. хүний нөөцийн бодлогын эрх зүйн орчныг сайжруулах замаар ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх;
4.2.4. бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлж, гадаадын зээл, тусламж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад зохистой ажлын байрыг бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалах нөхцөлийг харгалзах тогтолцоог бүрдүүлэх;
4.2.5. экспортын барааны татварыг буцаан олгох, импортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлэх, бараа, ажил, үйлчилгээг нь худалдан авах, мега төслүүдэд туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, даатгалд хамруулах зэрэг арга замаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих;
4.2.6. эдийн засгийн хүндрэлийн үед татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хуримтлагдсан хугацаа, ажилтны тоог харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар ажил олгогчид ажлын байраа тогтвортой хадгалахад нь дэмжлэг үзүүлэх;
4.2.7. хувиараа болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэр эрхлэх иргэдийн санаачилгыг зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлж чадавхжуулах;
4.2.8. хөдөлмөрийн зах зээл дэх ногоон ажлын байрны үнэлэмжийг дээшлүүлж эрэлт, нийлүүлэлтийг дэмжих;
4.2.9. экспортын болон өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах замаар ногоон ажлын байр олноор бий болгох;
4.2.10. бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг орон нутгийн хөгжил, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлөхөөр зохион байгуулж, хэрэгжилт, хяналтыг сайжруулах;
4.2.11. ажиллах хүчний бүс, орон нутаг, эдийн засгийн салбар, ажил, мэргэжил хооронд дотоод шилжих хөдөлгөөнийг уян хатан, оновчтой зохицуулах замаар ажиллах хүчний нөөцийг үр дүнтэй ашиглах.
4.3. Иргэний мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх замаар боловсролын түвшингээс хамааралтай ажилгүйдлыг бууруулах зорилтын хүрээнд:
4.3.1. эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд болон техник, мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн агуулгыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр тодорхойлж, үр дүнг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр тооцдог болох;
4.3.2. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн гадаад улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах;
4.3.3. оюутан, сурагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх дадлагын бүх хэлбэрийг дэмжих тогтолцоог бий болгох;
4.3.4. төгсөгчид ажлын байрыг өөрөө бий болгоход чиглэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг дэмжих;
4.3.5. оюутан, сурагчдад аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлж, ажлын байр бий болгох санаачилгыг дэмжих;
4.3.6. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан сургалтын байгууллагыг бүсчлэн зохион байгуулж, сургалт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, дадлагын чанарыг сайжруулах замаар мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг чанаржуулах;
4.3.7. ажилгүй иргэдэд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, давтан сургах, хөгжүүлэх замаар боловсролын түвшингээс хамааралтай ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;
4.3.8. цэргийн хугацаат албан хаагчдыг энх цагийн бүтээн байгуулалтад оролцуулж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дадлагажуулах замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх;
4.3.9. гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалж, гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх.
4.4. Ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:
4.4.1. ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгож, хүн амын хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхлыг идэвхжүүлэх;
4.4.2. ажил, мэргэжлийн үндэсний ангиллыг нэг мөр болгон хөдөлмөрийн хөлс, урамшууллын үнэлгээтэй уялдуулах замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, ажилтны хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
4.4.3. дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын эзлэх хувийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн үр шимийг баялаг бүтээгчид тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх;
4.4.4. үйлдвэржилт, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инноваци болон хөдөлмөрийн сахилга бат, ухамсраар дамжуулан хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
4.5. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлэх зорилтын хүрээнд:
4.5.1. хөдөлмөрийн харилцааны хамрах хүрээг өргөжүүлж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшин, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.5.2. төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлд тулгуурласан хөдөлмөрийн хяналтыг сайжруулах замаар ажил олгогч, ажилтны нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх;
4.5.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хууль тогтоомж, стандартыг олон улсын жишигт нийцүүлж чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх зэргээр үйлдвэрлэлийн осол, гэмтлийн тохиолдлыг бууруулах;
4.5.4. хөдөлмөр эрхлэлтийн даатгалыг шинээр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тогтолцоог боловсронгуй болгох;
4.5.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадварт тохирох техник, тоног төхөөрөмж бүхий ажлын байрыг эрх зүйн зохицуулалтаар дэмжих;
4.5.6. хөдөлмөрийн насны иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн нэгдсэн тогтолцоог сайжруулах.
Тав. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр нөлөө, шалгуур үзүүлэлт
5.1. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
5.1.1. хөдөлмөрийн хүмүүжил, ажил, мэргэжлийн зөв хандлага төлөвшиж, эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөр эрхлэлтийн харилцан хамаарал сайжирсан байна;
5.1.2. ажил олгогчийг дэмжих механизм боловсронгуй болж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшин, ногоон ажлын байр нэмэгдсэн байна;
5.1.3. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү багасч, ажилгүйдлийн түвшин буурсан байна;
5.1.4. хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхлыг идэвхжүүлсэн хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоо бүрдэж, дундаж цалингийн хэмжээ нэмэгдсэн байна;
5.1.5. хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин олон улсын жишигт хүрч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилт сайжирсан байна;
5.1.6. ажиллах хүчний нөөцийг зохистой ашиглаж, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо нэмэгдсэн байх бөгөөд ажилгүйдэл, ядуурлын түвшин буурсан байна.
5.2. Бодлогын үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Шалгуур үзүүлэлт |
2015 он |
2020 он |
2025 он |
|
1
|
Ажиллах хүчний нөөц ашиглалт |
Хүн ам (мян.хүн) |
3057.8 |
3301.9 |
3419.1 |
Хөдөлмөрийн насны хүн ам (мян.хүн) |
2022.9 |
2141.8 |
2344.9 |
||
Эдийн засгийн идэвхтэй хүн ам (мян.хүн) |
1243.9 |
1335.3 |
1463.0 |
||
Ажиллах хүчний оролцооны түвшин (хувиар) |
61.5 |
66.0 |
68.0 |
||
2 |
Эдийн засгийн өсөлт, хөгжлийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөө |
ДНБ (тэрбум.төг) |
23166.8 |
35476.4 |
42209.9 |
1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ (мян.төг) |
7653.7 |
10744.4 |
12215.1 |
||
Ажилгүйдлийн түвшин (хувиар) |
7.5 |
5.6 |
5.0 |
||
Дундаж цалин (мян.төг) |
808.0 |
1383.9 |
1743.3 |
||
Ногоон ажлын байрны эзлэх хувь |
6.1 |
10.0 |
30.0 |
||
3 |
Зохистой хөдөлмөр эрхлэлт |
Ажиллагчдын тоо (мян.хүн) |
1151.2 |
1254.7 |
1355.7 |
Албан хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувь |
50.6 |
65.7 |
70.0 |
||
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувь |
23.0 |
14.1 |
11.7 |
||
Мал аж ахуй эрхлэгчдийн эзлэх хувь |
26.4 |
20.2 |
18.3 |
||
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо (мян.хүн) |
1018.6 |
1129.3 |
1220.1 |
Зургаа. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт, санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, нийгмийн түнш, иргэдийн оролцоотойгоор хариуцан зохион байгуулна.
6.2. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийг эрдэмтэд, судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулна.
6.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр, хөндлөнгийн үнэлгээг 5 жил тутам тус тус хийж дүнг Засгийн газарт тайлагнана.
6.4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын тусгай сан, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандивын хөрөнгөөс бүрдэнэ.
6.5. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үе шат бүрийн хэрэгжилтийг энэхүү бодлогын 5.2-т заасан шалгуур үзүүлэлт бүрээр дүгнэж, дараагийн шатны үйл ажиллагааг төлөвлөнө.
---оОо---
Текст томруулах
A
A
A