A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 200
дугаар тогтоолын хавсралт

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН КОМИССЫН ДҮРЭМ

(Засгийн газрын 2021 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын үйл ажиллагааны зорилго нь 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавихад оршино.

1.2. Хөгжлийн бэрхшээлтэй  хүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны комисс (цаашид “комисс” гэх), аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комисс (цаашид “салбар комисс” гэх) тус тус ажиллана. Хүн амын нягтрал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц зэргийг харгалзан сум, тосгонд салбар комисс байгуулан ажиллуулж болно.

1.3. Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг  мөрдлөг болгоно.

1.4. Энэ дүрмийн 1.2-т заасан комисс, салбар комисс нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

1.5. Комисс болон салбар комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаас шийдвэр гаргах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурснаар баталгаажна. Шийдвэр нь дүгнэлт,  шаардлага, зөвлөмжийн хэлбэртэй байна.

1.6. Комисс үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

1.6.1. хүүхдийн хөгжлийн онцлог, өвөрмөц хэрэгцээ, нэр хүндийг хүндэтгэх;

1.6.2. үл ялгаварлах;

1.6.3. хүүхдийн эрхэд суурилах, тэгш оролцоог хангах;

1.6.4. хүүхдийн хувийн нууцыг хадгалах;

1.6.5. ил тод, нээлттэй, шударга ёсыг эрхэмлэх.

1.7. Комиссын гишүүдийн цалин болон үйл ажиллагааны зардал, салбар комиссын гишүүдэд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.

Хоёр. Комиссын бүрэлдэхүүн

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх комисс нь дарга, нарийн бичгийн дарга, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээс бүрдэнэ. Комиссын  бүрэлдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын батлагдсан орон тооны хязгаарт багтаан тогтооно.

2.2. Комисс дэргэдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байна.

2.3. Салбар комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Салбар комиссын дарга нь аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга байх бөгөөд нарийн бичгийн дарга нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (хэлтэс)-ын орон тооны ажилтан байна.

2.4. Салбар комисс нь орон тооны бус 5 гишүүнтэй байна. Орон тооны бус гишүүдийг хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, үнэлэх, тодорхойлох чиглэлээр мэргэшсэн багш, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, мэдрэлийн эмч, хүүхдийн эмч, согог зүйч, боловсролын газрын мэргэжилтэн, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөс сонгоно.

2.5. Салбар комиссын бүрэлдэхүүнийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга батална.

Гурав. Комиссын эрх, үүрэг

3.1. Комисс нь дараах эрх эдэлнэ:

3.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагад санал, чиглэл хүргүүлэх;

3.1.2. салбар комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар комиссын гишүүдийг мэргэжил, арга зүйн  удирдлагаар хангаж, удирдамж, чиглэл өгөх;
 
3.1.3. салбар комиссоос гаргасан шийдвэр үндэслэлгүй нь тогтоогдсон, хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд тухайн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох;

3.1.4. салбар комиссын гишүүн нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж, түүнийг өөрчлөх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх;

3.1.5. салбар комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамруулах талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг  холбогдох байгууллагаас шаардах, биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх.

3.2. Комисс нь дараах үүрэг хүлээнэ:

3.2.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

3.2.2. хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр, аргачлалыг боловсруулах, салбар комиссын үйл ажиллагаанд ашиглах маягт, зааврыг холбогдох төрийн байгууллагатай хамтран баталж хэрэгжилтэд хяналт тавих; 

3.2.3. хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар эерэг, зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах;

3.2.4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар улсын бүртгэл болон статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
3.2.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх асуудлаар саналаа холбогдох байгууллагад тавих;
3.2.6. комиссын үйл ажиллагааны тайланг жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавих,  олон нийтэд мэдээлэх.

3.3. Салбар комисс нь дараах эрхтэй байна:
 
3.3.1. тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэх талаар дүгнэлт гаргах;

3.3.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах асуудлаар дүгнэлт гаргах, үйлчилгээнд холбон зуучлах, шаардлагатай бол холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэх;
    
3.3.3. салбар комиссын гишүүн нь үйл ажиллагаандаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлах.

3.4. Салбар комисс нь дараах үүрэг хүлээнэ:
3.4.1. салбар комиссын хуралдааныг сард 2-оос доошгүй удаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд алслагдсан сум, тосгон, багт явуулын хурал хийх;

3.4.2. салбар комисс нь хүүхдийн  асуудлыг хэлэлцэхдээ тухайн хүүхэд болон эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийг заавал байлцуулан санал, хүсэлтийг нь харгалзан үзэх, хүүхэд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд салбар комиссын нарийн бичгийн дарга хүүхдийн амьдралын нөхцөл байдалтай танилцаж  хуралдаанд мэдээлэх;

3.4.3. салбар комисс нь хүүхэд тус бүрт хувийн хэрэг нээж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулахаар гаргасан дүгнэлтийн талаар тэмдэглэл хийж хэрэгжилтэд хяналт тавих;

3.4.4. салбар комиссын үйл ажиллагааны тайлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх мэдээг улирал бүрийн дараа сарын 10-ны дотор, бүтэн жилээр гаргах мэдээг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор, жилийн ажлын төлөвлөгөөг 12 дугаар сарын 10-ны дотор комисст хүргүүлэх;

3.4.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нарийвчилсан үнэлгээнд хамруулах, өвчний онош нь үнэн зөв тавигдсан эсэхийг магадлах шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, холбоо болон комисст хүсэлт гаргах.


Дөрөв. Салбар комиссын гишүүдийн урамшуулал

 

4.1. Салбар комиссын дарга нь аймаг, дүүргийн Засаг дарга болон комиссын даргатай гурвалсан гэрээ,  гишүүдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана.

4.2. Салбар комиссын дарга, гишүүдэд хуралд оролцсон цагаар нь тооцож  урамшуулал олгоно. Урамшууллыг Засгийн газрын 2013 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д заасан хэмжээгээр олгоно. 

4.3. Салбар комиссын нарийн бичгийн дарга нь  гишүүдийн хуралд оролцсон цагийн тооцоог нэгтгэж, салбар комиссын даргаар баталгаажуулан улирал бүр комисст хүргүүлнэ.

4.4. Комисс нь салбар комиссын хурлын тэмдэглэл, гишүүдийн хуралд оролцсон цагийн тооцоог хянан үзсэний үндсэн дээр Төрийн сангаар дамжуулан урамшууллыг улирал бүр олгоно.


   
Тав. Бусад

 

5.1. Комисс, салбар комисс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулаагүй, эрхийг нь зөрчиж байгаа эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч), албан байгууллагад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
5.2. Салбар комиссоос гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй хүүхэд, түүний эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нь комисст гомдлоо гаргаж болно. Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.

5.3. Комисс нь иргэний гомдлыг барагдуулахдаа энэ дүрмийн 2.2-т заасан орон тооны бус зөвлөлтэй хамтарсан хуралдаан зохион байгуулна.


5.4. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  комиссын тодорхойлолт (аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  комиссын шийдвэр) нь тухайн хүүхдийг салбар комиссын хурлаар орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. 

5.5. Комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй иргэн асуудлаа шүүхэд тавьж шийдвэрлүүлж болно.

 


---ooOoo---