- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ МЭДЭГДЛИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/50 дугаар тушаалын хавсралт
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ МЭДЭГДЛИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны баталгаажсан эрхийн талаар олон нийтэд мэдээлж, ил тод болгох, тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангах сонирхол бүхий гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх зорилготой болно.
1.3.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35.1 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан /цаашид “цахим мэдээллийн сан” гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулахад Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.
1.4.Улсын бүртгэлийн байгууллага /цаашид “бүртгэлийн байгууллага” гэх/ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34.1, 35.2, 35.3, 37.2 дахь хэсэгт зааснаас гадна цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх нээх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хоёр. Цахим мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах, ажиллуулах
2.1.Цахим мэдээллийн санг иргэн, хуулийн этгээдийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн цахим бүртгэлийг үндэслэн үүсгэнэ.
2.2.Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхтэй холбоотой аливаа асуултад хариулах, цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэн, хуулийн этгээдэд тусламж үзүүлэх утсыг бүртгэлийн байгууллага ажлын цагаар ажиллуулж, уг утасны дугаарыг өөрийн цахим хуудсанд байршуулна.
2.3.Бүртгэлийн байгууллага барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд долоо хоногийн 24 цагийн турш бүртгүүлэх, хайлт хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа түр зогсох тохиолдолд үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх хугацаа, шалтгааны талаарх мэдээллийг бүртгэлийн цахим хуудсанд байршуулна.
Гурав. Цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх нээх
3.1.Цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах, цуцлах, барьцааны мэдэгдлийн бүртгэлийн лавлагааг цахим хэлбэрээр авах, барьцаалуулагчийн тайлбар оруулах тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх нээлгэнэ.
3.2.Цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх буюу хэрэглэгчийн нэр, нууц үгийг дараахь баримт бичгийг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагаас цахимаар, эсхүл бичгээр гэрээ байгуулж авч болно:
3.2.1.Иргэн өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын, хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.2.2.Эрх нээлгэх тухай иргэний өргөдөл, хуулийн этгээдийн албан бичиг;
3.3.Хуульд заасны дагуу үүссэн барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь цахим мэдээллийн санд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлийн байгууллагаас цахимаар, эсхүл албан бичгээр хандаж авах бөгөөд үүнд энэ журмын 3.2.1, 3.2.2 дахь заалт хамаарахгүй.
3.4.Бүртгэлийн байгууллагаас иргэнд зөвхөн хэрэглэгчийн эрх нээх бөгөөд хуулийн этгээдийн хувьд хэрэглэгчийн тооноос хамааран хэрэглэгчийн админ /удирдах/ эрх нээж болно.
3.5.Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 3.2 дахь хэсэгт заасны дагуу цахим мэдээллийн санд нэвтрэх эрх нээлгэсэн иргэн, хуулийн этгээдийн хувийн хэргийг хөтөлж, жагсаалт үүсгэж хадгална.
3.6.Цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх авсан хуулийн этгээд нь өөрийн нэрийн өмнөөс системд нэвтрэх эрхийг нэг болон хэд хэдэн этгээдэд олгосон бол эрхийн дагуу системд холбогдож байгаа этгээдийн үйлдэлд хяналт тавина.
3.7.Цахим мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрх авсан иргэн, хуулийн этгээдийн цахим мэдээллийн сангийн ашиглалтын талаар хийсэн бүх үйлдэл, хандалт зэрэг нь системд бүртгэгдэнэ.
Дөрөв.Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх
4.1.Барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллагын эрхлэн хөтлөх цахим хуудсаар дамжуулан цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.
4.2.“Барьцааны мэдэгдэл” гэж хуульд өөрөөр заагаагүй бол хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд үүссэн барьцааны эрхийн талаарх үндсэн мэдэгдэл, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэл, мэдэгдлийн бүртгэлийг сунгах болон цуцлах мэдэгдэл, барьцаалуулагчийн тайлбар, барьцаалагч барьцааны шаардлагаа хангах ажиллагаа эхлүүлсэн тухай тэмдэглэгээ зэргийг ойлгоно.
4.3.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ.
4.4.Гэрээний үндсэн дээр үүссэн барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим мэдээллийн санд бүртгүүлж болно.
4.5.Дампуурлын тухай хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг шүүхээс томилсон хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрийн дагуу үүсэх барьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч, татварын хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг татварын ахлах байцаагч барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр цахим мэдээллийн санд бүртгүүлж болно.
4.6.Барьцааны мэдэгдэлд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан мэдээллийг тусгана.
4.7.Хуульд заасны дагуу үүссэн барьцааны мэдэгдэлд “хуульд заасны дагуу үүссэн барьцаа” гэсэн тэмдэглэгээ хийнэ.
4.8. Барьцааны зүйлийг дор дурдсан хувилбараас аль нэгийг сонгон дүрслэн тодорхойлно:
4.8.1.Барьцааны зүйлийг ерөнхийд нь дүрслэх: Дүрслэл нь нарийвчилсан, тодорхой, эсхүл ерөнхий байж болно.
4.8.2.Барьцааны зүйл нь автотээврийн хэрэгсэл бол холбогдох сериал /арлын/ дугаарыг оруулах ба энэ дугаараар хайлт хийх боломжтой байна.
4.8.3.Барьцааны зүйлийн дүрслэл нь урт, олон тооны бичиг баримт зайлшгүй хавсаргах шаардлагатай бол барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч нь эдгээр бичиг баримтыг PDF форматад оруулан хавсралт хэлбэрээр оруулах боломжтой байна.
4.9.Барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч болон хуульд заасны дагуу үүссэн барьцааг бүртгүүлэх эрх бүхий албан тушаалтан нь энэ журмын 5, 6, 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж, мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгаж, мэдэгдлийн бүртгэлийг цуцалж болно.
4.10.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах, цуцлах, тайлбар, тэмдэглэгээ хийхдээ барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны бүртгэлийн дугаарыг ашиглан цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг бүртгүүлнэ.
4.11.Энэ журмын 4.4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн бүртгүүлсэн барьцааны мэдэгдэл, бүртгэлд орсон нэмэлт, өөрчлөлт, сунгалт, цуцлалтын талаархи тайлан мэдээллийг гарган авах боломжтой байна.
Тав. Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
5.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах барьцаалагч нь анхны бүртгэлд бүртгэгдсэн, эсхүл уг бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүртгэлд туссан барьцаалагч байна.
5.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэлд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасан зүйлийг тусгана.
5.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдлээр анхны бүртгэлийн хүчинтэй байдал, дуусгавар болох хугацаанд нөлөөлөхгүйгээр агуулгыг өөрчилнө.
5.4.Барьцааны мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэл нь нэгээс доошгүй барьцаалагч, барьцаалуулагчийн мэдээлэл болон барьцааны зүйлийн дүрслэлийг заавал агуулсан байна.
Зургаа. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах
6.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдэлд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасан зүйлийг тусгаж, мөн хуулийн 43.2, 43.3 дахь хэсэгт заасны дагуу сунгах мэдэгдлийг анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас, эсхүл түүнийг сунгасан хугацаа дуусахаас өмнө зургаан сарын дотор бүртгүүлнэ.
6.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг гурван жилээр сунгаж болно.
Долоо. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах
7.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах мэдэгдэлд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.1 дэх хэсэгт заасан зүйлийг тусгана.
7.2.Барьцаалагч нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.
7.3.Үндсэн мэдэгдэл, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэлд нэгээс илүү барьцаалагч бүртгэгдсэн тохиолдолд цуцлах мэдэгдэл нь зөвхөн цуцлах зөвшөөрөл өгсөн тухайн барьцаалагчийн хувьд хүчинтэй байна.
7.4.Барьцаалуулагч дараахь үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргуулсны үндсэн дээр тухайн барьцааны мэдэгдлийг цуцлах хүсэлтийг бүртгэлийн байгууллагад гаргаж болно:
7.4.1.барьцаалагчийн зүгээс тухайн барьцааны үүрэг дуусгавар болсон байхад цуцлах мэдэгдэл оруулаагүй;
7.4.2.барьцаалуулагчийн зүгээс тухайн барьцааны мэдэгдэл үнэн зөв, хүчин төгөлдөр бус гэдгийг нотолсон.
7.5.Барьцаалуулагч нь энэ журмын 7.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хуулбарлан барьцааны мэдэгдлийг цуцлуулах тухай хүсэлтийн хамт бүртгэлийн байгууллагад хандана. Бүртгэлийн байгууллагын эрх бүхий ажилтан цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд оруулж, цуцлах мэдээлэлд шүүхийн шийдвэрийг PDF өргөтгөлөөр хөрвүүлж хавсаргана.
7.6.Цуцлах мэдэгдлийг оруулснаар тухайн мэдэгдэл энэ журмын 11.5 дахь хэсэгт заасантай адил байдлаар системд хадгалагдана.
Найм.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт тайлбар оруулах, барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгэлд тэмдэглүүлэх
8.1.Цахим мэдээллийн санд оруулсан аливаа мэдээллийг залруулах, тодруулах зорилгоор тухайн мэдэгдэлд барьцаалуулагчаар бүртгэгдсэн этгээд нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэлд нэмэлт тайлбар оруулж болно.
8.2.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50.2 дахь хэсэгт зааснаар барьцаа нь бүртгэлээр баталгаажсан барьцаа бол барьцаалагч барьцааны шаардлагаа хангах ажиллагаа эхлүүлсэн тухай цахим мэдээллийн санд тэмдэглүүлнэ.
Ес. Өмнө үүссэн барьцааны эрх, түүний дараалал
9.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааны эрхийн талаарх мэдэгдлийг барьцаалагч, түүний төлөөлөгч нь цахим мэдээллийн санд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-д заасны дагуу бүртгүүлж болно.
9.2.Өмнө үүссэн барьцааны эрхийн дарааллыг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тогтооно.
Арав. Цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, хянах, илгээх
10.1.Цахим мэдээллийн сангийн бүртгэлийн программ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 39.1, 42.1, 43.1, 44.1 дэх хэсэгт заасан мэдээллийг оруулсан эсэхийг шалгана.
10.2.Энэ журмын 10.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу мэдээллийг оруулаагүй бол бүртгэх программ нь дутуу орхисон талбарыг бөглөж мэдээллийг бүрэн оруулахыг мэдээлэл оруулж байгаа хэрэглэгчид сануулна.
10.3.Хэрэглэгч холбогдох бүх мэдээллийг оруулсны дараа бүртгэлийн программ нь оруулсан мэдээллийг нэгтгэн харуулж, мэдээллүүдээ зөв, алдаагүй оруулсан эсэхээ цахим мэдээллийн санд илгээхээс өмнө хянах, засах боломжийг олгоно.
10.5.Цахим мэдээллийн санд мэдэгдлийг бүртгүүлснээр өгөгдлийг дахин засах боломжгүй. Мэдэгдлийг бүртгүүлснээр хайлтын үр дүнд гарч ирэх боломжтой болно.
10.6.Барьцаалагч, барьцаалуулагч талууд, тэдгээрийн төлөөлөл нь цахим мэдээллийн санд барьцааны гэрээний талууд, барьцаа хөрөнгөтэй холбоотой зөв, бодитой мэдээллийг бусдад төөрөгдөл үүсгэхгүй байхаар оруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдээлэл оруулсан буруутай этгээд нөхөн төлнө.
10.7.Бүртгэлийн байгууллага нь цахим мэдээллийн санд оруулж буй барьцааны мэдэгдлийн мэдээллийн үнэн зөв байдалд аливаа хяналт тавихгүй.
Арван нэг. Цахим мэдээллийн санд бүртгэж дугаар олгох, бүртгэхээс татгалзах
11.1.Хэрэглэгч энэ журамд заасан шаардлага хангасан мэдээллийг оруулсан бол бүртгэлийн систем мэдэгдлийн өгөгдлийг хүлээн зөвшөөрч мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгэж энэ журмын 11.3 дахь хэсэгт заасны дагуу бүртгэлийн дугаар олгоно.
11.2.Цахим мэдээллийн сан мэдэгдлийг хүлээн зөвшөөрч бүртгэхэд дараахь бүрдүүлбэр бүхий хуудсыг олгоно:
11.2.1.Барьцаалагч, түүний төлөөлөгчийн оруулсан мэдээлэл;
11.2.2.Бүртгүүлсэн өдөр, цаг, минут;
11.2.3.Энэ журмын 11.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон мэдэгдлийн бүртгэлийн дугаар.
11.3.Үндсэн мэдэгдэл, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах мэдэгдэл, хугацааг сунгах мэдэгдэл, цуцлах мэдэгдэл, нэмэлт тайлбар, тэмдэглэгээ тус бүрт цахим мэдээллийн сангаас дахин давтагдахгүй дугаарыг автоматаар олгоно.
11.4.Бүртгэлийн систем нь барьцааны үндсэн мэдэгдлийн дугаартай түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасан, цуцалсан бүх мэдэгдлийг холбосон байна. Үндсэн болон түүнтэй холбоотой бүх мэдэгдлийн бүртгэлийн өдөр, цаг, минутыг цахим мэдээллийн сан харуулах боломжтой байна.
11.5.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан мэдээллийг агуулаагүй байвал цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг бүртгэхээс татгалзана.
Арван хоёр. Цахим мэдээллийн санд хайлт хийх, нийтэд нээлттэй байх
12.1.Цахим мэдээллийн сан нь бүртгэгдсэн барьцааны мэдэгдлийн талаар мэдээлэл авах, хайлт хийхэд олон нийтэд нээлттэй байна.
12.2.Аливаа этгээд цахим мэдээллийн санг энэ журмын 12.1 дэх хэсэгт заасан зорилгоор ашиглахад хэрэглэгчийн эрх авахгүй бөгөөд үнэ төлбөргүй байна.
12.3.Барьцаалагч, түүний төлөөлөгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 401.1.3-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, лавлагааг цаасан болон цахим хэлбэрээр авч болно.
12.4.Хэрэглэгч дараахь аль нэг түлхүүрийг ашиглан барьцааны мэдэгдлийн талаар хайлт хийх боломжтой:
12.4.1.Барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;
12.4.2.Барьцаалуулагчийн дараахь мэдээллээр:
12.4.2.а. Монгол Улсын иргэн бол регистрийн дугаар;
12.4.2.б. гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар;
12.4.2.в. хуулийн этгээд бол улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, нэр;
12.4.3. автотээврийн хэрэгслийн арлын сериал дугаар.
12.5.Барьцааны мэдэгдлийн талаар хайлт хийхэд түлхүүр үгэнд тохирох тухайн цаг үед идэвхтэй байгаа холбогдох барьцааны мэдэгдлийн бүх бүртгэл гарч ирнэ. Хайлт хийсэн хэрэглэгч гарсан үр дүнг хадгалах, эсхүл хэвлэж авах боломжтой байна.
12.6.Цахим мэдээллийн сангийн хайлтын үр дүнд барьцаалуулагч, барьцаалагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хуулийн этгээд бол байгууллагын нэр, барьцааны мэдэгдэл бүртгүүлсэн огноо, барьцааны дүрслэл, төлөв, тухайн мэдэгдэлд хийгдсэн бүх нэмэлт, өөрчлөлт гарна.
12.7.Бүртгэлийн байгууллага энэ журмын 12.3 дахь хэсэгт заасан лавлагаа олгох бүрдээ дугаар олгож, мэдээллийг хадгална.
12.8.Бүртгүүлсэн мэдэгдэл бүрийн талаарх мэдээллийг сунгах мэдэгдэл орсноос бусад тохиолдолд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд хадгалж хайлт хийн үзэх боломжтой байлгана.
12.9.Хугацаа дууссан мэдэгдлийн бүртгэл дуусгавар болсноос хойш 5 жилийн турш хайлт хийх болон үзэх боломжгүй байдлаар хадгалагдана. Бүртгэлийн эрх бүхий байгууллага уг мэдэгдлийг хуульд заасан үндэслэлээр сэргээн ашиглаж, лавлагаа олгож болно.
Арван гурав.Төлбөр төлөх үйлчилгээний төрөл, хураамжийн хэмжээ
13.1.Иргэн, хуулийн этгээд нь барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон цахим мэдээллийн сангаас лавлагаа авахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 401.1-д заасан хураамж төлнө.
13.2.Иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 13.1 дэх хэсэгт дурдсан үйлчилгээнүүдийг авахын тулд бүртгэлийн байгууллагад холбогдох үйлчилгээний хураамжийн төлбөрийг төлөн цахим мэдээллийн сан дахь өөрийн дансыг урьдчилан цэнэглэсэн байна.
13.3.Хуулийн дагуу үүссэн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хугацааг сунгах, өмнө үүссэн барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх болон бүх төрлийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг цуцлах мэдэгдлийг бүртгүүлэх, цахим мэдээллийн сангаас шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад лавлагаа олгоход төлбөр авахгүй.
13.4.Барьцаалагч, түүний төлөөлөгч дараахь байдлаар үйлчилгээний хураамжийг төлөх боломжтой байна:
13.4.1.Банкны төлбөрийн картаар төлбөр хийх;
13.4.2.Банкаар дамжуулан төлбөр хийх;
13.5.Бүртгэлийн байгууллагаас аль нэг банктай гэрээ байгуулан бүртгэлийн байгууллагын дансыг нээх ба дансны мэдээллийг бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн сангийн веб хуудсанд байршуулна. Иргэн, хуулийн этгээд бүртгэлийн байгууллагын тухайн данс руу төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэг дээр харилцагчийн бүртгэлийн дугаараа заавал оруулах бөгөөд төлбөр төлөгдсөний дараа тухайн харилцагчийн цахим мэдээллийн сан дахь данс автоматаар цэнэглэгдэнэ.
Арван дөрөв. Статистикийн зориулалттай мэдээлэл
14.1.Бүртгэлийн байгууллага нь статистик мэдээг энэхүү журмын 14.4 дэх хэсэгт заасан үзүүлэлтийн дагуу сар, улирал, жилээр гаргаж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хороонд хүргүүлнэ.
14.2.Барьцааны мэдэгдлийн мэдээллийг статистикийн зориулалтаар ашиглах зорилгоор нэмэлт мэдээлэл шаардаж болно.
14.3.Статистик мэдээллийн нэгдсэн дүн нийтэд нээлттэй байна.
14.4.Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг баримтлан дараахь үзүүлэлтээр статистикийн мэдээг гаргана:
14.4.1.нийт бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл, үүнээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болон дараа үүссэн, хуульд зааснаар болон гэрээний дагуу үүссэн барьцааны мэдэгдэл тус бүрийн тоо;
14.4.2.баталгаажаагүй буюу барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан барьцааны мэдэгдлийн тоо;
14.4.3.бүртгэгдсэн барьцааны анхны, нэмэлт өөрчлөлт орсон, хугацаа сунгасан, цуцалсан мэдэгдлийн тоо;
14.4.4.барьцаалагч, барьцаалуулагчийн төрөл /иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн төрөл/
14.4.5.барьцаалуулагч иргэн бол хүйс;
14.4.6.барьцаалуулагч нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болон том аж ахуйн нэгжийн алинд хамаарах, тэдгээрийн тоо;
14.4.7.цахим мэдээллийн санд шинээр болон бүртгэгдсэн барьцаалагчийн тоо;
14.4.8.барьцаалуулагчийн үйл ажиллагаа явуулдаг салбар /банк, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт/;
14.4.9.Барьцааны гэрээний үүргийн үнийн дүн. Барьцаагаар хангагдсан үүрэг нь зээлийн шугамын гэрээнээс үүссэн болон хэлбэлзэх үүрэг бол уг үүргийн үнийн дүнгийн дээд хязгаарыг оруулна. (Жишээ нь: зээлийн шугамын хувьд зээлийн шугамын дээд хязгаарыг барьцаагаар хангагдсан үүргийн үнийн дүн гэж тооцно.)
14.4.10.барьцааны зүйлийн төрөл /хувьцаа, үнэт цаас, шаардах эрх /авлага/, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар, мөнгөн хадгаламж, мал, тэжээвэр амьтан, үр тариа, автотээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж гэх мэт/
14.4.11.бусад
-----оОо---
Текст томруулах
A
A
A