- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 74 дүгээр
тогтоолын хавсралт
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН
УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан мөнгөн урамшил (цаашид “мөнгөн урамшил” гэх) олгоход энэхүү журмыг баримтална.
2. Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй.
3. Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно.
4. Цагдаагийн алба хаагчийн сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшлыг тооцож олгоно.
5. Цагдаагийн алба хаагч мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтанд бичгээр гаргана.
6. Энэхүү журмын 5 дугаар зүйлд заасан албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлно.
7. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагчдын нэр, ажилласан хугацаа, олгох мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийн судалгааг жил бүр гарган цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.
8. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага энэ журмын 7 дугаар зүйлд заасан судалгааг хүргүүлэхдээ урамшил авахыг хүссэн алба хаагчдад холбогдох дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргана:
8.1. тухайн цагдаагийн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;
8.2. сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын үндсэн цалингийн тодорхойлолт;
8.3. ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
8.4. шаардлагатай тохиолдолд архивын лавлагаа.
9. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, санхүү, хүний нөөц хариуцсан ажилтнууд цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацаа, албан тушаалын сарын үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
10. Энэ журмын 7, 8 дугаар зүйлд заасан судалгаа, баримт бичгийг цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумдад тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналыг цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ.
11. Мөнгөн урамшил олгох тухай шийдвэрийн дагуу урамшлын мөнгийг тухайн алба хаагчийн дансанд шилжүүлнэ.
12. Энэ журмын 7 дугаар зүйлд заасны дагуу ирүүлсэн судалгааг цагдаагийн төв байгууллагын санхүү, хүний нөөц хариуцсан нэгж хүлээн авч, мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, шаардагдах хөрөнгийг тооцон жил бүрийн төсөвтөө тусгана.
13. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн төв байгууллагаас ирүүлсэн мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог үндэслэн дараа жилийн улсын төсөвт тусган батлуулах арга хэмжээ авна.
14. Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй.
15. Албан тушаалын сарын үндсэн цалин болон ажилласан хугацааг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшлыг хууль бусаар тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A