A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 139 дүгээр
       тогтоолын хавсралт

 

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДҮРЭМ

(Засгийн газрын 2021 оны 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Хилийн боомтын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Үндэсний зөвлөл үйл ажиллагаандаа Монгол Улсын хилийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Үндэсний зөвлөл нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Бүрэлдэхүүн, зохион байгуулалт

2.1. Үндэсний зөвлөл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.2-т заасан орон тооны бус гишүүдийн төлөөллөөс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

2.2. Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд түүнийг  санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

2.3. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.4. Үндэсний зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

2.5. Үндэсний зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосноор улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдааныг удирдаж болно.

2.6. Үндэсний зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа бичгээр гаргаж болно.

2.7. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

2.8. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

2.9. Үндэсний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргана. Үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжид дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

2.10. Үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлнө. Тэмдэглэлд нарийн бичгийн дарга, Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

2.11. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаанд саналын эрхгүй оролцож дараах үүргийг хэрэгжүүлнэ:

2.11.1. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж Үндэсний зөвлөлийн даргаар батлуулах;

2.11.2. хуралдааны бэлтгэлийг хангаж, хэлэлцүүлэх асуудалтай холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах;

2.11.3. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг 5-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлж хуралдааны товыг мэдэгдэх;

2.11.4. хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй гишүүний бичгээр ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулах;

2.11.5. хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдаанаас гарсан шийдвэрийн төслийг албажуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан Үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлэх.

2.12. Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын боомтын хөгжил хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

2.13. Энэ дүрмийн 2.12-т заасан нэгж нь Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хуралдаанд хэлэлцэх асуудлын техник, эдийн засгийн тооцоо, судалгааг гаргах,  Үндэсний зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй.

Гурав. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

3.1. Үндэсний зөвлөл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.4-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. хилийн хяналтын  байгууллагуудаас ирүүлсэн боомтыг хөгжүүлэх, боомтын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын талаарх санал, санаачилгыг хүлээн авч хэлэлцэх, шаардлагатай бол уг асуудлаар тогтоол, зөвлөмж гаргах;

3.1.2. боомтын дэд бүтцийн  байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар тогтоол, зөвлөмж гаргах;

3.1.3. хилийн боомтыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний болон Үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;

3.1.4. хилийн боомтыг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх.

Дөрөв.Бусад зүйл

4.1. Үндэсний зөвлөл нь хууль, энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хилийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалтын чиг үүрэгт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, шийдвэр гаргахыг хориглоно.

4.2. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой байгууллагын нууцад хамаарах асуудлыг задруулах, хуралдааны шийдвэр баталгаажих хүртэл аливаа мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

 

 

---oОo---