- Нүүр
- Сайдын тушаал
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ /УУХҮС-ын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/УУХҮС-ын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2017 оны 06 дүгээр сарын 29 -ны өдрийн
дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
БҮЛЭГ 1
Нийтлэг үндэслэл
Нэгдүгээр зүйл. Зорилго
1.1. Энэхүү “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” (цаашид “Журам” гэх)-ын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12 , 20.1, 24.2, 26.9, 49.7 дах заалтуудад заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл (цаашид “Тусгай зөвшөөрөл” гэх) олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх) зохион явуулна.
1.3. Сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.
1.4 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолор батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2 дахь хэсэгт тусгасан хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогод нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион явуулна.
1.5.Сонгон шалгаруулалтын талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсхүл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно.
1.6.Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно.
1.7. Сонгон шалгаруулалтанд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд оролцоно.
БҮЛЭГ 2
Сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх
Хоёрдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах
2.1. Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 2.7-д заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана.
2.2. Төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 ба 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.
2.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу саналын хариуг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн эсвэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд сонгон шалгаруулалтыг явуулна.
2.5. Төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтыг зарлан явуулахаас өмнө Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Төрийн захиргааны төв байгууллага” гэх)-ын Геологийн асуудал хариуцсан нэгжид сонгон шалгаруулалт явуулах боломжтой талбай тус бүрээр ерөнхий мэдээллийг бэлтгэн хүргүүлнэ.
2.6. Төрийн захиргааны төв байгууллагын Геологийн асуудал хариуцсан нэгж нь ерөнхий мэдээлэлтэй танилцаж, сонгон шалгаруулалт явуулах талбайг сонгон Төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.7. Төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.6-д заасны дагуу сонгосон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нийтэд зарлана.
2.8. Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаасан, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан эсхүл дуусгавар болгосон талбайг сонгон шалгаруулах журмаар олгох асуудлыг Төрийн захиргааны төв байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.
Гуравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын материал бэлтгэх
3.1. Сонгон шалгаруулалт явуулах талбайнуудын багц мэдээллийг бэлтгэх асуудлыг Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.
3.2. Энэхүү журмын 3.1-т заасан мэдээллийг Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бэлтгэнэ.
3.3. Сонгон шалгаруулалтанд оролцогчдод тараах зорилгоор зарлагдсан талбай тус бүрийн дор дурдсан багц мэдээллийн геологи-ашигт малтмалын хэсгийг Төрийн захиргааны байгууллагын Геологийн асуудал хариуцсан нэгж бэлтгэж, Кадастрын асуудал хариуцсан нэгжид шилжүүлнэ. Үүнд:
3.3.1. Талбайн геологийн судалгааны товч түүх
3.3.2. Талбайн геологийн тогтоц;
3.3.3. Талбайн ашигт малтмалын мэдээлэл;
БҮЛЭГ 3
Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх
Дөрөвдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын урилга
4.1. Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна.
4.1.1. Сонгон шалгаруулалтын талбайн байршил, талбайн нэр;
4.1.2. Талбайн солбицол;
4.1.3. Талбайн хэмжээ, гектараар;
4.1.4. Сонгон шалгаруулалтын саналыг ирүүлэх хаяг, хүлээн авах ажилтан;
4.1.5. Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа;
4.1.6. Сонгон шалгаруулалтын саналыг нээх хугацаа, газар;
4.1.7. Сонгон шалгаруулалтын босго үнэ;
4.1.8. Сонгон шалгаруулалтын үнийн саналыг байршуулах дансны дугаар;
4.1.9. Сонгон шалгаруулалтын багц мэдээллийг авах газрын хаяг, үйлчилгээний хураамж, дансны дугаар;
4.2. Сонгон шалгаруулалтын саналыг хүлээн авах эцсийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдсэнээс хойш хуанлийн 30 (гуч) хоногоос доошгүй байна.
Тавдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын саналд
тавигдах шаардлага, түүнийг хүлээн авах
5.1. Сонгон шалгаруулалтанд ирүүлэх санал нь техникийн болон үнийн санал гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтанд оролцогчийн саналд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан шаардлагыг, харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтанд оролцогчийн саналд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. Үүнд:
5.1.1 Техникийн саналд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:
5.1.1.1. Сонгон шалгаруулалтанд оролцох тухай албан бичиг;
5.1.1.2. Санал гаргагчийн албан ёсны тодорхойлолт;
5.1.1.3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
5.1.1.4. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо;
5.1.1.5. Сонгон шалгаруулалтын босго үнийг Монголбанкинд бүртгэлтэй арилжааны банкинд хугацаатай байршуулсан тухай баталгаа;
5.1.1.6. Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын төрөл хэмжээ, хугацаа, өртөг, болон байгаль хамгаалахад зарцуулах зардлыг тусгасан төсөл, төсвийн санал;
5.1.1.7. Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт (баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна);
5.1.1.8. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал (баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна);
5.1.1.9. Хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл;
5.1.1.10 Орон нутагтай хамтран ажиллах тухай шийдэл,
5.1.1.11. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг;
5.1.1.12. Энэхүү журмын 5.2-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт.
5.1.1.13. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн Монгол Улсад байнга байрших албан ёсны шуудангийн хаяг. Сонгон шалгаруулалтад оролцогчийн хаяг нь энэхүү журмын 5.8-д заасан хаягтай адил байна.
5.1.2. Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна.
5.1.3 Санал болгож буй мөнгөн дүнг тоо болон үсгээр бичсэн байх шаардлагатай бөгөөд тоо болон үсгээр бичсэн дүн зөрүүгүй байна.
5.1.4. Мөнгөн дүнг бичсэн баримтыг битүүмжилсэн байна.
5.2. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан хураамжийг төлсөн байна.
5.3. Сонгон шалгаруулалтын саналыг Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж, хуудас тус бүрийг дугаарласан байна.
5.4. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 4500 (дөрвөн мянга таван зуу) төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 3500 (гурван мянга таван зуу) төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 2500 (хоёр мянга таван зуу) төг/га байхаар тус тус тооцох бөгөөд тухайн зарлагдсан талбайн хэмжээнд дүйцэх мөнгөн дүнг “босго үнэ” гэнэ. Босго үнийг сонгон шалгаруулалтанд оролцогч нь энэхүү журмын 5.6-д заасны дагуу байршуулсан байна.
5.5. Сонгон шалгаруулалтанд оролцогч үнийн саналдаа энэхүү журмын 5.4-т заасан босго үнийг оруулж тооцно.
5.6. Сонгон шалгаруулалтын босго үнийг Монголбанкинд бүртгэлтэй арилжааны банкинд хугацаатай байршуулж, баталгаа гаргуулах бөгөөд уг баталгааг сонгон шалгаруулалтын саналын хамт ирүүлнэ. Баталгааны загварыг Төрийн захиргааны байгууллага батална.
5.7. Сонгон шалгаруулалтын саналын “эх хувь” ба “хуулбар хувь” гэсэн 2 (хоёр) хувийг тус тусад нь битүүмжлэн ирүүлнэ. Эх ба хуулбар хувьд дахь техникийн болон үнийн саналуудыг энэ журмын 5.1, 5.3-т заасны дагуу бүрдүүлсэн байна.
5.8. Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтанд оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, сонгон шалгаруулалтын саналын хуудасны нийт тоо, эх эсхүл хуулбар хувийн аль нь болохыг тодорхой бичсэн байна.
5.9. Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралэсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө.
5.10. Энэхүү журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэх ба сонгон шалгаруулалтын саналын хавтас дээр бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
5.11. Сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө.
5.12. Шуудангаар илгээсэн саналыг сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй бөгөөд ирүүлсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж, сонгон шалгаруулалтын саналыг задлалгүйгээр албан бичигт хавсарган буцаана. Ийнхүү буцаахдаа энэхүү журмын 5.8-д заасан холбоо барих утсаар мэдэгдэх бөгөөд мэдэгдсэнээс хойш ажлын 3 (гурав) өдөрт багтаан мэдэгдлийг тухайн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн журмын 5.1.1.13-т заасан шуудангийн хаягаар буцаан хүргүүлэх бөгөөд ийнхүү баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 (тав) өдөр, орон нутагт ажлын 10 (арав) өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын 5 (тав) өдөр өнгөрснөөр хүргүүлсэнд тооцно.
5.13. Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө.
Бүлэг 4
Сонгон шалгаруулалтыг явуулах
Зургаадугаар зүйл. Сонгон шалгаруулалтын комисс
6.1. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар шийдвэрлэнэ.
6.2. Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн нь геологи, уул уурхай, зураг зүй, хууль эрх зүйн салбарын мэргэжилтэй, геологийн судалгаа, хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна.
6.3. Сонгон шалгаруулалтын комисс нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдсэн 8(найм) хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийх эрхгүй бөгөөд тэмдэглэл хөтөлж, тодорхойлолт, дүгнэлтийн төслийг бэлтгэх, сонгон шалгаруулалтын болон сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
6.4. Сонгон шалгаруулалт зарласан талбайд ирүүлсэн сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.1, 5.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр явуулна.
6.5. Сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн 70 (дал) ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болох ба комисс нь дараах үүрэгтэй. Үүнд:
6.5.1. Сонгон шалгаруулалтыг урилгад заасан газарт, хугацаанд нь эхлүүлэх;
6.5.2. Сонгон шалгаруулалт явуулах тухай холбогдох тушаал, шийдвэрийг танилцуулах, оролцогчдоос сонирхсон асуудлаар тавьсан асуултанд тайлбар өгөх;
6.5.3. Сонгон шалгаруулалт зарласан талбайд сонгон шалгаруулалтын санал ирээгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн, Ашигт малтмалын тухай хуулийн 20.3-т заасны дагуу шийдвэрлэх тухай дүгнэлт гаргах;
6.5.4 Сонгон шалгаруулалт зарласан талбайд 1 (нэг) болон түүнээс дээш санал ирсэн бол сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцох;
6.5.5. Сонгон шалгаруулалт зарласан талбайд ирүүлсэн бүх сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.1, 5.3-т заасан шаардлагыг хангаагүй бол сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулах тухай дүгнэлт гаргах;
6.5.6. Сонгон шалгаруулалтын үйл явцыг нэг бүрчлэн үнэн зөв, бүрэн тэмдэглэх;
6.5.7. Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээг үнэн зөв өгөх.
6.6. Сонгон шалгаруулалтын комисс нь “Төрийн нууцын тухай“, “Байгууллагын нууцын тухай”, “Хувь хүний нууцын тухай” хуульд заасан мэдээллийг задлах, нийтлэх буюу тараахыг хориглоно.
Долдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын саналыг нээх
7.1. Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт дурдсан хугацаанд сонгон шалгаруулалтын саналыг нээнэ.
7.2. Техникийн саналыг нээх үед:
7.2.1. Сонгон шалгаруулалтын санал ирүүлсэн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах нөхцлийг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга бүрдүүлнэ.
7.2.2. Сонгон шалгаруулалтанд оролцогчоос ирүүлсэн саналын хуулбар хувийг нээж, энэ журмын 5.1, 5.3-т заасан иж бүрдлийг нь нягтлан шалгаж, дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх ба иж бүрдэл нь бүрэн бол тухайн саналыг хүлээн авна. Хэрэв ирүүлсэн санал нь заасан шаардлагыг хангаагүй бол тухайн саналыг хүчингүйд тооцон үнэлгээ хийхгүй бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, албан бичигт хавсарган сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан өгнө.
7.2.3. Саналаа ирүүлсэн оролцогчийн төлөөлөл урилгад заасан газар болон цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцон тэмдэглэл үйлдэж, албан бичигт хавсарган энэхүү журмын 5.8-д заасан холбоо барих утсаар мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш ажлын 3 (гурав) өдөрт багтаан мэдэгдлийг тухайн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн энэхүү журмын 5.1.1.13-т заасан шуудангийн хаягаар буцаан хүргүүлэх бөгөөд ийнхүү баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 (тав) өдөр, орон нутагт ажлын 10 (арав) өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын 5 (тав) өдөр өнгөрснөөр хүргүүлсэнд тооцно.
Наймдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх
8.1.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээсний дараа нээсэн хуулбар хувийг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалт тус бүрээр нь багцалж, хавтаст хийн лацдаж хадгална. Харин сонгон шалгаруулалтын комисс нь үнэлгээг хийхдээ шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт хуулбар хувь дээр үнэлгээ хийнэ. Хэрэв үнэлгээний явцад маргаан гарсан тохиолдолд эх хувийг нээж, хуулбар хувьтай харьцуулах замаар маргааныг шийднэ. Сонгон шалгаруулалтын саналын эх ба хуулбар хувь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд эх хувийг баримтлана.
8.2. Санал ирүүлсэн оролцогчийн баримт бичгүүдийн бүрдлийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалтанд оролцогчдод техникийн онооны үнэлгээг нийт үнэлгээний 55 (тавин тав) хүртэл хувьд нь өгнө.
8.3.Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын техникийн саналд доорх шалгуур үзүүлэлтээр үнэлгээг өгнө. Үүнд:
8.3.1. Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын арга, аргачлал, төрөл хэмжээ, хугацаа, өртөг;
8.3.2 Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн төлөвлөлтийн төсөл, төсвийн санал;
8.3.3 Хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах, дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл,
8.3.4 Орон нутагтай хамтран ажиллах шийдэл,
8.3.5. Оролцогчийн ажлын туршлага;
8.3.6. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал, түүний чадвар, туршлага /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
8.3.7. Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлын жагсаалт /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
8.3.8. Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж нөөц нь бүртгэгдсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх нөхцөл зэргийг харгалзана.
8.4. Техникийн саналын үнэлгээг хийхдээ сонгон шалгаруулалтын комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсыг ашиглах бөгөөд гишүүдийн өгсөн үнэлгээний үнийн дүнг нэмж, үнэлгээ өгсөн гишүүдийн тоонд хуваан гаргах бөгөөд бутархай тоог аравтын орны нарийвчлалтай /зуутын орон нь 5 (тав) болон түүнээс дээш байх тохиолдолд зэрэг дэвшүүлнэ/ тодорхойлно.
8.5. Сонгон шалгаруулалтын комисс нь оролцогчдоос ирүүлсэн техникийн саналыг ажлын 10 (арав) өдөрт багтаан үнэлж, сонгон шалгаруулах комиссын үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэж, дүгнэлт гаргана.
8.6. Техникийн саналыг үнэлсний дараа сонгон шалгаруулалтын комисс нь үнийн саналыг нээх ажиллагааг ажлын 1(нэг) өдрийн дотор хийх бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтанд оролцогч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг үнийн санал нээх ажиллагаанд оролцох боломжоор хангана. Үнийн саналыг нээхэд энэхүү журмын 5.1.2-т заасан маягтыг заасан шаардлагыг хангаагүй бол үнийн саналд 0 (тэг) оноо өгнө.
8.7. Сонгон шалгаруулалтын үнийн саналд үнэлгээ өгөхдөө хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 45 (дөчин тав) оноог шууд өгнө. Бусад оролцогчдийн тухайд ирүүлсэн үнэ тус бүрийг хамгийн өндөр үнийн саналтай харьцуулах хэлбэрээр оноог доор дурдсан томъёог ашиглан тооцоолно.
оролцогчийн үнийн санал
Оролцогчдын оноо = ------------------------------- x 45
хамгийн өндөр үнийн санал
8.8. Сонгон шалгаруулалтын үнийн саналын үнэлгээг энэхүү журмын 8.7-т заасны дагуу тооцоолсны дараа сонгон шалгаруулалтад оролцогч тус бүрийн техникийн саналд өгсөн үнэлгээг нэмж, эцсийн үнэлгээг гарган үнийн саналыг нээх ажиллагаанд оролцсон оролцогчид зарлана.
8.9. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын оноо тэнцсэн тохиолдолд хамгийн түрүүнд өргөдөл өгсөнд тооцогдох оролцогчид тусгай зөвшөөрөл олгоно.
8.10. Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь үнийн санал нээх ажиллагааны үед тэмдэглэл үйлдэн сонгон шалгаруулалтын комиссын дарга, гишүүдээр баталгаажуулна.
8.11. Энэхүү журамд заасан сонгон шалгаруулалтын саналыг бүртгэх дэвтрийн маягтыг Төрийн захиргааны байгууллага батална.
Есдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын эрх, үүрэг
9.1. Сонгон шалгаруулалтад оролцог нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
9.1.1. Сонгон шалгаруулалтын журамтай танилцах эрхтэй байна.
9.1.2. Сонгон шалгаруулалтын урилгаар зарласан хэд хэдэн талбайн сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй.
9.1.3. Сонгон шалгаруулалтын саналыг үнэн зөв бүрдүүлж ирүүлэх бөгөөд түүнтэй холбоотой аливаа хариуцлагыг хүлээх үүрэгтэй.
9.1.4. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлттэй танилцах эрхтэй байна.
Арвандугаар зүйл. Сонгон шалгаруулалтын дүнг зарлах
10.1.Сонгон шалгаруулалтын комисс нь энэхүү журмын 8.8-д заасан сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнг баталгаажуулан ажлын 3 (гурав) өдрийн дотор сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай дүгнэлт гаргаж, Төрийн захиргааны байгууллагын даргад ажлын 3 (гурав) өдөрт багтаан хүргүүлнэ.
10.2. Төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 (гурав) өдөрт багтаан холбогдох тушаалыг гаргана.
10.3.Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай, харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг энэхүү журмын 5.8-д заасан холбоо барих утсаар мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан мэдэгдлийг тухайн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн журмын 5.1.1.13-т заасан шуудангийн хаягаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснээс хойш нийслэлд ажлын 5 (тав) өдөр, орон нутагт ажлын 10 (арав) өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын 5 (тав) өдөр өнгөрснөөр мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.
10.4. Мэдэгдэл хүлээн авсан сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч энэхүү журмын 5.1.2-т заасан сонгон шалгаруулалтын үнийн санал болон босго үнийн зөрүүг ажлын 5 (тав) өдөрт багтаан холбогдох төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
10.5.Сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч нь энэхүү журмын 5.1.2-т заасан сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүнг энэхүү журмын 10.4-т заасны дагуу төлөөгүй бол тухайн талбайн сонгон шалгаруулалтанд удаах өндөр оноо авсан оролцогчийг шалгарсанд тооцно.
10.6.Хэрэв тухайн талбайн сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсан оролцогч нь сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүнг энэхүү журмын 10.4-т заасны дагуу төлөөгүй бол тус оролцогчийн босго үнийг улсын төсөвт оруулж, буцаан олгохгүй.
10.7. Сонгон шалгаруулалтанд шалгараагүй бусад оролцогчийн төлсөн босго үнийг энэхүү журмын 10.3-т заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 5 (тав) өдөрт багтаан буцаан олгоно.
10.8. Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай тайлан бичиж, санал ирүүлсэн материалуудын бүртгэлийг талбай тус бүрээр нь хөтөлж багцлан сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10 (арав) өдөрт багтаан Төрийн захиргааны байгууллагын Кадастрын архивт хүлээлгэн өгнө.
Арван нэгдүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
11.1. Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу олгоно.
11.2. Сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч нь энэхүү журмын 10.3-т заасан мэдэгдлийг авснаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ажлын 10 (арав) өдөрт багтаан төлсөн байна.
11.3. Сонгон шалгаруулалтанд шалгарсан бөгөөд энэхүү журмын 10.4-д заасан мөнгөн дүнг байршуулсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн эсхүл энэ журмын 11.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөө төлөөгүй эсхүл тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол Төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.
11.4. Сонгон шалгаруулалтын журмаар олгогдсон тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг төрийн захиргааны байгууллагын цахим хуудас дээр нийтэд мэдээлнэ.
БҮЛЭГ 5. БУСАД ЗҮЙЛ
Арван хоёрдугаар зүйл. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
12.1. Сонгон шалгаруулалтын саналд хавсаргасан материал нь энэхүү журмын 5.1-т заасан бүрдлийн хангаагүй, баримтаар нотлогдоогүй эсхүл илт хуурамч бол сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана.
12.2. Сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх явцад комиссын гишүүн нь энэхүү журамд заасныг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Арван гуравдугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх
13.1. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх, ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргана.
13.2. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
-оОо-
Текст томруулах
A
A
A