A

A

A

Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн

А/20 дугаар тушаалын хавсралт

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах

үйл ажиллагааны журам

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зорилгоор геологи, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулахдаа Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажлын зорилго нь улсын болон хувийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил хийх эрх бүхий талбайд геологийн тогтоцыг нарийвчлан судлан эрдсийн баялаг, ордын нөөцийг тодорхойлох, тогтоосон нөөцийг хаягдал, бохирдол багатай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар эдийн засгийн үр ашигтайгаар иж бүрэн ашиглах замаар нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхэд оршино.

1.3. Геологи, хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой явуулах үүднээс геологийн судалгаа, эрлийн ажил, ашигт малтмалын ордын хайгуул гэсэн дэс дарааллаар гүйцэтгэнэ.

1.4. Ашиглалтын ажлыг ашиглалтын өрөмдлөг, тэсэлгээ, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт гэсэн дэс дарааллаар гүйцэтгэнэ. Хэрэв ашигт малтмалын ордын онцлогоос хамаарч ашиглалтын ажлыг дээрх дэс дарааллаар гүйцэтгэх боломжгүй бол төрийн захиргааны байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр дэс дарааллыг тогтоож болно.

1.5. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны үр дүнгийн мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.15 дах заалтад заасан журмын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

1.6. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж дүгнэлт гаргуулсан ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэж, түүний хөдөлгөөнийг холбогдох заавар, стандартын дагуу жил бүр геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

 

Хоёр. Геологи, хайгуулын ажлын үндсэн үе шат

2.1. Талбайн геологийн тогтоц ба структур, ашигт малтмалын тархалт, түүний зүй тогтолыг судлах зорилготой холбогдох масштабын геологийн зураглал, ерөнхий эрэл, сэдэвчилсэн судалгааг геологийн судалгаа гэх бөгөөд үүний үр дүнд тогтоогдсон тодорхой төрлийн ашигт малтмалын илрэлийг баялгийн түвшинд (P) үнэлнэ. Геологийн судалгааны ажлыг холбогдох зааврын дагуу гүйцэтгэнэ.

2.2. Эрлийн ажлын хүрээнд ашигт малтмалын хуримтлал бүхий талбайг ялгах, түүний хэтийн төлөвийг тодорхойлж,  цаашид хайгуулын ажил хийх эсэхийг тодорхойлох, эдийн засгийн ач холбогдлыг урьдчилан үнэлэхэд оршино. Энэ шатанд ашигт малтмалын илрэл, хүдрийн талбай, зангилаа зэрэг тодорхой талбайн хэмжээнд оновчтой масштабаар геологи, ашигт малтмалын болон бусад зургийг зохионо.

2.2.1. Эрлийн талбайд эрлийн маршрут, геохими болон геофизикийн ажлыг дагалдах дээжлэлт, сорьцлолтын хамт явуулж, геологи, структурын болон бусад шаардлагатай зургуудыг зохиож, ашигт малтмалын биетийн тархалтыг судлах зорилгоор цөөн тооны гадаргуугийн уулын малталт, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, эрдэс, геохимийн сарнилын хүрээ, геофизикийн гажлыг судалсан байна.

2.2.2. Эрлийн ажлын үр дүнд тухайн ашигт малтмалын геологийн төрлийг тодруулж, нөөц эсвэл баялгийг (С болон P1) үнэлж, геологийн урьдчилсан үнэлгээ хийж, тухайн ашигт малтмалын хайгуулын ажлын ач холбогдлыг тусгасан тайланг боловсруулж, орд хайгуулын ажил хийх үндэслэлийг тодорхойлсон байна. Тайланд тухайн ашигт малтмалын эдийн засгийн үнэлгээг тусгаж болно.

2.3. Ашигт малтмалын ордын хайгуулын ажил нь ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг тогтоон ашиглалтад бэлтгэх зорилготой.

2.3.1. Ордын геологийн судлагдсан байдал, нөөц баялгийн зэрэглэл, ашигт малтмалын технологийн шинж чанар, эрдэс-бодисын бүрэлдэхүүн, чанарын хяналт бүхий сорьцлолт, лабораторийн судалгааны үр дүн, гидрогеологи, инженер-геологи, геоэкологи болон олборлох уул техникийн нөхцөл зэргийг ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллын шаардлагын түвшинд судалж тогтоосон байна.

2.3.2. Ашигт малтмалын ордыг ашиглахад шаардлагатай ахуйн болон үйлдвэрийн усны эх үүсвэр, түүний хангамжийг судлах, мөн ирээдүйн уурхайн үйлдвэрт шаардлагатай барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн талаар зохих судалгааг хийсэн байна.

2.3.3. Ашигт малтмалын геологийн нөөцөд үндэслэж ордыг ашиглах төслийн урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ өгсөн байна.

2.4. Олборлолтын явцад хийх ордын ашиглалтын хайгуулын ажил нь олборлолтын ажлын төлөвлөлт, нөөцийн зэрэглэл өсгөх, хяналт, хөдөлгөөн хийх, хүдрийн биетийн хил хязгаар, тогтоц, байрших нөхцөл, нөөцийн хэмжээ, чанар болон гидрогеологи, уул техникийн нөхцөлийг нарийвчлан тодорхойлж тогтоох зорилготой.

2.5. Хайгуулын ажлын дүнд тогтоосон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг шинжээчээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр  геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж хяналт тавьж зөвшөөрсөн хариу  өгсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн  холбогдох дүгнэлтийг гаргуулна.

 

Гурав. Геологи, хайгуулын ажил, түүнийг тайлагнах үндсэн зарчим

3.1. Геологи, хайгуулын ажлын судалгаанд дараах зарчмуудыг баримтална. Үүнд:

3.1.1. Геологи, хайгуулын ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой, иж бүрэн хийгдсэн байх;

3.1.2. Геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн боловсон хүчин гүйцэтгэх бөгөөд хуулийн этгээд нь геологийн судалгаа, хайгуул, гидрогеологи, өрөмдлөг, геофизик, лабораторийн судалгааны ажил явуулах эрх бүхий байгууллага байх;

3.1.3. Ашигт малтмалын орд, илрэлийг бүрэн судалж, ордод эдийн засгийн үнэлгээ өгсөн байх;

3.1.4. Байгаль орчин, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгодог байх;

Дөрөв. Ашигт малтмалыг эрэх, хайх ажлыг төлөвлөх, мэдээлэх, тайлагнах

4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, тайланг гаргаж, геологи, хайгуулын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ.

4.1.1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг гүйцэтгэгч хуулийн этгээд нь тухайн жилийн ажлын төсөл, төсвийн тодотголыг Төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгжээр хянуулсны үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тухайн жилд багтаан хэлэлцүүлж, холбогдох дүгнэлтийг гаргуулна. Харин ажлын үр дүнгийн тайланг Монголын стратиграфийн комиссын дүгнэлт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилсон шинжээчээр шүүмж хийлгүүлсний үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулна. Үр дүнгийн тайлангийн боловсруулалтын явц болон Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүртэлх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж байнгын хяналт тавина.

4.1.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмын 5, 6, 7 дах зүйлд заасан ерөнхий шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан зааврын дагуу тухайн жилийн төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 ба 48.4 дэх зүйлд нийцүүлэн боловсруулж, тайлагнана.

4.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс боловсруулж ирүүлэх эрэл, хайгуулын ажлын тухайн жилийн төлөвлөгөө, тайлан нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангасан байна.

4.1.4. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт нийцүүлэн боловсруулж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

4.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын хэвлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж, ажиллана.

4.3. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь тухайн хайгуулын ажил, тайланд шинжээч томилон дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэлэлцэж, ашигт малтмалын нөөц, тайланд дүгнэлт, зөвлөмж гаргана. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн эрх бүхий байгууллага нь ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

4.4. Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын мэдээ, төлөвлөгөө, тайлан болон түүнд хавсаргах зургуудад хурдас чулуулгийг Монголын литостратиграфийн кодексийн дагуу ангилж, түүний бичиглэлийг үйлдсэн байна. Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын нөөцийн тооцооллыг хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ыг баримтлан гүйцэтгэнэ.

4.5. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг албан бичиг, төлөвлөгөө, тайлан, гэрээ боловсруулах стандарт (Зохион байгуулалт-захирамжлалын баримт бичиг)-ын дагуу Монгол хэл дээр бичиж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтуудын хуулбарыг хавсарган боловсруулсан байна.

 

Тав. Ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө зохиох, түүнд

тавихдах ерөнхий шаардлага

5.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасны дагуу хайгуулын ажлын төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн талбай тус бүрээр боловсруулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.2. Хайгуулын ажлын төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.2.1. Хайгуулын ажлын төлөвлөгөөнд талбайн геологийн тогтоц ба ашигт малтмал, тухайн жилд болон тодорхой хугацаанд ажил явуулах үндэслэлийг гарган эрэл, хайгуулын ажлын сонгосон арга, аргачлал, гүйцэтгэх ажлын хэмжээ, түүнд зарцуулах төсвийн тооцоо болон холбогдох хавсралт зургуудыг хамруулсан байна.

5.2.2. Төлөвлөгөөнд талбайн байршил, дэд бүтэц, урьд өмнө хийсэн геологийн бүх төрлийн ажлын тухай, хайгуулын ажил хийхээр талбайг сонгосон үндэслэл, ажлын зорилго, ажиллах хүч, техник хангамж, ажил гүйцэтгэх хугацааг тусгасан байна.

5.2.3. Геологийн судалгааны болон эрэл, хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хурдас чулуулгийн төрлүүд, тэдгээрийн тархалт, тогтоц, үүссэн нөхцөл, геологийн биетүүдийн тогтоцын онцлог, чулуулгийн хувирал, илэрсэн ашигт малтмал, түүний эрдэслэг бүрэлдэхүүн, структур, текстур, тархалтын зүй тогтол, эрлийн шалгуур, шинж тэмдгүүдийн талаар тодорхой дэлгэрэнгүй бичсэн байна.

5.2.4. Талбайн хэмжээнд хийхээр төлөвлөсөн эрэл, хайгуулын ажлын нарийвчилсан үе шатууд, тэдгээрийн хүрээнд гүйцэтгэх бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, лабораторийн шинжилгээний ажлын төрөл, хэмжээг сонгосон үндэслэл, тэдгээрийг гүйцэтгэх аргачлал, дарааллын талаар тодорхой тусгасан байна.

5.2.5. Төсвийн тооцооны хэсэгт гүйцэтгэхээр сонгосон ажлын төрөл, хэмжээг үндэслэн бодитой нэгжийн өртөгөөр төсвийн нэгдсэн тооцоог төгрөгөөр илэрхийлэн тооцож, холбогдох маягтын дагуу нэгтгэсэн байна. Хайгуулын ажлын төлөвлөгөөнд геологийн болон ашигт малтмалын зураг, эрэл хайгуулын ажил төлөвлөсөн төслийн зургуудыг хавсралт байдлаар үйлдэж оруулна.

5.2.6. Хайгуулын ажлын төлөвлөгөөг зохиоход ашигласан материалын жагсаалтыг хавсаргах ба төлөвлөгөөг боловсруулсан байгууллагын геологийн болон санхүүгийн холбогдох ажилтнууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн удирдлага нь баталгаажуулсан байна.

 

Зургаа. Ашигт малтмалын хайгуулын тухайн жилийн тайлан боловсруулах,

түүнд тавихдах ерөнхий шаардлага

6.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дах заалтын дагуу хайгуулын ажлын жилийн тайланг боловсруулж төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс боловсруулж ирүүлэх хайгуулын ажлын жилийн тайлан нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

6.2.1. Хайгуулын ажлын жилийн тайланг тусгай зөвшөөрлийн талбай тус бүрээр бичиж, холбогдох гэрчилгээ болон түүний хавсралтуудын хуулбарыг хавсаргана.

6.2.2. Хайгуулын ажлын жилийн тайлан нь эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн аргачлал, уг талбайн болон орд, илрэлийн геологийн тогтоц, түүнчлэн эрэл, хайгуулын ажлын үр дүн бүхий тайлбар бичиг, холбогдох зургуудыг хавсаргана. Талбайн байршил, физик-газарзүйн онцлог, дэд бүтэц, хайгуулын ажлын үе шат, хайгуулын анги, нэгжийн бүрэлдэхүүн, техник хангамж, ажил гүйцэтгэсэн хугацааны талаарх ерөнхий мэдээллийг тусгасан байна.

6.2.3. Тусгай зөвшөөрлийн талбайд урьд өмнө нь ялгасан ашигт малтмалын эрлийн хэсэг, талбай, илрэл болон эрлийн шалгуур, шинж тэмдгүүдийн талаар бичиж тэдгээрт гүйцэтгэсэн эрэл, хайгуулын ажлын төрөл, хэмжээ, сонгосон аргуудын үндэслэл, тэдгээрийг гүйцэтгэсэн дарааллын талаар тодорхой бичнэ. Мөн тусгай зөвшөөрлийн талбайд тухайн жилд гүйцэтгэсэн ажлын төрлүүд, тэдгээрийн хэмжээ, нэгжийн өртөг, нийт зардлыг нэгтгэн гаргасан байна.

6.2.4. Эрэл, хайгуулын ажлын үр дүнд ялгасан эрлийн, хүдрийн бүс, зангилаа, талбай, биет, илрэл, эрдэсжсэн цэг, эрдсийн болон элементийн (геохимийн) сарнилын хүрээ, эвшил, геофизикийн гажил, шинж тэмдэг бүхий талбайн талаарх мэдээлэл, хүдэржилтийн төрөл, гарал үүсэл, түүний тархалтын зүй тогтол, хэлбэр, хэмжээ, хянаж буй структур, хувирлын төрөл, онцлог, ашигт бүрдвэр, нэгдлүүд, хортой хольцын агуулга, урьдчилсан байдлаар тооцож буй баялгийн үнэлгээ бодон  нөөцийн тооцоолол, түүнийг тооцсон аргачлалын талаар тусгаж, үүнийхээ үндсэн дээр талбайн хэтийн төлөвийн талаар нэгдсэн үнэлгээ өгч, цаашид явуулах эрэл, хайгуулын ажлын чиглэлийг тусгаж өгсөн байна.

6.2.5. Тайланд баримт материал, геологи-ашигт малтмал, структур, геохими, шлих-минералоги, геофизикийн судалгаа (эдгээр ажлууд хийгдсэн тохиолдолд)-ны үр дүнгийн зургууд, геологийн болон геофизикийн зүсэлтүүд, цооногийн болон уулын ажлын бичиглэлүүд гэх мэт зайлшгүй шаардлагатай зураг, бүдүүвчүүдийг зохиож хавсаргана. Зургийн масштабыг эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээ, ландшафт-рельефийн нөхцөл, судалгааны ажлын үе шатнаас хамааруулан оновчтой байдлаар сонгосон байна. Тайлангийн зураг, шаардлагатай фото болон бүдүүвч зураг, диаграммуудыг газарзүйн нэг төрлийн координатаар зохионо.

6.2.6. Лабораторийн шинжилгээ, сорьцлолт, геофизикийн судалгааны гэх мэт тоон үзүүлэлтийн үр дүн, тайланг зохиоход ашигласан эх материалын нэрсийг зохих дарааллын дагуу жагсааж хавсаргана.

6.2.7. Эрэл хайгуулын ажлын зардлыг санхүүгийн тайландаа тусгасан байна.

6.2.8. Хайгуулын ажлын жилийн тайланд тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын хэмжээ, түүний нэгжийн өртөг, түүнд зарцуулсан зардлын хэмжээг хайгуулын ажлын үе шат, ажлын төрлөөр ялган ажлын гүйцэтгэлийн холбогдох хүснэгтүүдэд үзүүлсэн байна.

6.2.9. Хайгуулын ажлын тухайн жилийн зардлын хэмжээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын зардлын доод хэмжээг хангасан байна.

 

Долоо. Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга,

түүнд тавих ерөнхий шаардлага

 

7.1.Тайлангийн бичвэр хэсэг дараах бүлгүүдтэй байна. Үүнд:

7.1.1. Оршил. Хайгуулын ажил гүйцэтгэх геологийн болон эдийн засгийн үндэслэл, хайгуулын ажлын үед гүйцэтгэсэн ажлын төрөл, хэмжээ, ажил эрхлэн гүйцэтгэгчдийн бүрэлдэхүүн, өөрийн хүчээр болон гэрээгээр хийлгэсэн ажил зэргийг тодорхой тусгана.

7.1.2. Хайгуулын талбай (орд)-н ерөнхий мэдээлэл. Тусгай зөвшөөрлийн талбай (орд)-н засаг захиргааны харьяалал, газар зүйн байршил, тухайн бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн төлөв, байдал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай, ордын хэмжээнд өмнө нь хийсэн геологийн төрөл бүрийн судалгаа (геологийн зураглал, геофизик, геохимийн болон бусад)-ны үр дүнг багцалж, түүхийг дэс дараагаар нь дэлгэрэнгүй бичнэ. Шаардлагатай зураг, бүдүүвч, картограммыг зохиосон  байна.

7.1.3. Хайгуулын талбай (орд)-н геологийн тогтоц.

  7.1.3.1. Тусгай зөвшөөрлийн талбай (орд) нь тектоник бүтэц, металлогенийн ямар нэгжид хамаарах, талбай(орд)-н хэмжээнд тархсан чулуулгийн давхрага зүйн ангилал, насны үндэслэл, магмын чулуулаг, тэдгээрийн онцлог, бүх төрлийн чулуулгийн хувирал, өөрчлөлт, ашигт малтмалын орд, илрэлийн тогтоцын онцлог, тэдгээрийн гарал үүсэл, байршлын зүй тогтол, урьд болон шинээр илрүүлсэн ашигт малтмалын орд, илрэлүүдийн тодорхойлолт зэргийг бичсэн байна.

 7.1.3.2. Геологийн судалгааны ажлын үр дүнг үндэслэн ордын хэмжээнд  тархсан чулуулгийн геологи-структурын нөхцөл, онцлогийг тодорхойлж, түүнийг ашигт малтмалын гарал үүсэл, байршлын зүй тогтолтой холбон тайлбарлана.

  7.1.3.3.  Ордын гарал үүсэл, төрлийг тодорхойлно.

  7.1.3.4. Ордын геологийн тогтоцоос хамаарч хүдрийн биетийн бүтэц, найрлага, агуулга өөрчлөгдөж байгаа нь тогтоогдвол түүний зүй тогтлыг баримт материалд тулгуурлан тусгасан байна.

  7.1.3.5. Ашигт малтмалын орд, илрэл, хүдрийн биетүүд нь геофизик, геохимийн гажил, геоморфологийн элементүүдэд хэрхэн илэрч байгааг болон тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тодорхойлно. Энэ бүлэгт ордын геологийн тогтоцын онцлогыг харуулсан фото болон гар бүдүүвч зургийг оруулна.

7.1.4. Хайгуулын ажлын аргачлал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ.

7.1.4.1. Тухайн ашигт малтмалын ордын хайгуулын ажилд сонгосон аргачлалын үндэслэл (өөр ордтой адилтган харьцуулсан байдал, ордын бүлэглэл г.м), гүйцэтгэсэн ажлын хэмжээг эрэл ба хайгуулын үе шатаар, ажлын төрөл тус бүрээр тодорхой бичнэ.

7.1.4.2. Уул, өрөмдлөгийн ажлын хайгуулын торлол, түүнийг сонгосон үндэслэл, ил, далд малталт, өрөмдлөг, бүх төрлийн хяналтын ажлын хэмжээ, тэдгээрийн харьцаа, дээжлэлт, сорьцлолт, лабораторийн гадаад, дотоод хяналтын шинжилгээ хийлгэсэн байдал, өрөмдлөгийн чөмөгийн гарц, сорьцын төлөөлөх чадвар, геологийн анхдагч материалын бүрдүүлэлт чанарын шаардлагыг хангаж байгаа эсэх (чанарын хяналтын) талаар өгсөн дүгнэлт, лабораторийн шинжилгээний үнэмшил (тохиолдлын ба системтэй алдааг статистикийн аргаар тооцоолсон байдал), хүдрийн технологийн сорьцлолт, түүний төлөөлөх чадвар, гидрогеологи, геофизик, топо-геодези, инженергеологийн болон бусад судалгааны аргачлалыг бичнэ.

7.1.4.3. Жил бүр хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын зардлын нэгтгэлийг ажлын төрлөөр нь хүснэгтээр харуулах бөгөөд энэхүү зардал нь санхүүгийн тайлангаар баталгаажсан байна.

7.1.5.Судалгааны талбайн үнэлгээ.

Тухайн ашигт малтмал болон талбайн хэмжээнд судалсан бусад ашигт малтмалын төрөл тус бүрээр үнэлгээ өгч, хэтийн төлөвийг тодорхойлсон байна. Хайгуул хийсэн орд орчимд тухайн болон өөр ашигт малтмалын нөөцийг цаашид нэмэгдүүлж болох баялгийн үнэлгээг өгнө.

7.1.6. Орд, хүдрийн төрөл, бодисын найрлага, технологийн шинж чанар.

7.1.6.1. Хүдрийн биетүүдийн тоо, хэмжээ, хэлбэр, дотоод бүтэц, хүдрийн төрөл, найрлага, эрдэслэг бүрэлдэхүүн, дагалдагч эрдэс, ашигт бүрдвэрүүд, хүдрийн агуулга, хэмжээ, түүний өөрчлөлтийн шалтгаан, хамаарал, хүдрийн структур, текстур, (гар, фото зургаар баяжуулсан байна) исэлдлийн бүсийн онцлог, өөрчлөлт, хүдрийн технологийн шинж чанар, ангилал, техникийн буюу физик-механикийн шинжилгээ (хүдрийн эзэлхүүний жин, ашигт давхаргын элсний сийрэгжилт, бул чулуужилт г.м)-ний үр дүнг тусгасан байна.

7.1.6.2. Тайланд хүдрийн технологийн шинж чанарыг судлахаар хийсэн туршилт, шинжилгээний үр дүнг үзүүлэлт нэг бүрээр нь дүгнэж бичсэн, адил төстэй бусад ордынхтой харьцуулж судалсан, үүний үндсэн дээр баяжуулалтын технологийн бүдүүвчийг боловсруулж, дагалдагч, ашигт ба хортой хольцын агуулга, тэдгээрийн орших хэлбэр, хүдэр боловсруулах технологийн талаар дурдсан байна.

7.1.6.3. Технологийн туршилт, шинжилгээний үр дүнгийн тайлан, дүгнэлтийг уг тайлангийн хавсралт бичвэрт тусад нь боть болгон оруулж байгаа тохиолдолд энэ бүлэгт тухайн судалгааны үр дүнг зөвхөн зангидаж  дүгнэсэн байна.

7.1.7. Хүдрийн талбай (орд)-н гидрогеологи, инженер геологийн нөхцөл. Талбай (орд)-н гидрогеологийн нөхцөл, усжилт, биеэ даасан уст үе, хөрсний давхарга, цогцолборыг ялган тогтоож гидрогеологийн шавхалт, туршилтын үр дүн, усны найрлага, химийн шинж чанарын талаар тодорхойлолт өгнө. Мөн хүдэр агуулагч болон хуулах хөрс, тэдгээрийн физик-механикийн шинж чанар, ан цав, хагарал, өгөршилд автсан байдал, цэвдэгийн тархалт, зузаан, ордын ашиглалтын үеийн усан хангамж, бусад шаардлагатай үзүүлэлтүүдийн талаар тодорхой тусгасана.

7.1.8. Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн тооцоо.

7.1.8.1. Нөөцийн тооцоонд хэрэглэсэн үндсэн үзүүлэлт(захын агуулга, үйлдвэрлэлийн хамгийн бага агуулга, хүдрийн биетийн зузаан,  г.м)-үүд, түүний үндэслэл, ордын бүлэглэл, хайгуулын тор, тэдгээрийн орон зайн тархалт хоорондын уялдаа зэргийг тодорхой бичнэ.

7.1.8.2. Тухайн орд, түүний хэсэг, хүдрийн биет бүрийн хил зааг болон нөөцийн зэрэг, нөөц тооцоолсон арга, нөөцийн тооцоололд хэрэглэхээр сонгож авсан үзүүлэлтүүд хайгуулын ажлын үр дүнтэй хэрхэн нийцэж байгаа болон нөөцийн тооцоололын үр дүнгийн талаар тодорхой бичнэ.

7.1.8.3. Нөөцийн тооцоололд хэрэглэсэн төрөл бүрийн үзүүлэлт (урт, зузаан, гүн, талбайн, эзэлхүүн жин, агуулга, хүдрийн нөөц, металлын хэмжээ), үр дүнг нэгдсэн хүснэгтээр оруулж өгнө.

7.1.8.4. Нөөцийн тооцоололд хүдрийн захын агуулгын хэд хэдэн хувилбарыг сонгон авч, түүнээсээ зах зээлийн бодит нөхцөлд тулгуурласан эдийн засгийн хамгийн ашигтай хувилбараар, хэд хэдэн аргаар нөөцийг тооцоолсон байна.

7.1.8.5. Хэрэв өмнө нь хайгуул хийсэн ордод гүйцээх хайгуул хийсэн бол нөөц хэрхэн өөрчлөгдсөнийг хүснэгтээр харуулсан байна.

7.1.8.6. Түүнчлэн хайгуул (тусгай зөвшөөрөл)-ын талбай болон ордын хэмжээнд баялгийн үнэлгээ өгсөн байна.

7.1.8.7. Ашигт малтмалын орд, хэсгийн ашиглалтанд бэлтгэсэн хэмжээнд судалсан нөөцийг хүдрийн олборлох, боловсруулах технологийн гол шинж чанар (исэлдсэн, анхдагч, нийлмэл, хүхэр ихтэй, энгийн, эсхүл цул, шигтгээ, судаллаг гм)-аар ялгаж, ордын нөөц өсөх боломж, тухайн орд, илрэлийн хэтийн төлвийн талаар тодорхой бичнэ.

7.1.9. Ашигт малтмалын ордын уул-техникийн нөхцөл, урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээ.

7.1.9.1. Ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах төсөл хэрэгжүүлэх хувилбаруудын техник, технологийн боломж, эдийн засгийн үр ашгийг тооцоходоо Аашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээний тухай журамд нийцүүлэн боловсруулна.

7.1.9.2. Ашигт малтмалын ордын гидрогеологи, инженер-геологийн судалгааны үр дүн, ордын усжилтын байдал, хуулах хөрс болон хүдрийн биеийг агуулагч чулуулгийн физик-механик, геотехникийн судалгаа, туршилтын үр дүн зэргийг үндэслэн ордын ашиглалтын уул-техникийн нөхцлийн талаар үнэлэлт өгөхийн зэрэгцээ ордын ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан тооцоо хийж, энэ талаар тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөх, мөн тухайн төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний зах зээл, үнийн судалгааг хийсэн байна.

7.1.10. Ашигт малтмалын ордын ашиглалтанд бэлтгэгдсэн байдал.

7.1.10.1. Олборлоход бэлтгэгдсэн ордын ашигт малтмалын хүдрийн эрдсийн ба химийн нэгдлийн агуулга, үндсэн ашигт малтмал болон түүнтэй хамт орших үйлдвэрийн аргаар ялган ашиглаж болох дагавар ашигт малтмал, ашигт бүрдвэрүүдийг иж бүрэн ялган авч боловсруулах технологийг орд газрын ашиглалтын зураг төсөл зохиох шаардлагыг бүрэн хангах түвшинд нарийвчилан судалж, анхдагч баримт материалыг бүрдүүлсэн байна.

7.1.10.2. Үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон сууцны барилга байгууламж барих, түүнчилэн ядуу агуулгатай хүдэр, боловсруулах үйлдвэрийн хаягдлыг байрлуулахад зориулж ашигт малтмалын хүдэржилтгүй талбайг судалж тогтоосон байна.

7.1.10.3. Орон нутаг, уугуул иргэдийн харилцаа, нийгмийн асуудлаар хийсэн, төлөвлөсөн ажлын талаар тусгана.

7.1.10.4. Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох хууль, журмын дагуу хийж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөн, ордын гидрогеологи, инженер геологийн судалгааг хийж, газрын доорх болон гадаргуугийн усыг үйлдвэрлэл, хүн амын ундааны усан хангамжийн эх үүсвэр болгон ашиглах боломжийг судалж үнэлэлт өгсөн байна.

7.1.10.5. Ашигт малтмалын ордын нөөцийг тогтооход гаргасан хайгуулын ажлын зардлыг нэгж нөөцөд ногдох зардлаар, эрлийн болон хайгуулын үе шат бүрээр, мөн нэгтгэсэн байдлаар тооцож харуулсан байна.

7.1.11. Археологи, палеонтологийн судалгаа, байгаль орчны геоэкологийн үнэлгээ.

7.1.11.1. Ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгааны явцад Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад хууль, эрх зүйн хүрээнд археологи, палеонтологийн ерөнхий судалгаа, үнэлгээ хийлгэж үр дүнг нэгтгэн дүгнэн, хавсарган оруулсан байна.

7.1.11.2. Хайгуул хийх явцад болон ордыг ашиглах үед хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, байгалийн үндсэн төрх байдал (уул зүй, уур амьсгал, хөрс ургамал, ан амьтан, эдийн засгийн хэвшил, гадаргуугийн болон газрын доорхи ус зүй, чулуулаг бүрхүүлийн дээд хэсгийн элэгдэл, идэгдэл, өгөршлийн шинж төлөв)-ын талаар холбогдох мэдээллийг тусгасан байна.

7.1.12. Дүгнэлт. Тухайн бүлэгт ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнг нэгтгэн товчлон тусгасан байх ба үүнд ашигт малтмалын ордын байршил, гарал үүсэл, хүдрийн шинж чанар, нөөц, тэдгээрийн ашиглалтанд бэлтгэсэн байдал, техник -эдийн засгийн гол үзүүлэлтүүд, ордын хэтийн төлөв, цаашдын судалгааны чиглэлийн талаар зөвлөмж өгсөн байна.

7.2. Тайлангийн хавсралт бичвэрүүд.

7.2.1. Хавсралт бичвэрийн хэсэгт хайгуул хийсэн талбай (орд)-н хайгуулын ажилтай холбогдолтой туслан гүйцэтгэгчээр хийлгэсэн ажлын бүрэн тайлан, тайлангийн бүлгүүдэд зайлшгүй шаардлагатай бичвэрээр болон хүснэгтээр харуулсан материалуудыг оруулсан байна.

7.3. Тайлангийн хавсралт зургууд.

7.3.1. Эрлийн маршрут, геофизик, геохимийн судалгааны ажил, уулын болон өрөмдлөгийн ажил ба талбайн хэмжээнд гүйцэтгэсэн бусад ажлуудыг ажлын төрөл, гүйцэтгэсэн оноор нь ялган тэмдэглэсэн баримт материалын зураг.

7.3.2. Хайгуулын талбайн геологийн болон ашигт малтмалын, мөн ордын геологийн оновчтой масштаб бүхий зураг. Шаардлагатай тохиолдолд хүдрийн биетийн геологийн зураг.

7.3.3. Ордын нөөцийн дэвсгэр зураг, нөөц, геологи, литологийн төрөл бүрийн зүсэлтүүд.

7.3.4. Ашигт малтмалын орд, хэсгийн геохими, геофизикийн судалгааны үр дүнгийн зураг (хэмжилт, гажигуудын тайлал, проекц, диаграмм, изолиний г.м).

7.4. Тухайн ордод нөөцийн тодотгол хийх буюу уурхайн ашиглалтын явцад хийх гүйцээх хайгуулын ажил түүнийг тайлагнах, мөн тодорхой ашигт малтмалын төрөл (уран, нүүрс, газрын тос гэх мэт), ордын геологийн тогтоц, хайгуулын ажлын аргачлалын онцлог зэргээс хамааруулж тайлангийн бүлэг болон агуулгыг тохируулан өөрчлөх, үндсэн бүлгүүдийг нь дэд бүлгүүдэд задлан бичиж болно.

7.5. Ордын нөөцийн тодотгол бүхий тайлан нь ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн зэрэглэлийг өөрчлөх (1998 оноос өмнөх хайгуулын ажлын хувьд), нөхцөлд тухайн тодотголыг тусгасан хайгуулын ажлын үр дүнгийн үндсэн тайлангийн нэмэлт хэлбэрээр боловсруулагдаж болно.

Найм. Ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд

тавигдах шаардлага

8.1. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  авсан байна.

8.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцөд тулгуурлан уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах) төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна.

8.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байна.

8.4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар, ус, цахилгаан зэрэг дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас авч, шаардлагатай тохиолдолд гэрээ хийж, холбогдох төлбөрийг төлсөн байна.

8.5. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

8.6. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг барьж байгуулан эрх бүхий байгууллагаас томилогдсон техникийн комиссоор шалгуулан акт үйлдүүлж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисст хүлээлгэн өгч уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхэлнэ.

8.8. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дотоод, гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тохиолдолд аудит хийлгэсэн санхүүгийн тайлангаа жил бүр өөрийн компани цахим хуудсанд монгол хэл дээр байршуулна.

Ес. Ашигт малтмал ашиглалтын үед тавигдах шаардлага

9.1. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан аюулгүй ажиллагааны дүрмүүдийн шаардлагад нийцүүлэн явуулна.

9.2. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахын байрыг “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-д зааснаар тоноглон тэсэлгээний ажлыг уг дүрмийн дагуу явуулна.

9.3. Баяжуулах үйлдвэрийн металл авалт, хаягдлын сангийн саармагжуулалт, далд уурхайн агааржуулалт, агаарын бохирдолт зэргийг хэмжиж мэргэжлийн байгууллагаар хянуулж акт, баримт бүрдүүлж ажиллана. 

9.4. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.

9.5. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.12, 11.1, 48.6, 48.7, 48.11-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь уурхай болон уулын баяжуулах, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийн тайланг тухайн ордыг ашиглах болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан хийж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар”-ын дагуу хуульд заасан хугацаанд хүргүүлнэ.

9.6. Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн тайланд уулын ажлын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн холбогдох график зураг, материалыг хавсаргана.

9.7. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь тухайн жилд тусгай зөвшөөрлийн талбайд болон үйлдвэрийн газарт үйл ажиллагаа явуулаагүй бол энэ тухай үндэслэл, тайлбарыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

9.8. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн тэдгээрийг аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж улмаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажиллана.

9.9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан байдал, ажлын байрны нөхцөл, ажлын тусгай хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэл дээр гарсан осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл болон аюул учирч болзошгүй байсан тохиолдлын талаарх мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүр хүргүүлнэ.

9.10. Ус, агаар, хөрсний бохирдлыг тогтмол хянаж, мэдээллийн санг бүрдүүлж, шаардлагатай үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж ажиллана.

9.11. Ашиглалтын блокийг нээх, хаахдаа акт үйлдэж хайгуулын ажлаар тогтоосон нөөцийн хэмжээ батлагдсан, дутсан, үлдсэн, илүү гарсан эсэх, тэдгээрийн шалтгааны талаар тодорхой тайлбар бичиж нөөцийн баланс гаргах үедээ төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

 

---о-О-о---