A

A

A

Бүлэг: 1979

/Аймгийн ИТХ-ын 2021 оны 04/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

Аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн   

07/05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах,

түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Зорилго

            1.1.1.Энэхүү журмын зорилго нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10, 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26.8, 189 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдэд тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнд хяналт тавих зэрэг арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

         1.1.2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

            1.1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэхүү журмын хүрээнд явагдана.

            .1.4. Журамд хэрэглэгдэх нэр томьёог холбогдох хууль, тогтоомжид зааснаар ойлгоно.

            1.2. Үйлчлэх хүрээ

            1.2.1. Энэхүү журам нь аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчилнэ. Бусад сумд орон нутгийн хэмжээнд дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

1.2.2. Энэхүү журам нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

            2.1. Аймгийн орон тооны бус зөвлөл, түүний салбар зөвлөлийн чиг үүрэг

2.1.1. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, уг зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих үйл ажиллагааг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус аймгийн зөвлөл /цаашид аймгийн зөвлөл гэх/ зохион байгуулна.

2.1.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээж авах, санал дүгнэлт хэлэлцэх, хүргүүлэх чиг үүрэг бүхий салбар зөвлөл /цаашид салбар зөвлөл гэх/ ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга батална.

2.1.3. Тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, байршлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон норматив хэмжээнд үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр гаргаж тогтооно.

2.1.4. Орон тооны бус зөвлөл нь бүрэлдэхүүнийхээ 50-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдах ба асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, саналын зөрүүтэй гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгах бөгөөд зөвлөлийн шийдвэр нь хуралдааны тэмдэглэл хэлбэртэй байна.

2.2. Салбар зөвлөлийн чиг үүрэг

2.2.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгоход санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус салбар зөвлөлд дараах мэргэжлийн болон иргэн, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан томилно. Үүнд:

2.2.1.1. Салбар зөвлөлийн дарга – Засаг дарга;

2.2.1.2. Нарийн бичгийн дарга - сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга /улсын байцаагч/;

2.2.1.3. Засаг даргын Тамгын газрын дарга;

2.2.1.4. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга;

2.2.1.5. Хэсгийн төлөөлөгч;

2.2.1.6. Багийн засаг дарга;

2.2.1.7. Иргэн, олон нийтийн байгууллагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/;

2.2.2. Тусгай зөвшөөрөл хүссэн худалдаа үйлчилгээний цэгт тавигдах босго онооны хэмжээ, хязгаарыг мэргэжлийн байгууллагуудаас баталсанстандарт, шаардлага, дүгнэлт, бусад холбогдох үзүүлэлтийг харгалзан хэлэлцэн тогтоох;

2.2.3. Суман дахь Мал эмнэлэг, үржлийн тасгийн улсын байцаагч нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн дагуу тусгай зөвшөөрөл хүссэн цэгт дүгнэлт гаргах ба дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

2.2.4. Салбар зөвлөл нь хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн баримт, материалыг хүлээн авч стандарт, шаардлагыг хууль тогтоомжийн дагуу хангасан эсэхэд санал, дүгнэлт гаргаж, холбогдох материалын хамт аймгийн зөвлөлд хүргүүлнэ.

2.2.5. Салбар зөвлөл нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тухай хүсэлтийгсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон цэгийн тоо, нормативд үндэслэн хүлээж авах бөгөөд тогтоосон цэгийн тоо, нормативаас хэтрүүлэхгүй байх.

2.3. Аймгийн зөвлөлийн чиг үүрэг

2.3.1. Аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга батална. Аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:

2.3.1.1. Зөвлөлийн дарга – Аймгийн Засаг дарга;

2.3.1.2. Нарийн бичгийн дарга – аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн;

2.3.1.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

2.3.1.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

2.3.1.5. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга;

2.3.1.6. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;

2.3.1.7. Аймгийн Татварын хэлтсийн дарга;

2.3.1.8. Аймгийн Цагдаагийн газрын дарга;

2.3.1.9. Иргэн, олон нийтийн байгууллагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/;

2.3.2. Салбар зөвлөлөөс ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох материалыг хүлээн авч ажлын 21 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

2.3.2.1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж Тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих;

2.3.2.2. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, татгалзсан үндэслэлийг заасан хариуг салбар зөвлөлд бичгээр хүргүүлэх;

2.3.2.3. Тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн нэр, цэгийн нэр өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх;

2.3.2.4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх;

2.3.3. Зөвлөл нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, судалгааг хөтлөх;

2.3.4. Мэргэжлийн байгууллагууд болон улсын байцаагчийн дүгнэлт, Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын тохирлын гэрчилгээний олголтын байдалд хяналт тавих;

2.3.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад дурьдагдсан албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавихыг шаардах, тэдний илрүүлсэн зөрчлийн мөрөөр арга хэмжээ авахуулж холбогдох шийдвэрийг гаргуулах;

2.3.6. Орон тооны бус зөвлөлийн гишүүд нь хуралдаанд оролцохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд төрийн албан тушаалтны хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргах;

            2.4. Тусгай зөвшөөрөл хүсэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь доорх эрх, үүргийг хүлээнэ.Үүнд:

2.4.1. Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлтээ салбар зөвлөлд уламжлах;

2.4.2. Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангахын тулд мэргэжлийн байгууллагуудаас мэргэжлийн зөвлөгөө авах, дүгнэлт гаргуулах;

2.4.3. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжид заагдаагүй аливаа хууль бус шаардлага, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэрлүүлэх;

2.4.4. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;

2.4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх;

2.4.6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх;

2.4.7. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог байх;

            2.4.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна сумын Засаг даргын Тамгын газраас хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах ба гадна гэрэлтүүлгийг 10-20 метрт байгаа эд зүйл харагдах, камерийн бичлэгт орж байхаар суурилуулсан байна;

Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх,

сэргээх, хүчингүй болгох

            3.1. Тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, болон эзэмшигч худалдаа, үйлчилгээний цэг нь дараах шаардлагыг хангасан байна.

            3.1.1. Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх;

            3.1.1.1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:

       а/ Ресторан/Зоогийн газар/;

       б/ Баар;

       в/ Кафе;

            3.1.1.2. Худалдааны чиглэлээр:

       а/ Хүнсний дэлгүүр;

       б/ Минимаркет;

       в/ Супермаркет;

       г/ Хайпермаркет;

       д/ Бөөний төв;

        е/Агуулах худалдаа;

            3.1.2. Суман дахь Мал эмнэлэг, үржлийн тасгийн  улсын байцаагч болон мэргэжлийн байгууллагаар тухайн цэгт холбогдох дүгнэлтүүдийг гаргуулсан байх;

        3.1.3. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч Худалдаа, үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 зэрэг бусад тавигдах стандарт шаардлагуудыг хангасан байх;

            3.1.4. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог байх;

            3.1.5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт Онцгой байдлын газраар гаргуулсан байх;

                3.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

            3.1.7. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх ба харуул, хамгаалалттай байх;

            3.1.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлж буй цэг нь ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байх ба хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, соёлтой үйлчилгээг үзүүлэх;

            3.1.9. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх цэг нь өөрийн нэр бүхий лого, цагийн хуваарьтай, гэрлэн хаягтай байх ба гадна талбайдаа авто зогсоолтой, үйлчилгээний хэсэгтээ галын булан, галын хор, дохиоллыг байрлуулсан, кассын машин, хууль сурталчилах мэдээллийн самбарыг байрлуулж, согтууруулах ундаа зарах, үйлчлэхийг хориглосон өдрүүдэд тухайн хэсэгтээ хаалт хэрэглэж хэвшсэн байх;

            3.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь 3.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлэн салбар зөвлөлд хүсэлтээ гаргана.

            3.2.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах/;

            3.2.2. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.2.3. Улсын байцаагчийн дүгнэлт;

            3.2.4. Салбар зөвлөл нь тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн цэгт улсын байцаагчийн гаргасан дүгнэлт болон бусад тавигдах шаардлагыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Хуралдааны тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулна.

            3.2.5. Аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар;

            3.2.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан эсэх талаар Татварын албаны тодорхойлолт;

            3.2.7. Гадна, дотно тохижилтын фото зураг;

            3.2.8. Камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болонзахиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

            3.2.9. Салбар зөвлөлөөс аймгийн зөвлөлд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн албан бичиг;

            3.3. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах.

3.3.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг дарга хоёр жилийн хугацаагаар олгох буюу сунгана.

3.3.2. Аймгийн Засаг дарга нь Тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн нутаг дэвсгэрийн салбар зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтүүдийг аймгийн зөвлөлийн хэлэлцсэн санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргана.

3.3.3. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгийг бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэн /бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу/ авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол дээрх журамд тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт, материалыг бүрдүүлж тусгай зөвшөөрлийг шинээр авна.

3.3.4. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.

3.3.5. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт цаасан болон цахим хаягаар хүргүүлж, www.uvurkhangai.mn цахим хуудсанд ил тод байршуулна.

3.3.6. Хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

        3.4. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ;

            3.4.1.Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, суутгасан татварын тооцоо хийгээгүй;

            3.4.2. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч зөвшөөрлөө аваагүй;

            3.4.3. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хугацаа дуусахаас 1-2 сарын өмнө холбогдох шаардлагыг хангаж баримт бичгийг бүрдүүлэн салбар зөвлөлд уламжлах бөгөөд энэ хугацаанд сунгалт хийлгээгүй;

            3.4.4. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тогтоогдсон хязгаарлалт, хорио цээрийн хугацаанд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг хязгаарласан шийдвэр гарсан;

            3.4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сургуулийн сурагч, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн;

            3.4.6.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, уг гомдол нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон;

            3.4.7. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажлын 10 хоногийн дотор түдгэлзүүлэх шийдвэр гаргана.

            3.5. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

            3.5.1. Тусгай зөвшөөрлийг 3 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.

          3.5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн бол түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгасны дараа холбогдох мэргэжлийн байгууллагаас зөрчлөө арилгасан талаар тодорхойлолт гаргуулж аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд аймгийн зөвлөл ажлын 21хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

3.6. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.

            3.6.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтэст улирал бүр тайлангаа гаргаж өгөөгүй,татварын тооцоог тухай бүр хийгээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй;

3.6.2. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлж, худалдсан;

            3.6.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

            3.6.4. Хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн;

            3.6.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй буюу үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан;

            3.6.6. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

            3.6.7. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Стандарт, хэмжилзүй, Татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн нь үндэслэлтэй бол;

            3.6.8. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэ журмаар хориглосон үйл ажиллагаа явуулсан;

            3.6.9. Дээрх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүчингүй болгосон тухай шийдвэр, албан мэдэгдлийн хамт нэн даруй холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

Дөрөв. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах.

4.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журмаар батлагдсан “Гэрчилгээ”-ний загвараар хэвлэн, аймгийн Засаг даргаар баталгаажуулан олгоно. /Тогтоолын 2 дугаар хавсралт/

4.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь оршин суугаа газрын /сумын/ Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. /Тогтоолын 3 дугаар хавсралт/

4.3. Энэхүү журам, стандартын ерөнхий шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу хураамжаа төлсөн тохиолдолд олгоно.

4.4. Тусгай зөвшөөрлийг хэвлэх, олгохтой холбогдсон бусад зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлнэ.

Тав. Хяналт тавих

5.1.Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан байгууллагууд хяналт тавих бөгөөд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

5.2. Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын 3.2-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтээ аймгийн зөвлөлд ирүүлжшийдвэр гаргуулна.

5.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх мэдээлэл, нотлохбаримтыг сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн зөвлөлд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

5.4. Хяналт, шалгалт хийсэн байгууллага нь илрүүлсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж, аймгийн зөвлөлд санал, дүгнэлт танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажиллана.

5.5. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгүүдийг аттестатчлах, цэгийн тоонд хяналт тавих чиг үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хариуцлага

            6.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг аймгийн зөвлөлд гаргаж ажлын 7 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

            6.2. Салбар зөвлөл, аймгийн зөвлөлийн гишүүд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

            6.3. Улсын байцаагч хуурамч дүгнэлт гаргасан нь мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдвол Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийнхариуцлага хүлээлгэнэ.

            6.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оо0оо---