- Нүүр
- Сайдын тушаал
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2023 оны А/111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн
А-84 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 14 дүгээр зүйлийн 14.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Хүнсний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг үндэслэн согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах
2.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх тусгай зөвшөөрөл олгох төсөл сонгон шалгаруулалтын урилгыг төсөл хүлээж авах эцсийн хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хуудсаар нийтэд зарлана.
2.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан баримт бичгээс гадна сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг энэ журмын 3.2-т заасны дагуу бүрдүүлж хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.3.Энэ журмын 2.2-т заасан бичиг баримтыг төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг“ гэх /-ийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
2.4.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын эрүүл мэнд, хууль эрх зүй, мэргэжлийн хяналт, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалтын болон төрийн бус байгууллагын холбогдох төлөөллийг оролцуулна. Төрийн бус байгууллагын төлөөлөл нь тухайн салбарт мэргэшсэн, туршлагатай, зөвлөх инженер байна.
2.5.Ажлын хэсэг нь хуулийн этгээдийн ирүүлсэн бичиг баримтад согтууруулах ундааны төрөл тус бүрээр энэ журмын 3.1-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, санал, дүгнэлт гаргана.
2.6.Ажлын хэсгийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал мэдэгдэж, тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцохгүй байна.
2.7.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцогч төрийн захиргааны байгууллагын ажилтан, төрийн бус байгууллагын төлөөлөл нь бизнесийн нууцыг бусдад мэдээлэх, буруу дүгнэх, бусдад давуу байдал олгохгүй, хууль, журам зөрчихгүй байна.
Гурав. Төслийн баримт бичигт үнэлгээ хийх
3.1.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг, саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт, заавал мөрдөх стандартын шаардлагын дагуу шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
3.2.Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг нь удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдсэн байна.
3.2.1.Тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаарх мэдээлэлд төслийн товч агуулга, хуулийн этгээдийн нэр, үйлдвэрийн байршил, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь, одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээллийг тусгана.
3.2.2.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлага: удирдлагын бүтэц, орон тоо, ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг, нийслэл, орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо;
3.2.3.Зах зээлийн судалгаа: зах зээлийн төлөв байдал, SWOT шинжилгээ, хэрэглэгчдийн тодорхойлолт;
3.2.4.Эдийн засгийн тооцоо: үндсэн үйлдвэрлэл, нийт орлого, борлуулалтын орлогын тооцоо, үйлдвэрлэлийн зардлын тооцоо, бүтээгдэхүүний өртгийн тооцоо, төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо, төслийн өгөөж, өртгийн тооцоо, төслийн эрсдлийн удирдлагын тооцоо, байгаль орчинд ээлтэй болон хор хөнөөлгүй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах тооцоо;
3.2.5.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа: түүхий эдийн чанарын үзүүлэлт, түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа.
Үүнд дараахь мэдээллийг тусгана.
а.Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи, технологийн заавар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт тоног төхөөрөмж, лонх, сав, баглаа боодол, шошгололт, бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт;
б.Дотоод хяналтын лаборатори болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын тогтолцооны бүрдүүлэлт, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаан болон татан авалт, дотоод хяналт, шалгалтын бүртгэл;
в.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон галын аюулгүй байдлыг хангах нөхцөл, хөдөлмөрийн дотоод дүрэм;
3.2.6.Бичиг баримтын бүрдэлт: (тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэлийн төрөл, хугацааг тодорхой дурьдах/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, согтууруулах ундаа үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх талаар аймаг, нийслэлийн Засаг даргын санал, Үйлдвэрлэлийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын албаны санал, тодорхойлолт, аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ);
3.2.7.Тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг, үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж, үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл;
3.2.8.Дүгнэлтэд энэ журмын 3.2.1-3.2.7-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.
3.3. Энэ журмын 3.1-т заасны дагуу шалгуур үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүн бүр оноогоор үнэлж, оноог гишүүдийн дундаж үнэлгээгээр гаргана.
3.4.Ажлын хэсэг нь согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулах газар дээр нь хяналт тавьж болох ба шаардлагатай бол өргөдөл гаргагчийн бичиг баримтыг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
3.5.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийг үнэлж, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
3.6. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын шийдвэрийг үндэслэн олгох бөгөөд гэрчилгээ авсан хуулийн этгээд үйл ажиллагаа эрхэлнэ.
Дөрөв. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналт
4.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.2 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна.
4.1.1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 159 дүгээр тогтоолоор батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт”-ын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд хүлээх үүргийг хэрэгжүүлэх;
4.1.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.7-д заасан хугацаагаар 4.8-д заасан журмыг баримтлан сунгуулах;
4.1.3.Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.
4.2. Журмын 4.4 дэх заалтад заасан ажлын хэсгийн санал, дүгнэлтээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг дүгнэнэ.
4.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн загвар”-ын дагуу тухайн аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад гаргана.
4.4.Тухайн аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн хяналтын байгууллагаас томилсон төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан, хяналт шалгалт хийж, санал, дүгнэлтээ журмын 4.3-т заасан өргөдлийн хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.5.Журмын 4.4 дэх заалтад заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд татвар, цагдаа, тагнуул, стандарт, хэмжил зүй, онцгой байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон иргэний нийгмийн төлөөллийг тус тус оролцуулж болно.
4.6.Ажлын хэсэг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 159 дүгээр тогтоолоор батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт”-д заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудасны дагуу эрсдэлийн үнэлгээ хийж, согтууруулах ундааны үйлдвэрийн үйл ажиллагааны болон ажлын байрны тухай санал, дүгнэлт, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг гаргана.
4.7.Журмын 4.3-т заасан өргөдөлд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, тохирлын гэрчилгээний болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барааны тэмдгийг баталгаажуулсан баримт зэргийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.8.Энэ журмын 4.6-т заасан дүгнэлт, саналд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд өмнө нь хийсэн хяналт шалгалтын дүнг хавсаргана.
4.9.Энэ журмын 4.6-т заасан дүгнэлтэд тусгай зөвшөөрлийг сунгаж эхлэх хугацааг тусгана.
4.10.Төрийн захиргааны төв байгууллага нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 51.1-д заасан журмын дагуу спиртийн гарцын тэнцлийн тайланд хяналт тавьж болно.
4.11.Журмын 4.6, 4.7-д заасан санал, дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ.
4.12.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих, шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
4.13.Төрийн захиргааны төв байгууллага нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналт тавьж болно.
4.14.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн аливаа үйл ажиллагаанд тухайн аж ахуйн нэгж дотоодын хяналт тавина.
4.15.Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж, эрсдлийн үнэлгээ хийнэ.
4.16.Хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавьсан хяналт шалгалтын талаарх танилцуулгыг тухай бүр, татварын байгууллага нь үйлдвэрлэсэн согтууруулах ундааны онцгой албан татвар төлөлтийн талаарх мэдээг жил бүр хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.
4.17. Тусгай зөвшөөрлийг хугацаа дууссанаас хойш сунгуулах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд сунгахгүй. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлөө хүчингүй болгохыг зөвшөөрсөнд тооцно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу хүчингүй болгох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1. Энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- оОо ---
Текст томруулах
A
A
A