A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын сарын 06-ны өдрийн
161 дугаар тушаалын хавсралт


ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМАВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас авто зам, замын байгууламж хаагдаж боогдсон, эвдрэл гэмтэл  гарсан, засвар шинэчлэлт хийх үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн буюу бүтэн хаах, чиглэл өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх гэнэ/ “Авто замын тухай” хуулийн 31.1-д заасны дагуу тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаад улсын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.

1.3.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд “Авто замын тухай” хуулийн 31.1-т заасны дагуу олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хаах буюу чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг тухайн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гаргана.

1.4.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

1.5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол болсон тохиолдолд олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөхтушаалыг Улсын онцгой комиссын дарга, (түүний эзгүйд Улсын онцгой комиссын орлогч дарга) батална.

1.6.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас зам даваа хаагдаж авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай нөхцөл байдал үүссэн үед нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын даргань тухайн аюултай нөхцөл байдал үүссэн авто замыг түр хугацаагаар хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх шийдвэрийг гаргаж энэ тухай олон нийтэд,  мэдээллийн хэрэгслээр хүргэж, тухайн зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан эрх бүхий этгээдээр дараагийн шатны шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулна.

1.7.Зам  хариуцагч аж ахуйн нэгж байгууллага нь авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэр гарсан даруйд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр зам гаргах, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана.

1.8.“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 8.2.2-т заасны дагуу нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга нь олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

1.9.Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчилсөн тухай шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн зарлан мэдээллийн системээр олон нийтэд орон даяар шуурхай мэдээлэх ба уг мэдээлэлд тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлд оруулах өөрчлөлтийн эхлэх болон дуусгавар болох цаг хугацаа, огноог тодорхой заасан байна. 

1.10.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас олон улс,улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан даруйд улс хооронд болон хот хоорондын нийтийн тээвэрлэлтэд ажиллаж буй нийтийн тээврийн жолооч нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн ойр сум суурин газарт хүргэж, зохих арга хэмжээ авч ажиллана.

1.11.Энэхүү журмын 1.10 дахь заалтад заасан шалтгаан нөхцөлөөр тээвэрлэгчид учирсан хохирлыг автотээврийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага даатгалын байгууллагатай хамтран гэрээний үндсэн дээр нөхөн төлбөрийг гаргуулж, тээвэрлэгчид олгоно.

ХОЁР. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ

2.1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад үед авто зам, замын байгууламжийг дараах нөхцөлд түр хааж хугацааг нь тогтооно. Үүнд:

2.1.1.Авто зам, замын байгууламж дээр уулын чулууны нуралт үүсэх бодит аюул бий болсон үед,

2.1.2.Авто зам, замын байгууламж, төмөр бетон, модон гүүр их хэмжээгээр эвдэрч, яаралтай засварлах шаардлагатай болсон үед,

2.1.3.Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж халтиргаа гулгаа үүссэн үед,

2.1.4.Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх үед хэсэгчлэн.

2.1.5.Зам, гүүрийн барилга, их засвар шинэчлэлт, ээлжит засварын ажлын үед гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу түр замыг барьж тухайн замаар тээврийн хэрэгсэл аваар осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн Зөвлөх компанид хүсэлт тавьсны дагуу зөвлөх нь тухайн хүсэлтийг захиалагч байгууллагад хүргүүлэх ба ирүүлсэн хүсэлтийг үндэслэнзам, гүүрийг улсын ашиглалтад орох хүртэл мөн түр хугацаагаар хаах зөвшөөрөлийг захиалагч байгууллага олгоно. 

2.2.Авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан тохиолдолд зам хариуцагч байгууллага Авто замын засвар, арчлалтын техникийн шаардлагын дагуу түр зам, гарцуудыг гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг, тэмдэглэгээ тавьж ажиллах бөгөөд энэхүү журмын 1.8 дахь заалтад заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг  нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга хариуцан ажиллана.

ГУРАВ. АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ

3.1.Авто зам, замын байгууламжийг тодорхой хугацаагаар хаах шийдвэр гарсан тохиолдолд мөн авто замын шинэчлэлт, шинээр авто зам барих үед тухайн хэсгээр түр зам гаргах боломжгүй үед замын чиглэлийг өөрчилнө.

3.2.Авто замын чиглэл өөрчлөгдсөн хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ тавих, орц, гарц гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн зам   хариуцагч байгууллага хүлээнэ. /Нийслэл болон орон нутагт зам, тээврийн асуудал хариуцсан байгууллага хариуцан ажиллана/

            

ДӨРӨВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОВОР ХЭМЖЭЭ, ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ

4.1.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих автотээврийн хэрэгслийн бүх жин, овор хэмжээ ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4598-2011 стандартад нийцсэн байна.

4.2.Зам, замын байгууламжийн даац хязгаарлах асуудлыг зам хариуцагч байгууллагын саналыг үндэслэн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

4.3.Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж байгаа автотээврийн хэрэгслийн овор хэмжээ, даацын хэмжээг авто замын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүлийн баг төвлөрсөн болон явуулын авто пүү, бусад тоног төхөөрөмж ашиглан хэмжиж тогтооно.

4.4.Овор хэмжээ, даац нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө засах хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглож, түр саатуулах талбайд байршуулах ба зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах ба уг зөрчлийг удаа дараа гаргасан аж ахуйн нэгж, иргэний тээвэрлэлт хийх эрхийг цуцлах арга хэмжээ авна.

4.5.Зөрчил гаргасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглосноос үүдэн гарах аливаа эрсдэл, хохирлыг тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн өөрөө хариуцна.

4.6.Олон улс, улсын чанартай авто замаар тээвэрлэх аюултай ачааг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-д заасны дагуу тээвэрлэлт хийнэ.

4.7.Төвлөрсөн болон явуулын авто пүүг ажиллуулах хөдөлгөөнт эргүүлийн  үйл ажиллагаа, зохион байгуулалтыг “Авто замын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллага өөрсдийн чиг үүргийн хүрээнд хариуцаж ажиллана.

4.8.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар “Авто замын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллагад үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна. Мөн орон нутгийн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хууль, тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллана.

ТАВ. БУСАД

5.1.Олон улс, улс,орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллагын гаргасан тушаалыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас гарсан хохирлыг тухайн байгууллага,аж ахуйн нэгж хариуцах бөгөөд “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

5.2.Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллага

/аймаг, нийслэлийн Засаг дарга/-ийн гаргасан тушаалыг биелүүлээгүй иргэн болон хуулийн этгээд нь “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

5.3.Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах үйл ажиллагаанд энэ журам болон бусад хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хяналтын газар, авто зам болон автотээврийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага, замын цагдаагийн алба тус тусын чиг үүргийн хүрээнд хяналт тавина.