A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 327 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ГАМШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн гамшгийг тодорхойлох, гамшгийн зэрэглэлийг тогтооход энэ журмыг мөрдлөг болгоно.

1.2.Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх, гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламж хүсэх, үүссэн нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэхэд гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг үндэслэл болгоно.

Хоёр. Гамшгийг тодорхойлох

2.1.Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, хамарч байгаа хүрээ, хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учруулсан хор уршгийг илэрхийлсэн шалгуур үзүүлэлтээр гамшгийг тодорхойлно.

2.2.Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг аюулын эрчимжилт, хор хөнөөлийн түвшин, үргэлжлэх хугацаагаар үнэлэх бөгөөд аюулын эрчимжилт, хор хөнөөлийн түвшинг түүний хурд, хүч, нягтрал, хөнөөлийн зэргээр, үргэлжлэх хугацааг цаг, өдөр, сараар тус тус тооцно.

2.3.Гамшгийн хор уршгийн нөхцөл байдлыг тодорхойлохдоо нэрвэгдсэн, амь насаа алдсан хүний тоо, хорогдсон болон өвчилсөн мал, амьтан, хамарсан хүрээ, нийгэм, эдийн засагт учруулсан бодит хохирлоор үнэлэх бөгөөд мал, амьтны өвчлөл, хорогдлыг нийт мал, амьтны тоо толгойд эзлэх хувиар, хамрах хүрээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, барилга, байгууламжийн ач холбогдлоор, нийгэм, эдийн засагт учруулсан бодит хохирлыг тухайн орон нутгийн төсөвт эзлэх хувиар тус тус тооцно.

2.4.Тухайн гамшгийн төрөлд хамаарах нийт шалгуур үзүүлэлтийн 50 хувь нь бүрдсэн байвал гамшиг болсонд тооцно.

2.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтэд ашиглах мэдээ, мэдээллийг байгаль орчин, хөдөө аж ахуй, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд болон ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, шаардлагатай гэж үзсэн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран тухай бүр шинэчилж байна.

Гурав. Гамшгийн зэрэглэл

3.1.Гамшигт нэрвэгдсэн, амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааны удирдлага зохицуулалт, оролцсон хүч хэрэгслийг харгалзан гамшгийг орон нутгийн, бүсийн, улсын хэмжээний гэж зэрэглэл тогтоож, шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ.

 

Гамшгийн зэрэглэл

Гамшгийн түвшин

Нэрвэгд-сэн хүний тоо

Амь насаа алдсан хүний тоо

Хамарсан нутаг дэвсгэр

Удирдлага

Оролцох хүч хэрэгсэл

Орон нутгийн

Шар

10 хүртэл

2 хүртэл

2 хүртэл аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан

Тухайн орон нутгийн онцгой комисс,

Онцгой байдлын газар, хэлтэс

Аймаг, дүүрэг, сумын гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

Бүсийн

Улбар шар

11-99 хүртэл

3-9 хүртэл

Тухайн бүсийн 3 ба түүнээс дээш аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан

Улсын онцгой комисс, ОБЕГ

Бүс, нийслэл болон аймаг, дүүргийн гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

Улсын хэмжээний

Улаан

100 ба түүнээс дээш

10 ба түүнээс дээш

2 ба түүнээс дээш бүс, нийслэлийг хамарсан

Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ

Улсын гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, Зэвсэгт хүчний анги, салбар

 

3.2.Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг ашиглан гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн шатны онцгой комисс гамшгийн зэрэглэлийг тогтооно.

3.3.Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас үрэгдэх, улсын онц чухал обьект, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд ноцтой эвдрэл гэмтэл гарч, нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлээс үл хамаарч гамшгийн нөхцөл байдал үүссэнд тооцож, Засгийн газар, Улсын онцгой комисс удирдлага зохицуулалтаар хангана.

Дөрөв. Бусад

4.1.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


--- о0о ---