A

A

A

Бүлэг: 1979

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

41 дүгээр тогтоолын хавсралт


БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин өрх хариуцна.

1.3.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого“-ын 3 дугаар зүйлийн 3.1.2 , 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2, 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх

2.1.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:

2.1.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэх.

2.1.2.Бэлчээрийн экологийн чадавх, бүтээмжит чанар, даацад нь суурилах;

2.1.3.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.

2.2.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.Бэлчээрийн төлөв байдал,чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ(цаашид “фотомониторинг” гэх)-ний дүнд үндэслэсэн байх;

2.2.2.Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;

2.2.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;

2.2.4.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.

Гурав. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.Бэлчээр ашиглагч-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах;

3.1.2.Багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг харгалзан бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

3.1.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг бэлчээр ашиглагч-малчин өрхийноролцоотой зохион байгуулах;

3.1.4.Фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах асуудлаар зөвлөмж гаргах, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.

3.2.Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.Тухайн сумын саналыг үндэслэн бэлчээрийн даацыг тодорхойлох цэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

3.2.2.Жил бүрийн 08 дугаар сарын 10-наас 20-ны дотор сум, баг, бэлчээр ашиглагч-малчдын оролцоотойгоор бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажлыг зохион байгуулж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;

3.2.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлаассаналыг үндэслэн шаардлагатай гэж үзвэл газрын генераторыг байршуулах арга хэмжээ авч мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

3.3.Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээллэх,

3.3.2.Энэ журмын 6.1-д заасан бэлчээр ашиглагчдын хэсэг(цаашид “БАХ” гэх), багийн тухайн жилд хийсэн ажлыг дүгнэх, дараа жилийн ажлыг төлөвлөхөд фото мониторингийн дүнг ашигладаг болгон хэвшүүлэх;

3.3.3.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;

3.3.4.Газрын тухай хуулийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

3.3.5.Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах;

3.3.6.Бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

3.3.7.Фото мониторингийн дүнд үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг үнэлэх, тайлагнах;

3.3.8.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;

3.3.9.Сум, аймгийн хилийн маргаантай байгаа асуудлыг шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх.

3.4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг баталж мөрдүүлэх

3.4.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг баталж, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх.

3.4.3.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хүрээнд үлгэр жишээ ашиглаж буй иргэн, малчдын хэсэгт давуу эрхээр улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төрийн дээд одон медальд тодорхойлох.

3.5.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1.Энэ журмын 7.1 дахь хэсэгт заасан Бэлчээрийн сангийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах;

3.5.2.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

3.5.3.Багийн бэлчээрт фото мониторинг хийж болох цэгийг тогтоох;

3.5.4.Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх.

3.6.Аймгийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.6.1.Сумын Засаг даргын ажлын үнэлгээнд тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, энэ журмын хэрэгжилтийн үр дүнг харгалзан үзэх;

3.6.2.Гантай, эсхүл өвөлжилт хүндэрсэн сум, багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй сум, багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн сумын Засаг даргатай зөвшилцөн оруулах;

3.6.3.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийг зүй зохистой ашиглаж байгаа байгаа сум багт давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;

3.6.4.Бэлчээрийн даацаас хэтэрсэн мал болон түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.6.5.Улс, аймгийн аварга малчин, тэргүүний хамт олныг шалгаруулахдаа бэлчээр ашиглалтын гэрээний биелэлтийг харгалзах;

3.6.6.Сум дундын отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг нэмэгдүүлэх, цаг хүндэрсэн үед ашиглах арга хэмжээг бэлчээрийн нөөц, чадавхид тохируулан зохион байгуулах.

3.7.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.7.1.Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;

3.7.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

3.7.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;

3.7.4.Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;

3.7.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээ авах;

3.7.6.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа энэ журам болон багийн ИНХ-ын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;

3.7.7.Бэлчээрийн санд тухайн багаас төвлөрүүлсэн хөрөнгийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон үйл ажиллагаанд зарцуулах.

3.8.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.8.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

3.8.2.Энэ журамд заасан Бэлчээрийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

3.8.3.Тухайн жилд Бэлчээрийн санд төвлөрсэн хөрөнгөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах.

Дөрөв.Бэлчээрийг ашиглуулах

4.1.Иргэний хуулийн 481.1 дэх хэсэгт заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон малчид (цаашид “бэлчээр ашиглагчдын хэсэг” гэх)-д сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу болзол, гэрээ (цаашид “бэлчээр ашиглалтын гэрээ” гэх)-гээр ашиглуулж болно.

4.2.Бэлчээр ашиглагчдын хэсэг(цаашид “БАХ” гэх), түүний гишүүн малчин дараах эрх, үүрэгтэй:

4.2.1.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох;

4.2.2.Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;

4.2.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх;

4.2.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;

4.2.5.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;

4.2.6.Гэрээгээр тохиролцсон бэлчээрийн даацаас хэтэрсэн малтай бол малын тоо толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөн тоотой малчин өрхөөр маллуулах, өөр нутагт отор нүүдэл хийх болон бусад арга хэмжээг авч зохицуулалт хийх

4.2.7.Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэхгүй байх;

4.2.8.Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;

4.2.9.Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх.

Тав.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох

5.1.Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт болон журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хяналт тавина.

5.2.Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч хариуцлага хүлээл гэнэ.

Зургаа.Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх

6.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

6.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

Долоо.Журам хүчин төгөлдөр болох

7.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.