- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 1 дүгээр
тогтоолын хавсралт
ГАМШГИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙ
ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ (цаашид хохирол, хэрэгцээний үнэлгээ гэх) хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Гамшгийн хохирлыг гамшгийн улмаас учирсан шууд болон шууд бус бодит хохирлын нийлбэрээр илэрхийлнэ. Гамшгийн шууд бодит хохирол гэж хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин гамшигт өртсөний улмаас учирсан хохирлыг, шууд бус бодит хохирол гэж гамшгийн улмаас нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд доголдол гарснаас үүссэн хохирол болон гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний зардлыг тус тус ойлгоно.
1.3. Гамшгийн хэрэгцээнд гамшигт өртсөн иргэн, хуулийн этгээд, орон нутагт шаардлагатай тусламж, үйлчилгээ, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн мэдээлэл хамаарна.
1.4. Хохирол, хэрэгцээний үнэлгээний зорилго нь гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж учирсан хохирлыг тооцон, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавх, яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ, хойшлуулшгүй сэргээн босгох болон хөгжлийн төлөвлөгөөнд шаардлагатай энэ журмын 2.2-т заасан мэдээллийг тодорхойлоход оршино.
1.5. Хохирол, хэрэгцээний үнэлгээ нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тооцох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн тусламжийг олгох, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх үндэслэл болно.
Хоёр. Хохирол, хэрэгцээний үнэлгээний
үе шат, хамрах хүрээ
2.1. Хохирол, хэрэгцээний үнэлгээгээр дараахь мэдээллийг тодорхойлно:
2.1.1. гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, дэд бүтэц, хүрээлэн буй орчинд учирсан шууд бодит хохирол;
2.1.2. эрэн, хайх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардал;
2.1.3. гамшгийн улмаас нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд доголдол гарснаас үүссэн шууд бус бодит хохирол;
2.1.4. гамшигт нэрвэгдсэн хүн амын анхдагч хэрэгцээг хангахад шаардлагатай тусламж, үйлчилгээний мэдээлэл;
2.1.5. эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд шаардагдах хүч хэрэгсэл, зардлын тооцоо;
2.1.6. хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн мэдээлэл.
2.2. Хохирол, хэрэгцээний үнэлгээ нь шуурхай үнэлгээ, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ гэсэн 3 үе шаттай байна.
2.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамааран энэ журмын 2.2-т заасан хохирол, хэрэгцээний үнэлгээг заавал шат дараалан хийхийг шаардахгүй байж болно.
2.4. Шуурхай үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
Гурав. Шуурхай үнэлгээ
3.1. Шуурхай үнэлгээг гамшгийн голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа шуурхай бүлгийн болон гал түймэр унтраах удирдагч, шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг дарга эсхүл орон нутгийн гамшгаас хамгаалах албаны даргын томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ.
3.2. Шуурхай үнэлгээгээр гамшгийн голомтод үүссэн нөхцөл байдал, хор уршгийг урьдчилан үнэлж, гамшигт нэрвэгдэгсдэд нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлж, эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлах хүч хэрэгсэл, гамшгийн үеийн яаралтай тусламжийг зохион байгуулах шийдвэр гаргахад ашиглах, энэ журмын 2.1.1, 2.1.4, 2.1.5-д заасан мэдээллийг тодорхойлж гаргана.
3.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамаарч шуурхай үнэлгээг 48 цагийн дотор хийж гүйцэтгэнэ.
3.4. Энэ журмын 3.3-т заасан хугацаанд шуурхай үнэлгээг хийж, тайланг харьяалах онцгой байдлын байгууллагад, шаардлагатай тохиолдолд тухайн шатны онцгой комисст хүргүүлнэ.
Дөрөв. Гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх
нөхцөл байдлын үнэлгээ
4.1. Гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээг орон нутгийн төрийн захиргааны байгууллага эсхүл тухайн шатны онцгой комиссоос томилсон, холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, салбарын шинжээчээс бүрдсэн шуурхай бүлэг хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн болон даатгалын байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
4.2. Энэ үе шатны үнэлгээгээр гамшигт өртсөн хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт учирсан шууд бодит хохирол, гамшигт нэрвэгдэгсдийн хэрэгцээг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх, дайчлах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах шийдвэр гаргахад шаардлагатай энэ журмын 3.2-т заасан мэдээллийг илүү нарийвчилж, 2.1.2, 2.1.3-т заасан мэдээллийг шинээр гаргана.
4.3. Энэ үе шатны үнэлгээг 30 хоногийн дотор гүйцэтгэж, тайланг харьяалах онцгой байдлын байгууллагад, шаардлагатай тохиолдолд дээд шатны онцгой комисст хүргүүлнэ. Үнэлгээ хийх хугацааг энэ журмын 4.1-д заасан шуурхай бүлгийг томилохдоо нарийвчлан зааж болно.
4.4. Үнэлгээний тайланд үндэслэн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай нөөцийг гаргах, дотоодын болон гадаадын хүмүүнлэгийн тусламжийг авах саналаа Улсын онцгой комисс Засгийн газарт гаргана.
Тав. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ
5.1. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээг тухайн орон нутгийн Засаг дарга эсхүл холбогдох салбарын яамнаас томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Энэ үнэлгээнд холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулж болно. Шаардлагатай тохиолдолд олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хүмүүнлэгийн баг гүйцэтгэж болно.
5.2. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээгээр хор уршгийг арилгах, сэргээн босгох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, тухайн төв, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах шаардлагатай энэ журмын 4.2-т заасан мэдээллийг илүү нарийвчилж, 2.1.6-д заасан мэдээллийг боловсруулна.
5.3. Гамшгийн төрөл, үүссэн нөхцөл байдлаас хамааран энэ үе шатны үнэлгээг 2-12 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
5.4. Хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээний тайланд тусгасан нийт бодит хохирлын мэдээллийг тухайн шатны онцгой байдлын байгууллагад, сэргээн босгоход шаардлагатай хэрэгцээний мэдээллийг тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан нэгжид хүргүүлнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A