- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР SHEEP AND GOAT POX
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/58 дугаар тушаалын хавсралт
ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
SHEEP AND GOAT POX
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт: Хонь, ямааны цэцэг нь Poxviridae овогт хамаарах Capripox вирусээр үүсгэгддэг. Уг вирусын 3 төрөл нь хонины цэцгийн вирус, ямааны цэцгийн вирус, үхрийн арьс товруутах өвчний вирусууд болно. Эдгээр нь генийн нуклеотидын дарааллын хувьд 97 хувь төстэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Өндөр халуурч, арьс, салст бүрхүүлд гүвдрүү үүсэх, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрч,хил дамжин халдварладаг халдварт өвчин. Цэцгийн вирус нь гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй. Цэцгийн үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин малын бие махбодь, түүхий эдэд тодорхой хугацааны турш идэвхээ хадгална. Орчны 560С-д 2 цаг, 650С-д 30 минутад идэвхгүйжнэ. Хүчтэй хүчиллэг болон шүлтлэг орчинд мэдрэмтгий. (Гидрохлорт натри болон салицилын хүчлийн 2 хувийн уусмалд 15 минут) 2 хувийн фенолын уусмалд 15 минут, Содиум дидоцил гэх мэт бодист мэдрэг, 20 хувийн эфир, 1 хувийн хлороформ, формалин, 2-3 хувийн содиум гидрохлорит, 1:33-аар шингэлсэн иод, 2 хувийн виркон, 0.5 хувийн аммоны дөрвөн нэгдлийн уусмалд мэдрэмтгий.Нарны гэрэлд мэдрэг хэдий ч арьсан дээрх хуурай тав, ноос, үсэнд 3 сар, бохирлогдсон хашаа хороонд 6 сарын хугацаанд халдварлуулах чадвараа хадгална.Хөлдөөж гэсгээхэд тэсвэртэй ч халдварлуулах чадвар нь буурдаг.
1.4.Халдварын эх, дамжих зам: Өвчилсөн малын үхжил болохын өмнөх шатанд байгаа салст бүрхүүл дээр гарсан гүвдрүү, арьсны тав бүхий шарх, шүлс, нус, нулимс, нуух, сүү, шээс, үр, үр хөврөл нь халдварын эх үүсвэр болж гадаад орчныг бохирдуулна. Үүсгэгчээр бохирлогдсон малын бэлчээр, тээврийн хэрэгсэл, шувуу, шавьж зэрэг нь халдварын эх үүсвэр болохоос гадна малын шилжилт хөдөлгөөн нь халдварыг дамжин тараах эрсдэлийг бий болгодог. Хөхүүл хурга, ишгэнд халдвар сүүгээр дамжих боломжтой. Эрүүл сүргийн өвчилсөн малын салст бүрхүүл дээр цэцгийн гүвдүү гарсан үед сүргийн эрүүл малд ихэнхдээ амьсгалын замаар халдвар дамжина.Энэ үе шатнаас өмнө болон өвчний эхний үе шатанд халдвар дамждаггүй. Мөн цэцгээр өвчилсөн малтай шүргэлцэх, үрэхэд эрүүл мал гэмтсэн арьсаараа шууд хавьтлаар халдвар авна. Өвчилсөн малд эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш ойролцоогоор 7 хоногийн дараагаас эсрэг бием саармагжих ба арьсанд үхжил бий болсноор халдварлуулах чадвар нь буурдаг. Гэмтсэн арьс, салст бүрхүүлээр халдвар дамжина. Харин өвчлөөд эдгэрсэн хонь, ямаа вирусыг удаан хугацаагаар тээхгүй тул архаг халдвар тохиолддоггүй. Шууд бус хавьтал нь өвчилсөн мал, амьтанд ашиглаж байсан зүйлс (хог хаягдал, тэжээл), тээврийн хэрэгсэл, бүтээгдэхүүнээр дамжина. Шавьжаар дамжиж болох хэдий ч голлох үүрэгтэй биш. Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсоноос эдгээр зүйлсээс халдвар тархах эрсдэлтэй.
1.5.Шинж тэмдэг:Өвчний нууц үе 8-13 хоног. Зарим тохиолдолд хонины цэцэг өвчний нууц үе 4-8, ямааны цэцгийн нууц үе 5-14 хоног байна.Туршилтын журмаар арьсан дор үүсгэгчийг тарьж халдварлуулах болон шавьжаар дамжсан механик халдварын үед нууц үе 4 хоногоос бага байх боломжтой. Үүсгэгчийн хоруу чанар, мэдрэмтгий малын дархлаажилт, үүлдэр зэргээс шалтгаалж эмнэл зүйн шинж тэмдэг янз бүрээр илэрнэ. Үүнд: Тэжээлийн дуршил буурах буюу үгүй болно. Хонь, ямааны суга, цавь, сүүлний дотор тал, нүүрний арьсан дээгүүр цус ихдэлт болж дугуй хэлбэртэй, ягаан өнгийн хаван бий болох ба хаван нь хатуу хүрээтэй гүвдрүү болж томорно. Энэ үеэс хонь, ямааны биеийн халуун 410С хүрч, 1-5 өдрийн турш халуурна. Гүвдрүү нь шингэнээр дүүрсэн цэврүү болох ба энэ нь ховор тохиолдоно. Зарим үүлдрийн ямаанд цусархаг хэлбэр тохиолдоно. Бие дээгүүр гарсан гүвдрүүнүүд томорсоор нийлэх ба ийм хэлбэр нь үхлээр төгсдөг. Гүвдрүүний өнгөн хөрс, нимгэн тав 5-6 хоноод хуурна. Өвчилсөн малын нуруун дээр дарахад маш их эмзэглэлтэй байна. Өнгөц тунгалгийн зангилаанууд ялангуяа далны өмнөх тунгалагийн зангилаа томорно. Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх ба цэцгийн гүвдрүү ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт бий болж, ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ. Цэцгээр өвчилсөн хонь, ямаанд уушигны болон ходоод гэдэсний үрэвсэл байнга тохиолдоно. Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэнээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсны ихээхэн талбайг гэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна. Гүвдрүү орчмын тав хуурсны дараа яршиж, шархална. Шарх нь эдгэрэхдээ сорвижно. Хоёрдогч халдвараар хүндэрснээс үхлийн хувь өндөр байна. Зарим тохиолдолд хээлтэй хонь, ямаа цэцгээр өвчилсөн үед халдвар ихсээр дамжиж хээл хаях, үхсэн төл гарах шинж тэмдэг илэрнэ.
1.6. Эмгэг бие бүтцийн хувирал: Гол хувиралт арьс, амьсгалын замын салст бүрхүүл, тэжээл боловсруулах замын эрхтэнүүдэд илэрнэ. Зууван хэлбэртэй жижиг гүвдрүүнүүд үс, ноос багатай хэсэгт тод харагдана. Гүвдрүү орчмын арьс хавагнасан байх ба толгойн нүүрний хэсэг, нүдний орчимд хаван тод илэрнэ. Гүвдрүүний нимгэн тавыг хуулахад улаандуу өнгөтэй суурь үлдэнэ. Арьсны үхэжсэн хэсэгт сорви үлдэх бөгөөд арьсны нөсөө арилсан байна. Хүүрийг задлахад яр нь арьсны доорхи эслэгт хүрч идээлсэн, хүүр маш өмхий үнэртэй байна. Дотор эрхтнүүдээс уушгинд өвөрмөц хувиралт ажиглагдах бөгөөд гадарга дээр 1 см хүртэл хэмжээтэй дугуй юм уу олон талт хэлбэртэй цайвар саарал юм уу хар хүрэн өнгөтэй голомтууд үүссэн байдаг. Мөн хамрын салст бүрхүүлд цус ихдэлт болсноос хавагнасан байх ба цайвар өнгөтэй голомтууд бий болж, шархлаа, яр үүссэн байна. Тунгалгийн зангилаа томорч хавагнасан, улаан өнгөтэй болсон байдаг. Эндемик бүс нутагт өвчлөлийн түвшин 70-90, хорогдлын түвшин 5-10 хувь хүрэх ба эндемик бүс нутагт импортолсон мэдрэмтгий малын хорогдол 100 хувьд хүрч болно. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүйгээр өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл, хорогдол 5-10 хувиас хэтрэхгүй. Мөн нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг. Харин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг богино хугацаанд олон тооны малд илрэх үед вирусын хоруу чанар ихсэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдохоос гадна дөрвөөс доош сарын бойжилттой төлийн үхэл 100 хувьд хүрч болно. Каприпоксын халдварын үед гүвдрүүт ба цэврүүт цэцэг тохиолдоно.
ХОЁР. ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Өвчний тархвар зүйн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоож, лабораторит баталгаажуулна. Мэдрэмтгий мал дээр илрэх эмнэл зүйн шинж тэмдэгээр оношилдог хэдий ч зарим төрлийн мал дээр эмнэл зүйн шинж тэмдэг тодорхой илэрдэггүй. Лабораторийн шинжилгээнд сорьцыг холбогдох журмын дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн сорьцоос үүсгэгчийг ялгаж, эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, БХ-ПГУ, бодит хугацааны ПГУ, эмгэг эд судлалын шинжилгээний аргуудаас боломжтой аргаар шинжилнэ.
Хонь, ямааны цэцэг өвчний оношлогоонд шаардагдах сорьцууд
Сорьц |
Оношлогооны арга |
ЭДТА-тай хуруу шилэнд цус. Эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн малаас |
Үүсгэгч илрүүлэх |
Хамрын арчдас: эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн малаас |
Үүсгэгч илрүүлэх |
Эдийн сорьц: Тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсны эмгэгтэй хэсгүүдээс. (Эд тус бүрээс 2 грамм) |
Үүсгэгч илрүүлэх |
Хадгалаасласан эд: Тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсны эмгэгтэй хэсгүүдээс. (Формалинд) |
Эмгэг судлалд |
2.2.Шөвөг яр, шавьжинд хазуулсан шарх, хөх хэлтэх, бог малын мялзан, паразитын гаралтай уушгины үрэвсэл, арьсны үрэвсэл, нарны хордлого, хамуу зэргээс ялгаварлан оношилно.
2.3.Эмчилгээ байхгүй. Хоёрдогч халдвараас сэргийлэх эмчилгээ хийх ба малын тэжээллэг, арчилгааны нөхцлийг сайжруулна.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Улс хооронд болон сүрэг дундах халдвар нь хонь, ямааны шилжилт хөдөлгөөнөөр голчлон дамждаг. Голомттой бүс нутгаас тээвэрлэгдэж болон туувраар ирсэн бог малд эмнэл зүйн үзлэг хийх, 21 хоногийн хугацаанд тусгаарлах, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сэжигтэй малаас сорьц авч шинжилгээ хийлгэх, сэжиг илрээгүй бол 21 хоногийн дараа угаалгад хамруулж, сүрэгт нийлүүлнэ.
3.2.Биокомбинатад үйлдвэрлэсэн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаа 18 сарын турш тогтоох олон улсын Перего омгийн сулруулсан, амьд вакцин, ямааг цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаа 6 сарын турш тогтоох ХО-67 омгийн идэвхгүйжүүлсэн вакцинаар хамгийн багадаа 2 жилийн турш дархлаажуулна. Хил дамжин халдварлах эрсдэлийг харгалзан жил бүр эрсдэлтэй бүс нутгийн малд хамгаалалтын бүс үүсгэх ба вакциныг жилийн тохиромжтой цаг хугацаанд буюу төл малыг 3-4 сарын настайд нь сүргийн хамт жилд нэг удаа вакцинжуулна. Вакцины тээвэрлэлт, хадгалалт, тарилгын бүх гинжин хэлхээнд хүйтэн хэлхээний шаардлагыг мөрдөж ажиллах ба вакцины зааврыг сайтар мөрдөнө.
3.3.Үзлэг тандалт, вакцинжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт биохамгаалал болон биоаюулгүй байдлын зохих шаардлагыг хангасан бэлтгэлтэй ажиллана. Сэжигтэй тохиолдол илэрсэн бол өвчний халдварыг цаашид тархахаас сэргийлж, биохамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллана.Үүнд: Оношлох, шаардлагатай сорьцыг авч мал эмнэлгийн тасагт хүргүүлэх, тохиолдлын талаар мэдээлэх, мэдрэмтгий малд үзлэг хийх, ойр орчмын малчдад урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх, өвчилсөн болон сэжигтэй малыг тусгаарлах, халдваргүйтгэл хийх арга хэмжээ авна.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Хонь ямааны цэцэг өвчний үед хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн хугацаатай тогтооно. Дэглэмийн буурах хугацааг сүүлд өвчилсөн мал эмнэл зүйн шинж тэмдэггүй болсоноос эсвэл хоёрдогч халдвараар хүндэрч тавилан тодорхой болсон малыг устгаснаас хойш 21 хоногоор тооцно. Хонь, ямааны цэцэг өвчнөөр өвчилсөн малыг хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд сүргээс тусгаарлана.Хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтыг хэрэгжүүлэх ба хязгаарлалтын дэглэмийн хугацаа нь хорио цээрийн дэглэмийг буулгаснаас хойш 14 хоног байна. Зөвхөн хоёрдогч халдвараар хүндэрч, эдгэх найдваргүй болсон малыг зориудын устгалд хамруулна. Сэжигтэй болон хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг өвчний халдвар дамжин тархах эрсдэлийг үнэлсний үндсэн дээр гаднаас нь дотогш чиглэлээр вакцинжуулах ба голомтод байгаа өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, дархлаажуулаагүй малыг мөн вакцинжуулна. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын мэдрэмтгий малд эмнэл зүйн үзлэгийг 3 хоногийн давтамжтайгаар хийх ба тухай бүр голомтын өрхийн хашаа хороо шаардлагатай бусад зүйлсэд сонгомол үйлчилгээтэй халдваргүйтгэлийн бэлдмэл ашиглан халдваргүйтгэл хийнэ. Сэжигтэй бүсийн мэдрэмтгий малд хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10 хоногийн завсартайгаар үзлэг хийх, биохамгааллын дэглэмийг мөрдөнө. Хонь, ямааны цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн малыг даруй ялган тусгаарлах, тусгайлсан тэмдэг тавих, тусгаарлах хашаа хороог малын хорооноос 200 метрээс доошгүй зайд байгуулах, эрүүл сүрэгтэй бэлчээр, ус бусад зүйлсээр нийлүүлэхгүй. Ялгасан малд эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 30 хоног тусгаарлаж, дулааны улиралд халдваргүйтгэлийн уусмалаар угаасны дараа сүрэгт нийлүүлнэ. Ялгасан малтай харьцаж ажилласан хүн нь малыг вакцинд хамруулснаас хойш 14 хоногийн дотор эрүүл малтай аль болох харьцахгүй байх, өмссөн хувцас хэрэгслийг угаалгын нунтагаар сайтар угааж цэвэрлэнэ. Ялгасан малтай харьцсан хүн бүр биохамгааллын дэглэм мөрдөнө. /Тусгаарлах, хувцас солих, механик цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх/ Хязгаарлалтын дэглэм цуцалснаас хойш өвчин гарсан нутгийн хонь, ямааг дулааны улиралд угаалгад хамруулна.
4.2.Яаралтай вакцинжуулалтыг уг өвчин гарсан үед голомтыг цомхотгох, халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлнэ. Өвчний сэжигтэй болон хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулах ба голомтод байгаа өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй малыг вакцинжуулна.
a.Вакцин нь идэвх, аюулгүй байдлын хувьд ДМАЭМБ-ын стандарт шаардлагад нийцсэн байх ба зөвхөн шаардлагатай тохиолдолд гаднаас худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэх;
b.ДМАЭМБ-аас зөвлөмж болгосны дагуу голомтын зөвхөн хүнд хэлбэрээр өвчилсөн малыг устгаж, голомтын, сэжигтэй болон хамгаалалтын бүс дэх мэдрэмтгий малыг бүрэн дархлаажуулах стратеги хэрэглэх;
c.Өвчний голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн малын тоо, голомтын цар хүрээ, мал сүргийн байршил, нягтшил, байгаль орны онцлог, зам харилцаа зэрэг тархалтад нөлөөлөх хүчин зүйлсийг үндэслэн дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
d.Вакцин тарьсан сүрэгт халдвар шинээр дахин гарсан тохиолдолд шалтгааныг тогтоож, халдварыг устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх
4.3.Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн худалдаа, тээврийн хэрэгсэл, зорчигчийн шилжилт хөдөлгөөнөөр халдвар дамжин тархахаас сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.3.1.Өвчин гарсан голомтын бүсээс мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн өвчний хязгаарлалтын дэглэмийг цуцлах хүртэлх хугацаанд зах зээлд нийлүүлэхгүй.
4.3.2.Өвчин голомтлон гарсан аймаг, сумдын хооронд дэглэм цуцлагдсанаас хойш 3 сарын хугацаанд зөвхөн вакцин таригдсан, эмнэл зүйн хувьд эрүүл болох нь тогтоогдсон мэдрэмтгий малын шилжилт хөдөлгөөнийг мал эмнэлгийн байгууллагын хяналт дор хийнэ. Мөн өвчин голомтлон гарсан аймаг, сумдын хооронд дэглэм цуцлагдсанаас хойш 1 сарын хугацаанд мэдрэмтгий бус малын шилжилт хөдөлгөөнийг мал эмнэлгийн байгууллагын хяналт дор хийнэ.
4.3.3.Өвчний сэжиг бүхий бүсээс гарах мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтын дэглэмийг цуцлах хүртэл хугацаанд зогсооно. Зайлшгүй шаардлагаар гарах бол халдваргүйтгэлийн цэгт халдваргүйтгэж гаргана.
4.3.4.Голомтын болон сэжигтэй бүсэд хамаарах нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэмийг цуцлах хүртэлх хугацаанд гаднаас дархлаажуулалтад хамрагдаагүй мэдрэмтгий мал оруулахгүй.
4.3.5.Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй мал байсан хашаа байрны бууц, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйтгэнэ.
4.4.Зайлшгүй шаардлагаар устгасан бол нүхэнд булна. Ингэхдээ сэрүүний улиралд ухсан нүхэнд шууд булшлах ба дулааны улиралд нүхийг битүүлээгүй үедээ хүүрийн дээгүүр хлорын шохойг өнгөц цацна. Цэцгийн үүсгэгчид хамгийн үр дүнтэй халдваргүйтгэгч нь Содиум гидрохлорид байдаг. Мөн содиум дидоцил сульфат агуулсан бэлдмэлд мэдрэмтгий. Амны хөндийн салст бүрхүүл, уруул нэлэнхүйдээ үрэвсэж шархалсан, нүд үрэвсэж сохорсон, их биеийн болон дэлэн, суга, цавины арьсанд үргэлжилсэн идээт шарх үүссэн зэрэг шинж тэмдэг үзүүлж хүнд хэлбэрээр өвчилсөн эсвэл өвчнөөр хавсран өвчилж, өвс, тэжээл идэж чадахгүй болсон тохиолдолд тухайн мал, амьтныг зориудын устгалд хамруулна. Зориудын устгалын цэг хүртэл амьд мал, хүүр сэг зэмийг зөөвөрлөхдөө орчныг бохирдуулахгүй байх нөхцлийг сайтар хангана. Өвчилсөн малын болон мэдрэмтгий малын хашаа хороо бусад бохирлогдсон цэгийн халдваргүйтгэлийг 7 хоног тутамд хорио цээрийн дэглэмийн хугацаанд хийх Голомтын болон сэжигтэй бүсэд байгаа үхсэн малын хүүр, сэг зэмийг устгалын нүхэнд хийж булшлах, Малын хүүр, сэг зэм байсан байсан газар болон устгал хийсэн цэг, өвчтэй мал, амьтныг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг зааврын дагуу халдваргүйтгэнэ.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A