- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын
2019 оны А/16, А/07 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Олон улсын гэрээгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газар /цаашид “Засгийн газар хоорондын байгууллага” гэх/-ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ журам болон “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баримтална.
1.2.Засгийн газар хоорондын байгууллагыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж бүртгэнэ.
Хоёр.Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээд
2.1.Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан этгээд, эсхүл олон улсын гэрээнд заасан эрх бүхий этгээд гаргана.
2.2.Энэ журмын 2.1-д заасан эрх бүхий этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
Гурав.Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх
3.1.Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
3.1.1.үүсгэн байгуулсан шийдвэр /тогтоол/;
3.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг /дүрэм, гэрээ, журам/;
3.1.3.Засгийн газар хоорондын байгууллагыг тодорхойлсон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;
3.1.4.хүчин төгөлдөр олон улсын гэрээний хуулбар;
3.1.5.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
3.1.6.гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар;
3.1.7.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;
3.1.8.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
3.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэн авсан тухай Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 3 өдрийн дотор мэдэгдэнэ.
Дөрөв.Мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх
4.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар хоорондын байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг ажлын 15 өдрийн дотор бүртгүүлнэ.
Тав.Үйл ажиллагаа дуусгавар болсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх
5.1.Засгийн газар хоорондын байгууллагын үйл ажиллагаа дуусгавар болсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.1.1.үйл ажиллагааг дуусгавар болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/;
5.1.2.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;
5.1.3.татвар төлөгчийн хасалтын карт;
5.1.4.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;
5.1.5.тэмдэг хураалгасан баримт;
5.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
5.1.7.улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэв үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
5.1.8.хуульд заасан бусад.
5.2.Улсын бүртгэгч энэ журмын 5.1-д заасан өргөдөл, баримт бичгийг ажлын 3 өдрийн дотор хянаж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон Засгийн газар хоорондын байгууллагын мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
5.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газар хоорондын байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан тухай Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 3 өдрийн дотор мэдэгдэнэ.
Зургаа.Бусад
6.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A