- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАХИАНЫ ХЭТЭВЧИЙН ХАЛДВАРТ ҮРЭВСЭЛӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. (БУРСАЛ БА ГАМБОРОГИЙН ӨВЧИН) INFECTIOUS BURSAL DISEASE, GUMBORO DISEASE, INFECTIOUS BURSITIS AND INFECTIOUS AVIAN NEPHROSIS.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/10 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ТАХИАНЫ ХЭТЭВЧИЙН ХАЛДВАРТ ҮРЭВСЭЛӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. (БУРСАЛ БА ГАМБОРОГИЙН ӨВЧИН) INFECTIOUS BURSAL DISEASE, GUMBORO DISEASE, INFECTIOUS BURSITIS AND INFECTIOUS AVIAN NEPHROSIS.
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт:Энэ өвчний үүсгэгч бирнавирусийн язгуурт хамаарах РНХ агуулсан вирус юм. Уг вирус нь 32 капсомертэй, бүрхүүлдээ VP1, VP2, VP3, VP4, VP5 гэсэн уурагтай, дотроо 2 ийлдсэн хэвшилтэй бөгөөд 1-р ийлдсэн хэвшил нь дотроо 6 дэд хэвшилтэй, харин 2-р ийлдсэн хэвшлийг цацагт хяруулаас гарган авсан байдаг. Зөвхөн 1-р ийлдсэн хэвшилээр тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчин үүсдэг ба өвчин гарсан тохиолдолд үхэл 60-100% байна.Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл (Бурсал ба Гамборогийн) өвчин нь чацга алдах, чичрэх, хэтэвч, бөөр үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Тахиа, цацагт хяруул, нугас, тэмээн хяруул үржүүлдэг бүх улсад тохиолддог өвчин юм.
1.4.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчний үүсгэгч шувууны байр, тоног хэрэгсэл, сангасанд 120 хоног хүртэл хадгалагддаг. Орчны хүчиллэг, шүлтлэг байдал түүний тэсвэрт чанарт нөлөөлдөггүй бөгөөд орчны pH 2.0-11.0-ын хооронд байхад идэвхээ алддаггүй. Дулаанд мэдрэг бөгөөд 560С-д 5 цаг, 600С-д 30 минутанд идэвхээ алддаг бол хуурай орчинд 300С-д 150-180 хоног идэвхтэй байна. Эфир, хлорформд нилээд тэсвэртэй бол 0,5%-ийн формалинд 6 цагт, 0,5%-ийн хлораминд 3 цагийн дотор идэвхээ алдана.
1.5.Халдвар тархах механизм: Халдварын эх үүсвэр нь өвчтэй ба өвчилж үхсэн шувууд, тэдгээрийн байрны бохирлогдсон тоног хэрэгсэл, дэвсгэр, бууц, сангаснаас гадна агаар дуслын замаар халдварлана. Мөн халдвартай шувууны өндөг, өвчтэй шувуунаас гадагшилж байгаа бүх төрлийн шүүрэл нь халдварыг тараана. Өвчний үүсгэгчийг цацагт хяруул, сарьсан багваахайнаас гаргаж авсан мэдээлэл байдаг. Мөн төрөл бүрийн шимэгчид ба зэрлэг шувууд завсарын дамжуулагч болж халдварыг тараахад нөлөөлдөг гэж үздэг.
1.6.Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Энэ өвчинд тахианы 3-10 долоо хоногын настай дэгдээхэй мэдрэмтгий ба ихэвчлэн цочмог явцтай өвчилж, өвчний шинж тэмдэг тодилэрдэг. Хөгшин тахианд клиникийн шинж тэмдэг ажиглагдахгүй.Өвчин гэнэт гарч тухайн сүрэг 100% өвчилдөг.Өвчний нууц үе богино. Өвчилсөн шувуу туранхай байх ба цайвар шар өнгөтэй чацга алдан, толгой нь салганах шинж тэмдэг илэрнэ. Өвчилсөн шувууны хэтэвч үрэвсэнэ. Үрэвссэн хэтэвчний эсийн митохондри томрон гольджийн аппарат нь хатинхайрна. Өвчилсөн дэгдээхэйн бөөр үрэвсэж цусанд шээсний хүчил ихсэх ба булчин хатанхайрна. Нас баралт өндөр хувьтайбайна.
1.7.Эмгэг бие бүтцийн хувиралт:Цээжний хөндий, хөлийн булчин хар хүрэн өнгөтэй болж цус ихэдсэн байх ба булчирхайт ходоодны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг хар ногоон өнгөтэй болж дэлүүн дээр голомтууд үүссэн байна. Бөөр томорч цайвар бор өнгөтэй болно.Хэтэвч нь хавагнан хөөж цэлцгийрхүүшингэнээр хучигдсанбайх ба гадна бүрхүүлд нь цус харваж цайвар өнгөтэй болсон байна.Сэрээ булчирхай чанасан мэт өнгөтэй болно. Чөмөг шар юм уу ягаан өнгөтэй тосорхог болсон байна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Онош: Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтад үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг зааврындагуу бүтэн шувуу ба хэтэвч (фабрицевийн уут), элэг, бөөрийг авч явуулна. Мөн цус авч ийлдсийг ялганавч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжнээс вирус илрүүлэхэд буцаан хувиргах полимеразын гинжин урвал(БХ-ПГУ) ашиглана. Ийлдсэнд нэвчин тунадасжуулах урвал(НТУ), ба фермент холбоот эсрэгбиемийн урвал(ФХЭБУ)-аар эсрэгбием илрүүлэх шинжилгээ хийж оношыг баталгаажуулна. Эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг хэтэвч(фабрицевийн уут)-нд илрүүлж болно.
2.2.Ялгаварлан оношлох:Шувууны уушиг, гуурсны халдварт үрэвсэл, марек ба лейкоз, ньюкаслийн өвчин зэрэг бусад төстэй шинж тэмдэг бүхий өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.3.Тандах шинжилгээ: Тандах шинжилгээнд үхсэн болон өвчний сэжигтэй шувууны цус авч ийлдэсийг ялган авна. Бүтэн шувуу ба хэтэвч (фабрицевийн уут), элэг, бөөрнийэмгэг хувиралтай хэсгээс дээж авна.Дээж бүртгэх хуудсыг нягт, нямбай нэгдсэн нэг загвараар хөтлөхөд онцгой анхаарна.Цуглуулах дээжийн хэрэгцээ шаардлагад тохируулан вирус тээвэрлэх орчин бүхий цодон, мөн хоосон цодонг хүрэлцэх хэмжээгээр авна. Шинжилгээний дээжийн бүртгэлд дээж авсан аж ахуйн хаяг, амьтны төрөл, дээжийн нэр, он, сар, өдрийг бичнэ. Дээжний нэр буюу дугаарыг дээж хийсэн цодонгийн гадна тэмдэглэж өгнө. Дээжийн дагавар бичигт тухайн аж ахуй буюу нутаг, орчинд ямар төрөл зүйлийн хэдэн шувуу байгаа, хоногт өвчилсөн болон үхсэн тоо, өвчний илрэх шинж тэмдэг, эмгэг хувиралт, анхны оношийн талаар тодорхой бичнэ. Дараах аргачлалаар авсан эмгэгт дээжийг тээвэрлэх орчин бүхий цодонд, мөн тээвэрлэх орчин үгүй цодонд тус тус савлаж адил хаяглан зохих нөхцөлд битүүмжлэн лабораторид илгээнэ. Үхсэн шувуунд шууд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Шувууг гялгар уутанд углан аваад амыг нь сайн зангидаж өгнө. Гялгар уутыг урагдах, бохирдохоос сэргийлэн давхарлаж өгнө. Уутны дээр хаяг, байршил, төрөл зүйл, огноог тэмдэглэж өгнө. Хүйтэнд дээж удаан хадгалагддаг бол халуун үед амархан ялзарч муудна. Аль болох шинэ шувууг мал эмнэлэг, эмгэг судлалын лабораторид түргэн шуурхай хүргэж шинжилгээнд өгч шинжлүүлэх нь оношыг зөв тогтооход нөлөөлнө. Шувуутай харьцах хүн өөрийн хувийн бэлтгэлийг сайн хангаж халдвар авахаас сэргийлнэ. Дараа нь задлангийн үед хэрэглэх бүртгэлийн хуудас, харандаа, хулдаасан хавтас, камер зайны хамт, иртэй үзүүртэй зүйл ба бусад хог хаягдал хийх сав, задлангийн багаж, ариутгалын уусмал, дээж хийх сав бэлтгэсэн байна.
2.4.Үхсэн шувуунд гадна ба дотор үзлэг хийх замаар шувууны үхлийн шалтгааныг тогтооно.Агаар дуслын замаар халдвар тархаас сэргийлж угаалгын шингэлсэн бодист үхсэн шувууг дүрэх ба шүршинэ. Задланг хийх дарааллын дагуу хийнэ. Бүх эрхтэнд үүссэн өөрчлөлтийг тэмдэглэн авч шинжилгээнд элэг, бөөр, хэтэвчнээс дээж аван тус бүрт нь хаяг, шошго, дугаар, огноог бичиж хөлдөөж хадгална. Үхсэн буюу нядалсан шувууны элэг, бөөр, хэтэвчнээс тээвэрлэх орчинд хийлгүйгээр шууд хөлдөөх буюу тээвэрлэх орчинд хийж хөлдөөсний дараа тээвэрлэнэ. Хөлдөөх боломжгүй бол хоёр хоногийн дотор лабораторид хүргэнэ.
2.5.Оношилгооны ба тандан шинжилгээний ийлдэс цуглуулах:
Вирусээр халдварласан шувууг илрүүлэх зорилгоор оношлох, мөн вирус тээгч шувууг илрүүлэх зорилгоор тандах шинжилгээнд зориулж тэжээвэр шувууны далавчны хураагуур судас, гүрээний хураагуур судас, хөлийн хураагуур судаснаас 3мл-ийн тариураар цус авна. Цусаа 2500 эргэлтэнд 15 минут центрфугдэн ийлдсийг ялгаж авна. Ийлдсийн цодон дээр аж ахуйн нэр, дээжний дугаар, огноог бичиж өгнө. Ийлдсийг -200С-ын хөлдөөгчид хадгална.Дээжийг савлахдаа “Нэг дээж нэг сав” гэдэг зарчмыг баримтлана. Дээжийг гурван давхар савлана. Анхдагч сав: Дээжийг шууд хийх сав бөгөөд эргэдэг тагтай, үл хагарах буюу бат бөх зүйл (зузаан ханатай шил, пластик цодон)-ээр хийсэн байна. Хоёр дах сав: анхдагч сав чөлөөтэй багтах зайтай, нягт таглагдах тагтай, зөөлөвч бүхий хуванцар буюу шахмал цаасаар хийсэн байна.Гурав дах сав: хоёр дахь сав чөлөөтэй багтах зайтай бөгөөд гадна талд нь хаяг, дээжийн дагалдах бичиг, дээд талыг заасан тэмдэг↑, ХАЛДВАРТАЙ гэсэн үг наасан хатуу картон буюу хөөсөнцөрөөр хийсэн байна. Гадна хайрцгийн дотор хөлдөөсөн гель хийнэ. Гадна хайрцгийг төмөр дотортой хоолны халуун саваар орлуулж болно.
2.6.Дээжийг хадгалах, тээвэрлэх:Дээжийг цуглуулаад лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 0°-4°С-д хадгалах ба бусад тохиолдолд лабораторид хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -70°С хүйтэн нөхцөлд хадгална. “Дээж савлах” аргачлалын дагуу бэлтгэсэн дээжийг аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргэнэ.Вирус илрүүлэх шинжилгээнд зориулсан эмгэгт дээжийг мөстэй хайрцагт хийж лабораторид яаралтай хүргүүлнэ. Хэрэв дээжийг лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 00С-40С-д хадгалах ба бусад тохиолдолд лаборатори хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -700С хүйтэн нөхцөлд тээвэрлэнэ. Дээжийг олон дахин хөлдөөж, гэсгээхээс ямагт хамгаалах хэрэгтэй. Ийлдсийг -200С -д хөлдөөж хадгалах ба тээвэрлэнэ.
2.7.Голомтонд ажиллахдаа хамгаалалтын хувцас өмсөх:Өвчний голомтод очиж шинжилгээний дээж авахдаа хамгаалалтын хувцас өмсөж, бээлий, маск, малгай, хамгаалах шил зүүнэ. Био аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмсөх ба халдварыг дамжин тархаас сэргийлэх бүх нөхцлийг хангасан байна.Нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмссөний дараа бээлийг урагдахаас сэргийлж давхарлаж өмсөнө. Нэг удаагийн халдвар хамгааллын хувцасны ханцуй болон бээлийний захыг хамтад нь скочоор ороож өгнө. Хувцсыг бүрэн өмсөж, шувууны байранд орж ажиллана. Ажлаа дууссаны дараа хувцсаа зааврын дагуу дарааллаар тайлж өөрийгөө халдварт өртөхөөс сэргийлнэ.
2.8.Эмчилгээ: Байхгүй.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга нь амьд ба идэвхгүйжүүлсэн вакциныг тарих ба уух усанд уусгаж уулгах, нүдэнд дусаах зэргээр үйлдвэрлэгчээс гарсан зааврын дагуу хэрэглэнэ.
3.2.Вакцин, вакцинжуулалт, мониторинг, хяналт:Вакцинд эрсдэл өндөртэй өсвөр насны дэгдээхэйг хамруулахаар жил бүрийн төлөвлөлтийг хийнэ. Вакцинжуулалтын арга хэмжээг дэгдээхэйг 3 хоногтой байхаас эхлэн товлолын дагуу хийнэ. Вакцин нь Тахианы халдварт бурсал өвчний В87омгий намьд вакцин байна. Вакциныг хадгалахдаа хөргөгчинд, тээвэрлэхдээ хөргөлттэй тээврийн хэрэгслээр, хэрэглэхээр авч явахдаа зөөврийн хөргөлттэй сав ашиглан температурыг бүх түвшинд хэмжиж тэмдэглэл хийн, хүйтэн хэлхээний шаардлагыг мөрдөж ажиллана.
3.2.1.Вакцинжуулалт: Эрсдэлтэй бүс нутгийн эргэн тойронд байгаа бүх төрлийн шувууг вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалтыг тайлагнахдаа аймаг, сум, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гүйцэтгэлийг гаргах ба төрөл, тоо толгой мэдээлэл, хүлээн авсан болон зарцуулсан вакцин, вакцинжуулалтыг хэрэгжүүлсэн огноог багтаасан байна. Масс вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэг аж ахуйн хамруулах шувууны тоо 50,0 мянгаас дээшгүй байхаар зохион байгуулна.Вакцинжуулалтад зөвхөн нэг удаагийн тариур ашиглана.Вакциныг зааврын дагуу шингэлэгчээр шингэлж зөөлөн зайлж, нэгэн жигд болгосны дараа тариурт соруулна.Шувуу нэг бүрийг вакцинжуулалтад бүрэн хамруулсны дараа тоолж, дэвтэрт бичилт хийнэ.Эрсдэлтэй бүс нутагт байгаа шувуудыг засаг захиргааны харъяаллыг үл харгалзан тухайн баг, хэсгийг хариуцсан гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж вакцинжуулна.
3.2.2.Мониторинг: Вакцинжуулалтын дараах мониторингийг төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнээс нэг сарын дараа гүйцэтгэнэ.
3.3.Нэг удаагийн халдвар хамгааллын хувцас тайлах дараалал:Гуталд наалдсан хогийг унагасны дараа, халдваргүйтгэх уусмал бүхий түмпэнд хийгээд сойзоор үрж сайн угаана.Нэг удаагийн халдвар хамгааллын хувцсыг зааврын дагуу тайлж, бохирын уутанд хийх ба халдваргүйтгэх уусмалтай түмпэн дотор зогсоод бохирдсон гутлыг сайн халдваргүйтгээд цэвэр усаар угаана. Гар нүүр угаахаар бэлтгэсэн савтай халдваргүйтгэх уусмалаар гар, нүүрээ угаана. Хогийн уутанд хийсэн хогийг шатааж устгана. Автомашинд суухаас өмнө автомашины дугуйг халдваргүйтгэх уусмалаар цэнэглэсэн автомаксаар шүршиж халдваргүйтгэх ба мөн адил гутлаа халдваргүйтгэнэ.
3.4.Уг өвчний вирусийн халдвар, тархалтын цар хүрээг тогтоох тандалт шинжилгээг 12 сарын дотор хийнэ.Голомтод ажилласан бол тодорхой хугацаанд мал, амьтантай харьцах, шувуутай айл өрхөөр орохгүй байх хэрэгтэй.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчин гарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно.Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчний үед хорио цээр тогтоохдоо олон улсын хэмжээнд мөрддөг стандарт, Монголын мал аж ахуй эрхлэх онцлог, шаардлагууд, өвчин гарсан нутгийн газарзүйн байршил, байгалийн хориг, дэд бүтэц, хүн, мал, амьтны нягтшил, ус, бэлчээр, халдварын байдал зэргийг харгалзан халдварын голомтын, сэжигтэй, хамгаалалтын болон өвчнөөр тайван буюу эрүүл бүс гэж ангилна. Бүсүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь өвчний байдал, тархалт, хамрах хүрээнээс хамаарах ба бүсүүдэд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1.1.Халдварын голомтын бүс:Өвчин гарсан сумын нутаг дэвсгэрт бэлчээр ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомтын бүс хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж дараах хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:Голомтын бүс:Өвчний сэжиг илэрсэн болон тухайн бүсэд байгаа шувуун сүрэгт малын эмч зааврын дагуу үзлэг, тандалт хийж, лабораторийн шинжилгээний дээж авна. Малын эмч болон шуурхай ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Халдварын голомтын бүсийг тухайн халдварын нөхцөл байдал, газарзүйн байрлал, цаг агаар, бусад хүчин зүйлсийг харгалзан тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, голомтын бүс гэж танигдахуйц тэмдэг тавина. (алсаас харагдахуйц улаан өнгийн дарцаг хатгах)Голомтын бүсээс гадагш хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, бүсийн доторх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.Голомтын бүс рүү орох, гарах цэгийг ариутгал халдваргүйтгэл хийх боломжтой цэг, гол замыг түшиглэн байгуулна.Голомтын бүсээс гарах зайлшгүй шаардлагатай тохиолдолд (эмнэлгийн яаралтай түргэн тусламж, шаардлагатай эм, урвалж, багаж хэрэгсэл, вакцин, хоол хүнс голомтонд оруулах) мэргэжлийн байгууллагуудын хяналт дор хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр, зохих ариутгал халдваргүйтгэл хийж явуулна. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй. Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчинд мэдрэмтгий шувууг вакцинжуулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлнэ. Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэлийнхалдвар илэрсэн аж ахуйн бүх шувуун сүргийг устгана.Нэг сумын нутаг дэвсгэр дээр хоорондоо зайтай хэд хэдэн голомт үүссэн нөхцөлд тус бүрт нь дээрх бүсүүдийг тогтоох ба цаашид голомтууд ойртох тусам тэдгээрийг нэгтгэн нэг голомтод хамруулна.
4.1.2.Сэжигтэйбүс:Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, өвчний халдвар тархаж болзошгүй айл, тэдгээрийн бэлчээр нутаг, өвчний нууц үеийн хугацаанд хавьталд орсон байж болзошгүй тохиолдлыг хамруулан сэжигтэй бүсийг тодорхойлж, хязгаарлалтын дэглэм тогтоож, байнгын хяналтын цэг гарган ажиллуулна. Сэжигтэй бүсийн хязгаарыг байрлал, усны эх үүсвэр, зам харилцаа, газар зүйн хориг саад, орон нутагт давамгайлах салхины чиглэл, мал, хүний нягтшил, малтай айлуудын шилжилт хөдөлгөөн хийж болзошгүй чиглэлийг харгалзан үзэж голомтын хязгаараас гадагш 60 км-ээс ихгүй тойрогт тогтоож дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сэжигтэй бүсийг малын эмч болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, сэжигтэй бүс гэж танигдахуйц тэмдэг тавина. (алсаас харагдахуйц шар өнгийн дарцаг хатгах) Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчинд мэдрэмтгий сүрэгт зааврын дагуу эрүүл мэндийн үзлэг, тандалт, вакцинжуулалт хийнэ. Сэжигтэй бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний хяналтын цэгийг байгуулж, зааврын дагуу халдваргүйтгэл хийнэ. Зайлшгүй шаардлагаар сэжигтэй бүсээс гадагш гарах хүн, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр мэргэжлийн байгууллагын хяналт доор ариутгал, халдваргүйтгэл хийснээр гаргаж болно. Сэжигтэй бүсээс гарсан хүн 10 хоног шувуутай харьцахгүй байх ёстой. Голомтын бүсэд сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн хугацаанд сэжигтэй бүсээс амьд амьтны шилжилт хөдөлгөөнийг хийхгүй.Голомтын бүсэд сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн хугацаанд сэжигтэй бүсээс шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гаргахгүй.
4.1.3.Хамгаалалтын бүс:Сэжигтэй бүсэд хамрагдсан сумын хилийн цэс, эрсдэл бүхий улсын болон олон улсын чанартай авто, төмөр зам, мал тууврын зам зэрэг хүн, малын хөдөлгөөнийг харгалзан хамгаалалтын бүсийг тогтооно. Уг бүсэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.Хамгаалалтын бүсийг малын эмч болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, хамгаалалтын бүс гэж танигдахуйц тэмдэг тавина. (алсаас харагдахуйц ногоон өнгийн дарцаг хатгах)Хамгаалалтын бүсийн өвчинд мэдрэмтгий шувуун сүргийг вакцинжуулжуулна.Хамгаалалтын бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний бүртгэл, хяналтын цэгийг байгуулна.Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй.
4.1.4.Эрүүл бүс: хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй болох нь батлагдсан нутаг дэвсгэрийн хэлнэ.Шаардлагатай тохиолдолд вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1.5.Хорио цээрийн дэглэм цуцлах:Сүүлчийн өвчтэй шувуу илэрснээс хойш 28 хоног, эсхүл давтан вакцинжуулалтыг хийснээс хойш 14 хоногийн дараа бүх сүрэгт мал эмнэлгийн үзлэг хийж хэрэглэж байсан тоног төхөөрөмж, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйтгэл хийж холбогдох хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хориог цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ.Илрүүлэлт, үзлэг тандалтголомтын болон сэжигтэй бүсэд мэргэжлийн баг эрүүл мэндийн үзлэг хийж, тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчний эмнэлзүйн шинж тэмдэг дээр суурилан өвчлөл гарч эхэлсэн хугацааг тогтооно.Био хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмсөх ба халдвар дамжин тархаас сэргийлэн бүх нөхцлийг хангасан байна.Сүргийг ажиглана.Сэжигтэй тохиолдлуудад үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд тохирох дээжийг сонгон авах ба тухайн сүргийн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тодорхой тооны эрүүл гэсэн шувуунаас дээж авна.Үзлэг хийсэн өрхөөс дараагийн өрхөд ажиллахаар гарахдаа халдваргүйтгэлийг гүйцэтгэнэ.Шувууны аж ахуйд ажиллагсад болон ойролцоох аж ахуйн хүмүүст өвчний нөхцөл байдал, өвчний талаар таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж өгнө.
4.2.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A