A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/30 дугаар тушаалын хавсралт

МАЛ, АМЬТНЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх, халдварт өвчний халдварт дамжаагүй бүс нутагт нүүлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Хүн амын нягтаршил ихтэй хот, суурин газрын нутаг дэвсгэр, олон улсын, хот хоорондын авто болон төмөр замын дамжин өнгөрөх нутаг, дэвсгэр, түүний хамгаалалтын бүс, улсын хилийн хамгаалалтын бүсэд мал амьтны гоц халдварт, халдварт өвчин гарсан үед халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар мал, амьтыг түр хугацаагаар буюу бүрмөсөн нүүлгэн шилжүүлж болно.

1.3.Энэхүү журмыг бүх шатны мал эмнэлгийн байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд мөрдөнө.

 Хоёр. Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах

2.1.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1.Хот, суурин газрын ойролцоо нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний халдварын голомт гарч тогтоосон хорио цээрийн сэжигтэй бүсээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоох боломжгүй болсон;

2.1.2.Олон улсын болон хот хоорондын авто зам, төмөр замын ойролцоо нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн, халдварын голомт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон;

2.1.3.Голын, сав газрын хамгаалалтын бүс орчимд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн, халдварын голомт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон;

2.1.4.Улсын хилийн хамгаалалтын бүсэд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн, халдварын голомт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон;

2.2.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга гаргана.

Гурав. Нүүлгэн шилжүүлэлт хийх үйл ажиллагаа

3.1.Мал, амьтны халдварт өвчний дамжин тархах болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж халдвар тархах өндөр магадлалтай нутаг дэвсгэрийг чөлөөлж мал, амьтныг нүүлгэн шилжүүлэлт хийнэ.

3.2.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасаг хяналт тавина.

3.3.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг тухайн шатны мал эмнэлгийн төрийн захиргааны байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу шийдвэр гаргасан Засаг дарга удирдан зохион байгуулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үйл ажиллагааг явуулна:

3.3.1.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх тухай гарсан шийдвэрийг тухайн мал, амьтныг нь нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах малчин, мал, амьтан өмчлөгчид хүргүүлнэ;

3.3.2.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн багийг малын эмчээр ахлуулан эхний ээлжинд халдвар дамжин тархах эрсдэл өндөртэй мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллах;

3.3.3.Нүүлгэн шилжүүлэлт хийх мал, амьтанд эмнэл зүйн шинжилгээ хийх мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг томилон ажиллуулах;

3.3.4.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

3.3.5.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх, байршуулах талаар мал эмнэлгийн байгууллагын санал, дүгнэлтийг тухайн сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөж хамтарсан шийдвэр гаргах;

3.4.Мал эмнэлгийн ерөнхий газар дараахь үйл ажиллагааг зохион байгуулна.

3.4.1.Тухайн бүс, нутагт мал, амьтны гоц халдварт өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр оношлогдож батлагдсан бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу мал амьтныг нүүлгэн шилжүүлэх санал, дүгнэлтийг нүүлгэн шилжүүлж байршуулах нутаг дэвсгэрийн саналын хамт тухай шатны Засаг даргад хүргүүлэх;

3.4.2.Нүүлгэн шилжүүлэх мал, амьтан нь гоц халдварт өвчний шинж тэмдэггүй, эрүүл болохыг шинжлэн тогтоох;

3.4.3.Шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлсэн мал, амьтныг хязгаарлалтын дэглэмд байлгах шийдвэр гаргуулах;

3.4.4.Нүүлгэн шилжүүлэлт хийж буй төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтнийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

3.4.5.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

3.5.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар дараахь үйл ажиллагааг зохион байгуулна.

3.5.1.Мал, амьтны халдварт өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр оношлогдож батлагдсан бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу мал амьтныг нүүлгэн шилжүүлэх санал, дүгнэлтийг нүүлгэн шилжүүлж байршуулах нутаг дэвсгэрийн саналын хамт тухай шатны Засаг даргад хүргүүлэх;

3.5.2.Мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;

3.5.3.Нүүлгэн шилжүүлсэн мал, амьтанд халдварт өвчний тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх;

3.5.4.Шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлсэн мал, амьтныг хязгаарлалтын дэглэмд байлгах шийдвэр гаргуулах;

3.6.Сум, дүүрэг дэх гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дараахь үйл ажиллагаа явуулна.

3.6.1.Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан мал, амьтанд эмнэл зүйн үзлэг хийж мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн тодорхойлолт олгох;

3.6.2.Мал, амьтныг тээвэрлэх тээврийн хэрэгсэл болон малын хашаа, хороо, тоног хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйжүүлэх;

3.6.3.Мал эмнэлгийн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тандалт хийх;

3.7.Малчин, мал, амьтны өмчлөгч дараахь үйл ажиллагаа явуулна.

3.7.1Нүүлгэн шилжүүлэх мал, амьтныг эмнэл зүйн үзлэгт бүрэн хамруулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэх;

3.7.2.Нүүлгэн шилжүүлэх малд гэрээт мал эмнэлгээс мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн тодорхойлолт авах,

3.7.3.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэлийг хангаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн баг ажиллах нөхцлийг хангах;

Дөрөв. Хариуцлага

4.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулна.