- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН СУРВАЛЖЛАГЧИЙГ БҮРТГЭХ, МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 64 дүгээр
тогтоолын хавсралт
ГАДААДЫН СУРВАЛЖЛАГЧИЙГ БҮРТГЭХ,
МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ОРШИН СУУХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гадаад улсын, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт болон түүнийг төлөөлж ажиллах хэвлэл мэдээллийн ажилтан (цаашид “гадаадын сурвалжлагч” гэх), түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэх, виз, визийн зөвшөөрөл, гадаадын сурвалжлагчийн үнэмлэх (цаашид “үнэмлэх” гэх) болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох буюу татгалзах, тэдгээрийн хугацааг сунгах, хүчингүй болгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журам, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам болон энэ журмыг мөрдөнө.
1.2. Монгол Улсад зохион байгуулах хурал, чуулга уулзалт, дээд, өндөр түвшний айлчлал зэрэг дотоодын болон олон улсын арга хэмжээг төрийн байгууллагын урилгаар сурвалжлах гадаадын сурвалжлагч нь энэ журмын дагуу зөвшөөрөл, үнэмлэх авах шаардлагагүй.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Энэ журам нь дор дурдсан гадаадын сурвалжлагч, түүний гэр бүлийн гишүүнд үйлчилнэ:
2.1.1. Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны ажилтан, гэрээт ажилтан болон зураглаач, гэрэл зурагчин, дууны инженер, ерөнхий редакторын туслах зэрэг техник ажилтан;
2.1.2. Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны ажилтан, гэрээт ажилтан, зураглаач, гэрэл зурагчин, дууны инженер, ерөнхий редакторын туслах зэрэг техник ажилтан, түүний гэр бүлийн гишүүн.
2.2. Энэ журмын 2.1.2-т заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт эхнэр буюу нөхөр, 18 хүртэлх насны, эцэг эхтэйгээ хамт амьдардаг, төрүүлсэн болон албан ёсоор үрчилж авсан хүүхдийг хамааруулна.
Гурав. Гадаадын сурвалжлагчийн зөвшөөрөл, үнэмлэх
олгох, хүчинтэй хугацааг сунгах
3.1. Энэ журмын 2.1-д заасан гадаадын сурвалжлагч Монгол Улсад байнгын болон түр сурвалжлагчаар ажиллах хүсэлтээ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид холбогдох Дипломат төлөөлөгчийн газар, өөрийгөө төлөөлж байгаа байгууллагаар дамжуулан, эсхүл биечлэн гаргаж болно. Хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлэн энгийн болон цахим шуудангаар хүргүүлнэ:
3.1.1. Монгол Улсад байнга, эсхүл түр хугацаагаар томилон ажиллуулах тухай харьяа хэвлэл мэдээллийн байгууллагын албан бичиг;
3.1.2. гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа гадаадын сурвалжлагч нь гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн тухайн байгууллагын тодорхойлолт, албан бичиг;
3.1.3. гадаад паспортын хуулбар;
3.1.4. мэдүүлгийн хуудас;
3.1.5. 3,5смx4,5см хэмжээтэй 2 хувь цээж зураг.
3.2. Монгол Улсад байнгын сурвалжлагчаар ажиллах гадаадын сурвалжлагчийн гэр бүлийн гишүүн энэ журмын 3.1.1-3.1.5-д заасан баримт бичгээс гадна тухайн сурвалжлагчийн гэр бүлийн гишүүн мөн болохыг нотлох баримт бичиг буюу “Монгол Улсын виз олгох журам”-ын 2.6.5-д заасан баримт бичгийг хавсаргана.
3.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж хүсэлтийг хянаж, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эсэх тухай хариуг гадаадын сурвалжлагчид ажлын 5 хоногт багтаан тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газар, өөрийг нь төлөөлж буй байгууллагаар нь дамжуулан, эсхүл цахим шуудангаар шууд мэдэгдэнэ.
3.4. Гадаадын сурвалжлагч энэ журмын 3.1, 3.2-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол гадаадын сурвалжлагчийн зөвшөөрөл, гадаадын сурвалжлагчийн үнэмлэх олгохоос татгалзана.
3.5. Гадаадын сурвалжлагч, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид өөрийн биеэр ирж, гадаадын сурвалжлагчийн үнэмлэхээ авна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд гадаадын сурвалжлагчийн үнэмлэх олгохгүй.
3.6. Гадаадын сурвалжлагчийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь түүний Монгол Улсад зорчих виз буюу оршин суух зөвшөөрлийн хугацаатай адил байна.
3.7. Гадаадын сурвалжлагч үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтээ хугацаа нь дуусахаас ажлын 7 хоногийн өмнө энэ журмын 3.1.1-3.1.2-т заасан баримт бичгийн хамт гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид гаргана.
3.8. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж гадаадын сурвалжлагчийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах эсэхийг энэ журмын 3.1.1-3.1.2-т заасан баримт бичигт үндэслэн ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
3.9. Монгол Улсын иргэн гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын Монгол Улс дахь байнгын сурвалжлагчаар ажиллах тохиолдолд байнгын сурвалжлагчаар томилсон хэвлэл мэдээллийн тухайн байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэн гадаадын сурвалжлагчийн үнэмлэх олгож болно.
3.10. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд Монгол Улсад визгүй зорчих улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжийн зөвшөөрлөөр Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт виз мэдүүлж, урьдчилан виз авсан байна. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид өөрийн биеэр ирж, гадаадын сурвалжлагчийн үнэмлэх авна.
3.11. Гадаадын түр болон байнгын сурвалжлагчийн үнэмлэхийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Дөрөв. Гадаадын сурвалжлагчид виз, оршин суух
зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах
4.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.3-т заасан шийдвэрийг үндэслэн гадаадын сурвалжлагч болон түүний гэр бүлийн гишүүнд виз олгохыг зөвшөөрсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг тухайн гадаад улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консулд хүргүүлнэ.
4.2. Гадаадын сурвалжлагч энэ журмын 4.1-д заасан виз олгох эрх бүхий байгууллагад виз мэдүүлэхдээ “Монгол Улсын виз олгох журам”-ын 4.9-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.3. Энэ журмын 4.1-д заасан виз олгох эрх бүхий байгууллага нь энэ журмын 4.1, 4.2-т заасан баримт бичгийг үндэслэн гадаадын сурвалжлагч болон түүний гэр бүлийн гишүүнд Монгол Улсад зорчих виз олгоно.
4.4. Монгол Улсад оршин суух гадаадын сурвалжлагч болон түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ёслолын асуудал хариуцсан нэгжид бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл хүснэ.
4.5. Гадаадын сурвалжлагч энэ журмын 4.4-т зааснаар оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 3.5-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.6. Монгол Улсад оршин суух гадаадын сурвалжлагч болон түүний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ёслолын асуудал хариуцсан нэгж ажлын 5 хоногт багтаан олгож, консулын асуудал хариуцсан нэгж зохих визийг олгоно.
4.7. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ёслол, консулын асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.8-д заасан шийдвэрийг үндэслэн гадаадын сурвалжлагч болон түүний гэр бүлийн гишүүний виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг ажлын 5 хоногт багтаан сунгана.
4.8. Гадаадын сурвалжлагч хүүхэд төрүүлсэн, хууль ёсоор үрчилж авсан бол энэ тухайгаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ёслол, консулын асуудал хариуцсан нэгжид мэдэгдэж, түүнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз авахаар мэдүүлнэ.
4.9. Энэ журамд заасан бүртгэх, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгоход аливаа төлбөр, хураамж авахгүй.
Тав. Гадаадын сурвалжлагчийн эрх, үүрэг
5.1. Энэ журмын 3.3, 3.5 дахь хэсэгт заасан зөвшөөрөл, үнэмлэхтэй гадаадын сурвалжлагч дараахь эрхтэй:
5.1.1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийг авах, сурвалжлах;
5.1.2. Монгол Улсын хуулиар хориглосноос бусад газарт чөлөөтэй зорчих;
5.1.3. Монгол Улсын байгууллага, иргэнтэй хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж ажиллах;
5.1.4. хуульд заасан бусад эрх.
5.2. Энэ журмын 3.3, 3.5 дахь хэсэгт заасан зөвшөөрөл, үнэмлэхтэй гадаадын сурвалжлагч дараахь үүрэгтэй:
5.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас сурвалжлага авахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжээр дамжуулан зөвшөөрөл авах;
5.2.2. энэ журмын 5.2.1-д заасан улс төрийн албан тушаалтнаас авсан сурвалжлагыг олон нийтэд түгээхээс өмнө тухайн сурвалжлага нь үнэн, бодит байх үүднээс сурвалжлага өгсөн улс төрийн албан тушаалтан, эсхүл түүний хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр хянуулах;
5.2.3. хилийн бүс болон бусад тусгай хамгаалалттай газарт зорчихдоо зохих зөвшөөрлийг холбогдох байгууллагаас урьдчилан авах;
5.2.4. Төрийн ордон, төрийн байгууллагад нэвтрэхдээ Монгол Улсын Төрийн ордны тухай хууль, “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам” болон тухайн байгууллагын журмыг мөрдөх;
5.2.5. мэдээллийн үнэн зөвийг нягтлах, хариуцах;
5.2.6. зөвшөөрөл, үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид нэн даруй мэдэгдэх;
5.2.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
Зургаа. Гадаадын сурвалжлагчийн үнэмлэх, виз, оршин суух зөвшөөрлийг
олгох, сунгахаас татгалзах,хүчингүй болгох
6.1. Дараахь тохиолдолд гадаадын сурвалжлагч биечлэн өөрийгөө болон өөрийн гэр бүлийн гишүүнийг бүртгэлээс хасуулж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хураалгана:
6.1.1. гадаадын сурвалжлагч, түүний гэр бүлийн гишүүн бүрмөсөн буцсан;
6.1.2. гадаадын сурвалжлагч, түүний гэр бүлийн гишүүний Монгол Улсад оршин суух эрх зүйн байдал өөрчлөгдсөн;
6.1.3. төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэний хүүхэд гэр бүл болсон, 18 насанд хүрсэн бол.
6.2. Дараахь тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж нь гадаадын сурвалжлагч, түүний гэр бүлийн гишүүний гадаадын сурвалжлагчийн үнэмлэхийг хүчингүй болгож, виз, оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах, эсхүл хүчингүй болгож болно:
6.2.1. гадаадын сурвалжлагч энэ журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
6.2.2. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, “Монгол Улсын виз олгох журам”-ын 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр.
Долоо. Бусад
7.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж нь гадаадын сурвалжлагчдын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэлийг хөтөлж, эрх бүхий байгууллагын хүсэлтээр гадаадын сурвалжлагчтай холбогдох баримт мэдээллийг гаргаж өгнө.
7.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж нь гадаадын сурвалжлагчид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эрх үүрэг, хориглох зүйлийг танилцуулна.
7.3. Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o------
Текст томруулах
A
A
A