- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БАЙГУУЛАХ, БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗААВАР/Энэ хавсралтыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-146 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2019 оны А-82 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
БАНК БАЙГУУЛАХ, БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ, БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН
ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ,
ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ зааврын зорилго нь банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, баримтыг хүлээн авах, холбогдох журмын дагуу хянах, шийдвэрлэхэд ашиглана.
1.2.Монголбанкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар нь банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, баримт бичгийг Банкны тухай хууль, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”, “Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”, “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын шаардлагыг хангасан эсэхийг судалж, санал дүгнэлт боловсруулна.
Хоёр. Хүсэлт, баримт бичгийг хянах
2.1.Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, баримт бичгийг шалгаж, холбогдох журмын дагуу бүрэн гүйцэд ирүүлсэн тохиолдолд хянана.
2.2.Банк байгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдлийг энэ зааврын Хавсралт 1-ийн дагуу шалгана.
2.3.Баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
2.4.Нэмэлт баримт бичгийг Монголбанкинд бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.
2.5.Банк байгуулах хүсэлт, баримт бичгийг доор заасан үзүүлэлтээр хянан, санал дүгнэлт боловсруулна. Үүнд:
2.5.1.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй эсэх, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй эсэх;
2.5.2.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй, ял шийтгэлгүй эсэх;
2.5.3.Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, түүний холбогдох этгээд нь өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсэх;
2.5.4.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүрдүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ хангалттай эсэх;
2.5.5.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх мөнгөн хөрөнгө нь банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээдийн татвар төлсөн, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого мөн эсэх;
2.5.6.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг хангалттай эсэх;
2.5.7.Банкны ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээд нь зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй эсэх, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй эсэх;
2.5.8.Банкны ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй, ял шийтгэлгүй эсэх;
2.5.9.Банкны ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээд нь “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-д заасан, банкны эрх бүхий албан тушаалтанд тавигдах боловсрол, туршлага, ёс зүйн шаардлагыг хангаж байгаа эсэх;
2.5.10.Банкны бизнес төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нягтрал, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр татах чадвар, хөрөнгө байршуулах бодит шаардлага гэх мэт гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан банкны эрхлэх үйл ажиллагаа, ажил үйлчилгээний хамрах хүрээг тодорхойлж, тооцоолсон эсэх;
2.5.11.Банкны бизнес төлөвлөгөө бодитой, хэрэгжих боломжтой эсэх;
2.5.12.Банк байгуулснаар үндэсний эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой талаар тодорхой судалгаа хийж, дүгнэлт гаргасан эсэх;
2.5.13.Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газартай хамтран банкны бодлого, үйл ажиллагааг тусгасан эрх зүйн баримт бичиг нь хууль тогтоомжид нийцсэн эсэх дүгнэлт;
2.5.14.Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө болон бусад эх үүсвэрийг эрсдэлээс хамгаалах чадвартай эсэх;
2.5.15.Банкны зохистой засаглал, зохион байгуулалт, банкинд учирсан болон учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх, дүгнэх чадвартай эсэх, хяналтын удирдлагын шат бүр хэрэгжүүлэх давхар хяналтын системийг бүрдүүлж, хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг хууль тогтоомжид заасны дагуу тодорхой тусгаж чадсан эсэх;
2.5.16.Банкны үйл ажиллагааг явуулах техник, тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байр нь найдвартай, тогтвортой ажиллагааг хангасан эсэх, шаардлага хангасан нөөц төвтэй эсэх, Монголбанкны банк хоорондын сүлжээ, зээлийн мэдээллийн сантай холбогдон ажиллах бэлтгэл хангагдсан эсэх;
2.5.17.Банк байгуулагдсанаар банк, санхүүгийн салбарт гарах нөлөөлөл;
2.5.18.Банкны тухай хууль, журамд заасан бусад шалгуур үзүүлэлтүүд.
2.6.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрлийн хүсэлт, баримт бичгийг доор заасан үзүүлэлтээр хянан, санал дүгнэлт боловсруулна. Үүнд:
2.6.1.Банк нь Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйл, Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 6 сарын турш хангасан эсэх;
2.6.2.Банк нь Монголбанкнаас хамгийн сүүлд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар “Сайн” ба түүнээс дээш үнэлгээ авсан эсэх;
2.6.3.Монголбанкны шалгалтын дагуу өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлсэн эсэх;
2.6.4.Банкны зохистой засаглалын үнэлгээ нь “Дунд” ба түүнээс дээш эсэх;
2.6.5.Банк тухайн үйл ажиллагааг эрхэлснээр банк, санхүүгийн салбарт гарах нөлөөлөл,
2.6.6.Банкны тухай хууль, журамд заасан бусад шалгуур үзүүлэлтүүд.
2.7.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрлийн хүсэлт, баримт бичгийг доор заасан үзүүлэлтээр хянан, санал дүгнэлт боловсруулна. Үүнд:
2.7.1.Банкны хувьцаа эзэмшигч нь зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй эсэх, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй эсэх;
2.7.2.Банкны хувьцаа эзэмшигч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй, ял шийтгэлгүй эсэх;
2.7.3.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд нь өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсэх;
2.7.4.Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, түүний холбогдох этгээд нь өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсэх;
2.7.5.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн татвар төлсөн, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого мөн эсэх;
2.7.6.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг хангалттай эсэх;
2.7.7.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орох өөрчлөлт нь Банкны тухай хууль, “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын шаардлагыг хангаж байгаа эсэх;
2.7.8.Банкны тухай хууль, журамд заасан бусад шалгуур үзүүлэлтүүд.
2.8.Хүсэлт, холбогдох баримт бичгийг хянахдаа банк байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнууд нь зээл батлан даалтын гэрээгээр хүлээсэн аливаа өртэй эсэх, ял шийтгэлтэй эсэх, эдийн засгийн болон аж ахуйн эсрэг гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байсан эсэх талаарх тодорхойлолтуудыг эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авна.
Гурав. Хүсэлтийг шийдвэрлэх
3.1.Баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагч банкинд энэ талаар албан бичгээр, эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
3.2.Баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.
3.3.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрээ хүсэлт, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагчид ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
3.4.Монголбанк нь банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрээ хүсэлт, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагч банкинд ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
3.5.Монголбанк нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрээ хүсэлт, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагчид ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
3.6.Монголбанк шаардлагатай гэж үзвэл энэ зааврын 3.5-д заасан шийдвэр өгөх хугацааг 30 хоногоор сунгаж болно.
3.7.Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн тохиолдолд Монголбанкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар холбогдох дүгнэлт, саналыг Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж, хүсэлт гаргагчид албан бичгээр хариуг хүргүүлнэ.
3.8.Банк байгуулах, банкны нэмэлт үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, баримт бичиг нь шаардлагыг бүрэн хангасан, холбогдох зөвшөөрөл олгох боломжтой гэж Монголбанкны хяналт шалгалтын газар үзсэн тохиолдолд хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн газар, зах зээлийн асуудал эрхэлсэн газраас дүгнэлт, санал авна.
3.9.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголанкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар нь хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн газрын дүгнэлт, саналыг нэгтгэж, банк байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
3.10.Банк байгуулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн банкинд Гэрчилгээ олгож, хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар нл банкийг бүртгэж, зохих журам, зааврын дагуу хувийн хэрэг нээн хөтөлнө.
3.11.Банк байгуулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан тохиолдолд мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо бүртгэлийн асуудал эрхэлсэн газар нь банкны ажиллах байр, програм хангамж, техник, тоног төхөөрөмж, нөөц төв, үйл ажиллагаа эрхлэх аюулгүй орчин байдал нь шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллана.
3.12.Банкны үйл ажиллагаа эрхлэх нэмэлт зөвшөөрөл, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар нь хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээллийн технологийн асуудал газар, валютын зах зээлийн асуудал эрхэлсэн газрын дүгнэлт, саналыг нэгтгэн, Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж, шаардлагатай тохиолдолд Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
3.13.Банкны үйл ажиллагаа эрхлэх, эсвэл банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан тохиолдолд Хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар зохих журам, зааврын дагуу тухайн банкны Зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэл хийж, улсын байцаагчийн тэмдэг дарна.
_________оОо_________

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А-146
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банк байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Банк байгуулах тусгай зөвшөөрөл журам", хоёрдугаар хавсралт "Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам", дөрөвдүгээр хавсралт "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэх заавар"-ыг тус тус хүчингүй болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т тус тус даалгасугай.
4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A