A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 375 дугаар тогтоолын хавсралт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


(Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Оршил

Эрчим хүчний яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь эрчим хүчний сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд  үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх асуудлыг хамарсан Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус үндэс болгов.

1.3. Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Yндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Төсвийн тухай хууль;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Эрчим хүчний тухай хууль;

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль;

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль;

-Шилэн дансны тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, оролцооны  аргыг ашиглав. Мөн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага дээр үндэслэв.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, үнэлж дүгнэх үүрэг, хариуцлага хүлээж Эрчим хүчний сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, салбарыг зөв зохистой удирдлага, зохицуулалтаар хангана. Яам нь өөрийн чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөх үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Эрчим хүчний яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Эрчим хүчний яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Эрчим хүчний сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоож, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын.        2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

      2.2.1. эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах;

      2.2.2. эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах;

      2.2.3. эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах;

      2.2.4. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

      2.2.5. эрчим хүчний эх үүсвэрүүдийн түлшний баланс гаргах замаар нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг өргөжүүлэх;

      2.2.6. эрчим хүчний нүүрсний болон шинэ, хийн түлшний технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжих;

      2.2.7. салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхыг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

      2.2.8. салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;

      2.2.9. эрчим хүч, түлш (эрчим хүчний нүүрс)-ний салбарт шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний балансын судалгаа, стандарт, норм, нормативын баримт бичиг, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино.

2.4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.4.1. эрчим хүчний салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах, түлш (нүүрс)-ний нөөцийг бүрдүүлэх, хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл болон дүрэм, журмын төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогын удирдамжаар хангах;
       
      2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

      2.4.3. эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр төсөл, дүрэм, журмын болон түлш (нүүрс)-ний нөөцийг бүрдүүлэх, хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангуулах, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, аюулгүй байдлыг хангуулах;

      2.4.4. салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хяналт шалгалт, аудит хийх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, гамшгийн үед салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, сахилгын болон ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

2.5. Yйл ажиллагааны гол зорилт

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

      2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

         2.5.1.1. эрчим хүчний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах, үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийн бүтцийг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах;

            2.5.1.2. эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашиглах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

            2.5.1.3. түлш (эрчим хүчний нүүрс болон хий)-ний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогыг төлөвлөх, бодлогын хувилбар, дүрэм, журмын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

        2.5.1.4. эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, концесс, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

            2.5.1.5. сэргээгдэх эрчим хүчний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

      2.5.2.  үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

            2.5.2.1. төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн удирдлагын манлайллыг сайжруулах, аппаратад дотоод дэмжлэг үзүүлж удирдлага, ажиллагсдын ажиллах хэвийн нөхцөлийг хангах;

            2.5.2.2. хууль  тогтоомж,  шийдвэрийн  төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

            2.5.2.3. аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, яамны мөнгөн урсгалыг оновчтой төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
            2.5.2.4. гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;

            2.5.2.5. мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

      2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

            2.5.3.1. эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлт хийж зохицуулах;

            2.5.3.2. эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

            2.5.3.3. эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, барилга байгууламжийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
                                
            2.5.3.4. сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах;

            2.5.3.5. эрчим хүчний байгууламжийн аюулгүй байдлыг хангуулах болон эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
        
            2.5.3.6. түлш (эрчим хүчний нүүрс болон хий)-ний салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангах;

            2.5.3.7. дулааны цахилгаан станц, дулааны станцуудын түлшний урт  хугацааны тасралтгүй, найдвартай хангамжийн талаар санал зөвлөмж боловсруулах, түлшний баланс гаргах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, арга зүйн удирдамжаар хангаж ажиллах;

            2.5.3.8. нүүрс олборлолт, ашиглалтын техник, технологийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

            2.5.3.9. бүс нутгийн нүүрсний орд газруудын байршил, нөөцийн хөдөлгөөнийг тусгасан судалгаа хийж, нүүрсний хангамжийг сайжруулах талаарх арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;

            2.5.3.10. хийн түлшний хангамжийн сүлжээ байгуулах, ашиглах талаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах, арга зүйн зөвлөгөө, удирдамжаар хангаж ажиллах.

      2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

            2.5.4.1. салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

            2.5.4.2. хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

            2.5.4.3. салбарын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, гамшгийн үед тэдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;

            2.5.4.4. эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах;

            2.5.4.5. төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу сахилгын болон ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах;

            2.5.4.6. эрчим хүчний байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах;

            2.5.4.7. статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.6. Yйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Yйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Эрчим хүчний яамны үйл ажиллагаа (бизнес)-ны
стратеги загвар

 

 

Гурав. Эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий
          тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн
          үндсэн үүрэг, чиг үүрэг



3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож байгаа зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:

      3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

     3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

    3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4. бүтцийн хувьд энгийн, зохион байгуулалтын хувьд оновчтой байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх бөгөөд төрийн удирдлагын тасралтгүй, шуурхай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор яамны дотоод нэгжийн зохион байгуулалт, ажлын байрны асуудлыг яамны удирдлага бие даан шийдвэрлэх боломжтой байх)

   3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

      3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);

     3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дараахь загвартай байна.

Эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн
ерөнхий тогтолцооны загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

      3.3.1. бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах,  түлш (нүүрс)-ний нөөцийг бүрдүүлэх, хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл болон дүрэм, журмын төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд эрчим хүчний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах, түлш (эрчим хүчний нүүрс болон хий)-ний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогыг төлөвлөх, бодлогын хувилбар, дүрэм, журмын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийн бүтцийг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах; эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашиглах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах; эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, концесс, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх; сэргээгдэх эрчим хүчний талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалтын нэгж, сэргээгдэх эрчим хүчний нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хөгжлийн суурь судалгаа, бодлого, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах системийг боловсронгуй болгох, сэргээгдэх болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний баланс гаргах, салбарын стандарт, техник технологи, эдийн засгийн норм, нормативыг боловсруулж батлуулах ажлыг бодлогын удирдамжаар хангах, бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, Засгийн газар, сайдаас гарах шийдвэр, бодлогын хувилбар, зөвлөмж, тэдгээрт өгөх үнэлэлт, дүгнэлт гаргахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, түлшний чиглэлийн холбогдох аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

      3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн удирдлагын манлайллыг сайжруулах, аппаратад дотоод дэмжлэг үзүүлж удирдлага, ажиллагсдын ажиллах хэвийн нөхцөлийг хангах; хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих; аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, яамны мөнгөн урсгалыг оновчтой төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих; гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх; мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, санхүүгийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, өргөдөл, гомдол бүртгэх, зохицуулах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянан баталгаажуулах замаар Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгж нь цомхон чадварлаг албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах замаар төрийн албаны шуурхай байх зарчмыг хэрэгжүүлэх, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн   баталгааг бүрдүүлэх, чадавхыг сайжруулах, ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбарын хүний нөөцийн хөгжил, инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын сургалт, давтан сургалт, мэргэшил, ур  чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, сургалтын болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, холбогдох бусад яам, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

      3.3.3. бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, дүрэм, журам болон түлш (нүүрс)-ний нөөцийг бүрдүүлэх, хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хангуулах, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, аюулгүй байдлыг хангуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлт хийж зохицуулах; эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах; эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, барилга байгууламжийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах; сэргээгдэх эрчим хүчний
шинэ эх үүсвэрийг ашиглах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, түүний ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах; эрчим хүчний байгууламжийн аюулгүй байдлыг хангуулах болон эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах, зохицуулах, түлш (эрчим хүчний нүүрс болон хий)-ний салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангах; дулааны цахилгаан станц, дулааны станцуудын түлшний урт хугацааны тасралтгүй, найдвартай хангамжийн талаар санал зөвлөмж боловсруулах, түлшний баланс гаргах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, арга зүйн удирдамжаар хангаж ажиллах; нүүрс олборлолт, ашиглалтын техник, технологийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах; бүс нутгийн нүүрсний орд газруудын байршил, нөөцийн хөдөлгөөнийг тусгасан судалгаа хийж, нүүрсний хангамжийг сайжруулах талаарх арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх, хийн түлшний хангамжийн сүлжээ байгуулах, ашиглах талаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах, арга зүйн зөвлөгөө, удирдамжаар хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд дулааны нэгж, цахилгааны нэгж, түлшний хангамжийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, биелэлтийг нэгтгэн үнэлж дүгнэх, тайлагнах, эрчим хүчний түлшний бодлогын хэрэгжилтийн мэдээлэл, шийдвэр гаргах механизмд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, улмаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах талаар шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийн чиглэлээрх Засгийн газар, эрхэлсэн сайдаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, салбарын цаг үеийн ажил, өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг салбарын бодлогын хэрэгжилтийн мэдээлэл, шийдвэр гаргах механизмд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон эрчим хүч, түлшний чиглэлийн холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

       3.3.4. дотоод аудит, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний  үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хяналт шалгалт, аудит хийх, салбарын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, гамшгийн үед салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, сахилгын болон ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх; хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах; салбарын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, гамшгийн үед тэдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах; эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах; Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу сахилгын болон ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах; эрчим хүчний байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах; статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрчим хүчний салбарын үнэн зөв мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлж, хэрэглэгчийг шуурхай үйлчилгээ, мэдээллээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага байна.

 

-----о0о-----