- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам
Гаалийн Ерөнхий Газрын даргын 2019 оны
А/226 дугаар тушаалын хавсралт
Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх болон гаалийн лабораторийн (Төв болон салбар лаборатори) дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.
1.3.Гаалийн лаборатори нь магадлан шинжилгээний талаар шийдвэр гаргахдаа бие даасан, хараат бус зарчмыг баримтална.
1.4..Улсын хилээр нэвтрүүлэх бараанаас гаалийн байгууллага дээж авч магадлан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд хуулийн этгээд, иргэний гаргасан хувийн хүсэлтийн дагуу магадлан шинжилгээ хийлгэх, барааны ангиллын код тодорхойлуулах зорилгоор дээж, сорьц, загвар ирүүлсэн бол гаалийн лабораторийн даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
1.5..Гаалийн лаборатори нь Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025 стандартыг хэрэгжүүлж ажиллана.
Хоёр.Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах
2.1.Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад барааг мэдүүлж, мэдүүлгийн СEPS програмд барааны холбогдох мэдээллийг гаалийн бүрдүүлэлтийн програмд байршуулсан “Лабораторийн шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-ыг үндэслэн оруулна.
2.2.Бараа нь лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах тохиолдолд барааг дангаар нь эсвэл бусад бараатай хамтад нь мэдүүлэх эсэхийг мэдүүлэгч сонгоно.
2.3.Мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана.
2.4.Гаалийн улсын байцаагч нь “Бараанд магадлан шинжилгээ хийх тухай шийдвэр” гаргасан талаар мэдүүлэгчид танилцуулна.
2.5.Гаалийн улсын байцаагч нь мэдүүлэгчийг байлцуулан сорьц, дээж, загварыг холбогдох стандартын дагуу авч, битүүмжлэн, гаалийн байгууллагын мэдээллийн автоматжуулсан систем CAIS програмд /цаашид CAIS програм гэх/ магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг бичиж, шинжилгээ хийх лаборатори (Гаалийн төв болон салбар лаборатори)-г сонгож, мэдүүлгийн дугаар болон сорьц, дээж, загвартай холбоотой мэдээлэл, шаардлагатай бол фото зургийг лабораторийн дүгнэлтийн СAIS програмын “Маягт бичих талбар”-т оруулж, хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хянуулахаар илгээнэ.
2.6.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч шинжилгээнд хамрагдах барааны мэдээллийг хянаж баталгаажуулснаар сорьц, дээж, загварын бүртгэлийн дугаар CAIS програмд автоматаар бүртгэгдэж гаалийн лабораторид цахимаар илгээгдсэн үеэс лабораторийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа түр зогсоно.
2.7.Сорьц, дээж, загвар авсан гаалийн улсын байцаагч нь лабораторийн дүгнэлтийн CAIS програмд баталгаажсан мэдээллийг хэвлэж, хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн хамтаар гарын үсэг зурж, хувийн тэмдэгээр баталгаажуулан, мэдүүлэгчээр гарын үсэг зуруулж, дагалдах бичиг баримт болон битүүмжилсэн сорьц, дээж, загварын хамт лабораторид шуудангаар эсвэл бие төлөөлөгчөөр хүргүүлнэ.
2.8.Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрт магадлан шинжилгээ хийх үндэслэл, зорилго, байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдах асуулт, дагалдах бичиг баримтыг тусгасан байна.
Гурав.Сорьц, дээж, загвар авах, хадгалах, устгах
3.1.Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх, магадлан шинжилгээнд хамруулах зорилгоор бараанаас сорьц, дээж, загварыг олон улсын болон монгол улсын холбогдох стандартын дагуу авч, магадлан шинжилгээ хийх тухай шийдвэрт тухайн барааны улсын хилээр нэвтрүүлэх тоо, хэмжээг бичнэ.
3.2.Сорьц, дээж, загвар нь тухайн барааг бүрэн төлөөлж чадахуйц, тоо хэмжээ нь магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад хүрэлцэхүйц, олон улсын болон Монгол улсын стандартад заасан хамгийн бага хэмжээтэй байна.
3.3.Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн улсын байцаагч бараанаас сорьц, дээж, загвар авахад мэдүүлэгч мэргэжлийн туслалцаа үзүүлэх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
3.4.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаалийн хяналтад байгаа бараанаас сорьц, дээж, загвар авахдаа гаалийн байгууллагын албан тушаалтан болон мэдүүлэгчийг байлцуулна.
3.5.Улсын хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ гаальд мэдүүлсний дараа сорьц, дээж, загвар авч, гаалийн лабораторид хүргүүлнэ.
3.6.Газрын тосны бүтээгдэхүүн шинжлэх боломжтой гаалийн лабораторитой гаалийн газар, хороонд гаалийн бүрдүүлэлт хийлгэж буй хуулийн этгээдийн импортын газрын тосны бүтээгдэхүүний тээврийн хэрэгсэл тус бүрээс тухай бүр, гаалийн лабораторигүй гаалийн газар, хороод сар бүр сорьц, дээж, загвар авч магадлан шинжилгээнд хамруулна.
3.7.Мэдүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гаалийн байгууллагын зөвшөөрснөөр дараах зорилгоор сорьц, дээж, загвар авч болно.
3.7.1.Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах;
3.7.2.Холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон зөвшөөрөл авах;
3.7.3.Тухайн бараа нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгох;
3.7.4.Гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд.
3.8.“Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”-ын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж буй судалгаа шинжилгээ, туршилт хийх зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлж буй сорьц, дээж, загвараас гаалийн лабораторийн магадлан шинжилгээнд зориулж дээж, сорьц, загвар авахгүй байж болно.
3.9.Гаалийн лабораторид ирүүлсэн сорьц, дээж, загварт магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргаснаас хойш сорьц, дээж, загварыг 1 сар, зөрчил илэрсэн сорьц, дээж, загварыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хадгална. Хортой болон тэсэрч дэлбэрэх, түргэн чанар байдлаа алдах сорьц, дээж, загварыг зөрчил илрээгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн, мэдүүлэгчид буцаан олгоно.
3.10.Сорьц, дээж, загварыг хадгалах, устгахдаа MNS ISO/IEC 17025 стандартыг дагаж мөрдөнө.
3.11.Магадлан шинжилгээнд ирүүлсэн сорьц, дээж, загварыг холбогдох стандартын дагуу аваагүй, тоо хэмжээ нь магадлан шинжилгээнд хүрэлцэхгүй, тухайн барааг бүрэн төлөөлж чадахгүй, мэдүүлсэн барааны бичиг баримтаас зөрүүтэй тохиолдолд дахин сорьц, дээж, загвар авч, магадлан шинжилгээнд хамруулна.
Дөрөв.Магадлан шинжилгээ хийх
4.1.Гаалийн тухай хуулинд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл Стандарт, хэмжил зүйн газраас гаалийн лабораторид олгосон итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод тусгагдаагүй барааны магадлан шинжилгээг гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ.
4.2.Гаалийн лаборатори нь бараа судлал, материал судлал, технологийн, химийн болон бусад магадлан шинжилгээг хийнэ.
4.3.Магадлан шинжилгээнд хамруулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
4.3.1.Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр;
4.3.2.Гадаад худалдааны бичиг баримтууд;
4.3.3.Химийн бодисын хор, аюулгүй ажиллагааны заавар;
4.3.4.Холбогдох байгууллагын зөвшөөрөл, лиценз;
4.3.5.Шаардлагатай бусад;
4.4.Гаалийн лаборатори нь дараах тохиолдолд магадлан шинжилгээ хийхээс татгалзаж болно. Үүнд:
4.4.1.Магадлан шинжилгээнд ирүүлсэн сорьц, дээж, загвар нь хүрэлцэхгүй, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, битүүмжлэлгүй тохиолдолд;
4.4.2.Энэ журмын 4.3.1-4.3.5-д заасан бичиг баримт бүрдэл болоогүй тохиолдолд;
4.4.3.Бараанд магадлан шинжилгээ хийх шаардлагагүйгээр “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн холбогдох тайлбарыг үндэслэн барааны ангиллын кодыг тодорхойлох боломжтой бол;
4.4.4.Стандарт, хэмжил зүйн газраас олгосон итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээ хийх итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод тусгагдаагүй барааны сорьц, дээж, загвар ирүүлсэн бол;
4.5.Энэ журмын 4.4.1-4.4.4-т заасан үндэслэлээр магадлан шинжилгээ хийхээс татгалзсан тухай шийдвэрийг мэдүүлэгчид бичгээр мэдэгдэж, магадлан шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн сорьц, дээж, загвар холбогдох бичиг баримтыг мэдүүлэгч болон гаалийн байгууллагад буцаана.
4.6.Төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний хүсэлт, тогтоол, шийдвэрээр гаалийн хяналтанд хамрагдаагүй сорьц, дээж, загварт магадлан шинжилгээ хийсэн тохиолдолд “Гаалийн лабораторийн сорилтын дүн” маягтаар гаргах бөгөөд энэ нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад хамаарахгүй.
Тав.Магадлан шинжилгээг хийж, дүгнэлт гаргах дэс дараалал
5.1.Харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн битүүмжлэгдсэн сорьц, дээж, загварыг лабораторийн ажилтан САIS програмд бүртгэгдсэн магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрт бичигдсэн битүүмжлэлийн дугаартай тулган, шалгаж хүлээн авна.
5.2.Лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч нь цагийн бүртгэлийн програмд ирц бүртгүүлснээр лабораторийн дүгнэлтийн САIS програмд бүртгэгдсэн сорьц, дээж, загваруудыг шинжлэх эрх нээгдэх ба барааны нэр, төрлөөс хамаарч програмын санамсаргүй сонголтоор хуваарилагдана. Энэ тохиолдолд уг барааны мэдээлэл нь лабораторийн дүгнэлтийн САIS програмын “Хуваарилагдсан дээж төлөв”-т шилжинэ.
5.3.Нэг магадлан шинжилгээ хийх тухай шийдвэрт хоёр буюу түүнээс дээш шинжээч-гаалийн улсын байцаагчийг томилох тохиолдолд лабораторийн дарга нэмэлтээр томилно. Лабораторийн даргын эзгүйд ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч орлоно.
5.4.Магадлан шинжилгээ хийх шинжээч-гаалийн улсын байцаагч нь хуваарилагдсан сорьц, дээж, загварт магадлан шинжилгээ хийж, үр дүнг холбогдох стандартын үзүүлэлттэй харьцуулан, лабораторийн дүгнэлтийн програмд оруулна.
5.5.Шинжээч-гаалийн улсын байцаагч нь магадлан шинжилгээний үр дүнг үндэслэн “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн дагуу барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлж, дүгнэлтийг лабораторийн дүгнэлтийн CAIS програмд бичиж, хянуулахаар ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн лабораторийн даргад илгээнэ. Энэ тохиолдолд лабораторийн дүгнэлт САIS програмын “Илгээсэн төлөв”-т шилжинэ.
5.6.Шинжээч-гаалийн улсын байцаагчийн лабораторийн CAIS програмаар илгээсэн магадлан шинжилгээний үр дүн болон барааны ангиллын код тодорхойлсон урьдчилсан дүгнэлтийг ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч лабораторийн дүгнэлтийн CAIS програмаар хянаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гаалийн лабораторийн даргад баталгаажуулахаар илгээнэ. Энэ тохиолдолд лабораторийн дүгнэлт САIS програмын “Хянагдсан төлөв”-т шилжинэ.
5.7.Гаалийн лабораторийн дарга нь шинжээч-гаалийн улсын байцаагчийн бичсэн урьдчилсан дүгнэлт, ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн СAIS програмаар илгээсэн “Хянагдсан төлөв”-т байгаа дүгнэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд “Лабораторийн сорилтын дүн” болон “Магадлан шинжилгээний дүгнэлт”-ийн маягт дээр хэвлэх зөвшөөрлийг шинжилгээ хийсэн шинжээч-гаалийн улсын байцаагчид өгч, лабораторийн дүгнэлтийн дугаар CAIS програмаас автоматаар дугаарлагдана.
5.8.Гаалийн лабораторийн дарга шинжилгээний үр дүн болон урьдчилсан дүгнэлтийг лабораторийн СAIS програмаар хянах явцад нэмэлт шинжилгээ хийх, барааны ангиллын кодод засвар оруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд лабораторийн дүгнэлт СAIS програмын “Засварт буцаах талбар”-т засвар хийх үндэслэл, шалтгааныг бичиж засварт буцааснаар дүгнэлтийн CAIS програмын “Засварт буцаах төлөв”-т шилжүүлнэ.
5.9.Магадлан шинжилгээ хийсэн шинжээч–гаалийн улсын байцаагч нь “Лабораторийн сорилтын дүн” болон “Магадлан шинжилгээний дүгнэлт”-ийн маягт дээр дүгнэлтийг хэвлэж гарын үсэг зурж, хувийн тэмдэгээр баталгаажуулж, ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн лабораторийн даргаар гарын үсэг зуруулж, лабораторийн тэмдэгээр баталгаажуулна.
5.10.Гаалийн лабораторийн дарга дүгнэлтийг баталгаажуулснаар сорьц, дээж, загвар ирүүлсэн гаалийн газар, хороодод цахимаар илгээгдэнэ. Энэ тохиолдолд лабораторийн дүгнэлт CAIS програмын “Батлагдсан төлөв”-т шилжинэ.
5.11.Гаалийн лабораторийн дүгнэлт СAIS програмын батлагдсан төлөвт шилжсэнээр сорьц, дээж, загвар ирүүлсэн харьяа гаалийн газар, хороодын гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч СAIS програмаар батлагдсан дүгнэлтүүдийг харах боломжтой болно.
5.12.Магадлан шинжилгээний дүгнэлт гарсны дараа шинжээч-гаалийн улсын байцаагч нь “Лабораторийн шинжилгээний хураамж”-ийн төлбөрийн нэхэмжлэхийг “Магадлан шинжилгээний дүгнэлт” болон “Лабораторийн сорилтын дүн” маягтын дугаараар САIS програмд үүсгэж, сүлжээгээр мэдүүлэгчид илгээснээр төлбөрийг мэдүүлэгч барагдуулна.
5.13.Харьяа гаалийн газар, хороо, салбараас ирүүлсэн сорьц, дээж, загварт лабораторийн магадлан шинжилгээний үр дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд магадлан шинжилгээний дүгнэлтийн “Нэмэлт мэдээлэл” хэсэгт илэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг оруулах ба сорьц, дээж, загварыг ирүүлсэн тухайн гаалийн газар, хороодын зөрчлийн албаны CAIS програмд энэ мэдээлэл шилжинэ.
5.14.Лабораторийн магадлан шинжилгээний үр дүнгээр зөрчил илэрсэн барааг хэрхэн шийдвэрлэсэн талаар харьяа гаалийн газар, хороо, салбарын бичиг баримтын бүрдүүлэлтийн болон хяналт шалгалтын байцаагч CAIS програмын холбогдох талбарт оруулж гаалийн лабораторид илгээнэ.
5.15.Шинжилгээний үр дүнгээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тохиолдолд уг мэдээллийг харьяа гаалийн газар, хороодод албан тоотоор, Гаалийн ерөнхий газрын зөрчлийн асуудал хариуцсан нэгжид дотоод зурвасаар хүргүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
5.16. Магадлан шинжилгээний дүгнэлтийн “тайлбар” хэсэгт бичиг баримтын бүрдүүлэлтийн болон хяналт шалгалтын байцаагч нарт зориулсан тухайн бараатай холбоотой нарийвчилсан, шаардлагатай мэдээлэл, анхааруулгыг бичиж болно. Уг мэдээллийг гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ мөрдөж ажиллана.
5.17.Магадлан шинжилгээний үр дүнгээр зөрчил илрээгүй тохиолдолд СAIS програм гаалийн бүрдүүлэлтийг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Гаалийн мэдүүлгийн програмын “Магадлан шинжилгээний дүгнэлт” хэсэгт дүгнэлтийн дугаар автоматаар бичигдэх бөгөөд дүгнэлтийн дугаар дээр дарж идэвхжүүлэхэд дүгнэлтийн мэдээлэл цахимаар харагдана.
5.18.Магадлан шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжээч-гаалийн улсын байцаагч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг холбогдох стандартын үзүүлэлттэй харьцуулан барааны ангиллын кодыг тодорхойлж, магадлан шинжилгээний дүгнэлт гаргана. Энэ тохиолдолд журмын 5-р зүйлийн 5.5-5.9 заалтыг дагаж мөрдөнө.
5.19. Магадлан шинжилгээг Гаалийн тухай хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ.
5.20.Гаалийн лабораториос гаргасан магадлан шинжилгээний дүгнэлт нь зөвхөн тухайн гаалийн байгууллагаас ирүүлсэн сорьц, дээж, загварт хүчинтэй.
5.21.Гаалийн лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт нь дүгнэлтэд заасан барааны шинж чанар, тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, мэдүүлэгч өөрийн итгэмжлэгдсэн лабораторитой зэргээс хамаарч 3 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд харин барааг гаалийн баталгаат агуулахад оруулсан тохиолдолд тухайн барааг гаалийн баталгаат агуулахад оруулахаас гарах хүртэлх хугацаанд лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт хүчинтэй байна.
5.22. Мэдүүлэгч нь магадлан шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан боловч тухайн бараанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тохиолдолд мэдүүлэгчийн гаргасан албан хүсэлт болон тухайн гаалийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн дүгнэлтийн хугацааг дууссан өдрөөс хойш 3 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж болно.
5.23.Тухайн дүгнэлтэд хамаарах барааны тоо хэмжээ гаалийн бүрдүүлэлт хийгдэж дууссан тохиолдолд дүгнэлтийн хугацаанаас үл хамааран дүгнэлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болно.
5.24.Дараах тохиолдолд гаалийн лабораторийн дүгнэлтийг хүчингүйд тооцно.
5.24.1.Шинжээч–гаалийн улсын байцаагч магадлан шинжилгээний үр дүн, сорьц, дээж, загвартай холбоотой мэдээллийг алдаатай бичсэн тохиолдолд;
5.24.2.Техникийн хэрэгслээс болон СAIS програмд системийн алдаа гарснаар магадлан шинжилгээний дүгнэлт буруу бичигдсэн тохиолдолд;
5.24.3.Магадлан шинжилгээний дүгнэлт гарсны дараа БТКУС-ийн конвенцийн шинэчлэл, холбогдох хууль, тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн мэдээлэл хоцрогдож ирсэн тохиолдолд;
5.24.4.Барааны ангиллын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн магадлан шинжилгээний дүгнэлт гаргах тохиолдолд;
5.24.5.Сорьц, дээж, загвар авахдаа олон улсын болон монгол улсын холбогдох стандартын дагуу аваагүйгээс магадлан шинжилгээний үр дүнд нөлөөлсөн тохиолдолд;
5.24.6.Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад үнэн зөв бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, эсвэл хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиодолд.
5.25. Мэдүүлэгч болон сорьц, дээж, загвар ирүүлсэн гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн дагуу нэмэлт болон давтан шинжилгээ хийлгэж болно.
Зургаа.Гаалийн лабораторийн дүгнэлттэй холбогдох маргааныг шийдвэрлэх
6.1.Энэ журмын 5.24-р зүйлд зааснаас бусад тохиолдолд сорьц, дээж, загвартай холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэмэлт шинжилгээ хийнэ. Нэмэлт шинжилгээг эхний шинжилгээ хийсэн шинжээч болон өөр шинжээчийг томилж хийлгэж болно.
6.2.Гаалийн лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт болон шинжилгээний үр дүнг мэдүүлэгч эс зөвшөөрөх тохиолдолд Гаалийн тухай хуульд заасны дагуу давтан шинжилгээ хийлгэж болно.
6.2.1.Давтан шинжилгээг гаалийн лабораторийн дарга комисс томилж, эсвэл бусад итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж болно.
6.2.2.Давтан шинжилгээнд эхний шинжилгээ хийсэн шинжээч нь шинжилгээний явцын талаар тайлбар хийж болох бөгөөд харин шинжилгээ хийхэд байлцах, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцохгүй.
6.2.3.Давтан шинжилгээний үр дүнг эхний шинжилгээний үр дүнтэй харьцуулан, харгалзан үзэж гаалийн лаборатори шийдвэр гаргана.
6.2.4.Давтан шинжилгээгээр бусад лабораторийн шинжилгээний үр дүн зөвшөөрөгдөх хэмжээнээс зөрсөн тохиолдолд Стандарт, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад асуудлыг тавьж тодруулга авна.
6.3.Нэмэлт болон давтан шинжилгээ хийхэд энэ журмын 5-р зүйлд заасан “Магадлан шинжилгээг хийж, дүгнэлт гаргах дэс дараалал”-ыг баримтална.
6.4.Мэдүүлэгч нь гаалийн лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
Долоо.Хариуцлага
7.1.Сорьц, дээж, загвар авахдаа олон улсын болон монгол улсын холбогдох стандартын дагуу аваагүйгээс магадлан шинжилгээний үр дүнд нөлөөлсөн, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад үнэн зөв бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, эсвэл хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиодолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Найм.Төлбөр тооцоо
8.1.Шинжээч-гаалийн улсын байцаагч нь Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Лабораторийн шинжилгээний хураамж”-ийн хэмжээгээр шинжилгээний хураамжийг тооцож, CAIS програмд төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэнэ.
8.2.Мэдүүлэгч эсхүл хүсэлт гаргагч нь гаалийн лабораторийн нэхэмжлэхийн дагуу “Лабораторийн шинжилгээний хураамж”-ийг холбогдох дансанд шилжүүлж барагдуулна.
8.3.Магадлан шинжилгээний ажлыг бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн тохиолдолд төлбөрийг мэдүүлэгч хариуцна.
8.4.Бусад итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээгээр нэхэмжлэх үүсгэж, төлбөрийг барагдуулна.
Ес.Бусад
9.1.Магадлан шинжилгээг шинжлэх ухааны байгууллага болон бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн тохиолдолд шинжилгээний үр дүнтэй холбогдон үүсэх үр дагаварыг тухайн шинжилгээ хийсэн байгууллага хариуцна.
9.2.Магадлан шинжилгээг гаалийн лабораторид хийсэн тохиолдолд магадлан шинжилгээний үр дүн, дүгнэлттэй холбогдох хариуцлагыг тухайн гаалийн лаборатори хариуцна.
9.3.Барааны сорьц, дээж, загвартай холбогдох хариуцлагыг сорьц, дээж, загвар авсан гаалийн улсын байцаагч, дүгнэлтэд дурдсан барааг эх бараатай нь харьцуулж, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдох хариуцлагыг гаалийн хяналт, шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч болон гаалийн улсын ахлах байцаагч тус тус хариуцна.
9.4.Гаалийн лабораторийн дүгнэлтийн хэрэгжилтэд сорьц, дээж, загвар ирүүлсэн харьяа гаалийн газар, хороодын хяналт, шалгалт хариуцсан нэгжийн удирдлага давхар хяналт тавьж, чиг үүрэг өгч ажиллана.
9.5.Магадлан шинжилгээний дүгнэлт гаргахдаа “Лабораторийн сорилтын дүн” болон “Магадлан шинжилгээний дүгнэлт” маягтыг хэрэглэнэ.
9.6.Гаалийн төв лаборатори нь “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх төв лаборатори”-тэмдэг, “Итгэмжлэгдсэн лаборатори”-тэмдэг хэрэглэнэ.
9.7.Салбар лабораторийн дүгнэлтийг салбар лабораторийн эрхлэгч эсвэл шинжээч-гаалийн улсын ахлах байцаагчийн хувийн тэмдэгээр баталгаажуулна.
9.8.“Лабораторийн сорилтын дүн” болон “Магадлан шинжилгээний дүгнэлт” маягт тус бүрийг хоёр хувь үйлдэж, нэг хувийг шинжилгээ хийлгэсэн этгээдэд хүлээлгэн өгч, үлдэх хувийг гаалийн лабораторид 1 жил хадгалж, гаалийн ерөнхий газрын архивт шилжүүлнэ.
9.9.Гаалийн лаборатори нь “Магадлан шинжилгээний дүгнэлт” болон холбогдох бичиг баримтыг “Архивын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу архивлаж хадгална.
9.10.Магадлан шинжилгээ хийлгэсэн барааны шинжилгээний үр дүн, холбогдох мэдээллийг “Гаалийн албаны нууцын жагсаалт”-ын дагуу задруулахгүй байх үүргийг холбогдох албан тушаалтан хариуцна.
Текст томруулах
A
A
A