- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (А-02, FMD- FOOT AND MOUTH DISEASE)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
10 дугаар сарын 21-ний өдрийн А/187 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
(А-02, FMD- FOOT AND MOUTH DISEASE)
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, өвчинтэй тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар тус тус ойлгоно.
1.2.Хамрах хүрээ: Шүлхий өвчин гарч хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон хот айл, ферм, энэ өвчнөөр тайван бус болон халдвар тархах эрсдэлтэй бүс нутагт тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, байцаагч, малчин, мал, амьтан өмчлөгч, иргэн, хуулийн этгээд, төв, орон нутгийн удирдлага, түүний томилсон мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүн дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт: Шүлхий нь салаа туурайтан мал, амьтныг (цаашид мал гэх) өвчлүүлэн богино хугацаанд тархаж эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт, ДМАЭМБ-д заавал мэдээлж байх гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр бүх төрлийн салаа туурайтан үхэр, сарлаг, хонь, ямаа, тэмээ, гахай, цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтад өвчилдөг, цаа буга мэдрэмтгий.
1.4.Үүсгэгч: Шүлхийн үүсгэгч нь Picornaviridae овгийн Aphthovirus-ын төрөлд хамаарах, РНХ агуулсан, 10-30 нм хэмжээтэй нэлээд жижиг вирус (цаашид үүсгэгч гэх) юм. Шүлхийн вирус нь өөр хоорондоо дархлаа сөөлжиж төрүүлдэггүй О, А, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсэн хэвшилтэй, тэдгээр нь 60 гаруй дэд хэвшилд хуваагдана. Шүлхийн вирусын аль нэг ийлдсэн хэвшлээр өвчилсөн мал бусад хэвшлээр хам өвчилж болно. Вирусын нэг хэвшлийн эсрэг үүссэн дархлааны хариу урвал нөгөө хэвшилд үйлчилдэггүй.
1.5.Вирусын тэсвэрт чанар: Шүлхийн вирус гадаад орчинд нэлээд тэсвэртэй, агаарын хэм, орчны рН-аас хамаарч гадаад орчин, бэлчээр, техник хэрэгсэл, хашаа хороо, өтөг бууц, өвс ургамал зэрэг шүлхийн вирусээр бохирлогдсон бүхий л эд зүйлсэд наад тал нь 1 сар, өвлийн улиралд түүнээс ч удаан хугацаанд тэсвэрт чанараа хадгална.
Вирусын амьдрах тохиромжтой орчин буюу рН=6.2-9.0 байна. Чийгтэй, сэрүүн, хүйтэн, хөлдүү нөхцөлд илүү тэсвэртэй, агаарын хэм буурах тутам халдварлах идэвхээ удаан хадгалдаг бол нэмэгдэх тутам идэвхээ аажмаар алдана. Мах загсаж рН=≤6-аас доош ороход махан дахь шүлхийн вирус идэвхээ алддаг боловч чөмөг, тунгалагийн булчирхайд удаан хугацаанд тэсэж үлдэнэ. Өвс, усанд шүлхийн вирус зуны улиралд 6-12 хоног, намрын улиралд 8-20 хоног, хавар, өвлийн улиралд 180-200 хоног, хөлдүү бууцанд 5 сар идэвхтэй байна. Малын үс, арьс, ноосонд 50 хүртэл хоног, хүний хувцас хунар дээр 100 хүртэл хоног байдаг. Давсалсан болон утсан, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд 50 хүртэлх хоног идэвхтэй байна. Шүлхийн вирус pH=≤6.0-аас бага буюу хүчиллэг, pH≥9.0 их буюу шүлтлэг орчинд амархан идэвхгүйжнэ. Махыг сүүний хүчлээр үйлчлэн pH =≤5.3 болоход 3 хоногийн дараа шүлхийн вирус идэвхгүйждэг. Шүлхийн вирус нь 37 хэмд 12 цаг, 70 хэмд 30 минут, 80-100 хэмд хэдэн секундэд үхдэг. Малын хэвтэр бууц, баасыг тусгайлан овоолж, биотермийн аргаар халдваргүйжүүлэхэд шүлхийн вирус нь 40 см гүнд 6 хоногт, өнгөц гадаргууд 10-15 хоногт үхнэ.
1.6.Өвчний тархвар зүйн онцлог: Шүлхийн вируст мэдрэмтгий мал, амьтанд нас, хүйс, үүлдэр, улирал хамаарахгүй өвчлүүлнэ. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог. ДМАЭМБ-ын Газрын амьтны эрүүл мэндийн кодод тодорхойлсноор шүлхийн эмнэлзүйн шинж тэмдэг арилсны дараах 28 хоног өнгөрснөөс хойш вирус тээж байгаа бол тээгч амьтан гэнэ. Тээгч амьтны багалзуурын салсанд шүлхийн вирус хонь, ямаанд 2 сар, үхэр 6 сар (цөөн хэсэг нь 3 жил), Африкийн одос үхэрт 5 жил хүртэл хадгалагдана. Гэвч ДМАЭМБ-ын кодод мэдээлснээр вирус тээгчдээс зөвхөн одос үхэр шүлхийн вирус дамжуулдаг нь нотлогджээ.
Гахай тээгч амьтан болдоггүй. Шүлхий өвчин нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй.
1.7.Халдварын эх үүсвэр, дамжих зам. Шүлхийн вирусын халдвар авсан, эсхүл өвчтэй, өвчилж өнгөрсөн мал, амьтан тэдгээрийн нус, шүлс, баас, шээс, үрийн шингэн зэрэгтэй хамт ялгарах вирус нь шүлхийн халдварын эх үүсвэр болно. Халдвар нь шууд хавьтал (агаар дусал)-ын замаар, эсхүл халдвартай малын шүүрэл, ялгадас, боловсруулаагүй мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд, халдвартай малтай харьцаж ажилласан хүнээр дамжин мэдрэмтгий мал амьтдад халдана. Шүлхийн вирус нь халдвартай мал амьтан, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүн, шүлхийд мэдрэмтгий бус адуу, илжиг болон бусад амьтны шилжилт хөдөлгөөн шүлхийн вирусийг тараах нэг хүчин зүйл болно.
1.8.Халдваргүйтгэл: Шүлхийн вирус нь физик хүчин зүйлүүд болон химийн бодисуудад маш их тэсвэртэй. Шүлхийн вирусыг саармагжуулах чанартай идэвхтэй халдваргүйтгэлийн бодисуудад нимбэг хүчлийн (C6H8O7) 0,2-2%-ийн уусмал, 2%-4%-ийн идэмхий натри (NaOH-каустик сод) болон 1-2%-ийн калийн (KOH) уусмал, 1-2%-ийн формальдегидийн CH2O(H-CHO) болон 20%-ийн шохойн (Ca(OH)2) шингэрүүлсэн уусмал зэрэг орно. Шүлхийн вирус pH≤6-аас доош, эсхүл ≥9-өөс дээш орчинд тодорхой хугацааны дараа идэвхгүйжинэ. Нимбэг хүчлийн 0.2%-аас (pH≤4)- дээш хувийн агууламжтай уусмалыг гэр ахуй, лабораторийн цэвэрлэгээ, хүний ам, хоолой зайлах, нүүр гар, угаах, багаж хэрэгсэл халдваргүйтгэхэд ашиглана. Карбонат натрийн 4%-ийн уусмалаар малын хашаа, саравч, түүнтэй ижил төстэй гадаргууг халдваргүйтгэхэд, 0.15% (pH˃12)-ийн кальцийн гидроксид (Ca(OH)2 буюу шохойн уусмалыг малын хашаа, өтөг бууц, сүрэл, машины дугуй, халдваргүйтгэлийн пост, устгалын орчин, газар, шороо, сэг зэм устгах, тэдгээрийг халдваргүйжүүлэхэд нэлэнхүйд нь асгах, дэвсэх байдлаар өргөн ашиглана. Цайруулагч бодис, крезол, мөнгөн усны хлорид нь шүлхийн вирусыг цөөн хэдэн цагийн дараа устгадаг. Гэвч эдгээр бодис аливаа зүйлийн гадаргуу, тоног хэрэгсэлийг зэврүүлэх үйлчлэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ. Шүлхийн вирус 75%-ийн спиртийн уусмал, эфир, иод, хлороформ, нүүрстөрөгчийн карбонат, толуол, лизол, фенол зэрэгт устахгүй. Шүлхийн вирусыг богино хугацаанд идэвхгүйжүүлдэг Виркон-С (Хай-коп) бодисыг ашиглаж болно.
1.9.Эмнэлзүйн ерөнхий шинж тэмдэг: Шүлхий өвчний нууц үе 3-14 хоног. Шүлхийгээр өвчилсөн малд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь вирусын хэвшил, халдварласан тун, өвчилсөн амьтны төрөл, нас, үүлдэр, дархлааны хамгаалах төвшингөөс хамаарч харилцан адилгүй илэрнэ. Шүлхий өвчин эмнэл зүйн шинж бүдэг, тод өвөрмөц хэв шинжээр, заримдаа хоёрдогч халдвар хавсарснаас хүнд хэлбэрээр илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь шүлс гоожихоос эхлээд үлхий үүсэх, шархлах, сорвижих үе шатаар илэрдэг. Халдвар авсан малд эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхээс 1-2 хоногийн өмнөөс гадаад орчинд вирус ялгаруулж эхэлнэ. Өндөр (39.0-40.6°С) халуурна. Хэл, буйл, завьж, тагнай, турууны салаа, туурайн титмийн заагт шингэнт цэврүү буюу үлхий гарч ойролцоогоор 24 цагийн дараа хагарна. Үлхийн гэр хагарч, зарим үед хэлний хучуур эдийн давхарга хуурч унана. Энэ үед хивэгч мал тэжээлдээ дургүй, хивлэггүй болж, вирус агуулсан шүлс ихээр гоожуулна. Улмаар үлхий нь шархлаа болох үе дунджаар 2-3 хоног үргэлжилнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойшх 4-5 дахь хоногт шархалсан эдэд холбогч эд түрж урган сорвижиж эхэлнэ. Энэхүү шарх нь улбар шаравтар, боровтор өнгөтэй толбо болж эдгэрнэ. Шүлхийгээр өвчилсөн малын сүү сааль эрс татрах, халдвар авсан төл мал үхэх нь элбэг.
Үхэр.Үхэр шүлхийн вируст илүүтэй мэдрэмтгий. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлснээс арилах хүртэл дунджаар 5-15 хоног байна. Халдвар авсан үхэрт эхлээд 2-3 хоног халуурах, чичрэх, тэжээлдээ дургүй болох, илэрхий номойрох, саалийн үед сүү нь эрс татрах шинж үзүүлнэ. Хөлөнд үүссэн гэмтлийн улмаас маш их эмзэглэлтэй, хөлөө өргөж хөдөлгөж чадахгүй болж улмаар эдгэрэх хүртлээ 2 хоног, хүндэрсэн тохиолдолд 10-аад хоног хэвтэнэ. Ам, хамрын салст бүрхүүл, хэл, хэлний уг, тагнай, уруулын дотор, буйл, завьж, хөх дэлэн, туурайн салаанд үлхий үүснэ. Үлхийрсэн хэлийг гараар шувтрахад хучуур эдийн давхарга нь амархан хуурна. Үлхийрсэн үхэр тэжээл, усандаа дургүй болж, хивлэг саатан, хөөсөрхөг, унжралдсан, өтгөндүү шүлс гоожуулна. Үнээ хээл хаяна. Нялх тугал үлхий үүсэхийн завдалгүй, зүрхний булчингийн үрэвслийн улмаас үхэх нь тохиолдоно. Гэдэсний үйл ажиллагаа хямарч чацга алдах шинж илэрнэ. Шүлхийрсэн мал энд тэнд гарсан үлхийн шархлааны улмаас хоёрдогч халдварт өртөж ам нь өмхийрөх, идээлэх, хээл хаях, турж эцэх зэргээр өвчний явц хүндэрдэг.
Хонь, ямаа.Шүлхийрсэн хонь ямааны хэл, буйл, завьж, туруунд жижиг хэмжээтэй үлхий гарна, шархлана, халуурна. Үхэртэй харьцуулахад эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй бүдэг илэрдэг, түүнийг нь анзаарахгүй өнгөрөөвөл шүлхийн халдварыг тархаах шалтгаан болдог. Турууны салаа, титэмийн заагаар үлхий үүсэж, шархлаа бий болсны улмаас доголно. Хөлийг барилж үзэхэд халуун, маш эмзэглэлтэй, бамбалзуур болсон байна. Дэлэн, хөхөн дээр үлхий гарч болно. Саалийн үед сүүний гарц татарна. Халдвар авсан хонь хээл хаях нь олонтой. Бага насны мал өвчний шинж тэмдэггүйгээр үхдэг.
Тэмээ.Тэмээнд ам, хөл гэмтэх шинж нь үхрийнхтэй төстэй, тод, өвөрмөц. Хэлэнд үлхий үүсч улмаар хучуур эд хуурч унана. Буйлны ирмэг, үүдэн шүдний дотор буйлны ёзоороор шархална. Хөөсөрхөг шүлс гоожих боловч түүнийг эрүүл тэмээнийхээс ялгахад бэрх. Тавхайд нь шархлаа үүсч, хучуур эдийн давхаргаараа салж ангайх, тавхайн дээд хэсгээр халуун, бамбалзуур, ихэд эмзэглэлтай байна. Ширмэн таваг хуурч далбайн чирэгдэх, заримдаа унах, хумс мултарснаас тэмээ доголох, сүргээсээ хоцрох, огт хөдлөхгүй зогсох, өвчүүний сайр гэмтэж, зарим үед хуурч унаснаас болж ихэнхдээ бөөрөөрөө хажуулдан хэвтэнэ. Хоёрдогч халдварын улмаас тэмээний ам амархан өмхийрнө. Амны гэмтэл дунджаар 5 хоногт, хөлийн гэмтэл 8-15 хоногийн дараа эдгэрэн эмнэлзүйн шинж тэмдэг арилна.
Гахай.Гахай шүлхийд онцгой мэдрэмтгий, эмнэлзүйн шинж тэмдэг хөлөнд маш тод илэрнэ. Өвчилсөн гахай вирусыг гадаад орчинд маш ихээр ялгаруулдаг тул гахайн фермд шүлхийн халдвар нэвтэрсэн үед шүлхийн анхны шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар аль хэдийн тархсан байдаг. Өвчилсөн гахай 40.0-40.6°C халуурч, тэжээлдээ дургүй болж, хөдөлгөөн нь удааширна. Улмаар турууны титэм, өсгий, салаа, хоншоороор үлхий гарна. Хөлний хагд, тахимны үеэр цэврүүтнэ. Гахайн хөл ихэд шархалж доголно, улмаар туруу нь мултарна. Хөх, дэлэн нэлэнхүйдээ үлхийрч, их эмзэглэлтэй шархалж, хөхүүл мэгж торойгоо хөхүүлж чадахгүйн улмаас нялх торой өлдөнө. Хэл хуурайшна, харин шүлс гоожихгүй. Амны хөндийд гэмтэл гарах нь нийтлэг биш боловч, хэрэв гарвал бага хэмжээтэй, хурдан эдгэрэх "хуурай" хэлбэрийн гэмтэл үүснэ. Мэгж хээл хаяж, торой ямар нэг шинж тэмдэггүйгээр олноор үхдэг.
Зээр.Цагаан зээр нь шүлхийд нэлээд мэдрэмтгий, шүлхийн өвөрмөц шинж тэмдэг тод илрэн өвчилдөг. Шүлхийгээр өвчилсөн зээр доголох, сүргээсээ хоцрох, ихэнхдээ явж чадахгүй хэвтэж үлдэнэ. Хэл, буйл, завьж, тагнайд үлхий үүсч, хэлний хучуур эд хуурч, шархлаа үүснэ. Турууны салаа, титэм заагт үлхий, шархлаа үүсэж заримдаа туруу нь мултарна. Хөл нь халуун, бамбалзсан хавантай, маш эмзэглэлтэй байна. Өвчилсөн зээр ихэд турж, хүйтний улиралд үхэх нь элбэг.
1.10.Бие бүтцийн эмгэг хувирал: Үхрийн ам, багалзуур, залгиурын цочмог салст үрэвсэл, салст бүрхүүл, усавхи бүрхүүлийн доор цус харвалт болсон байна. Амны хөндий, залгиур, улаан хоолой, сархинаг, гүзээ, хамрын толио, уруул, хөх, туруу, турууны салаанд үлхий, шархлаа үүссэн байна. Хэл, дээд эрүүний шүдгүй зах, хатуу, зөөлөн тагнай, уруул, хамрын нүх, турууны титэм, хөх, дэлэн, дүүжин турууны титэм, салаагаар цэврүүтсэн байдаг. Ходоод, 12 хуруу гэдсэнд олон тооны цус харвалт үүссэн, цус ихдэж хавагнасан, салст бүрхүүлийн цусархаг, салст, усавхи үрэвсэл үүссэн байна. Уушгинд тогтонгишлын цус ихдэлт, хаван үүссэн байна. Гүзээний хужирхай шархална. Дэлэн дээр үлхий үүссэн, хүндэрсэн үед идээт үрэвсэл үүснэ. Ил харагдах тунгалагийн зангилаанууд томорч, цус ихдэлтэй байна. Цочмог хэлбэрийн үед зүрх, их биеийн булчинд сөнөрөл, үхжлийн шаргалдуу өнгөтэй голомтууд үүссэн байна. Тугалын зүрхний булчинд саарал, шар, цагаан судлууд үүссэнийг “баран зүрх” хэмээн адилтган нэрлэдэг.
ХОЁР.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
2.1.Оношилгоо. Шүлхий өвчнийг тархвар зүйн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл, бие бүтцийн эмгэг хувирал, лабораторийн шинжилгээний дүнд тулгуурлан оношилно.
2.1.1.Эмнэлзүй, эмгэг судлалын оношилгоо. Шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүрт тархвар зүйн байдал, энэ зааврын 1.9 ба 1.10-д тодорхойлсон шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тавина. Шаардлагатай үед шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн малын үлхийний шингэнээс сорьц авч иммунхроматографын түргэн сорилоор хот айл, фермийн төвшинд шүлхийн халдварыг илрүүлнэ.
2.1.2.Лабораторийн оношилгоонд сорьц авах, савлах, тээвэрлэх.
2.1.2.1.Шүлхийн оношилгоонд зориулж өвчний ил шинж тэмдэгтэй малаас эмгэгт материалын сорьц авахаас гадна шүлхийд мэдрэмтгий бүх төрлийн малаас тухайн сүргийн өвчлөлийн байдлыг төлөөлж чадахуйц аль болохоор олон тооны эмгэгт материал, ийлдсийн сорьцыг бэлтгэн биоаюул тархахаас найдвартай хамгаалан лабораторид хүргэнэ.
2.1.2.2.Шүлхийн оношилгоонд дараах төрлийн сорьцыг авч лабораторид хүргэнэ. Үүнд:
а.Цус: Цусны сорьцыг шүлхийн сэжигтэй тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс урьтаж, эсхүл халдварын эхэн үе шатанд оношлох зорилгоор бүлэгнэлтийг саатуулагч (ЭДТА, гепарин)-тай хуруу шилэнд авна.
б.Үлхийн шингэн: Шинэхэн үүссэн үлхийн шингэнийг тариураар соруулж авна.
в.Шүлс: Шүлсний сорьцыг цэвэр ариун саванд тосож, эсхүл хөвөн болон самбай бойтуурт сайтар шингээж авна. Бойтуурын ишийг хугалан сорьцтой хэсгийг ариун цодонд хийж лабораторид хүргүүлнэ. Унжралдсан, хөөсөрхөг шүлсний сорьцыг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн эхний 2 өдөрт авч лабораторит илгээх нь онош тогтооход чухал ач холбогдолтой.
г.Эд: Мал, амьтны амны хөндий, турууны салаанд үүссэн үлхий, эсхүл үлхий хагарсны дараа ч хэрэв өмхийрөөгүй бол хучуур эд, шингэнийг 5-10 мл-ийн цодонд аль болох дүүргэж авна. Гэмтэлтэй эд бага байгаа үед 1 г-аас доошгүй эдийн дээжийг тэр орчмоос огтолж авна.
д.Ийлдэс: Шүлхийрсэн малаас бүлэгнүүлэгчгүй вакуум хуруу шилэнд цус авч гемолиз болголгүйгээр ийлдсийг ялган нягт таглаатай ийлдсийн цодонд савлан, малын төрөл, сорьцын дугаарыг арилдаггүй балаар гаргацтай бичиж лабораторит илгээнэ. Ийлдсийн сорьцыг өвчний шинж тэмдэг үзүүлсэн малаас гадна тухайн суурьт буй эмнэлзүйн шинж тэмдэггүй 10-аас доошгүй тооны малаас авна. Шүлхийн эмнэлзүйн шинж тэмдэг дөнгөж илрэх үед авсан ийлдсийн дээжинд эсрэг бием илрэх магадлал бага тул өвчний шинж үзүүлээд наад тал нь 5 хоносон малын сорьц илгээнэ. Шүлхийн дэгдэлтийн бус үед, эрүүл бүсэд, эсхүл шүлхий өвчин орогномол, вакцин хэрэглэдэг бүсэд шүлхийн вирусын эргэлтийг тандах, халдвар илрүүлэх, халдварлалтын төвшин тогтоох, вакцинжуулалтын дараах үнэлгээ, дархлааны идэвх шалгах зэрэг тандалт шинжилгээнд зориулж ийлдсийн дээжийг лабораторид хүргэнэ
е.Арчдас: Эд, шүлс, үлхийн шингэний сорьцыг авах боломжгүй тохиолдолд өвчтэй малын хэл, турууны салаанд үүссэн яршил, шархлааны гадаргуу, гахайн хоолой, залгиураас бойтуур ашиглан арчдас авна. Бойтуурын арчдастай хэсгийг фосфатын тээвэрлэгч орчинтой цодонд дүрж ишийг нь хугалж үлдээгээд цодонтой сорьцоо явуулна. Арчдасны сорьцтой хамт тухайн малаас заавал ийлдсийн сорьц авч, ижил дугаараар дугаарлан илгээнэ.
ё.Багалзуурын салс: Бод, бог малд зориулсан тусгай бортого ашиглан багалзуураас салс авч шингэн азот, эсхүл -20 °C-аас доош хэмийн хөлдөөгчид шууд хөлдөөх, боломжгүй тохиолдолд сорьц тээвэрлэх буфер фосфатын тээвэрлэгч орчин (pH 7.2-7.6)-д хийж лабораторид шуурхай хүргэнэ.
ж.Эмгэгт материал: Үхсэн, зориудаар нядалсан мал, амьтны эмгэгшсэн, гэмтсэн эд, эрхтнээс сорьц авч саармагжуулсан формалины 10%-ийн уусмалд хийж хадгалааслан бие бүтцийн эмгэг хувиралтыг тодорхойлох шинжилгээнд илгээнэ.
2.1.2.3.Лабораторийн шинжилгээнд илгээх сорьцыг шинжлэх лабораторид 1 өдрийн дотор багтаж хүргэхээр бол 4°C-ийн сэрүүнд тээвэрлэх, түүнээс удахаар бол -20°C-д хөлдөөн хүргүүлнэ. Багалзуурын салсны сорьцыг шууд хөлдөөн илгээнэ. Сорьцыг хөлдөөгч ашиглан хүргүүлэх боломжгүй тохиолдолд пенициллин-1000 (ОУН, олон улсын нэгж), неомицин 100 ОУН, полимиксин В 50 ОУН, микостатин 100 ОУН зэрэг антибиотикийг нэмсэн глицерол, 0.04M-ийн фосфат-давсны буфер (PBS)-ыг 1:1 хэмжээтэй хольж найруулсан уусмал (pH 7.2-7.6)-аар сорьц тээвэрлэх орчинг бэлтгэн сорьцыг дотор нь хийж 4 °C-д тээвэрлэн хүргүүлнэ.
2.1.2.4.Сорьц авсан сав бүрийн гадна талд сорьцын болон малын төрөл, сорьцын дугаар бичиж, эсхүл наана. Сорьцын хайрцагны гадна талд хүлээн авах лабораторийн болон илгээгчийн хаяг, сорьцын тоо хэмжээ зэргийг бичсэн дагавар хуудсыг бэхэлнэ. Тухайн сорьцын гарал үүсэл, он сар өдөр, малын нас хүйс, үүлдэр, төрөл, илгээгчийн хаяг, утасны дугаар, цахим хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн сорьцын дагавар хуудас, өвчний түүх, тархвар зүйн байдлыг бичсэн илтгэх хуудасны хамт лабораторид хүргэнэ.
2.1.2.5.Шүлхийн оношилгоонд сорьц илгээхдээ “Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам”, “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан сорьцавах, бэлтгэх, хадгалах, илгээх журам”-ыг баримтлан 3 давхар сорьцын хайрцаганд савлан асгарах, хагарахаас хамгаалан хүйтэн хэлхээний орчин бүодүүлж лабораторид хүргэнэ.
2.1.3.Лабораторийн оношилгоо:
2.1.3.1.Шүлхий өвчний онош баталгаажуулах шинжилгээг Улсын мал эмнэлгийн лабораторид био-аюулгүйн III-IV зэрэглэлийн лабораторид биохамгааллын стандарт ажиллагааны зааврыг мөрдөн гүйцэтгэнэ.
2.1.3.2.Шинжилгээнд ирүүлсэн сорьцонд шүлхий өвчний вирусын эсрэгбиемийг вакциныхаас ялгаварлах, вирусын эсрэгтөрөгчийг тодорхойлох, үүсгэгчийг өсгөвөрлөх, эсхүл түүний генийн өвөрмөц хэсгийг илрүүлэх замаар шүлхий өвчнийг оношилно. Улмаар шүлхийн вирусын хэвшлийг ийлдэс судлал, молекул биологийн аргаар тогтоож халдварын эсрэг тохирох хэвшлийн вакцин сонгох үндэслэлийг бүрдүүлнэ. Шүлхий өвчний оношилгоонд ашигласан сорьцонд вирусын генийн нуклеотидийн дарааллыг судалж үүсгэгчийн гарал үүслийг тоймлон тогтооно.
2.1.3.3.Шүлхий өвчний оношилгоо, тандалтад ДМАЭМБ-ын зөвлөсөн үндсэн болон орлуулах арга болох вирус ялган эсэд өсгөвөрлөх, вирус саармагжуулах, вирусын өвөрмөц ген илрүүлэх төрөл бүрийн ПГУ, вирусын бүтцийн бус уургийн эсрэгбием, хэвшил өвөрмөц бүтцийн уургийн эсрэгбием, шүлхийн эсрэгтөрөгчийг хэвшлээр ялган илрүүлэх ЕЛИЗА ашиглана. Дурьдсан аргыг ашиглахдаа шүлхий өвчний дэлхийн, эсхүл бүсийн лавлагаа лаборатори зохион бүтээсэн, баталгаажуулсан, эсхүл зөвлөсөн мэдрэх чадвар, өвөрмөц чанар аль болохоор өндөр оношлуурыг сонгон хэрэглэнэ.
2.1.4.Лавлагаа лабораторид онош баталгаажуулах
Шүлхий өвчний шинэ дэгдэлт гарах бүрт үндэсний лабораторид шинжилсэн сорьцоос сорьц авч шүлхий өвчний олон улсын лавлагаа лабораторид ажлын 5 өдөрт багтааж илгээн:
а.Улсын мал эмнэлгийн төв лабораторид тогтоосон өвчний онош, үүсгэгчийн хэвшлийг баталгаажуулах,
б.өвчин үүсгэгчийн гарал үүслийг тогтоолгох,
в.шаардлагатай гэж үзвэл үүсгэгчийн омог, хэрэглэх вакцины омгийн тохирцыг шалгуулах ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжилтийг Улсын мал эмнэлгийн төв лаборатори хангана.
2.2.Ялгаварлан оношлох. Шүлхий өвчнийг амны хөндийн цэврүүт үрэвсэл, гахайн цэврүүт өвчин, гахайн арьсны цэврүүт тууралт, туурайн илжрэл, үхрийн мялзан, вируст диарей, хорт салст халуурал, хэл хөхрөх, шөвөг яр, сохор догол, бог малын мялзан зэрэг халдварт өвчнүүд болон механик гэмтэл, химийн болон халууны түлэгдлээс ялгаварлан оношилно. Дээрх өвчнүүдээс ялгаварлахдаа эмнэл зүй, эмгэг хувирлын өвөрмөц шинж тэмдгүүдийг харгалзахаас гадна шүлхийн вирусын эсрэгтөрөгч илрүүлэх хээрийн түргэн сорил, шаардлагатай тохиолдолд энэ зааврын 2.1.2.2. 2.1.2.3-д заасан лабораторийн оношилгооны аргууд ашиглана.
2.3.Шүлхий өвчний голомтод ажиллагсдын мэдлэг, туршлагын бэлэн байдлыг хангах
2.3.1.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас гоц халдварт өвчний сэжигтэй болон өвчин гарсан үед голомтын болон бусад бүсэд ажиллах малын эмч, техникийн ажилтан, мэргэжлийн баг, ангид томилогдон ажиллах хүмүүсийг гүйцэтгэх үүргийнх нь дагуу дараах чиглэлээр жил бүр сурган дадлагажуулж өвчинтэй тэмцэх мэдлэг, туршлагын бэлэн байдлыг хангасан байна. Үүнд:
а.Гоц халдварт өвчний сэжиг илэрсэн хот айл, фермд очиж малд үзлэг, шинжилгээ, задлан хийх, лабораторид сорьц авах, савлах, шошголох, халдваргүйтгэхэд шаардагдах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах арга,
б.Гоц халдварт өвчний дэгдэлтийн болон тархвар зүйн судалгаа хийх арга,
в.Халдвар дамжуулах эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж, эрсдэлийг бууруулах арга,
г.Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх, тайлах, халдваргүйтгэх, өвчтэй малаас эрүүл малд халдвар тараахаас сэргийлэх арга,
Өвчтэй малыг ялган тэмдэглэх, эмчлэх, дархлаажуулах, устгах, төхөөрөх, устгалын цэг байгуулах, хашаа, хамгаалалт барих, сэрэмжлүүлэх тэмдэг байрлуулах, шалган нэвтрүүлэх цэг байгуулж, хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлах арга хэмжээ;
2.3.2.Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл бүхий малын эмчид сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас шүлхий болон бусад гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэхэд ашиглах дараах хууль, заавар журмыг зөв хэрэгжүүлэх, мөрдөх мэдлэг жил бүр олгож заавал дадлагажуулна. Үүнд:
а.Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ,
б.“Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”1,
в.Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан сорь цавах, бэлтгэх, хадгалах, илгээх журам1
г.Тандалт судалгааны асуумж бөглөх заавар1,
д.Асуумж судалгааг нэгтгэн, тоон болон зурган (газарзүйн GIS, ARC GIS) хэлбэрт оруулж цахимаар илгээх арга,
е.Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар1,
ё.Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар1,
ж.Бусад холбогдох журам, стандарт ажиллагааны заавар (САЗ)1
2.4.Шүлхий өвчний сэжигтэй үед авах арга хэмжээ
2.4.1.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.4.1.1.Шүлхийн сэжиг илэрсэн хот айл, фермд ажиллахаар мал эмнэлгийн тасгаас томилогдсон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч малд үзлэг, задлан, хээрийн шинжилгээ хийх, сорь цавах, савлах, халдвар хамгааллын болон халдваргүйтгэлийн бүх хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг нэг бүрчлэн бэлтгэж өвчний мэдээлэл солилцох, сорьц хүргэх цэг, аргын зааварчилга авна.
2.4.1.2.Томилогдсон малын эмч шүлхийн сэжиг илэрсэн хот айл, фермд очиж шүлхийн дэгдэлтийн тархвар зүйн судалгаа, өвчний шинж тэмдэгтэй малд эмнэл зүйн нарийвчилсан үзлэг хийж, шүлхийн вирусын эсрэгтөрөгч илрүүлэх хээрийн сорилоор үлхийн шингэн, эд, шүлс шинжлэн анхны онош тогтоож мал эмнэлгийн тасагт утас эсхүл радио холбоогоор мэдээлнэ.
2.4.1.3.Өвчтэй малаас үлхийн шингэн, хана, хэлний хучуур эд, шүлс, ам хамрын арчдас, цус, ийлдсийн дээжийн хамт ариун сав, цодонд авна. Лабораторид илгээх сорьцийг зориулалтын 3 давхар саванд хийж шошголон гадна талыг нимбэгийн хүчлийн 0.2%, эсхүл шүлхийн вирус устгаж чадах бодисоор халдваргүйтгэнэ.
2.4.1.4.Анхны оношийн мэдээллийг утас, радио холбоогоор хүргэх боломжгүй нөхцөлд илтгэх хуудас бэлтгэн лабораторид шинжлүүлэх сорьцийн хамт мал эмнэлгийн тасгаас урьдчилан тогтоосон цэгт хүргэнэ.
2.4.1.5.Шүлхий өвчний эцсийн онош тогтоогдтол дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
а.халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тухайн суурьт байгаа бүх хивэгч малд үзлэг хийж шүлхийн эмнэл зүйн ил шинж тэмдэг үзүүлж байгаа малыг ялган тусгаарлах,
б. хот айл, фермд шүлхийн вирусээр бохирлогдсон байж болзошгүй эд зүйл, тоног хэрэгсэл, хашаа саравчийг нимбэгийн хүчлийн 0.2-2%-ийн уусмал, эсхүл шүлхийн вирус устгаж чадах бодисоор халдваргүйтгэх,
в.шүлхий өвчний сэжигтэй бүсэд байгаа бусад малчдад өвчин тархах эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг утсаар хүргүүлэх ба шаардлагатай мэдээллийг мал эмнэлгийн тасгаас өгөх зааврын дагуу цуглуулах,
г.мал эмнэлгийн тасгаас үүрэг өгсөн тохиолдолд эхний очсон хот айл, фермтэй мал нь бэлчээр, худаг ус нэгтэй, шүлхий өвчний сэжиг илэрсэн өөр суурийн малд 2.3.1.2-д заасан ажлыг хэрэгжүүлэх,
д.өвчний сэжиг илэрсэн газраас мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гадагш гаргахгүй байх
е.тухайн суурьт байгаа хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих
2.4.2.Мал эмнэлгийн тасгийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.4.2.1.Шүлхий өвчний сэжигтэй тохиолдлын дуудлага хүлээн авсан даруйд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн итгэмжлэл бүхий малын эмчийг зохих бэлтгэлийг хангуулсны дараа томилон явуулж түүнтэй байнгын холбоотой байх нөхцлийг бүрдүүлэн цаг тухайд нь бодит мэдээлэл, шинжилгээний сорьц авч хэрэгцээтэй мэдээ, заавраар хангаж шуурхай ажиллана.
2.4.2.2.Шүлхий өвчний сэжигтэй малаас авахуулсан эмгэгт сорьцийг зохих шатны лабораторид бие хүнээр шууд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна.
2.4.2.3.Томилогдсон малын эмчийн ирүүлсэн өвчний тархвар зүйн судалгааны болон эмнэл зүйн илрэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт, өвчний оношийн баталгаажилтаас хамаарч цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг сум, дүүргийн Засаг даргад танилцуулна. Шүлхий өвчний сэжигтэй тохиолдлын дуудлага хүлээн авч анхны онош тогтоохоор ажиллах, халдваргүйтгэл хийх, сорьц илгээхэд гарсан зардлыг тооцон сум, дүүргийн төсвөөс олгуулна.
2.4.2.4.Шүлхий өвчний сэжигтэй бүсээс халдвар тархах эрсдэлтэй нутгийн малчдад өвчин тархах эрсдэлээс сэргийлэх, өвчний сэжиг илэрсэн үед авах арга хэмжээг сурталчилж зааварчилна.
2.4.2.5.Шүлхий өвчний онош батлагдсан тохиолдолд хорио цээр тогтоон өвчинтэй тэмцэх, устгах ажлын бэлэн байдлын дэд төлөвлөгөөг нягтлан сайжруулах, түүнд шаардагдах суурь баримт мэдээ, малын төрөл, тоо, байршил, зай, хүрэх зам, тохиолдох саад, дархлаажуулалт, халдваргүйтгэл, устгал, хорио цээр хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, материалын хангамж, олдоц, ажиллах, дайчлах мэргэжилтэн, хүн хүчний мэдээллийг шинэчилнэ.
2.4.3.Онош баталгаажилт хүлээгдэх үед хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Шүлхий өвчнийг лабораторид оношлох, баталгаажуулах шинжилгээний дүн сорьц хүлээн авснаас хойш 24 цагт үр дүн гаралгүй хойшлох тохиолдолд энэ зааврын 2.1.1-д заасан оношийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Монгол улсын Ерөнхий малын эмч шийдвэр гаргаж мөн зааврын 2.5-д заасан тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
2.5.Онош батлагдсан үед шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ
2.5.1.Хорио цээрийн дэглэм тогтоон шүлхий өвчинтэй тэмцэх: Шүлхий өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож, тэмцэх өвчинд ангилагдана.
2.5.1.1.Мал эмнэлгийн холбогдох байгууллага шүлхий өвчний онош тогтоогдож лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хот айл, ферм, бүс нутагт шүлхий өвчнөөр тайван бус гэж үзээд хорио цээрийн дэглэм тогтоох үндэслэл, шийдвэрийн төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн санал боловсруулна.
2.5.1.2.Мал эмнэлгийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалт, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам” (ЗГ-2018-266)1 болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.
2.5.1.3.Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхдээ “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн.16.1 ба 17.2 дахь заалт болон энэхүү зааврыг баримтлан шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүс, түүний хилийн заагийг эхэлж тогтооно. Хилийн заагийг тогтоохдоо бэлчээрийн байрлал, усны эх үүсвэр, давхцал, зам харилцаа, газар зүйн хориг саад, зонхилох салхины чиглэл, мал, хүн амын нягтшил, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, малтай айлуудын шилжилт хөдөлгөөн хийж болзошгүй чиглэлийг харгалзан үзнэ.
2.5.1.4.Бүх шатны мал эмнэлгийн байгууллага болон сум, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон мэргэжлийн баг, анги хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 19 ба 20-р зүйл, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”(ЗГ-2018-266)1-ын 5-р зүйлд заасан тус тусын үүргийн дагуу хэрэгжүүлнэ.
2.5.1.5.Шүлхий өвчний онош баталгаажсан даруйд “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 15.9-р заалтын дагуу Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн өвчний голомтыг цомхотгох, устгах хариу арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллана.
2.5.1.6.Шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлмэгц шүлхий өвчний дэгдэлт бүрийн тархвар зүйн судалгааг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын томилсон тархвар зүйчдийн баг холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагатай хамтран хийж шүлхийн дэгдэлт, тархалтын байдал, түүний шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, онцлогийн талаар бодит мэдээллийг цуглуулан боловсруулж өмнө хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа тэмцэх, сэргийлэх арга хэмжээний эерэг сөрөг үр дагаварыг үнэлэн, шинэ мэдлэг, туршлага, сургамжийг нэгтгэн баримтжуулна
2.5.1.7. Хорио цээрийн дэглэм тогтоосон болон түүнийг хүрээлэх бүс тус бүрт дараах нийтлэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.5.1.7.1.Голомтын бүсэд:
а.Шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэг анх илэрсэн тухайн хот айл, эсхүл фермийг халдварын голомтод тооцно. Халдварын голомттой бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боомжтой, эсхүл мал солилцсон, ойр, саахалт байгаа өөр хот айл, фермд шүлхий өвчин оношлогдвол тэдгээрийг нийлүүлэн халдварын голомтын бүсийн хилийн цэсийг тэлнэ.
б.Голомтын бүсрүү хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэх гол болон салаа зам, түүний уулзвар, овоо эсвэл өндөрлөг газар, худаг, уст цэгийн ойролцоо гоц халдварт өвчний хорио цээр тогтоосныг анхааруулсан, амархан анзаарагдах самбар, тэмдэглээ, улаан өнгийн дарцаг олноор байрлуулна. Мэргэжлийн баг нь дэгдэлтийн судалгаа, малд эмнэл зүйн үзлэг, задлан шинжилгээ хийх, өвчтэйг ялгах, хоёрдогч халдвараас сэргийлэх, дархлаажуулах, халдваргүйтгэл хийх зэргээр шүлхий өвчинтэй тэмцэх, мэргэжлийн анги нь мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорих, хязгаарлах, устгал хийх, халдваргүйтгэл хэрэгжүүлэх замаар халдварыг гадагш алдахгүй байх үндсэн үүрэгтэй ажиллана.
в.Өвчний голомтод байгаа хот айл, фермийн байршил, шүлхийд мэдрэмтгий мал, амьтны тоо, өвчлөл хорогдлын байдал, вакцинд хамруулах малын тоо, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэх цэг, гол зам зэргийг багтаасан тархвар зүйн мэдээлэл, зураглал үйлдэнэ.
г.Голомтын бүсэд хийх яаралтай дархлаажуулалтыг энэ зааврын 3.2.6. 3.2.7. 3.2.8-д заасны дагуу төлөвлөж, батлуулж, хэрэгжүүлнэ.
д.Дараах нөхцөлд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Монгол улсын Ерөнхий малын эмч шийдвэрээр шүлхий өвчний голомтонд байгаа өвчилсөн мал, амьтныг зайлшгүй шаардлагаар аль болохоор зовоохгүй, цус бага гаргах аргаар устгаж болно. Үүнд:
1.Халдвар илэрсэн аж ахуйн бүх гахай,
2.Өвчин хүндэрч эдгэрэх боломжгүй болсон мал,
3.Шүлхийн халдваргүй, вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс нутагт, хүн ам нягт суурьшсан, , автомашин болон хүний хөдөлгөөн ихтэй суурин газар, олон улсын болон улсын чанартай авто зам, төмөр зам, нисэх буудлын ойр орчим, олон газрын мал ирж идээшлээд буцдаг отрын бүс нутагт дэгдсэн шүлхийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 3 хоногийн дотор илрүүлж голомтонд нь барьж чадсан тохиолдолд халдварын эх уурхайг богино хугацаанд арилгах зорилгоор анхны голомтын шүлхийгээр өвчлөмтгий бүх мал,
е.Шүлхий өвчнөөр өвчилсөн малыг зайлшгүй шаардлагаар устгах шийдвэрийг Монгол улсын ерөнхий малын эмч гаргасан тохиолдолд Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)1-ын дагуу устгалыг зохион байгуулахаас гадна Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар (ХХААХҮЯ-2010-А/67)1-ыг баримтлан халдваргүйтгэлийг хэрэгжүүлнэ.
ё.Шүлхийгээр өвчилсөн малыг голомтын онцлогоос шалтгаалан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр устгалд оруулаагүй бол шүлхийрсэн малд үүсдэг эдийн гэмтэл, үрэвслийг дагалдах хоёрдогч халдварын болзошгүй хүндрэлээс сэргийлэх мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай бол малын эмч мал өмчлөгчийн зардлаар хэрэгжүүлж болно.
ж.Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг биотермийн аргаар, хашаа, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг химийн бодис, зориулалтын бэлдмэлээр халдваргүйтгэнэ
з.Голомтын бүсээс мал шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, өвчтэй малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ашиглахыг хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацаанд хориглоно.
и.Бүсэд ажилласан малын эмч, техникийн ажилтан, мэргэжлийн багийнхан бүсээс гараад наад тал нь 10 хоног шүлхийд мэдрэмтгий малтай хот айлаар явах, малтай харьцаж ажиллахыг хориглоно.
й.Олон нийтийг хамарсан арга хэмжээг (хурал, цуглаан, урлаг, спортын арга хэмжээ, баяр наадам, уул, овоо тахих, хурдан морь, тэмээ, сарлаг үхрийн уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) зохион байгуулахгүй байх;
2.5.1.7.2.Сэжигтэй бүсэд:
а.Бэлчээр, ус тусгаар боловч голомтын бүсийн захын цэгээс 3-10 км-ийн зайд орших хот айл, ферм, тэдгээрийн усны эх үүсвэр, бэлчээр нутгийг хамруулж хязгаарлалтын дэглэм тогтооно. Голомтын бүс өөрчлөгдөх бүрт сэжигтэй бүсийн заагийг шинэчлэхээс гадна олон тусдаа голомт үүссэн тохиолдолд сэжигтэй бүсийг нэгтгэн байгуулна.
б.Бүсэд ажиллах мэргэжлийн багийг голомтынхоос тусад нь томилж ажиллуулна. Голомтын бүсийн мэргэжлийн багийн хийсэн дэгдэлтийн судалгааны дүн, өвчний тархалт, чиглэл, лабораторийн шинжилгээний дүн зэргийг харгалзан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өгөх чиглэлийн дагуу сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас өгөх шийдвэрийн дагуу мэргэжлийн баг мал, амьтанд эмнэл зүйн үзлэг, ийлдсийн тандалт хийнэ.
в.Мэргэжлийн багаас бүсийн хот айл, фермд шүлхий өвчний халдвараас сэргийлэхийг сэрэмжлүүлэх, шүлхий өвчний өвөрмөц шинж тэмдгийн мэдээллийг яриа танилцуулга, зураг, бичмэл хэлбэрээр, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээгээр өгөх, өөрийн малд үзлэг, ажиглалт тогтмол явуулж шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор дуудлага өгөхийг малчид, мал өмчлөгчдөд анхааруулж мэдэгдэнэ.
г.Бүсэд хийх яаралтай дархлаажуулалтыг голомтын бүсэд хийх дархлаажуулалттай адил зарчмаар хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд ийлдэс судлалын тандалтыг эпидемиологийн тооцооллын дагуу гүйцэтгэнэ. Халдвар нэвтрэн орох эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлон түүнийг бууруулах, зогсоох арга хэмжээ авна.
д.Бүсэд ажилласан малын эмч, техникийн ажилтан, мэргэжлийн багийнхан бүсээс гараад наад тал нь 10 хоног шүлхийгээр өвчлөмтгий малтай хот айлаар явах, малтай харьцаж ажиллахыг хориглоно.
е.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт, хөдөлгөөн хийхийг голомтын бүс хязгаарлалтын дэглэмд шилжтэл хориглоно.
ё.Олон нийтийг хамарсан арга хэмжээг (хурал, цуглаан, урлаг, спортын арга хэмжээ, баяр наадам, уул, овоо тахих, хурдан морь, тэмээ, сарлаг үхрийн уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) зохион байгуулахгүй байх;
2.5.1.7.3.Хамгаалалтын бүсэд:
а.Улсын болон олон улсын чанартай авто, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөнийг харгалзан сэжигтэй бүсийн хилийн цэсийн дагуух бэлчээр нутгийг хамруулан хамгаалалтын бүсийг тогтоож хамгаалалтын бүс гэж танигдахуйц тэмдэг тавих (алсаас харагдахуйц ногоон өнгийн дарцаг хатгах)
б.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүсийн хот айл, фермд шүлхий өвчний халдвараас сэргийлэхийг сэрэмжлүүлэх, шүлхий өвчний өвөрмөц шинж тэмдгийн мэдээллийг яриа танилцуулга, зураг, бичмэл хэлбэрээр, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээгээр өгөх, өөрийн малд үзлэг, ажиглалт тогтмол явуулж шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор дуудлага өгөхийг малчид, мал өмчлөгчдөд анхааруулж мэдэгдэнэ.
в.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүсэд эмнэл зүйн болон ийлдсийн тандалт явуулна.
г.Эмнэлзүйн болон ийлдсийн тандалтын дүн, голомтын ба сэжигтэй бүс дэх өвчний тархалт, эрсдлийн байдлыг харгалзан энэ бүсэд вакцин хэрэглэх эсэхийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоон хэрэгжүүлнэ.
д.Хамгаалалтын бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэл өгөх хяналтын цэг байгуулж ажиллуулна.
е. Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
2.5.1.7.4.Өвчнөөр тайван бүсэд:
а.Хамгаалалтын бүсийн заагаас гадагш орших, шүлхий өвчний халдвар дамжаагүй нь батлагдсан нутаг дэвсгэрийг хамруулна.
б.Бүсэд хийх тандалт, дархлаажуулалтын хэрэгцээг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоож шаардлага гарвал аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж хэрэгжүүлнэ.
2.5.2.Хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгах, хязгаарлалтын дэглэмд шилжих:
2.5.2.1.Хорио цээрийн дэглэмийн хугацааг сунган шүлхий өвчинтэй тэмцэх шаардлага гарвал холбогдох мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон этгээд шийдвэрлэнэ.
2.5.2.2.Хорио цээрийн дэглэмийн үед дараах арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш 28 хоног өнгөрөхөд шүлхий өвчин голомтын болон сэжигтэй бүсэд гараагүй бол мал эмнэлгийн салбарын улсын байцаагчийн саналыг үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон этгээдийн шийдвэрээр хягаарлалтын дэглэмд шилжүүлнэ. Үүнд:
а.Энэ зааврын 2.5.1.7.1-д заасан холбогдох нөхцлөөр устгалын арга хэмжээ хэрэгжүүлсэн,
б.Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй мал байхгүйг малын эмч тогтоосон
в.Голомт болон сэжигтэй бүсийн мэдрэмтгий малд вакцин тарьсан,
2.5.2.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Монгол улсын Ерөнхий малын эмчийн шийдвэрээр зайлшгүй шаардлагаар устгалын арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол хорио цээрийн дэглэмийн үед шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй мал, амьтан байхгүйг малын эмч тогтоосноос хойш 28 хоног өнгөрөхөд шүлхий өвчин голомтын болон сэжигтэй бүсэд дахин өвчний тохиолдол илрээгүй бол мал эмнэлгийн салбарын улсын байцаагчийн саналыг үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон этгээдийн шийдвэрээр хягаарлалтын дэглэмд шилжүүлнэ.
2.5.2.4.Хязгаарлалтын дэглэм тогтоогоод 14 хоноход голомтын болон сэжигтэй бүсэд шүлхий өвчний тохиолдол илрээгүй бол төгсгөлийн халдваргүйжүүлэлт хийсний дараа тархвар зүй, эмнэлзүйн үзлэгийн үр дүнг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр хязгаарлалтын дэглэмийг цуцална.
2.5.2.5.Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд голомтын болон сэжигтэй бүсэд шүлхий өвчний шинэ тохиолдол илэрвэл энэ зааврын 2.5.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Шүлхий өвчин оношлогдсон хот айл, ферм, бүс нутгаас мал, малын гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хязгаарлахаас гадна шүлхий өвчнийг устгаж энэ өвчнөөр бүс нутаг тайван болохыг сэргээн баталгаажуулахад маш их хөрөнгө, хугацаа шаардагддаг учраас малчин, мал өмчлөгч шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу ягштал хэрэгжүүлж мал сүргээ шүлхий өвчний халдвараас хамгаална. Шүлхий өвчнөөр тайван хот айл, ферм, бүс нутагт шүлхий өвчний халдвар нэвтрэхээс хамгаалах, мал сүрэгтээ байнгын ажиглалт, тандалт хийж шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ болно.
3.1.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:
3.1.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг шүлхий өвчний үед илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биохамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчид, мал өмчлөгчдөд түгээх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.
3.1.2.Хот айл, ферм, аж ахуй шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг (шүлс унжралдан гоожих, амны хөндий, турууны салаа үлхийрэх гэх мэт) ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.
3.1.3.Мал өмчлөгч иргэн, хуулийн этгээд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 ба 7-р зүйлд заасны дагуу болон энэхүү зааврыг баримтлан цаг хугацаанд нь хэрэгжүүлнэ.
3.1.4.Малчин, мал өмчлөгч иргэн, хуулийн этгээд шүлхий өвчингүй, түүний халдваргүйг мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас албан ёсоор нийтэд зарлаагүй аж ахуй, бүс нутгаас түр байлгах болон байнга маллах, үржилд ашиглах, худалдан борлуулахаар шүлхийн халдварт мэдрэмтгий мал авчирч өөрийн сүрэгтээ нийлүүлэхийг хориглоно.
3.1.5.Малчин, амьтан маллагч, малын эмч, техникийн ажилтан, бусад иргэд шүлхий өвчнөөр тайван бус хот айл, фермд малтай харьцаж ажилласны дараа наад тал нь 10 хоног мэдрэмтгий мал бүхий өөр газар очиж ажиллахыг хориглоно.
3.1.6.Шүлхий өвчин гарсан сум, дүүргээс шүлхийн хорио цээрийн дэглэм цуцалснаас хойш 10 сарын дотор шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй бүс нутагт шүлхийгээр өвчлөмтгий мал, амьтныг шилжүүлэхийг хориглоно.
3.1.7.Шүлхий өвчин гарсан сум, дүүргээс өвчлөмтгий мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн амын болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах, экспортлоход ДМАЭМБ-ын Газрын амьтны эрүүл мэндийн кодод заасан зөвлөмжийг баримтлана.
3.2.Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:
3.2.1.Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9-р зүйлийн дагуу төлөвлөж, шаардагдах бэлтгэлийг хангаж зохион байгуулна. Дархлаажуулалтад идэвх, аюулгүй чанараараа ДМАЭМБ-ын стандартад нийцсэн, тухайн үед гарч байгаа шүлхийн вирусын хэвшлийн эсрэг дархлаа төрүүлэх өндөр магадлалтай, идэвхгүйжүүлсэн, Монгол улсын малын эмийн бүртгэлтэй вакциныг сонгон шаардагдах нөөц бүрдүүлж хэрэглэнэ.
3.2.2.Шүлхий өвчний гаралтын дотоод, гадаад нөхцөл байдал, халдвар тархах эрсдэлд тулгуурласан төлөвлөгөөт дархлаажуулалтыг шүлхий өвчин гарах өндөр эрсдэлтэй нутгийн шүлхийгээр өвчлөмтгий бүх малд өмчийн хэлбэр, харьяалал, хүйс, тарга хүч харгалзахгүйгээр хэрэгжүүлнэ. Хивэгч малын төлийг 4-5 сартайгаас нь эхэлж дархлаажуулна.
3.2.3.Шүлхий өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчийн зааварласан тун, давталтыг хэлбэрэлтгүй мөрдөн, тарилгын ажлыг богино хугцаанд шуурхай хэрэгжүүлнэ. Вакциныг үйлдвэрлэгчийн заасан температур бүхий хүйтэн нөхцөлд хадгалж, тээвэрлэн хэрэглэнэ.
3.2.4.Тухайн хэрэглэх вакцины хамгаалалтын хугацаа дунджаар 5-6 сар үргэлжлэх бол төлөвлөгөөт дархлаажуулалтыг хавар 4-р сар, намар 10-р сард үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэгжүүлнэ. Вакцины хамгаалах хугацаа 9 сараас урт, эсхүл вакцин тарьсан малын дархлааны эсрэгбиемийн төвшин хугацаанаасаа өмнө буурсан нь хяналтын тандалтаар тогтоогдсон, эсхүл дархлаажуулсан сүрэгт вакцины хамгаалалтын хугацаа дуусахаас өмнө шүлхий дэгдсэн тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас төлөвлөгөө, хугацааг өөрчлөх болон яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
3.2.5.Төлөвлөгөөт дархлаажуулалттай зэрэгцүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдамжаар янз бүрийн насны 100-аас доошгүй үхрийг тусгайлан дархлаажуулж дархлааны эсрэгбиемийн сар бүрийн хөдлөл зүйд мониторинг хийж тухайн вакцины дархлаа төрүүлэх идэвх, хугацааг бодитойгоор үнэлэх, тэрхүү вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх боломжийг тодорхойлно.
3.2.6.Шүлхий өвчин шинээр дэгдсэн тохиолдолд өмнө нь төлөвлөгөөт дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамааран яаралтай дархлаажуулалтыг сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас өвчний дэгдэлтийн судалгаа, тархвар зүйн байдал, эрсдлийн үнэлгээнд суурилан төлөвлөж Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулан голомтруу хумих чиглэлээр хэрэгжүүлнэ.
3.2.7.Өвчний дэгдэлт, тархалтын байдал, дамжин халдварлах эрсдлийг үнэлэн яаралтай дархлаажуулалтын хамрах хүрээг өргөтгөж болно. Ингэхдээ тухайн сум, дүүргийн засаг захиргааны хилийн цэсээр бус өвчин тархахад нөлөөлөх газар зүйн онцлог, зам харилцаа, мал сүргийн нягтрал, шилжилт хөдөлгөөн, өвчин тархахад нөлөөлөх хүчин зүйлийн эрдслийн үнэлгээнд тулгуурлана.
3.2.8.Шүлхий өвчнөөс сэргийлэх төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалтын технологи, гүйцэтгэлд бүх шатанд харьяалах мал эмнэлгийн улсын байцаагч хяналт тавина.
3.3.Тандалт, тархвар зүйн судалгаа: Шүлхий өвчинд мэдрэмтгий мал сүрэгт эмнэл зүйн болон ийлдсийн байнгын болон зорилтот тандалт, тархвар зүйн судалгаа, мэдрэмтгий зэрлэг амьтдад эмнэл зүйн ажиглалтыг тогтмол хийж үр дүнг шуурхай мэдээлж байх нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндсэн аргын эхлэл болно.
3.3.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шүлхий өвчний улсын хэмжээний идэвхтэй тандалтын төлөвлөгөөг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн жил бүрийн 1-р улиралд багтаан батлаж түүний хэрэгжилтийг зохион байгуулна.
3.3.2.Шүлхий өвчний халдварлалтын төвшин, тархалтын хүрээг тогтоох, өвчинтэй тэмцэх арга хэмжээний үр дүнг үнэлэх, бүс нутаг, аж ахуйг шүлхий өвчнөөр тайван эсэхийг шалгах, баталгаажуулах зорилгоор хийх идэвхтэй буюу зорилтот тандалтыг улсын мал эмнэлгийн лаборатори удирдан дараах чиглэлээр ДМАЭМБ-ын холбогдох зөвлөмжийг харгалзан боловсруулсан тусгай арга зүйгээр зохион байгуулна. Үүнд:
3.3.2.1.Шүлхий өвчнөөр тайван бүс нутагт:
а.Шүлхий өвчин, түүний халдваргүй болохыг батлах
б.Шүлхий өвчнийг эрт илрүүлэх
3.3.2.2.Шүлхий өвчний эрсдэлтэй бус нутагт:
а.Шүлхийн халдварлалтын төвшин, тархалтын цар хүрээг тогтоох,
б.Шүлхийн вирусын эргэлтийг судлах
3.3.2.3.Шүлхий өвчний голомт, түүнийг хүрээлэх бүс нутагт:
а.Өвчний тархалтын цар хүрээг тогтоох
б.Халдварлалтын төвшин тогтоох
3.3.2.4.Дархлаажуулалт хийсэн бүс нутагт:
а.Вакцинжуулалтын хүртээмж, чанарыг шалгах,
б.Дархлаажилтын төвшин, бууралтын хөдлөл зүйд мониторинг хийх,
в.Олон цэнэт вакцин хэрэглэсэн бол омгийн хэвшил тус бүрийн эсрэгбиемийг тодорхойлох,
3.3.3.Шүлхий өвчнийг эрт илрүүлэх зарилгоор сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд харьяалал харгалзахгүйгээр бүх мэдрэмтгий мал, амьтанд эмнэл зүйн илрэлийн байнгын ажиглалт, тархвар зүйн асуумж судалгаа явуулж сэжигтэй бүхий тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2018)1-ын дагуу сорьц авч улсын мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна.
3.3.4.Мал эмнэлгийн холбогдох байгууллагууд шүлхий өвчний тархвар зүйн судалгаа хийх ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж үр дүнг тархвар зүйн зураглал гаргах, мэдээллийн сан байгуулах болон харьяалах дээд байгууллагадаа тайлагнах, нийтэд мэдээлэх ажлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 8-р зүйлийн дагуу зохион байгуулна.
3.3.5.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтрэх эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулж, халдвар дамжих боломжит замыг хяналтад авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.
3.4.Импортын хяналт:
3.4.1 Импортын хяналт: Монгол улсад импортлох салаа туурайтан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, үр хөврөл эвсэл үр, өвс тэжээлд тавих эрүүл мэнд, хорио цээрийн хяналтыг ДМАЭМБ-ын Газрын амьтны эрүүл мэндийн кодын 8:8.10-8.8.30-рт заасан зөвлөмжийг мөрдөн хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь энэ өвчин гаднаас нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үндсэн арга болно.
3.4.2.энэ зааврын 3.4.1-д дурьдсан мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохын өмнө, хэрэв холбогдох хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзвэл эрсдэлийн задлан шинжилгээ хийсний дараа Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас импортын мэдэгдэл олгоно.
ДӨРӨВ.ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНХҮҮЖИЛТ
4.1.Тархвар зүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:
4.1.1.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар нь өвчин гарсан нутгийн малчид, орон нутгийн удирдлагатай хамтран өмнөх жилд шүлхий өвчин дэгдэх, тархах, намжихад нөлөөлсөн дараах хүчин зүйлсэд оролцооны аргаар судалгаа, дүн шинжилгээ хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар дүгнэлт гаргана. Үүнд:
а.Шүлхий өвчний гаралт, тархалтын онцлог,
б.Нутгийн малын шилжилт хөдөлгөөн, суурь сүрэглэлт, алсын отор,
в.Гаднын малын нүүдэл, суурьшил, алдуул, зуугуул малын орогнол,
г.Мэдрэмтгий зэрлэг амьтны нүүдэл, өвчлөл, ус бэлчээрийн давхцал,
д.Вакцин биобэлдмэлийн нийлүүлсэн хугацаа, хэмжээ,
е.Вакцин биобэлдмэлийн хүрэлцээ, идэвх, чанарын доголдол,
ё.Дархлаажуулалтын технологийн оновчтой байдал, өөрчлөх үндэслэл,
ж.Вакцинжуулалтын хүртээмж, дархлаажилтын төвшин,
з.Дархлаажуулалтад оролцогсдын үүргийн биелэлт, дэвшил, доголдол,
и.Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн чанар, доголдол,
й.Устгал, халдваргүйтгэлийн чанар, доголдол,
к.Бусад хүчин зүйл
4.1.2.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгтгээд жил бүрийн 2-р улирлын эхний сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:
а.Тархварзүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан шүлхий өвчин гарахаас сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,
б.Бүс, нутаг дэвсгэрийн хүрээнд мал сүргийг шүлхий өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах хөтөлбөр, төсөл, бэлэн байдлын дэд төлөвлөгөө.
в.Харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөө хийнэ.
4.1.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн хоёрдугаар улирлын дунд сард багтаан орон нутгийн хэмжээнд дархлаажуулах малын төрөл, тооны мэдээллийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, дараа онд шаардлагатай оношлуурын хэрэгцээг Улсын мал эмнэлгийн лабораторид хүргүүлж шийдвэрлүүлнэ.
4.1.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэхүү зааврын 3.3-д заасан ажиглалт, тандалт, судалгааны дүнд суурилан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагатай хамтран шүлхий өвчин гарах, тархах эрсдлийг үнэлэн гоц халдварт өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээний улсын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж түүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, шаардагдах нөөцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлнэ.
4.2.Санхүүжилт: Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт өвчний жагсаалт (ЗГ-2018-225, Х1)1-ад ангилагддаг шүлхий өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1.2-р заалтын дагуу улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Текст томруулах
A
A
A