A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УУРХАЙ, УУЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ХААЛТЫН ЖУРАМ
Бүлэг: 1979

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын

2019 оны А/181, А/458 дугаар

хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

УУРХАЙ, УУЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН

НӨХӨН СЭРГЭЭЛТ, ХААЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуулийн хүрээнд уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөө (цаашид “хаалтын менежментийн төлөвлөгөө” гэх) боловсруулах, хаалтын үйл ажиллагаанд шаардагдах бэлтгэл ажил болон тэдгээрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийг хаах үед байгаль орчин, нийгэмд учирсан сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, арилгах, бууруулах, орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд тухайн газар нутгийн амьдрах орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж, хэвийн нөхцөлд шилжүүлэхэд чиглэсэн цогц ажиллагааг уурхайн хаалт гэж ойлгоно.

1.3.Төсөл хэрэгжүүлэгч гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.2-т заасан хуулийн этгээдийг ойлгоно.   

1.4.Төсөл хэрэгжүүлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.2.3-т заасан “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх”-ийг тооцож, хаалтын менежментийн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар тодорхойлно.

1.5.Төсөл хэрэгжүүлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.12-т заасны дагуу төслийн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн хэмжээг тооцоолж уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөгөөний бүлэгт тодорхой тусгасан байна.

1.6.Энэхүү журмын 1.4, 1.5-т заасан хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөгөөний агуулгыг ашигт малтмалын урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр тодорхойлно.

1.7.Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.6-д заасны дагуу төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүдийн талаарх арга хэмжээг тусгана.

1.8.Төсөл хэрэгжүүлэгч нь дор дурдсан шаардлагыг хангасан тохиолдолд уурхайг бүхэлд нь хаах тухай хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Үүнд:

1.8.1.тухайн ордын нөөц нь үйлдвэрийн аргаар олборлох боломжгүй, эдийн засгийн үр ашиггүй болох нь тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээр баталгаажсан, эсхүл;

1.8.2.нөөцийн үлдэгдэлгүй болох нь улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлээр баталгаажсан.

1.9.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын бэлтгэл ажлыг хангах, хаалтын үйл ажиллагааг болон хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед хууль тогтоомжид заасан аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.

1.10.Газрын тос, цацраг идэвхит ашигт малтмалын төслийн хаалтын менежментийн асуудлыг энэ журмаар зохицуулахгүй.

 

Хоёр. Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний

агуулга, тавигдах шаардлага

2.1.Хаалтын менежментийн төлөвлөгөө нь уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас тухайн төслийн эдэлбэр газар, хүрээлэн буй байгаль орчин, нөлөөлөлд өртсөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг урьдчилан хянах, удирдах, орчны физик, химийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийн авч хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн тодорхойлсон баримт бичиг байна.

2.2. Хаалтын менежментийн төлөвлөгөө нь дараах агуулгатай байна. Үүнд:

2.2.1.төслийн тойм, хаалтын зорилго, зорилт;

2.2.2.хаалтын дараах газар ашиглах зориулалт;

2.2.3.хаалтын дараах гүйцэтгэлийн физикийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд;

2.2.4.хаалтын дараах гүйцэтгэлийн химийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд;

2.2.5.дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, нураах, аюулгүй болгохтой холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

2.2.6.төслийн талбай дээр физик, химийн тогтвортой байдал, иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн явцын болон хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөлт;

2.2.7.хаалтын өмнө болон дараах тодорхой хугацаанд уурхайн ажиллагсад болон нөлөөлөлд өртөх иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөлт;

2.2.8.уурхайн хаалтын бэлтгэл ажлыг хангахад хангалттай хүрэлцэхүйц, шилжилтийн үед авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөлт;

2.2.9.хаалтын дараах аливаа эрсдэлийн үнэлгээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх болон бууруулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөлт;

2.2.10.хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын ажлын нарийвчилсан төлөвлөгөө;

2.2.11.түр болон гэнэтийн хаалтын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

2.2.12.энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасан хаалтын зардлын нийт тооцоо.

2.3.Хаалтын менежментийн төлөвлөгөөний агуулга нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.3.1.төслийн тоймд ашиглалтын хугацаа, ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын арга, технологи, төслийн гол бүрэлдэхүүн хэсгийн цар хүрээ, төслийн дэд бүтцийн ашиглалтыг зогсоох магадлалтай хэсгийн цар хүрээ зэргийг тусгасан байх;

2.3.2.тухайн төслийн хүрээнд энэ журмын 2.2-д заасан үйл ажиллагаа бүрийг урьдчилан тодорхойлж төлөвлөхдөө нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулсан байх,  төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллээр хангасан байх;

2.3.3.төслийн хаалтын дараах газар ашиглалтын зориулалтыг орон нутгийн иргэд, засаг дарга, газар эзэмшигчтэй зөвшилцөж, тухайн орон нутгийг хөгжүүлэх хэтийн зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн тодорхойлсон байх;

2.3.4.хаалтын эрсдэлийг үнэлэхдээ эрсдлийг аль болох бага хэмжээнд байлгах хяналтын арга хэмжээнүүдийг тусгасан байх;

2.3.5.хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа хаалтад хамаарах газрыг нийтлэг шинж чанараар (ил, далд малталтууд, хаягдлын байгууламжийн, дэд бүтцийн байгууламжийн г.м.) нь бүлэглэж, бүлэглэсэн газар бүрийг хаалтын өмнө, явцад, дараа яаж өөрчлөгдсөн байх талаар тусгах;

2.3.6.хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын ажлын  төлөвлөгөөг боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. хэрэгжүүлэх арга хэмжээ нь эдийн засгийн бодит үндэслэл, тооцоотой байх;

б) төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц  хэмжээний зардал болон хүний нөөцийг тооцоолж, тодорхойлсон байх;

в) төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц хугацааг эрсдэлийн түвшинтэй уялдуулан тооцоолсон байх;

г) төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг тайлагнах механизмыг тусгасан байх.

2.3.7.хаалтын зардлыг тооцохдоо холбогдох стандарт, аргачлал, заавар болон энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу тооцоолсон байх;

2.3.8.хаалтын дараах физикийн болон химийн үзүүлэлтийг холбогдох журам, стандартад заасан үзүүлэлтээс бууруулахгүйгээр тодорхойлсон байх;

2.3.9.тайланд эш татсан эх сурвалжийг ойлгомжтой, тодорхой, дэлгэрэнгүй тусгасан байх;

2.3.10.тухайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тус тус үндэслэсэн (цаашид “Төслийн суурь бичиг баримт” гэх) байх.

2.4.Хаалтын менежментийн төлөвлөгөөнд энэ журмын Хавсралт 1-д тусгасан баримт бичгийг хавсаргах ба эдгээр нь хаалтын менежментийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.

2.5.Бүлэг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хаалтын менежментийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулж болно.

Гурав. Хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах,

санал өгөх, хүлээн авах

3.1.Төсөл хэрэгжүүлэгч нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, тухайн ордыг ашиглах болон үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26.2.3, 27.1.12-т заасны дагуу хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөлтийн талаар тусгана.

3.2.Төсөл хэрэгжүүлэгч нь уурхай, үйлдвэрийг бүхэлд нь хаах зөвшөөрөл авах үеийн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг энэ журмын 2 дугаар бүлэгт тусгасан шаардлага, агуулгад нийцүүлэн боловсруулж, энэ журмын хавсралт 1-д тусгасан бичиг баримтын хамт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал авахаар хүргүүлнэ.

3.3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор энэ журмын шаардлагад нийцсэн, эсэх талаар дүгнэлт гаргана. Үүнд:

3.3.1.хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө нь энэ журмын шаардлагад нийцсэн гэж үзвэл санал, дүгнэлтийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.2.хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө нь энэ журмын шаардлагад нийцээгүй гэж үзвэл хаалтын менежментийн төлөвлөгөөг санал, дүгнэлтийн хамт төсөл хэрэгжүүлэгчид буцаана

3.4.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 3.3.2-д заасан дүгнэлтийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шаардлагатай нэмэлт мэдээлэл, судалгаа, тооцооллыг хийж, төлөвлөгөөг шинэчлэн Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дахин хүргүүлнэ.

3.5.Энэ журмын 3.4-т заасан хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 30 хоногийн дотор дахин хянаж энэ журам, холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзвэл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.    

3.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2, 3.5-д заасан хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг хүлээн авч, тухайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө нь энэ журам, холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн, эсэхийг 90 хоногийн дотор хянаж, нийцсэн гэж үзвэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар хүлээн авна.

3.7.Хэрэв Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө нь энэ журам, холбогдох хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзвэл хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлийг тайлбарласан дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.

3.8.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 3.7-д заасан дүгнэлтийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шаардлагатай нэмэлт мэдээлэл, судалгаа, тооцооллыг хийж, төлөвлөгөөг шинэчлэн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дахин хүргүүлнэ.

3.9.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.8-д заасны дагуу ирүүлсэн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор татгалзсан үндэслэлийн хүрээнд дахин хянаж энэ журам, холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзвэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар хүлээн авна.

3.10.Төслийн суурь баримт бичигт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулсан тохиолдолд хаалтын урьдчилсан төлөвлөгөөг, уурхайг бүхэлд нь хаах зөвшөөрөл авах тохиолдолд хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулна.

3.11.Хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг шинэчилсэн тохиолдолд энэ журмын 3.2-3.9-д заасны дагуу санал авч, шийдвэрлүүлнэ.

3.12.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.6-3.9-д заасны дагуу хүлээн авсан хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөний нэг хувийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.13.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөний биелэлтийн явцын талаарх тайланг уг төлөвлөгөөг хүлээж авснаас хойш жил бүр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

Дөрөв. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах

үйлдвэрийн явцын болон хаалтын нөхөн сэргээлт

4.1.Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн явцын болон хаалтын нөхөн сэргээлтийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-д заасан журам, аргачлал болон холбогдох бусад хууль, журам, стандартын дагуу төлөвлөж,  хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгаж, гүйцэтгэлийг хангана.

4.2.Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн явцын болон хаалтын нөхөн сэргээлтийн зардлыг энэ журам болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.2, 15.1.3-д заасан журмын дагуу тус тус тооцоолж хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгаж, гүйцэтгэлийг хангана.

4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу бүрдүүлсэн нөхөн сэргээлтийн зардал нь хаалтын сангийн бүрэлдэхүүн болно.

4.4.Хаалтын нөхөн сэргээлт хийхийн өмнө хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд хамаарах байгаль орчны аюулгүй байдлын дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

4.4.1.уурхай орчмын үйлдвэр, уурхай, хот, суурин газарт гүний усны нэвчилт, газрын хагарал, суулт зэрэг аюултай нөлөө үүсэхгүй байх;

4.4.2.агаар, хөрс, усыг бохирдохоос хамгаалах, усны нөөц шавхагдахаас сэргийлсэн байх.

 

Тав. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах

үйлдвэрийн хаалтын зардал

5.1.Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хаалтын зардлыг уул уурхайн төслийн аль ч үе шатанд түр, гэнэт, бүхэлд нь хаагдах тохиолдолд нөхөн сэргээлт, хаалт, хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолт, маркшейдерийн хэмжилтэд шаардагдах зардалд хангалттай хүрэлцэхүйц байхаар тооцно.

5.2.Төсөл хэрэгжүүлэх явцад хийсэн нөхөн сэргээлтийн зардлыг хаалтын сангийн дүнгээс тухай бүр бууруулан тооцно.

5.3.Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хаалтын зардлыг тооцохдоо дараах зардлыг хамруулна. Үүнд:

5.3.1.уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрээс үүсч болох болон үүссэн байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлээс урьдчилан, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх арга хэмжээний зардал;

5.3.2.уурхайн талбайн аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардал (тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх, талбай цэвэрлэх зардал, дэд бүтэц, машин техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, далд уурхайн болон ил уурхайн байгууламжийг татан буулгах, шилжүүлэх, нураах, аюулгүй болгох г.м.);

5.3.3.хаалтын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын  зардал;

5.3.4.хаалтын дараах орчны хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтын зардал;

5.3.5.уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хаалтад холбогдох бусад зардал.

5.4.Энэ журмын 5.3-д тусгасан зардлыг Сангийн сайдын 2016 оны 409 тушаалаар батлагдсан “Хайгуулын болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт” болон Санхүүгийн тайлагналын олон улсын холбогдох стандартын дагуу бүртгэнэ.

5.5.Хаалтын зардлыг тооцохдоо гуравдагч этгээд хаалтын ажлыг гүйцэтгүүлэхээр, өнөөгийн үнэ цэнээр тооцоолно.

5.6.Хаалтын дараах зардлуудыг (хаалтын дараах хяналт-шинжилгээ, арчлалт, тордолт г.м.) хаалтыг хийх үеийн мөнгөний өнөөгийн үнэ цэнээр тооцно.

5.7.Хаалтын төлөвлөгөөнд тусгагдсан зардлын хэмжээ нь инфляцын ханштай уялдан өөрчлөгдөх тохиолдолд түүнийг хаалтын төлөвлөгөөнд тодотгон тусгана.

5.8.Төсөл хэрэгжүүлэгч нь уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хаалтын зардлын хэмжээгээр хаалтын зардлын хуримтлал үүсгэж, хаалтын санг байгуулна.

5.9.Хаалтын санг байгуулахдаа Сангийн сайдын 2016 оны 409 тушаалаар батлагдсан “Хайгуулын болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт” болон Санхүүгийн тайлагналын олон улсын холбогдох стандартыг мөрдөнө.

 

Зургаа. Уурхайн хаалтын бэлтгэл ажлыг хангах

6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтыг бүхэлд нь гүйцэтгэх тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэг жилээс багагүй хугацааны өмнө Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

6.1.1.төслийн мэдээлэл-төслийн байршил, төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа, хүчин чадал, үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ;

6.1.2.ашигт малтмалын ордын геологи, маркшейдерийн холбогдох зураг, материалууд, ашигт малтмалын нөөцийн дэвсгэр зураг, уулын ажлын үндсэн планшетүүд, уурхайн нэгдсэн дэвсгэр зураг, геологийн зүсэлтүүд, давхаргын план зураг;

6.1.3.ордын тогтоогдсон нөөцийн үлдэгдэл болон хамгаалалтын цулд үлдээсэн ашигт малтмалын нөөц магадалгаа;

6.1.4.уулын чулуулаг, хаягдлын овоолго, тэдгээрийн багтаамж, ашигтай хольцын хэмжээ;

6.1.5.төслийн хаалтын бэлтгэл ажил-олборлолтод өртсөн ухаш талбайн дүүргэлт, ханыг гулсалт, нуралтаас хамгаалсан тогтворжилтыг бий болгох, хаягдлын аж ахуйн саармагжуулалт, аюулгүй болгосон байдал, баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж, оффис, ажилчдын байрыг нүүлгэн шилжүүлэлтийн байдал, төслийн хүрээнд дэх бүх төрлийн зам, эрчим хүч болон дулааны шугам сүлжээ, эх үүсвэр, усан хангамжийн цогцолборыг орон нутагт хүлээлгэн өгөх, энгийн горимд шилжүүлэх байдал, ажиллагсдын нийгмийн болон цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал;

6.1.6.төслийн хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийг хангасан байдал;

6.1.7.төслийн хаалтын дараах хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтыг хийх хугацаа, зарцуулах зардлын хэмжээ;

6.1.8.нөлөөлөлд өртсөн иргэдийн эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал;

6.1.9.хаалтын дараах газар ашиглалтын зориулалт.

6.2.Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор  хаалтын бэлтгэл ажлын талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

6.2.1.тухайн ордын батлагдсан нөөцөд тулгуурлан олборлолт хийсэн талбайн маркшейдрын хэмжилтийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

6.2.2.нөөцийн балансын хөдөлгөөнийг геологи, уул уурхайн төрийн захиргааны байгууллагаар гаргуулах;

6.2.3.үйлдвэрлэлийн үр ашиггүй нөөцийн үлдэгдлийн тооцооллыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тогтоолгох;

6.2.4.уул уурхайн төслийн хаалтад зарцуулах хаалтын барьцаа хөрөнгийг зайлшгүй байршуулсан байх.

6.3. Энэ журмын 6.2-д заасны дагуу бэлтгэл ажил хангагдсаны дараа Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд, Байгаль орчины асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар хаалтын үйл ажиллагааг эхлүүлэх комиссыг байгуулна.

6.4.Хаалтын үйл ажиллагааг эхлүүлэх комиссын бүрэлдэхүүнд дараах байгууллагаас төлөөлөл орсон байна. Үүнд:

6.4.1.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

6.4.2.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

6.4.3.хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.4.4.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.4.5.oнцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.4.6.тухайн орон нутгийн байгаль орчны алба;

6.4.7.тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулсан хуулийн этгээд;

6.4.8.Ашигт малтмалын тухай хуулийн 42.3-т заасан Хамтран ажиллах гэрээнд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгч болон нутгийн иргэд;

6.4.9.байгаль орчны болон уул уурхайн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл.

6.5.Хаалтын үйл ажиллагааг эхлүүлэх комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон нэгжийн дарга ахална.

6.6.Хаалтын үйл ажиллагааг эхлүүлэх  комисс нь тухайн уул уурхайн төслийн хаах бэлтгэл ажлыг газар дээр нь шалгаж, тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд дараах зүйлийг тусгана. Үүнд:

6.6.1.уул уурхайн төслийн мэдээлэл-байршил, төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа, төслийн хүчин чадал;

6.6.2.төслийг хаах бэлтгэл ажил хангагдсан байдал;

6.6.3.олборлолтод өртсөн талбайн ханыг гулсалт, нуралтаас хамгаалсан тогтворжилтыг бий болгосон байдал;

6.6.4.хаягдлын аж ахуйн аюулгүй байдал, техник, технологийн аюулгүй байдал,

6.6.5.баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн аюулгүй байдал;

6.6.6.төслийн хүрээн дэх бүх төрлийн зам, эрчим хүч болон дулааны шугам сүлжээ, эх үүсвэр, усан хангамжийн цогцолбор, оффис, ажилчдын байр, үйлдвэрийн барилга байгууламжийн аюулгүй байдал;

6.6.7.ажиллагсдын нийгмийн болон цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал;

6.6.8.нөлөөлөлд өртсөн болон өртөх иргэдийн нийгмийн, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал;

6.6.9.төслийн хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний биелэлтийг хангасан байдал;

6.6.10.хаалтын зардлын тооцоо болон зарцуулах хөрөнгө, эх үүсвэрийн бэлэн байдал;

6.6.11.төслийн хаалтын дараах хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтын хугацаа, түүнд зарцуулах хөрөнгө, хөрөнгийг дансанд байршуулсан байдал;

6.6.12.хаалтын дараах газар ашиглалтын зориулалт.

6.7.Комиссын гишүүд уурхайн хаалтын бэлтгэл ажлыг шалгаж комиссын бүрэлдэхүүний олонх бэлтгэл хангагдсан гэж үзвэл хаалтын үйл ажиллагааг эхлүүлэх тухай шийдвэр гаргана.

6.8.Энэ журмын 6.7-д заасан шийдвэрийг гаргаснаас хойш төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн ашиглалтын болон баяжуулалт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахгүй.

 

Долоо. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах

үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

7.1.Төсөл хэрэгжүүлэгч нь комиссын шийдвэрийг үндэслэн уурхайн хаалтыг хаалтын нарийвчилсан менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу холбогдох хууль, журам, стандартын шаардлагад нийцүүлж гүйцэтгэнэ.

7.2.Уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина.

7.3.Энэ журмын 7.2-т заасан хяналтын явцад илэрсэн зөрчил, дутагдлын талаар өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

7.4.Хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.3-т заасны дагуу ирүүлсэн  өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авч Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

7.5.Төсөл хэрэгжүүлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.13-д заасан ажилтнаар дамжуулан байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад тогтмол хүргүүлж байна.

 

Найм. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах

үйлдвэрийн хаалт, хаалтыг хүлээн авах

8.1.Уурхай, үйлдвэрийг бүхэлд нь хаахтай холбогдуулан хаалтын нарийвчилсан менежментийн төлөвлөгөөнд заасан арга хэмжээг төсөл хэрэгжүүлэгч бүрэн биелүүлсэн нөхцөлд уурхай, үйлдвэрийг бүхэлд нь хаана.

8.2.Уул уурхайн төслийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон дор дурдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь тухайн төслийг түр болон гэнэтийн хаалтын горимд шилжүүлж болно. Үүнд:

8.2.1.уул-техникийн болон гидрогеологийн гол нөхцөл хүндэрч үйл ажиллагааны горим алдагдсан;

8.2.2.төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэргүй болсон;

8.2.3.зах зээл дэх түүхий эдийн үнэ унасан;

8.2.4.олборлолтын явцад хайгуулаар тогтоогдсон нөөц батлагдахгүй, нэмэлт хайгуул хийх шаардлагатай болсон;

8.2.5.байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдсан (газар хөдлөлтөөр үүссэн сүйрэл, эвдрэл, элэгдлээс суулт, гулсалт, нуралт гэх мэт);

8.2.6.байгаль орчинд аюултай, хортой нөлөөлөл үүссэн;

8.2.7.давагдашгүй хүчин зүйл тохиолдсон.

8.3.Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн төслийн суурь бичиг баримтын хүрээнд жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн хөндөгдсөн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж орон нутагт хүлээлгэн өгсний дараа тухайн газарт үйл ажиллагаа дахин явуулахгүй бол хэсэгчилсэн хаалтад бэлтгэж болно.

8.4.Төсөл хэрэгжүүлэгч нь Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уурхайг хаасан тухай мэдэгдлийг хүргүүлэх ба энэ журмын Хавсралт 1-д зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

8.4.1.хаалтын бэлтгэл ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, комиссын дүгнэлт;

8.4.2.ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан мэдээлэл;

8.4.3.хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан;

8.4.4.байгаль орчны хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтын төлөвлөгөө, зардлын тооцоо, дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө;

8.4.5.энэ журмын 7.2-т заасны дагуу хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийн дүгнэлт;

8.4.6.хаалтын дараах ус, агаар, ой, хөрсний үзүүлэлтийг хангасан талаарх лабораторийн дүгнэлт;

8.4.7.газрын чанарын улсын хянан баталгаа;

8.4.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.13-д заасан  хөндлөнгийн хяналт хийсэн дүгнэлт.

8.5.Төсөл хэрэгжүүлэгч түр болон гэнэтийн хаалттай холбоотой мэдэгдлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 30 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.

8.6.Төсөл хэрэгжүүлэгч нь түр, эсхүл гэнэтийн хаалт хийсэн тохиолдолд явцын нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн уурхай, овоолгын тогтвортой, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ажиллагсдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэж ажиллана.

8.7.Комиссын төслийн талбайд ажиллахтай холбоотой зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

8.8.Комисс нь энэ журмын 7.2-т заасан хөндлөнгийн хяналтын дүнд үндэслэн уурхайн хаалтыг хүлээн авах, эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргана.

8.9.Энэ журмын 8.8-т заасан дүгнэлтийг үндэслэн Геологи, уул уурхайн асуудал хариуцсан сайд уурхайн хаалтыг хүлээж авах тухай тушаал гаргана.

8.10.Энэ журмын 8.9-т заасны дагуу тушаал гаргасан нь төсөл хэрэгжүүлэгчийг байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх болон бусад хариуцлагаас үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.11.Төсөл хэрэгжүүлэгч нь хэсэгчилсэн болон түр хаалт хийх тухайгаа албан бичгээр мэдэгдэх ба энэ журмын 6.1-д заасны дагуу холбогдох материалыг хавсаргана.

8.12.Төсөл хэрэгжүүлэгч нь комиссын шийдвэрийг үндэслэн хаалтын дараах орчны хяналт шинжилгээг хаалтын менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэнэ.

8.13.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын нөхөн сэргээлт хийсэн газрыг орон нутгийн засаг захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхдөө цаашид хийх хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтын ажилд шаардагдах хөрөнгө зардлыг тухайн орон нутгийн болон төсөл хэрэгжүүлэгчийн хамтарсан дансанд байршуулна.

8.14.Уурхайг бүхэлд нь хаасны дараа төсөл хэрэгжүүлэгчийн хариуцан гүйцэтгэх хяналт-шинжилгээний ажлын хөтөлбөр бүрэн хэрэгжиж дуусмагц нөхөн сэргээсэн талбайг тухайн орон нутгийн засаг захиргаанд шилжүүлнэ.

8.15.Төсөл хэрэгжүүлэгчээс тухайн уурхайг бүхэлд нь хааж, нөхөн сэргээсэн эдэлбэр газрыг орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэж өгөхдөө тухайн ажлын цар хүрээ, үр дүнг илтгэсэн тайлан, ажлын зургуудыг гаргана.

8.16.Уурхайн хаалтыг хүлээн авсан шийдвэр гарсны дараа төсөл хэрэгжүүлэгч нь нөөцийн тайлан, ашигт малтмалын ордын геологи, маркшейдрын  холбогдох зургийн эх хувийг холбогдох мэдээллийн санд хүлээлгэн өгнө.

 

Ес. Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах

үйлдвэрийн хаалт дахь иргэд, олон нийтийн оролцоо

9.1.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үед нөлөөлөлд өртөх нутгийн иргэдэд танилцуулах замаар олон нийтийн оролцоог хангаж ажиллана.

9.2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн төсөл хэрэгжиж буй нутгийн захиргааны байгууллага нь холбогдох мэдээллийн санд хаалтын менежментийн төлөвлөгөөнд санал өгөх, хүлээн авах зэрэг үйл явцтай холбоотой мэдээллийг тогтмол байршуулна.

9.3.Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн авсан хаалтын менежментийн төлөвлөгөөг өөрийн цахим хуудсанд байршуулна.

9.4.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.

9.5.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 7.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмыг тус тус баримтлан ажиллана.

 

Арав. Хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолт

10.1.Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын ажлын төлөвлөгөөнд заасан чиглэл, хугацаа, давтамжийн дагуу хаалтын дараах  хяналт-шинжилгээ, арчилгаа, тордолтыг хэрэгжүүлнэ. 

10.2.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 10.1-д заасан арга хэмжээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд тухайн нутгийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, гэрээт хуулийн этгээд гурвалсан гэрээг байгуулна.

 

Арван нэг. Бусад

11.1.Уурхайн хаалтад холбогдох дор дурдсан мэдээлэл (“Уурхайн хаалтын мэдээллийн сан”) нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35.1-д заасан “Байгаль орчны мэдээллийн сан” болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын “Хайгуул, уулын ажлын төлөвлөгөөний цахим мэдээллийн сан”-гийн бүрдэл хэсэгт тус тус хамаарна. Үүнд:

11.1.1.хаалтын менежментийн төлөвлөгөө, төлөвлөгөөнд орсон нэмэлт, өөрчлөлт;

11.1.2.хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, явцын тайлан;

11.1.3.хаалтын дараах орчны хяналт шинжилгээ, арчилгаа, тордолтын ажлын гүйцэтгэлийн тайлан;

11.1.4.хаалтын дараах газар ашиглалтын зориулалт.

 11.2.Энэ журмыг зөрчвөл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

-------оОо-------